О.Тунгалаг: Хоёр орны эдийн засаг соёлын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор байна

DSC_0178Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны гүйцэтгэх захирал О.Тунгалагтай ярилцлаа.


-Та Монголд бизнесээ хэдэн онд эхлүүлж байв. Анхны Өвөр Монгол бизнесмэнүүдийн нэг гэдэг юм билээ?
-Миний хувьд 1992 онд Хятадын төрийн компанийн хэлмэрчээр Монголд анх ирж байлаа. Түүнээс хойш хэсэг хугацаанд улсын компанид ажиллаж байгаад дараа нь хувийн бизнес эрхэлж 10 гаруй жил болжээ. Эхлээд худалдааны чиглэлээр ажиллаж байгаад 10-аад жилийн өмнөөс барилгын салбарт орсон. Манай компани орон сууцны хороолол барьж хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн том төслийн барилгыг гүйцэтгэдгээс гадна барилгын материалын үйлдвэр ажиллуулж байгаа.
2011 онд ӨМӨЗО-ны санаачилгаар мөн Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа олон компанийн хүсэлтээр Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоог үүсгэн байгуулахад гар бие оролцсон юм. Одоо Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн Монгол-Өвөр Монголын эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбооны тэргүүн.
Энэ холбоог байгуулснаас хойш Монгол Өвөр Монголын хоорондын эдийн засаг, соёл, спорт, боловсролын салбарт нэлээд олон үйл ажиллагаа явуулжээ. Бид томоохон арга хэмжээг зохион байгуулж, гишүүн компаниуддаа үйлчилдэг. Өвөр Монголоос ирж байгаа хүмүүсийг хүлээн авч, уулзалтыг нь зохион байгуулж салбар, салбараар нь холбож өгдөг. Мөн мэдээлэл солилцоо санал бодлыг хүргэх, хоёр улсын хооронд бодлогын чанартай зүйлсийг хэрэгжүүлэх зэрэгт холбоо чухал үүрэгтэй. Тухайлбал, Торгоны замын том төслүүдэд манай гишүүд идэвхтэй оролцдог. Энэ талын мэдээллээр хангах ажлыг бид хийж байна. Мөн Монголд бизнес эрхэлж байгаа Өвөр Монгол компаниудыг хооронд нь танилцуулахаас эхлээд үйл ажиллагааг нь сурталчлах, сайн ажиллаж байгаа компанийн туршлагаас хуваалцах зэрэг олон арга хэмжээг хийж байна. Энэ мэтчилэн манай холбооны үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.

-Энэ жил Монголын барилгын салбарын 90 жилийн ой тохиож байна. Та бүхэн ч энэ салбарт гар бие оролцож яваагийн хувьд өөрсдийн хийж бүтээснээ дүгнэж байна уу?   
-Өвөр монголчууд Монголын барилгын салбарт 2000 оноос орж ирсэн. Манай “Тэдмэнт” компани 2004 онд байгуулагдсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл олон орон сууцны хороолол барьж хүлээлгэн өгчээ. Мөн эдийн засгийн хөгжлийн үед нүүрс, хүдэр, жонш гээд олон шинэ уурхайн барилгуудыг барьсан. Улаанбаатар хотод олон хүнсний компани байна. Тэд шинэ үйлдвэрийн барилгаа бариулдаг. Энэ мэтчилэн өнгөрсөн 12 жилийн хугацаанд бид Монголын барилгын салбарт орон сууц, уул уурхайн болон хүнсний  үйлдвэрүүдийн барилгыг барьж хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан байна.
Манайх дан барилга барих бус мөн ган хийц, сэндвич хавтан, хаалга цонх, бетон зуурмагны үйлдвэртэй. Бид эдгээр үйлдвэртээ өндөр чанартай барилгын материал үйлдвэрлэж өөрсдөө хэрэглэхээс гадна барилгын компаниудад борлуулдаг. Энэ талаараа ч бид тэргүүн эгнээнд амжилттай ажиллаж явна.

-Барилгын материалаа өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэг маш том давуу тал байх. Манай барилгын салбарт шинэ технологи оруулж ирж байна уу?
-Бид барилгын салбарт Монголын шинэ стандартыг тогтоохоор гурван ажилд оролцож байна. Нэгдүгээрт, ган хийц үйлдвэрлэлээрээ Монгол Улс өөрийн гэсэн стандарт тогтоогоогүй байна. Одоо ч Оросын стандартаар ажиллаж, тийм барилгыг ашиглалтад хүлээн авдаг. Тиймээс манай “Тэдмэндт хийц” компани Монголын “Ган хийц” болон бусад барилгын материал үйлдвэрлэгч компанитай хамтран төмөр хийцээр караказ барилгын стандартыг тогтоох ажилд идэвхитэй оролцож байна. Учир нь Оросын зарим стандарт өнөөгийн шаардлагад нийцэхгүй байгаа юм.
Хоёрдугаарт, “Ган хийц”-тэй хамтран сэндвич хавтангийн Монголын стандартыг гаргах ажилд мөн идэвхитэй оролцож байна. Гуравдугаарт, Монголд олон зуурмагийн үйлдвэр байдаг ч яг Монголын нөхцөлд тохирсон,  энэ нутгийн элс, хайрга, цементийг ашиглан гаргаж авсан орон нутгийн стандарт хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай. Тиймээс бид энэ бүх шаардлагыг хангасан Монголын зуурмагийн стандартыг тогтоох ажилд идэвхтэй оролцож байна. Үүнийг Төв аймагт шинээр баригдсан Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” гэдэг компани Улаан цементийн үйлдвэртэй хамтран туршилтын ажил хийж байна. Монголд хэрэгжүүлж ирсэн Оросын технологийг Хятадын шинэ технологитой уялдуулж, дундаас нь Монголд таарсан барилгын материалын стандартыг шинээр тогтоох ажилд идэвхитэй оролцож байгаа юм. Энэ бол үнэхээр үр дүнтэй ажил.
Үүнээс гадна Монгол, Хятадын хамтарсан компаниудын барилгын ажилчдыг мэргэжил солилцуулах тал дээр идэвхтэй ажиллаж байна. Сургалт хийж, бие биенээсээ туршлага судлах, урдаас ирж байгаа мэргэжлийн ажилчдыг хамт ажиллуулах зэрэг нь ихээхэн үр дүнтэй байдаг.
Мөн барилгын салбарт хөрөнгө оруулалт оруулж ирэх ажил ч чухал юм. Улаанбаатар хотод сүүлийн 10 гаруй жилд барилгын салбар эрчимтэй хөгжсөн. Үүнд Орос, Америк, Япон, Солонгос, Хятад зэрэг гадны хөрөнгө оруулалт яригдах юм. Манай компанийн хувьд Хятадаас хөрөнгө оруулалт татаад барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж үр дүнтэй ажилласан. Үүний цаана бид шинээр орж ирж байгаа компаниудад үлгэр жишээ, туршлага болж байгаа гэх мэт олон сайн талууд бий.

Untitled_Panorama1

Тэдмэнт хийц ХХК-ийн үйлдвэрийн барилга

Тэдмэнт бетон зуурмаг ХХК-н үйлдвэр

Тэдмэнт бетон зуурмаг ХХК-н үйлдвэр

-Улаанбаатар хотод олон барилга баригдаж байгаа ч стандартад нийцсэн нь хэд бол. Нэг удаагийн газар хөдлөлтөд тэсч үлдэх орон сууц бий болов уу гэсэн хардалт байдаг. Та энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд хотын барилгуудын чанарт ямар үнэлэлт өгөх бол?
-Сүүлийн 10 жил Улаанбаатар хотод барилгажилт эрчимтэй явагдсан. Барилгын чанар ерөнхийдөө сайн байгаа, гэвч хямд зардлаар баригдсан орон сууцууд чанар тааруухан байдаг. Зайсан орчимд боссон ихэнх барилга чанартай баригдсан.
Дүүрэг болгонд орон сууц боссон нь сайн талтай ч үнээ дагаад чанар нь өөр байна. Дундаж орлоготой иргэдийн авч чадах хэмжээнд хямд үнэтэй орон сууц барихад материалын чанар мууддаг.
Тиймээс хүмүүс барилгын чанарт анхаардаг болсон учраас сүүлийн үеийн барилгууд гайгүй чанартай баригдаж байгаа. Манай “Тэдмэнт” компанийн хувьд барилгаа чанарын өндөр түвшинд барьдаг. Найман баллын газар хөдлөлтөд ямар ч асуудалгүй, өвлийн нөхцөлд хаалга цонх сийгэхгүй. Орон сууцны хороололдоо цэцэрлэг, эмийн сан, дэлгүүр, дулаан граж гээд хүний амьдралын тав тухтай амьдрах бүх нөхцлийг бүрдүүлсэн байдаг.

IMG_4551

Американ дэнж хотхон

1

Энержи ресурс ХХК-н нүүрс баяжуулах үйлдвэрийн барилга

-Манай төр засгаас гадны компаниудад бодлогын хувьд дэмжлэг үзүүлдэг үү?
-Бид барилгын салбарыг боломжийн үед эхэлсэн болохоор 12 жилийн турш үйл ажиллагаа хэвийн явагдаж ирлээ. Барилгын салбар ашигтай салбар. Энэ хугацаанд мэдээж бэрхшээл зовлон байсан. Гэхдээ уул уурхай салбарт тулгарсан шиг  бодлогын чанартай саад нөлөө гараагүй. Харин ч банкны хөнгөлөлттэй найм болон таван хувийн зээл бидний ажилд сайнаар нөлөөлж,  орон сууцны борлуулалт сайжирсан. Барилгын материалын үйлдвэрлэлүүдийг дэмжих үүднээс ашигтай төрийн бодлогууд гарсан. Мөн 2008 оны хямралын үед барилгын материал үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлж, дэмжих бодлого гарч ирсэн нь сайшаалтай.
Ганц хэцүү зүйл нь ажиллах хүч байдаг. Чанартай сайн барилга барихын тулд мэргэжлийн ажилчид хэрэгтэй. Тэр үүднээс Хятадаас мэргэжлийн барилгын ажилчдыг авчрах гэхээр квот тогтоосон байдаг. Нэг компанид 10 монгол ажилчинд нэг хятад ажилтан байх ёстой гэдэг. Тэгэхээр шаардлагатай олон квот байдаггүй учраас зарим гүйцэтгэлийн ажлаа квоттой компанид өгдөг. Мөн гаднаас орж ирсэн ажилчдын нийгмийн даатгалыг төлөх ёстой.
Харин одоо эдийн засгийн хямралын энэ үед арилжааны банкууд барилгын салбарт бодлогын чанартай зээл олгохгүй байгаа нь хүндрэл болж байна. Гэтэл бид үйл ажиллагаагаа явуулахын тулд зайлшгүй зээл авах хэрэгтэй болдог. Тиймээс хөрөнгө босгох мөнгөний эх үүсвэр хөөцөлдөж л байна. Хятадаас хөнгөлөлттэй зээл яригдаж байна. Түүнийг авч ашиглах талаар ярьж байна.
Саяхан Хятадын “Bank of China”-гийн ажлын хэсэг Монголд ирээд манай “Тэдмэнт” компани дээр очиж нөхцөл байдалтай танилцаад явсан.

– Манай барилгын салбарт Өвөр Монголын хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Барилгын чиглэлээр ажилладаг олон өвөр монгол компани байна. Эдгээрийг дотор нь гурав хувааж болно. Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалт хийж орон сууц барьдаг компани гэвэл 10-аад байна. Хоёрдугаарт, зөвхөн барилгын гүйцэтгэл хийдэг компани гэвэл 30 гаран байна. Гуравдугаарт, барилгын материал үйлдвэрлэдэг компани 30 орчим байдаг.
Харин Хятадын хөрөнгө оруулалттай компани Монголд 1000 гаруй бий. Гэхдээ эдийн засгийн хямралаас үүдээд үйл ажиллагаа явуулахгүй байгаа компаниуд олон бий. “Тэдмэнд” группийн хувьд энэ гурван чиглэлээр гурвуулангаар нь үйл ажиллагаа явуулж байна даа.

-Гадны хөрөнгө оруулагчдад Монголын барилгын салбарт ажиллахад ямар хүндрэл бэрхшээл байна вэ?
-Энэ салбарт тулгарч байгаа бэрхшээл зөвхөн гадны хөрөнгө оруулагчдад гэхгүй. Салбараараа л ижилхэн зовлон бэрхшээлтэй байна. Барилгын салбарын зах зээлийн өрсөлдөөн харьцангуй шударга явагддаг гэж хэлж болно. Гадна, дотногүй л өрсөлдөөн дунд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн хямралаас үүдсэн бэрхшээл л их байна. Яахав гадны хөрөнгө оруулагчид гэж онцолбол хятадаас мэргэжлийн ажилчид оруулж ирэх квот л бага байдаг. Гэтэл үнэндээ барилгын салбарт мэргэшсэн монгол ажилчид цөөхөн байдаг. Мэргэжлийн чадварлаг ажилчид нь “MCS”, “Жигүүр гранд” зэрэг Монголын томоохон компаниудад ажилладаг. Бид өөрсдөө сургаад, мэргэшүүлээд авъя гэхээр сураад чадваржаад ирэхээрээ Монголынхоо томхон компаниудыг сонгоод явчихдаг. Тогтвортой ажиллах тал дээр муу. Урдаас ирсэн ажилчдын давуу тал нь хөдөлгөөнгүй, мэргэжлийн, ажиллах цаг урт, архи дарс уугаад ажил таслахгүй болохоор ажлын үр дүнгийн хувьд илүү байдаг.

-Та бизнесийн холбооноос гадна Монгол-Өвөр Монголын эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбооны тэргүүнээр ажилладаг. Соёл урлагийн салбарт ямар ажил хийж байна?
-Өвөр Монголын Засгийн газрын санаачилгаар Монгол Өвөр Монголын эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоог 2011 онд байгуулсан. Энэ хугацаанд Монгол, Өвөр Монголын хооронд соёл, сурган хүмүүжил спортын чиглэлээр нэлээд олон арга хэмжээн оролцож ирлээ. Холбооны гол зорилго маань нэгдүгээрт, хоёр улсын хоорондох соёлын арга хэмжээг дэмжиж ажиллах. Өвөр Монголд Монголын соёлын өдрүүдийг Улаанбаатарт Өвөр монголын соёлын өдрүүдийг  жил бүр тогтмол зохион байгуулдаг. Үүнээс гадна урлагийнханы тоглолтууд байна. “Цагаан сарын үдэшлэг” гэдэг тоглолтыг жил бүр Буриад, Монгол, Өвөр Монголын уран бүтээлчид нийлж хийж ирлээ. Үүнд оролцох уран бүтээлчдийг зохион байгуулж авч явах ажлыг бид хийдэг.
Монголын уран бүтээлчид манай холбоогоор дамжин Өвөр Монголд тоглолт хийж байсан. Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз манай холбоогоор дамжин олон удаа Өвөр Монголын аймаг хошуунд очиж сурвалжлага нэвтрүүлэг бэлдсэн. Мөн дуучин С.Наран С.Сэрчмаа С.Жавхлан Б.Энхмэнд зэрэг дуучид тоглолт хийсэн.
Мөн Өвөрмонголоос зарим хамтлаг, дуучид ирж тоглосон. Жишээлбэл, Өвөрмонголын Шилийн гол аймгийн яруу найрагч Ё.Эрдэнэтогтох Улаанбаатар хотод уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхэд бид дэмжиж ажилласан.

-Боловсролын салбарт ч танай холбоо гар бие оролцдог юм билээ. Оюутан солилцоогоор сургадаг уу?
-Тиймээ.  Нөгөөтэйгүүр, монгол оюутнууд жилээс жилд Өвөр Монгол, БНХАУ руу суралцахаар явах нь ихсэж байна. Өвөрмонголоос ч оюутнууд Монголын их дээд сургуулиудад сурдаг. Засгийн газрын шугамаар суралцахаас гадна хувийн шугамаар суралцдаг оюутнууд ч бий. Өвөрмонголд суралцахаар явж буй оюутнуудад мэдээлэл өгөх, сургуулиудын зар тараах, элчин сайдыг дэмжиж шалгалт зохион байгуулдаг. Харин Монголд сурах оюутнуудыг тосч аваад, сургуульд нь хүргэж өгнө, амьдрах байр олж өгнө. Урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоглолтыг дэмжиж зохион байгуулна, цомог гаргахад нь тусална гээд хийхгүй ажил байхгүй дээ.   Ер нь жил бүр тогтмол багш, эмч, оюутнууд, сургуулийн хүүхдүүдийг Өвөрмонгол руу авч явдаг. Энэ бүхнийг Өвөрмонголын Засгийн газрын албан тоот шийдвэрээр хийдэг ч хүмүүсээ зохион байгуулж авч явах ажлыг манай холбоо хариуцдаг.

-Спортын төрлүүдээр хоёр орны хооронд тэмцээн уралдаан явуулдаг уу?
-Монгол туургатны бөхийн тэмцээнийг хамтран зохион байгуулж байсан. Хоёр оронд болж байгаа наадмуудад бөхчүүд, харваачдыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулан оролцуулах ажлыг хийдэг. Энэ хавар хоёр орны хүүхдийн хөл бөмбөгийн фестивалийг манай Засгийн газрын зардлаар зохион байгуулж, Монголоос тамирчин хүүхдүүдийг Өвөр Монгол руу авч явсан. Чибулаг багшийн морин хуурын хүүхдүүдийг ч Өвөр Монгол руу авч явсан.
Ер нь Монголд зохион байгуулагдах бүхий л арга хэмжээнд их бага хэмжээгээр оролцож, ивээн тэтгэдэг дээ. Хоёр орны соёл, спорт сурган хүмүүжүүлэх салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж яваадаа баяртай байдаг. Монголд олон жил ажиллаж амьдарсны хувьд Монголын орчин нөхцөлд зохицож үр дүнтэй ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.
– Танд ажлын амжилт хүсье.     

Ярилцсан Х.Мөнхжаргал

Эх сурвалж: “Эдийн засгийн мэдээ” сэтгүүл

3 “О.Тунгалаг: Хоёр орны эдийн засаг соёлын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор байна

  1. Pingback: GVK Biosciences

  2. Pingback: zd porn

  3. Pingback: Bolide

Leave a Reply