Газрын домогт наймаа

Монголжуу Аляск №01

Alaska1

Оросууд Хойд мөсөн далайг Номхон далайтай буюу Чукоткийг Алясктай холбодог хүзүүвчийн цаана асар уужим газар нутаг буйг Дежнёвийн аяллаас мэддэг байлаа. Оросын казакийн атаман Симён Иванович Дежнёв (1605-1673) анх удаа 1648 онд энэ хоолойг хойноос нь өмнө зүгт бүрэн туулж гарсан анхны аялагч хүн юм. Гэсэнч тэр үед нийтэд мэдэгдэж, хэвлэгдээгүй тул энэ хэсэгт нэр өгөөгүй явсаар үүнээс хойш 8О жилийн дараа 1728 онд аяласан Витус Берингийн нэрээр Чукоткийг Алясктай холбосон энэхүү хүзүүвчийг “Берингийн хоолой”, Дежнёвийн нэрээр Чукоткийн хойгийн Врангелын арал дахь Аляск руу түрсэн үзүүрийг Дежнёвын хошуу хэмээн нэрлэжээ.

Оросын их Петр хаан Витус Берингийг зүүн Сибирийн цаад залгаа нутгийг судлуулахаар 1728 онд илгээж Дани гаралтай Витус Беринг (1681-1741) энэ их аялалд явж ирээд тэнд үнэхээр асар уужим нутаг буйг Петр  хаанд айлдав. Беринг 1741 онд дахин явж Аляскийг нээгээд буцах замдаа “Их Петр” хөлөг  онгоц нь далайн шуурганд өртөж Беринг өөрөө нас баржээ. Ингэж оросууд Аляскийг эзэмшилдээ авсан ч үнэн хэрэгтээ тэнд гар хүрч чадаагүй байсаар Крымийн дайнтай тулгарсан байна. Дайны дараах орос орон дотроо самуунтай, гаднаа Английн эзэн хааны бодлогоор тэр үеийн Английн колони Канадад Аляскийг алдаж болзошгүй тул Оросын хаан хоёрдугаар Александр зөвшөөрснөөр 1867 онд ердөө л 7,2 сая ам доллараар Америкт Аляскийг өгчихжээ. Энэ нь оросууд нэг акр газраа хоёр цент хүрэхгүй үнээр өгчихсөн гэсэн үг л дээ (1акр=4047 ам дөрвөлжин метр. Өнөөдрийн ханшаар Аляскт хөдөөд 1акр газар 500 доллараас дээш, хотын ойролцоо байшин барих зориулалтын газар 40-50 мянган ам. долларт хэлбэлзэж буйг интернетээс харж болно. Оросууд энэ яндашгүй их эрдэс баялагтай 1.5 сая ам дөрвөлжин км газар нутгаа тийм хямдхан Америкт  наймаалсан тухайгаа  эргэн дурсаад зүрх нь өвдөн ёг хийдэг буйзаа. Энэ наймааны хэлцээрийг тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уилльям Генри Сьюард (1801-1872) Оросын талаас Элчин сайд барон Эдуард фон Стекль нар Аляск дахь оросуудын нийслэл Новоархангельскт (өнөөгийн Ситка) хийж АНУ-ын тэр үеийн Ерөнхийлөгч Эндрю Джонсон батламжилжээ. Сьюард, Авраам Линкольний засаглалын үед Нью-Йоркийн амбан захирагчаас төрийн нарийн бичгийн даргаар томилогдон Линкольн алагдсаны (1865) дараа мөн албан тушаалдаа үлдэж Эндрю Джонсон ерөнхийлөгч болсон түүхтэй.   Генри Сьюард (1801-1872)    Эдуард фон Стекль (1804-1892)

 Ингэж Аляск анх Америкт ирсэн 1867 оны аравдугаар сарын 18-ны өдрийг Аляскийн өдөр болгон жил бүр тэмдэглэж энэхүү  наймааг гардан хийсэн Уилльям Сьюардад хөшөө босгосон юм. Аляскийн төлбөр болох 7,2 сая долларын чекийг элчин сайд Эдуард фон Стекль Орост авчирсан гэх боловч сураг нь тасарсан тухай оросын эх сурвалжууд мэдээлдэг. АНУ-д үлдсэн чек Конгрессийн номын санд байдаг ажээ. Өдгөө Аляскийг буцааж авах тухай олон нийтийн байгууллагууд болон хувь хүмүүсийн яриа ОХУ-ын хэвлэл мэдээллээр байнга гарч байдаг. Аляск  Америкийн мэдэлд ирээд зуу орчим жилийн нүүр үзсэн ч өөдтөй хөгжөөгүй зэлүүд бөглүү явсаар 1959 онд Америкийн муж болохоос өмнө газар газрын зуугуул тэнүүлчид, оргодол, хулгай нар аз туршсан эрэлчид бүгд үүгээр хөшилдөж байв. Юкон болон Канадын Клондайк  голын хөндийгөөс (1896 он) алт олж энэ зэлүүд хязгаар, олз хайх олон хөлийн газар, колт буу америкийн хуулиас хүчтэй үйлчлэх нутаг болсон гэдэг юм. Аляскт асар их байгалийн баялаг олдсоноор сая улсаас анхаарч газар газрынхан үй олноороо цувж эхэлсэн байна. Морьтой, тэрэгтэй, машинтай  ихэнх нь явганаар.

Гол баялаг нь  газрын тос, алт.  Их замын дагуу газрын тосны шугам хоолой хойд мөсөн далайн эргээс хөвөрсөөр Фэйрбанксаас зүүн ургаш Гленн хурдны замаар урагш Валдез хэмээх Номхон далайн боомтод хүрэх ба энэ замын дагуу Прүдобай (Prudhoe bay) Trans-Аlaska Pipeline систем буюу 1300km (~800 мил), 1.22 м голч бүхий газрын тосны энэ хоолой өдөр шөнө, өвөл зунгүй газрын тос дамжуулж америкийн шатахуун хангамжийн барагдашгүй их хэрэглээний багагүйг хангадаг аж. 1977 онд ашиглалтад орсон эл хоолойгоор 20 тэрбум гаруй баррел газрын тос зөөжээ. 1967 оноос хойд мөсөн далайн Прүдобай булангийн Дийдхорс (Deadhorse) суурин хавиас газрын тос олборлож эхэлснээс хойш энэ хоолойг барьж эхэлсэн байна. Фэйрбанкаас Дийдхорс Дальтон хурдны замаар 500 орчим мил явж хүрдэг.

Аляскт үүнээс гадна алт, никель, зэс, молибден, цайр, хар цагаан тугалга гэх мэт ашигт малтмалын асар их нөөцтөй ордууд бий. Энэ их нөөц нь өнөөдөр Аляскийг байгалийн баялаг, эрдсийн нөөцөөрөө хамгийн баян мужийн тоонд зүй ёсоор оруулсан юм. Оросууд энэ их баялагаа зүгээр шахам өгчихснөө өнөөг хүртэл харамссаар л байдаг юм билээ. Тэд ядаж нэг акраас хэдэн цент авсан бол бид дэлхийд талст давсныхаа нөөцөөр дээгүүрт ордог Давст уулаа бүр 1970-аад оны үед Оросуудад үнэгүй зүгээр л бэлэг болгоод өгчихсөн хүмүүс шүү дээ. Бид Оюу толгой, Таван толгойгоо иймэрхүү маягаар алдчих вий дээ хэмээн энэ мөчид бодсоноо нуух юун. Өдгөө алдах гэдэг нь дайн байлдааны явцад бус хөгжиж буй орнуудын улс төрчдийг нь үнэ төлбөргүй сургаж, тус орны засгийн эрхэнд гарган үйл ажиллагаанд нь туслан зээл тусламж олгох, хөрөнгө оруулах замаар өөрийн бодлогоо хэрэгжүүлдэг орчин цагийн үзэгдэл неоколончлолын арга юм.  Аляскийн хойд эргийн газрын тос олборлох ордууд болон эрдэс баялагийн уурхайнуудын асар их ашгаас уугуул иргэдэд хувь хүртээж тэр нь цааш тэдний гар дээр баттай очдог хуультай юм байна. Аляскийг АНУ-д худалдах наймааг эрс эсэргүүцэж байсан хүн бол оросын газар зүйн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Петрбургийн ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1825-27 онуудад “Кроткий” усан онгоцоор дэлхийг тойрох аялал хийсэн адмирал Фердинанд Врангель (1796-1870) байжээ. Энэ хүн хойд мөсөн далайгаар нилээдгүй явсан ба түүний нэрээр нэрлэгдсэн Врангелийн арал тэнд бий. Врангель 1830 онд Аляскт ирж тэнд амьдарч буй оросуудын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байгаад 1870 онд нас барсан байна. Түүний эсэргүүцлийг цагаан хааны засгийн газар хүлээж аваагүй Аляскийг худалдсан гэдэг.

Үргэлжлэл бий…

Найдансүрэнгийн Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ

 

4 “Газрын домогт наймаа

  1. Pingback: panselnasmenpancpns.com

  2. Pingback: DMPK

  3. Pingback: adme

  4. Pingback: joints

Leave a Reply