Л.Баатар: Гадны хөрөнгө оруулагчдыг эхлээд тэтгэж, чадвартай болгочихоод үр шимийг нь хүртэх хэрэгтэй

MIMCC (9)

Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны дарга Л.Баатартай ярилцлаа.


-Та эхлээд холбооныхоо талаар мэдээлэл өгөөч. Хэзээ үйл ажиллагаагаа эхэлсэн, хэдэн гишүүнтэй холбоо вэ?
-Монголд хөрөнгө оруулалт хийсэн Өвөр Монгол компани олон байдаг. Тиймээс эдгээр компаниудыг холбоондоо нэгтгэж Монгол Өвөр Монгол хоорондын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг ахиулах, дэмжих зорилгоор 2011 онд Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоог байгуулсан. Манай холбоо 110-аад компани, 200 гаруй хувь хүн, нийтдээ 300 гаруй гишүүнтэй.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол, Өвөр Монгол хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, барааны үзэсгэлэн гаргах, чуулга уулзалт зохион байгуулах зэрэг бизнесийн олон арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Өвөр Монголоос төдийгүй Хятадаас Монгол Улсад хөрөнгө оруулагч татах, Монголын байдлыг танилцуулах, үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг тусламж үзүүлдэг. Мөн холбооны гишүүдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллаж байсан. Бид нэг ёсондоо Монголын хуулийг дээдэлж, сурталчилж, хүмүүст мэдээлэл хүргэх гүүр юм.

-Энэ хугацаанд Монголд хичнээн хөрөнгө оруулалт, аль салбарт оруулсан байна вэ?
-2014 оны байдлаар зөвхөн манай холбооны гишүүн компаниуд тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн байна. Энэ нь уул уурхай, барилга, техник борлуулалт, үйлчилгээний салбар, аялал жуулчлал гээд олон салбарт оржээ. Тухайлбал, манай холбоонд аялал жуулчлалаар ажилладаг хэдэн компани бий. Тэд ерөнхийдөө Өвөр Монголоос Монгол руу аялал түлхүү зохион байгуулдаг. Яагаад гэвэл Өвөр Монголын аймаг хошуунаас хөдөөнийхөн Монгол руу аялах сонирхолтой болсон. Хятадын олон мужид монгол угсаатан амьдардаг. Тэд Монголоор бахархаж, энэ нутагт ирж үзэх хүсэлтэй байдаг. Тиймээс тэр хүмүүсийг Монголтой танилцуулах, аялуулах арга хэмжээг зохион байгуулдаг. Монгол иргэд Хятад руу зугаалах ажлыг ч хийж байна. Ордост очиж Чингисийн онгоныг үзэх, өвөр монголчууд хэрхэн амьдарч байгааг харж, зан заншилтай танилцах аялалд монголчууд дуртай.

-300 гаруй компани Монголд бизнес эрхэлдэг гэхээр тэр хэмжээгээрээ ажлын байр нэмэгдсэн байх. Ажлын байрны судалгаа байдаг уу?
-Сүүлийн жилүүдэд барилгын салбарт нэлээд хэдэн компани сайн ажилласан. Тухайлбал, “Тэдмэнт” компани Монголд чамгүй олон барилга барьсан. Тэдний ажилчдын нэлээд хэсэг нь монгол хүмүүс байдаг. Гэхдээ өнгөрсөн жилээс орон сууцны  борлуулалт муу байгаа учраас зогсонги байдалтай болчихлоо. Түүнээс өмнө нэлээд өгөөжтэй, амжилттай ажиллаж ирсэн. Монголын эхний 100 татвар сайн төлсөн компани дотор манай холбооны барилгын компани орсон.
Мөн ноос угаадаг “А үйлс” гэдэг  компани бий. Энд 20 орчим жил ажиллаж байна. Удирдлага нь өвөр монгол хүн, бусад 100 гаруй ажилтан нь бүгд монголчууд. Мэдээж үйлчилгээний салбаруудад монголчууд олноороо ажилладаг. Уул уурхайн салбарт ойрын жилүүдэд хүндхэн байгаа учраас энд ажиллаж байгаа хүн цөөн байна. Бусад салбарт ч бий.

-Монголын эдийн засагт үр өгөөжтэй ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
-Өвөр Монголын компаниуд хэдэн жилийн өмнө уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь их байсан. Энэ салбар нь хөрөнгө оруулалт их шаарддаг онцлогтой. Гэвч одоогоор энэ салбар хүндхэн байгаа учраас үр өгөөж нь гараагүй, хүлээсэн  байдалтай байна. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүн зарах гол зах зээл нь Хятад улс. Гэтэл өнгөрсөн хоёр жил Хятад улс эдийн засгийн хөгжлийн бодлогоо өөрчилсөн. Тиймээс бидний хувьд энэ салбарын зах зээлтэй уялдан Монголын өөрийнх нь байгаль орчны бодлого, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, нэмүү өртөг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулж боловсруулах үйлдвэр байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Бид боловсруулах үйлдвэр байгуулах судалгаа хийж байна.

-Манай барилгын салбарт хятад ажилчид олон байдаг. Танай барилгын компаниуд ажилчдаа хэрхэн бүрдүүлдэг юм бол?
-Өвөр Монголын компаниуд болом-жоороо монголчуудыг ажиллуулдаг ч Хятадаас ажилчид оруулж ирдэг. Барилгын компанийн нэг онцлог нь багаараа ажиллах. Багаар ажиллаж байж хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдана. Гэтэл Монголын хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүй хүн олон байгаа ч шаардлага хангасан ажилтан цөөн байна. Уг нь барилгын салбарынхан нэгэнт л энд барилга барьж байгаа учраас эндээс ажилчид авч ажиллуулах сонирхолтой. Яагаад гэвэл виз, янз бүрийн зөвшөөрөл хөөцөлдөхгүй, зардал бага гарна. Гэвч ажлын шаардлага хангахгүй ажилтан авчихаар барилгын явцад саад болох, чанарт нөлөөлөх ноцтой асуудал гарах магадлалтай. Тиймээс аргагүйн эрхэнд хятад ажилчид оруулж ирдэг. Яваандаа барилгын салбарт ажилтан бэлтгэгдээд ирвэл бүх ажилчдаа монголчуудаар бүрдүүлэх боломжтой. Нэг үеэ бодоход сүүлийн жилүүдэд чадвартай монгол ажилчид нэмэгдэж байгаа нь олзуурхууштай.

MIMCC (5)-Монголд бизнес хийхэд гадны хөрөнгө оруулагчид ямар бэрхшээл их тулгардаг вэ?

-Монголд бизнес явуулахад хамгийн эхний сөрөг нөлөө гэвэл бодлогын тогтворгүй байдал юм. Хууль нь байнга өөрчлөгдөж байдаг. Бизнесээ явуулахын тулд хууль, тушаал шийдвэрт нь зохицуулаад төлөвлөөд явж байтал гэнэт өөрчилдөг. Түүнийг нь дагаад бид ч төлөвлөгөөгөө дахин өөрчлөх хэрэг гарна.
Хоёрт, Монголд дэд бүтэц арай хөгжөөгүй байна. Зам тавигдаагүй, эрчим хүчинд холбогдоогүй газар олон бий.
Гуравдугаарт, боловсон хүчний дутагдал. Боловсон хүчин дутагдсанаар компанийн өрсөлдөх чадвар муудна.
Монголын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулъя гэвэл энэ гурван шалтгааныг анхаарч ажиллах хэрэгтэй.
Бас нэг хүндрэлтэй зүйл нь виз, оршин суух картны хугацаа. Монголд өөрийн хөрөнгөөр бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс энд оршин суух хэрэгтэй болдог. Гэтэл энэ картыг хамгийн урт нь нэг жилийн хугацаатай, заримдаа зургаан сараар өгдөг. Бүр Монголд 10-аад жил үйл ажиллагаа тогтмол  явуулж байгаа компанийг хүртэл зургаан сарын оршин суух эрхээр сунгадаг. Яагаад ийм богино хугацаагаар сунгадагийг нь ойлгодоггүй. Асуухаар тайлбарлаж өгөх хүн ч байхгүй.
Гаднын бусад улс орнуудаар явж үзэхэд, туршлага судлахад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулагчид ногоон карт өгдөг юм билээ. Монголд ийм ногоон карт өгдөг болвол, эсвэл оршин суух хугацааг нь нэлээд хэдэн жилээр өгвөл амар байна. Гэтэл энэ эрхээ дагаад жолооны үнэмлэх нь богино хугацаатай байдаг. Оршин суух картны хугацаа дуусахаар жолооны үнэмлэхний хугацаа ч адилхан дуусчихна. Ингэж давхар ажил болгох хэрэг байна уу. Нэгэнт оршин суух зөвшөөрөл дуусаад буцсан хүн жолооны үнэмлэхээ хэрэглэхгүй шүү дээ. Бүр ядаж жолооны үнэмлэхээ богино хугацаатай өгдөгөө болих хэрэгтэй.
Тэгэхгүй бол Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагч хүн зургаан сар, нэг жил тутамд виз, оршин суух карт, жолооны үнэмлэх, компанийн гэрчилгээгээ сунгуулах гэж явдал чирэгдэл болж байна.
Үнэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүндрэлийг багасгая гэвэл энэ мэт жижиг зүйлсэд анхаарал тавьж шийдэж өгөөсэй.

-Энэ нь зарим монгол хүний хандлагаас шалтгаалж байна уу. Өвөр монголчуудыг ер нь хэр дэмжиж, хамтран ажилладаг вэ?
-Урьдны цагийг бодвол энэ хандлага сайжирч байгаа. Энэ нь Хятад, Монгол хоёр улсын харилцаа сайжирч, стратегийн иж бүрэн түншийн ха-рилцаатай болж, төрийн өндөрлөгүүд харилцан айлчилж, хамтын ажиллагаа сайн явагдаж байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр бид биенээ мэддэг, ойлгодог боллоо. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг нь янз бүрийн дарамт шахалт үзүүлж, хэдэн төгрөг салгаж авах сонирхолтой байдаг. Жижиг асуудлыг дэвэргэж том болгон улс төржүүлдэг байдал хааяа гардаг. Энэ бүхэн цаашид гайгүй болох байх гэж найдаж байна. Ялангуяа хоёр монгол хоорондоо хэл яриагаараа ойлголцдог, санал бодлоо ярьчихдаг учраас үл ойлголцол арай бага гарч байна.

-Монголын бизнесийн орчинд шинэ үйл ажиллагаа явуулах орон зай байна уу. Ямар салбарт ажиллавал боломж байна?
-Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, салбаруудыг хөгжүүлэхэд орон зай бий. Газар нутаг том, экологи цэвэр учраас цаашид хөдөө аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд сайн. Монгол цэвэр байгальтай, экологийн тэнцвэр алдагдаагүй учраас ногоон хүнс хөгжүүлэх боломжтой. Энэ салбарт цаашид ажиллая гэж бодож байна. Манай зарим компани бордооны үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэр байгуулагдсанаар Монголд бордоо нэвтрүүлж газарт юу дутаж байна, түүнийг нь шинжлэх ухаанчаар нөхнө гэсэн үг. Мэдээж байгалийн бордоог боловсруулж ашиглах хэрэгтэй. Ирээдүйд Монголд асар их хэрэгтэй салбар юм. Тариаланг хөгжүүлэхэд дагалдах бүх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Манайх гадны хүмүүст газраа эзэмшүүлэхгүй байх хуультай. Тэгэхээр газар тариалан, ногоон хүнсний салбарт ажиллахад хүндрэлтэй биш үү?
-Тиймээ. Одоогийн байдлаар Өвөр Монголчууд өөрийн гэсэн газартай монгол хүнтэй хамтарч, үйл ажиллагаа явуулж байна. Ингэж ажиллахаар урт хугацаанд, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадахгүй юм. Яагаад гэвэл хүний газарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг эрсдэлтэй. Нэг өдөр л газрын эзэн санаагаа өөрчилбөл их хэмжээний хөрөнгө оруулалт салхинд хийснэ. Тийм болохоор Монгол Улсад хэрэгтэй, төр засгийн бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулах компани, хүнд тодорхой хэмжээний газрыг урт хугацаагаар олгоод харин шаардлага, хяналтаа сайн тавиад явбал энэ салбар маш хурдацтай хөгжинө. Үүнийг бас Монголын төр засаг бодох хэрэгтэй.

-Манай улс жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого баримталж байгаа. Та бүхнийг бизнес хийхэд таатай орчин байна уу?
-Байлгүй яах вэ. Монгол хөдөө аж ахуй, газар тариалангийн аж ахуй хөгжүүлэхэд нөөц, боломжтой. Мөн уул уурхайн нөөц ихтэй. Яг одоогийн зах зээлд нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг шингээж гадны зах зээлд гаргадаг үйлдвэр барих талаар бид ярилцдаг юм. Энэ талаар ажиллавал улс орны эдийн засаг, хөгжилд маш том боломж бүрдэнэ.
Монголын Засгийн газар хуулиа цэгцэлж, засварлаж, зарим хуулиа хүчингүй болгосноор гадаадын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна. Мөн татварын дарамт багатай учраас үйл ажиллагаа явуулахад таатай нөхцөлтэй гэж хэлж болно. Монгол Улс цаашид хөгжлийн бодлогоо тодорхойлж, тогтвортой нөхцөл бүрдэж өгвөл маш богино хугацаанд хөгжих боломжтой. Үүний тулд гадны хөрөнгө оруулагчдын шаардлага, хүсэлтийг анхаарч, үгийг нь сонсч ажиллавал илүү сайн юм.

-Монголд бизнес хийх нутагтаа ажиллахаас ямар ялгаатай байна?
-Бид анх Монголд өөрсдийгөө гадаадын хөрөнгө оруулагч учраас төр засгаас дэмжлэгтэй ажиллах байх, бүх нөхцөл нь сайн болох юм байна гэсэн ойлголттой ирсэн. Яагаад гэвэл Өвөр Монгол 1980-аад оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж оруулснаар өнөөдрийг хүртэл амжилттай хөгжиж байна. Үнэхээр гадаадын хөрөнгө оруулагчдын саналыг сайн сонсдог, ажлыг нь сайн дэмждэг байсан. Тиймээс тэдний үйл ажиллагаа сайн явагдаж, амжилтад хүрснээр манай улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан.
Энэ талаас нь харьцуулж үзэхэд Монголд бид гадаадын хөрөнгө оруулагч хэрнээ төдийлөн хүчтэй дэмжлэг авч чадахгүй байна. Наад зах нь адилхан нэг ажил хөөцөлдөж байхад гадаадын хөрөнгө оруулагчтай компанийнх саадтай, монгол компанийнх амархан бүтдэг. Энэ нь албан байгууллага, албан хаагчид гадаадын хөрөнгө оруулагчаас болгоомжилж, айдгаас болдог. Тиймээс заримдаа аргаа барахдаа монгол хүний нэр дээр явуулж ажлаа амархан бүтээдэг юм бил үү гэж ярилцдаг.

-Манай хоёр улсын эдийн засгийн хөгжил хэр хол зөрүүтэй байна?
-Миний хувьд анх Монголд хөл тавьж, бизнес хийснээс хойш 25 жил болжээ. Тэр үед хоёр улсад хөгжлийн ялгаа бага байсан. Өвөр Монгол дөнгөж хөгжлийн эхний шат руу орж байсан үе. Монгол ч ойролцоо явсан. Гэтэл 25 жилийн хугацаа өнгөрсний дараа харахад хөгжлийн үнэхээр том зөрүү гарч байна. Улс орны эдийн засгийн нэг онцлог нь олон төсөл хэрэгжиж байж бүрддэг. Төсөл амжилттай хэрэгжиж байна гэдэг нь эдийн засаг хөгжиж байна гэсэн үг.
Жишээ нь, Эрдэнэтийн уурхай Монгол Улсын төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг, саалийн үнээ гэгддэг. Гэтэл энэ уурхай 30 гаруй жилийн түүхтэй хэр нь өнөөдөр ганцаараа л байна. Уг нь энэ хугацаанд олон төсөл хэрэгжиж Эрдэнэт шиг үйлдвэр олон болох ёстой юм. Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлсэн ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс үүн шиг сайн төслүүд олныг хэрэгжүүлэх хэрэгтэй. Толгойлсон томоохон төслүүд хэрэгжсэнээр бусад компаниа дээш нь татна. Мөн бүсчилсэн орон нутгийн хөгжлийг ч сайжруулна, ажилгүйдлыг багасгана, ард түмний амьжиргааг сайжруулна. Төсөл бол олон юмыг төлөөлж, олон нөхцөлийг ашиглаж иж бүрнээр  хөгжүүлэх сайн арга. Хөгжил гэдэг заавал нэг нь түрүүлж толгойлж бусад нь дагаж явдаг.
Өвөр Монголын хэмжээнд жил бүр олон төсөл хэрэгжүүлдэг. Аймаг, хошуу, суманд хүртэл өөр, өөрсдийн төслийг баталдаг. Нэг хүн санаачлаад нэг төсөл гаргаж ирэхэд орон нутгийн хөгжил, ард түмэнд хэрэгтэй байвал төр засгаас тусалж, дэмжлэг үзүүлж, бэрхшээлийг нь шийдэж өгдөг. Өвөр Монгол улс хурдан хөгжсөний шалтгааны сайн судлах хэрэгтэй. Харилцан судалж, харилцан суралцаж, харилцан дутагдлаа нөхөж, туршлага солилцсоноор хүссэн хөгжилдөө хүрнэ.

-Өвөрмонголд гадны хөрөнгө оруулагчдыг дэмждэг ямар бодлого, хууль дүрэм байдаг юм бол?
-Нэг газар төсөл  хэрэгжиж гадаадын хөрөнгө оруулагч орж ирлээ гэхэд тэдэнд шаардлагатай газрыг нь олгодог. Заримдаа ямар ч үнэгүй чөлөөлж өгдөг. Тэгээд эхний хэдэн жил татвараас чөлөөлнө, дараагийн хэдэн жил татвараас хөнгөлнө. Боловсон хүчнээр хангаж, үйл ажиллагаа явуулахад нь учирч буй бэрхшээлийг нь шуурхай шийдэж өгнө. Жишээлбэл, түүхий эдээр дутлаа гэхэд өөрсдийн дотоодын үйлдвэрээ түр зогсоогоод гадаадын хөрөнгө оруулалттай компаниад тусгайлан хангаж өгдөг. Гэтэл компани гарсан бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр л зарна. Энэ байдал бол бид хохирч гадныхан хожиж байгаа юм шиг хэнд ч харагдана. Гэтэл төр засгаас гадны хөрөнгө оруулагчдыг ингэж дэмжсэнээр тэд амжилт олж, үлгэр жишээ болж араасаа олон гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирж байсан.
1990-ээд оны эхэн үед монгол найзуудтайгаа нутагтаа очиж гадны компаниуд хэрхэн ажилладгийг үзүүлэхэд “Газраа үнэгүй өгөөд, татвараас хөнгөлөөд, түүхий эдээр хангаад танайд ямар ашигтай юм” гэж толгой сэгсэрч байсан.

-Тэгээд ашиг нь яаж гарав?
-Ашиг хэдэн талаас гарсан. Нэгдүгээрт, хятад тэр үед менежментийн ур чадвар түвшин доогуур байсан. Гадаадын хөрөнгө оруулалт хөгжсөн орнууд болох Америк, Япон, европоос орж ирсэн. Тэд орчин үеийн хөгжсөн менежментийг оруулж ирсэн. Тэрнээс Хятад суралцсан. Мөн шинэ технологи, тоног төхөөрөмж оруулж ирсэн. Түүн дээр нь бид ажиллаж сураад, дараа нь дуурайж хийдэг болоод, сүүлдээ өөрсдөө үйлдвэрлэж гадагшаа гаргадаг болсон.
Хоёрдугаарт, олон хүнийг ажлын байраар хангасан. Хятад хүн ам ихтэй болохоор ялангуяа тэр шилжилтийн үеэр олон ажилгүй хүнийг гадны компаниуд ажлаар хангасан. Тэгээд хэдэн жил өгөөж бага өгч байгаа юм шиг харагдсан ч 10 жилийн дараагаас хөл дээрээ боссон хүчтэй болсон компани улсад өгөөжөө сайн өгдөг болсон. Орон нутаг улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг болсон. Улс орон гадны хөрөнгө оруулагчдаас ашгаа авахын тулд эхлээд тэтгэж, чадвартай болгож аваад үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Энэ явцыг л зөв ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Өвөр монголчуудаас бусад улс оронд амжилттай хөрөнгө оруулж бизнес хийсэн хүмүүс олон байдаг уу?
-БНХАУ-д Өвөр Монголын 60 гаруй холбоо бий. Бээжингийн, Шанхай дахь гэх мэт муж бүрт байна. Мужаас доош хотуудад ч бий. Тэр бүх холбоод тухайн нутагтаа бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Тэндээ эдийн засагт нь хувь нэмэр үзүүлээд, одоо буцаад Өвөр Монголдоо ирж хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Өвөр Монголын тал ч тэднийг их уриалгахан хүндэтгэж хүлээн авдаг.
Харин гадаад улс орнуудад Өвөр Монголын 10 гаруй холбоо байна. Япон, Америк, Австрали, Шинэ Зеланд, Англи, ОХУ гэх мэт улсуудад бий. Холбоо байна гэдэг нь тэр улсад Өвөр Монголын олон компани үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Гэхдээ эдгээр холбоод дундаас хамгийн ойрхон, хамгийн нөлөөтэй нь Монгол дахь Өвөр Монголын бизнес холбоо юм. Яагаад гэвэл Монгол Өвөр Монголын харилцаа илүү дотно ойр, сэтгэл санаагаар ч ойр шүү дээ. Тиймээс бидэнтэй хамтран ажиллая гэсэн хүн олон байна.

-Цаашид танай холбоо болон гишүүд Монголд ямар үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байна?
-Бид нутагтаа очиж олон удаа уулзалт зохион байгуулсан. Монголын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, төсөл танилцуулж, хөрөнгө оруулалт хийхийг уриалдаг. Гэхдээ бидэнд нэг зовлон бий. Хүмүүс “Та нар Монголд хөрөнгө оруулалт хийгээд удаж байна. Ямар амжилт гаргасан бэ” гэж асуудаг. Гэтэл бидэнд ийм амжилт олсон гээд хэлэх жишээ цөөхөн байна. Амжилтаас илүү бүтэлгүй юм олон бий. Өвөр Монголын хоёр бизнесмэн нэг нь Монголд, нэг нь нутагтаа хөрөнгө оруулалт хийгээд 20-30 жил болоход нутагтаа ажилласан нь илүү амжилтад хүрсэн байх жишээтэй. Тэгэхээр тэд өөрсдөө нүдээр харж, чихээр сонсож байгаа болохоороо “Та нар өөрсдөө амжилт гаргаагүй байж бид нарыг оруулах гээд байх юм” гэдэг. Бид “Монгол Улс хөгжинө, бодлогоо, бизнесийн орчноо сайжруулж байна. Монголд хөрөнгө оруулахад буруудахгүй” гэж л хэлдэг.
Уг нь манай бизнесмэнүүд Монголд хөрөнгө оруулалт хийх, Монголтой харьцах, юм хийх сонирхолтой. Хувь хүмүүс сонирхохоос гадна Засгийн газраас ч дэмжиж байгаа. Өвөр Монголын Засгийн газар намын хороо Монголтой хамтран ажилла, амжилт гарга, хамтдаа хөгж гэж олон удаа уриалж, орон нутагт үүрэг өгч байна.
Манай холбоо ч Монголын төслийг танилцуулах арга хэмжээг хийсээр байх болно. Удахгүй Өвөр Монголоос бизнесмэнүүдийг авчирч Дарханд хөрөнгө оруулалт хийх ажлыг зохион байгуулж, судлуулах юм. Ер нь цаашид Монгол Улс хөгжинө. Энэ бол хэн нэгний бодлогоос шалтгаалахгүй. Бид энд олон жил ажиллаж, амьдарч байгаа учраас эндээ ажиллаж, монголчуудтайгаа хамт байж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ гэсэн бодолтой байна.

Эх сурвалж: “Эдийн засгийн мэдээ” сэтгүүл

2 “Л.Баатар: Гадны хөрөнгө оруулагчдыг эхлээд тэтгэж, чадвартай болгочихоод үр шимийг нь хүртэх хэрэгтэй

  1. Pingback: pezevenklik yapilir

  2. Pingback: Hyderabad Corporate Events

Leave a Reply