Монгол-Оросын харилцаа: Гоморхол тунирхлаас ажил хэрэгч хамтын ажиллагаа руу

mo2016051607055.jpgСоциализмын үед Зөвлөлтийн сэтгүүлчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн холбоо жил бүр 5 сэтгүүлч харилцан солилцдог,гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондоо шууд харилцаж хамтран ажилладаг байв. Монголын сэтгүүлчид 1970-аад оны эхний хагасаас эхлэн жил бүр ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагддаг байв. Томоохон сонин, мэдээллийн агентлагийн тусгай сурвалжлагч нараа харилцан суулгадаг байлаа. Энэ бүхэн бол түүх, өнгөрсөн цаг. Монгол, Оросын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны олон арван жилийн хамтын ажиллагаа 1990-ээд оноос хойш огцом уналтад орсон билээ.
Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа ийнхүү бараг тэг түвшинд хүртлээ унахад ямар хүчин зүйлүүд нөлөөлөв?
Нэгдүгээрт, улстөрийн нөхцөл байдал. Социалист системийн задрал тэр системд багтаж байсан улс орон болгоны хувь заяанд гүн гүнзгий нөлөөлөв. Монгол орон ардчиллын замыг сонгон авч, дэлхийн улс гүрнүүдтэй нээлттэй тэгш харилцахыг эрхэм болголоо. Олон намын систем бий болж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг иргэд бүгдээрээ эдлэх болов. Урьд өмнө нь хаалттай байсан Барууны ертөнц үүдээ нээлээ. Үзэл суртлын цензур үгүй болов. Монгол, Оросын улстөрийн харилцаан дахь “ахан дүүсийн” гэх тодотгол зохихоо байлаа. Оросоос Монголд хандсан тэр үеийн улстөрийн хандлагаас “Тэд нар бидэнгүйгээр хаа холдох вэ?” гэсэн үл тоомсорлол, бас “Бид та нарыг хэн байсныг хэн болгосон билээ? Гэтэл та нар…” гэсэн гоморхол уншигддаг байлаа. Монголын хувьд Барууны орнуудын найрсаг хандлага, амлалт, тусламж итгэл найдвар төрүүлж, ардчилсан тогтолцоог бататгах үйлсэд пост социалист орнуудыг манлайлж байна гэх бахархал сайшаалд хөөрөн догдолж байлаа. Товчхондоо, соцсистем хоромхон зуурт нурснаас үүдсэн бөөн тоос манан дунд хоёр хөрш бие биенээ олж харахтай манатай болж, заримдаа ч анзаарахгүй мэт байцгаав. Садан төрөл мэт ойр дотно нөхөрлөсөн хүмүүс бие биедээ тунирхаж, гоморхдогтой адил загнацгаасан агшнууд ч улстөрийн харилцаанд байлаа. Хоёр орны аль аль нь дотооддоо их засвар хийгээд бие биенээ үнэхээр анзаарах сөхөөгүй байсан үе ч бас бий.
Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдал. Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжинэ гэдэг ямар ярвигтай үйл хэрэг болохыг манай хоёр орон аль аль нь өөрийнхөөрөө мэдэрч, шилжилтийн гэх хүнд үеийг даван гарцгаасан. 1992 онд Монголын хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр давс, гоймон хоёроос өөр бараа байхгүй болж байлаа. Улаанбаатарт мах, талханд дугаарласан хүмүүс Горбачевын хуурай хуулийн үеийн ЗХУ-ын архины дэлгүүрүүдийн гадаах уртаас урт цувааг санагдуулж байлаа. Оюун санааны өлсгөлөнд орсон монголчууд 1990 онд чөлөөт сонин худалдан авахаар зүтгэж байгаад гэмтэж бэртсэн хэд хэдэн тохиолдол гарсан бол хоёр гуравхан жилийн дараа хоногийн хоолны мах, ширхэг талхны төлөө оочирлож байгаад гэмтэж бэртсэн тохиолдол гарч байв. Монголын төр гаалийн татварыг тэглэх, чөлөөт худалдааг дэмжих зэрэг уян хатан бодлого явуулсны хүчинд 1990-ээд оны хоёрдугаар хагасаас дэлгүүрийн лангуу бараагаар дүүрч, иргэдийн амьжиргааны түвшин дээшилж эхэлсэн юм.
Гуравдугаарт, хүмүүсийн сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт. Орос, Монгол хоёр орны дундаас дээш насны иргэд бүгд социализмаас капитализд шилжих шилжилтийг биеэрээ үзэж туулсан хүмүүс. Бидний итгэл үнэмшил, эрхэмлэдэг үнэт зүйлс, амьдралд хандах хандлага, сэтгэлгээнд өөрчлөлт орсон. 1990-ээд онд бага балчир байсан, төрөөгүй байсан дараа дараагийн үеийнхний хувьд байдал бүр ч өөр. Энэ бүхний үр дагавар хоёр орны харилцаанд нөлөөлсөн, нөлөөлсөөр байгааг энд бас дурдмаар байна.
Хувь хүн ч, улс орон ч бие биенээ сайн ойлгож мэдрэе гэвэл эн тэргүүнд харилцан мэдээлэл сайтай байх ёстой. Мэдээллийн ач холбогдлыг та бид бүхнээс илүү мэднэ. Тэгвэл сүүлийн 25 жилд монголчууд оросуудын талаар хэр мэдээлэлтэй байна вэ? Оросуудад хэрхэн хандаж байна вэ? Монголчууд Орос орон, оросуудын талаар маш сайн мэдээлэлтэй байдаг гэдгийг хэлмээр байна. Монголын дөчөөс дээш насны сэхээтнүүдийн дийлэнх нь орос хэлээр мэдээлэл олж авах түвшний мэдлэгтэй учраас Оросын телевизийн сувгуудыг байнга үздэг. Орос хэвлэлийн захиалга өнгөрсөн хугацаанд огт тасарсангүй. Орос хэл дээрх номын дэлгүүрүүд ажилласаар байна. Интернэтээс орос хэл дээрх мэдээллийг чөлөөтэй ашиглаж байна.
Ахмад дунд үетэй харьцуулахад орос хэл мэддэг хүмүүсийн тоо буурсан ч гэлээ залуу үе, хүүхдүүд орос хэлийг сонирхон судалсаар байна. Улаанбаатар, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад орос хэл дээр сургалтаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиуд хэд хэд байгаа нь 3 сая хүн амтай орны хувьд том үзүүлэлт. Их дээд сургуулиудад орос хэлийг сонголтоороо үзэж байна. Мэдээллийн Монцамэ агентлаг, Монголын үндэсний олон нийтийн радио орос хэл дээр мэдээ мэдээлэл түгээсэн хэвээр байна. “Новости Монголии”, “Монголия сегодня” зэрэг сониныг монгол сэтгүүлчид орос хэл дээр гаргаж байна. Монголын ямар ч караокед ороод үзэхэд танд орос дууны өргөн сонголт санал болгоно. Бас орос дуу дуулж байгаа монголчуудыг тэнд харж болно. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй гол гол мэдээллийг орос хэрэглэгчийн түвшинд хүлээж авч чадаж байгаа монгол хүн олон байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орост болж буй, эсвэл орос хэлээр түгээсэн мэдээллийг өргөнөөр орчуулан хүргэж байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн хөгжил монголчуудыг Орос оронтой ойр дөт байлгаж чадаж байна. Монголын сэтгүүлзүй ч энэ чиглэлээр үүргээ сайн гүйцэтгэж байна гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Харин оросууд маань монголчуудын талаар хэр мэдээлэлтэй, ямар төсөөлөлтэй байна вэ? Жирийн орос хүн Монголын тухай, монголчуудын тухай харьцангуй бага мэдээлэлтэй, буруу төсөөлөлтэй байна гэж хэлмээр байна. “Монголд сайхан бүсгүйн ээлжит тэмцээнд морь түрүүллээ”, “Монголын эрдэмтэд Сансар байдаг гэдэгт одоо ч итгэлгүй байгаа болохоор Монголын сансрын анхны апапарат хөөргөх ажил тодорхойгүй хугацаагар хойшлогдлоо” гэх зэрэг цуврал онигоонууд жирийн орос хүний монгол хүнд хандах хандлагыг тодорхойлж эхэллээ. Орос онигоонын дотор “Монголия” гэх сэдэв сүүлийн үед “Чукча” гэх сэдэвтэй бараг адил түвшинд очих төлөвтэй байна. Анатолий Тимофеевич Фоменко, Глеб Владимирович Носовский тэргүүтэй эрдэмтдийн “Новая хронология” нэртэй “судалгаанууд” Монголын түүхийг ор тас үгүйсгэсэн мэдээллийг оросоос гадна дэлхийн тэргүүлэх олон хэлээр албан ёсоор цацсаар удаж байна.
Энэ бүхэн нь мэргэжлийн сэтгүүлзүй ажлаа муу хийж байгаатай холбоотой, манай хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхны хамтын ажиллагаа уналтад орсонтой холбоотой гэж үзэж байна. Хаана мэдээллийн хоосон орон зай байна, тэнд буруу мэдээлэл түгж, хогийн ургамал ургадгийг та бид сайн мэднэ.
Хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бараг тэг түвшинд хүрснийг засч залруулахын тулд хоёр талын хүчин зүтгэл хэрэгтэй байна. МСНЭ-ийн удирдлагууд энэ байдалд дүгнэлт хийж, Оросын сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагаагаа сэргээх санал санаачлагыг удаа дараа гаргаад үр дүнд хүрсэнгүй. 2009-2010 онуудад Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-аар дамжуулан хамтран ажиллах албан хүсэлтийг хамтын ажиллагааны протоколын төслийн хамт хоёр удаа явуулсан ч хариу ирээгүй байдаг. Тэгэхэд адил төстэй саналыг мөн л ЭСЯ-аар нь дамжуулан илгээсэн хятадын тал асуудлыг шуурхай шийдэж, жил бүр харилцан төлөөлөгч солилцдог болж, энэ жил Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форумыг 7 дахь удаагаа хамтран зохион байгуулах гээд бэлтгэлээ хангаж байх жишээтэй. МСНЭ 1998 онд Брюсельд төвтэй Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ)-нд гишүүнээр элссэн байгууллага бөгөөд Монгол Францын сэтгүүлчдийн уулзалтыг 2010, Монгол Австрийн сэтгүүлчдийн уулзалтыг 2011 онд зохион байгуулсан, Монгол БНСУ-ын сэтгүүлчдийн уулзалтыг 2014 оноос хойш жил бүр 2 удаа зохион байгуулдаг уламжлал бий болгож чадсан атлаа ОХУ-ын сэтгүүлчдийн төлөөлөлтэй анх удаагаа форум зохион байгуулж байгаа нь эргэцүүлбэл зохих асуудлын нэг юм. Оросын хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран ажиллах оролдлого санаачлагууд маань бүс нутгийн түвшинд эргэлдэж, Эрхүүгээс цаашилж чадахгүй байгаа болохоор л би “Бараг тэг түвшин” гэдэг нэр томъёог хэрэглээд байгаа юм. Гэхдээ орос ардын “Лучше поздно, чем никогда” гэж нэгэн сайхан үг байдаг даа.
Тэгээд ч манай салбарынхан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх улстөрийн таатай орчин бий болж байна гэж үзэж байна. Оросын дорнын бодлогын нэгэн чухал салаа нь Монголтой хамтран ажиллах асуудал гэж сүүлийн үед Оросын албаны хүмүүс мэдэгдэж байна. ОХУ дотооддоо Сибирь, Алс Дорнодыг бүс нутгийн хөгжилд анхаарал хандуулж, гадаад бодлогын хувьд Дорно руу тууштай хандаж эхэллээ. Энэ нь хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд хамтын ажиллагааны илүү таатай боломжийг бий болгож байна.
Аливаа улс орон дангаараа хөгжих гэж зүтгэхийн оронд хөрш орнуудтайгаа харилцан ашигтай хамтран ажилласны үндсэн дээр хамтдаа хөгжих нь илүү үр дүнтэй гэж сүүлийн үед хаа хаанаа хүлээн зөвшөөрөх болсон нь манай салбарын хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар Монгол, Орос, Хятад гурван орны төрийн тэргүүнүүд жил бүр тогтмол уулздаг боллоо. ОХУ-ын Эдийн засгийн коридор, Монголын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагууд харилцан уялдаатай олон улсын эдийн засгийн том төсөл болох эхлэл тавигдаад байна. Бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний ач холбогдолтой ийм том төслүүдийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, хөрш орнуудын хамтын ажиллагааг улам бүр хурдацтайгаар хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарынхан та бидний хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Монголын хэвлэл мэдээллийн зах зээл Оростой харьцуулахааргүй жижигхэн учраас хөрөнгө санхүүгийн чадавхийн хувьд асуудалтай. Гэхдээ дэлхийд нэртэй телевизийн шоу нэвтрүүлгүүдийн эрхийг худалдан авч, үндэсний хэмжээний томоохон шоу, цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулж чадаж байна. Олон орны, тэр дундаа Оросын телевизийн цувралыг худалдан авч үзэгчдэдээ хүргэж байна. Дэлхийд нэртэй “Космополитан”, “Нэйшнл жеографик”, “Форбес”, “Вашингтон пост”, “Файнэшнл таймс” зэрэг тогтмол хэвлэл, Блуумберг тв монгол хэлээр монголчуудад хүрч болж байна. Энэ нь Орос, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн ийм түвшинд хамтран ажиллах боломж нээлттэй байна гэдгийн баталгаа юм.
Технологийн хувьд Монголын хэвлэл мэдээллийн салбарт асуудал байхгүй. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж чадаж байна. Жижигхэн зах зээл, уян хатан, хөрвөх чадвар сайн учраас шинэ технологийг өндөр хөгжилтэй орнуудын хэвлэл мэдээллийн салбарынхнаас түрүүлж хэрэглээнд нэвтрүүлэх нь элбэг. Монгол улс өнгөрсөн онд аналоги системтэй салах ёс гүйцэтгэж, тоон технологид бүрэн шилжлээ. IT-гийн боловсон хүчний чадвараар гологдохгүй байна.
Зохиогчийн эрхийг хамгаалах тал дээр маш сайн хуультай, зохиогчийн эрхийг дээдлэх соёлыг хурдтай төлөвшиж байна.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд Монгол асуудал багатай орны нэг гэгдэж байна. Хэвлэл мэдээллийн салбар дахь төрийн оролцоог 1998 онд хуулиар хааж, аливаа төрлийн цензурыг хориглосон. 2011 онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хууль батлагдсан. 2015 оны 1 сарын 1-нээс Шилэн дансны тухай хууль төрийн байгууллагуудад мөрдөгдөж байна. Ардчиллыг тунгалагшуулах алхмууд ийнхүү шат дараатайгаар хийгдэж байгаа нь Монгол орныг илүү нээлттэй, харилцахад түвэггүй, хамтран ажиллахад амар хялбар болгож байгаа юм. Үүнийг мэргэжил нэгт орос нөхөд маань анхааралдаа авч, мөнхийн хөрш хоёр орон – Монгол Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө гар сэтгэл нийлэн ажиллана гэдэгт итгэж байна.

2016.05.16-нд Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын тавьсан илтгэл.

13 “Монгол-Оросын харилцаа: Гоморхол тунирхлаас ажил хэрэгч хамтын ажиллагаа руу

  1. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

  2. Pingback: binaural

  3. Pingback: 360 frontal

  4. Pingback: ADME

  5. Pingback: eng_X

  6. Pingback: empresas de assistência informática

  7. Pingback: ad copywriting

  8. Pingback: seo salt lake city

  9. Pingback: cmovieshd

  10. Pingback: Arbeitsschuhe

  11. Pingback: 루비게임 엘리트게임 루비게임주소

  12. Pingback: 검증사이트

  13. Pingback: diyala coee

Leave a Reply