Аав ээж нь монгол атал алаг үр нь харийнх болдог гажгийг засъя

7WМонгол Улсын Иргэний харьяаллын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр болсонтой холбоотойгоор олон нийт санал бодлоо янз бүрээр илэрхийлж байна. Ажил хэрэгч, санаа авууштай зөвлөмж ч байна, уншихаас ой гутам хараал доромжлол бүр ч их байна.  Тэр бүхнийг үл өгүүлэн энэхүү хуулийн төсөл болон түүнтэй холбоотойгоор нийгэмд өрнөж буй хэлэлцүүлгийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүслээ.
Нэгдүгээрт, энэ бол давхар харьяалалд хориг тавих зорилготой хууль гэдэг нь тодорхой байна. Монголын төр өнөөдөр иргэдийнхээ давхар харьяаллын асуудлыг хянаж чадахгүй, төрийн албанд давхар иргэншилтэй хэдэн хүн ажиллаж байгааг мэдэх боломжгүй байна. Төрийн чухал албанд ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдээд, асуудал нь  илэрч эхэлмэгц  “Би тэр улсын иргэн” гээд гараад явчихаж байна. Үүнийг цэгцлэх гарц нь энэхүү хуулийн төсөл. Энэ хууль батлагдвал өөр улсын иргэний харьяалалтай болох гэж байгаа, эсвэл болчихсон хүн Иргэний бүртгэл мэдээллийн албанд энэ тухайгаа заавал мэдээлдэг үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл өөр орны иргэн нь болж тангараг өргөчихсөн атлаа Монголд ирээд төрийн албанд шургалдаг замбараагүй байдалд цэг тавина гэсэн үг. Ийм хуулийн төслийг хэн хамгийн их эсэргүүцэх нь тодорхой.
Хоёрдугаарт, гадаадад байгаа монгол хүнийхээ нэр төр, үнэ цэнийг төр нь хуульчлан баталгаажуулах алхам нь энэ хуулийн төсөл гэж үзэж байна. Харийн оронд ажиллаж амьдарч байгаа монгол гэр бүл үр хүүхэд төрүүллээ гэхэд тэд нь гадаадын иргэн болдог,  эх орондоо ирэх гэхээр харийн хүн гэж үздэг гаж байдлыг энэ хууль засна.  Гадаадын 70 гаруй  оронд Монголын нэг зуун мянган гаруй иргэн ажиллаж сурдаг гэж албан эх сурвалжууд мэдээлж байна. Тэд маань үр хүүхэд гаргаж, өсөж үржиж л байгаа. Энэ хуулиар бол Монгол Улсын иргэдийн хүүхэд ямар улсад, хаана төрснөөсөө үл хамааран хууль ёсоор Монголын иргэн болох ёстой.   Манай ЭСЯ, консулын газрууд тухайн оронд төрсөн монгол хүүхдэдээ төрснийх нь гэрчилгээг олгож, Монголынхоо иргэнээр бүртгэж авна гэсэн үг. Бидний цөөхөн монголчуудад ийм хууль яагаад хэрэггүй гэж? Эсэргүүцээд байгаа хүмүүсийг нэг л ойлгохгүй байна.
Гадаадад төрсөн хүүхдийг Монголынхоо иргэн болгохдоо эцэг эх хоёулангаас нь зөвшөөрөл авдаг заалт энэ хуулиар хүчингүй болох нь. Гадаад хүнтэй гэр бүл болсон монгол иргэндээ Монголын төр давуу эрх олгож байгаад юу нь буруу байна?
Гуравдугаарт, Хөх үнэмлэхний асуудал байна. Монгол гаралтай хүмүүсээс гадна  Монголын хөгжилд хувь нэмэр оруулж чадах эрдэмтэд, хөрөнгө оруулагчид, Монголын нэрийг дэлхийд гаргах урлаг, спортынхонд угсаа гарал үл харгалзан Хөх үнэмлэх олгоё гэсэн байна.  Монголд сэтгэлтэй, Монголд хэрэгтэй хүмүүст давуу нөхцөл үүсгэж яагаад болохгүй гэж? Тэднийг Монголын иргэн болгоно гээгүй.  Бусад улс оронд хэрэгжүүлээд үр шимийг нь хүртэж болоод байгаа асуудал  Монголд яахаараа болохгүй билээ?
Энэ хууль батлагдчихвал баахан хятад ороод ирнэ гэсэн ухуулга явж байна. Тэгвэл аль нэг орны цагаач иргэн тооны хувьд давуу байдал үүсгэх боломж манай хуулиар хаалттай байгааг яагаад ярихгүй байна. Одоо мөрдөгдөж байгаа Гадаадын иргэний эрхзүйн байдлын хуульд “Монгол Улсад цагаачлан амьдрах, оршин суух гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 0,5 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0,17 хувь хүртэл байж болно” гээд заачихсан байгаа. Тэгэхээр арван сая хятад нөмрөөд ирнэ гэдэг цуурхал биелэх ямар ч үндэсгүй. Гадаадын иргэдийн тоо манай нийт хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд л  нэмж иргэншил олгох асуудлыг Засгийн газраас  УИХ-д өргөн мэдүүлэх эрхтэй. Монголын төр хаа ч гэж цагаачлалын асуудалд ихээхэн анхааралтай ханддаг, хууль эрхзүй нь ч чанга юм шүү.
Дөрөвдүгээрт, Хөх үнэмлэхний асуудал үндсэрхэг үзэл хоёрын хооронд хол зай байгааг ялгаж салгаж хэлмээр санагдана. Үндсэрхэг үзэл, эх орноо гэх сэтгэл хоёрын хооронд өдөр шөнө мэт ялгаа байдгийг мартагнуулах, энэ хоёрыг зориуд хольж хутгах зорилго бүхий суртал ухуулга сүүлийн үед газар авч байгаад санаа зовниж байна. Үндсэрхэг үзэл хэзээ ч сайн юманд хүргэж байгаагүйг хүн төрөлхтний түүхэн дэх нацизм, расизмын үзэгдлүүд  хангалттай харуулсан. Харин эх оронч сэтгэлээс  улс орон, иргэдийнхээ хөгжил дэвшил, сайн сайхны төлөө зөв зүйтэй зүйлийг хийх хүсэл тэмүүлэл ундарч байдаг, тэр нь ч үр өгөөжөө өгдөг жамтай.
Эцэст нь хэлэхэд Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн үзэл санаа  Монголын хөгжилд хэрэгтэй, холч бодлогыг агуулсныг эрхэм хууль тогтоогчид ойлгож, үндсэрхэг үзлээр халхавч хийсэн хорлон сүйтгэгчдийн хийрхэлд авталгүйгээр шийдвэрээ гаргаасай гэж хүснэ.
Урианхан Б.Галаарид
2016.05.11.  

Аав ээж нь монгол атал алаг үр нь харийнх болдог гажгийг засъя

  1. Pingback: lace frontal

Leave a Reply