Улстөрийн цочир идэвхжилт буюу сонгуулийн харанга дэлдэлт

Хөшигний ард ухаанаа уралдуулж буй улстөрчид асуудалдаа хэт автан өрөөсгөл шийдэлд хүрэх нь элбэг байдаг. Хэт их мэдээлэл нь хэт олон хувилбар ургуулан бодоход хүргэдгээс ийнхүү баримжаа алддаг. Бас хэт их мэдэж, биеэ тоосноос бодит амьдралаас тасарцгаачихсан байдаг нь ч нүцгэн үнэн.

evӨчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18 улстөрийн гол намууд, улстөрчдийг богино хугацаанд зөв шийдэл гаргаж чадах эсэхийг нь сорьсон олон мэдээлэл түгсэн өдөр байв. Үндэс нэгтэй МАН, МАХН хоёр сонгуульд 51:25 хувийн харьцаагаар эвсэл болж орохоо зарлалаа. Эвслийн тэргүүн нь МАН-ын М.Энхболд, ТУЗ-ийн дарга нь МАХН-ын Н.Энхбаяр байна гэсэн мэдээлэл хоёр нам эвсэж байгаа ч тэргүүлэгч байр суурины асуудал дээр нэлээд толхилцож байж шийдсэн болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байна. Товчхондоо аль аль намынх нь амбиц хүчтэй байгаа бололтой.

Намууд эвсэж байгаа талаар албан ёсоор хэвлэлийнхэнд мэдээлэхдээ сонгуульд орох үед эвслээс нэр дэвшигч, эсвэл аль нэг субьектийг нь хууль хяналтын байгууллагын зүгээс зогсоох, оролцуулахгүй байх оролдлого гарвал хоёр нам хамтарч тэмцэнэ гэдгээ чухалчлан мэдэгдэж байгааг хэд хэдэн хувилбараар уншиж болохоор байна.

2012 оны УИХ-ынсонгуульд бие даан өрсөлдөж, намаасаа хасагдаж байсан Ц.Даваасүрэн, МАН-ын гишүүнчлэлээ сэргээж, төрхөмдөө буцаж ирсэн, ирэхдээ Х.Болорчулуун гишүүн дагуулж ирсэн  нь бас энэ өдрийн онцлох мэдээний нэг байлаа. Намд нь ч, хүнд нь хэрэгтэй байсан учраас ийм алхам хийв бололтой. Тоотой ханаогийн өмнө Г.Уянга МҮАН-аас гарч, “Шударга ёс” эвслийг орхин Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болсон, Женко Баттулга араас нь очиж магадгүй гэсэн хардалт байгаа зэрэг нь Монголын улстөрийг сонирхолтой болгож байна. Х.Баттулга МоАХ фракцийг тэргүүлдэг ч ҮЗХ-ны хуралд суугаагүй гэх мэдээлэл араасаа олон таамаг, тайлбар дагуулж байна.

Даргадаа захирагдах дургүй байгаа АН-ын ҮЗХ Сонгуулийн хуульд захирагдаж, цаг хугацаанд шахуулахын эрхэнд арайхийж нэг юм хуралдаж эхэлсэн нь энэ өдрийн бас нэг сонин.

МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаад руу зугатсан, сонгуулийн өмнө эргэж ирэхээсээ өнгөрсөн гэсэн дүгнэлт хийсэн хүмүүсийг эвгүй байдалд оруулан тэрээр эргэж ирлээ. Түүний ирэлт, нам нь МАН-тай эвсэх болсон зэрэг үйл явдлыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлах нь түлхүү байна. Ямар ч үнээр хамаагүй түүнийг ял хэлтрүүлж, 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх нь гол зорилго, эвсэл бол хоёрдогч асуудал гэх гаргалгааг хэвлэлүүд хийгээд эхэллээ. Дэндүү хурдтай өрнөж буй үйл явдлын гинжин хэлхээ, улстөрийн хөл хөдөлгөөн дунд энэ мэтээр ямар нэгэн дүгнэлт хийхэд хэцүү байгаа нь бас үнэн юм. Яагаад гэвэл Монголын дийлэнх улстөрчид ёсзүйн хэмжүүрт захирагддагүй, үг үйлдэл зөрөх нь энүүхэнд “стандарт бус” нөхдүүд билээ.

Leave a Reply