Б.Мөнхдөл: Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөшүүрэг хэрэгтэй

_MG_3957+Эдийн засгийн хямралыг даван туулах арга замыг саяхан болж өнгөрсөн Монголын эдийн засгийн форумаар эрэлхийлсэн гэж болно. Ер нь эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарч болох вэ гэдэг шийдэл гаргах зайлшгүй шаардлага бий. Энэ талаар “Cover Mongolia” компанийн ерөнхий захирал, зах зээлийн шинжээч Б.Мөнхдөлтэй ярилцлаа.
“Cover Mongolia” компани нь Монголын талаар бичиж байгаа гадаадын нийтлэл болон хувьцааны талаарх мэдээллийг судалж хэрэглэгчдэд хүргэдэг компани юм.


-Саяхан эдийн засгийн чуулган болж өндөрлөлөө. Эдийн засгийн хямралыг давах арга зам горьдож ирсэн ч ямар ч шийдэл гаргаж чадсангүй хэмээн оролцогчид хэлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд юу хийх ёстой юм бол?

-Бизнес эрхлэгчид төрөөс шалтгаалсан саад, бэрхшээлийг арилгахыг хүссэн болов уу. Учир нь бизнесийн орчин тийм ч таатай биш байгааг хүмүүс хэлсээр байгаа. Гэтэл өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авсангүй гэдэг шүүмжлэл бий. Төрийн дэмжлэг хүсч байгаа тухай ярихаар санхүүгийн эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл олгосноор зохицуулагдах мэт ойлголт нийтлэг байгаа нь дутагдал. Түүнээс илүү тусламж, дэмжлэг яриагүй байх. Түүнчлэн томоохон төслүүдийг хөдөлгөхийн тулд хууль эрхзүйн орчны өөрчлөлтийг хүсч байгаа. Ер нь аливаа хурлаас шууд гарт баригдах шийдэл гардаггүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тиймээс үүнийг ойлгож, хүлээцтэй хандах хэрэгтэй. Хамгийн гол нь одоо ямар байдалтай байгаа, цаашид юу хийвэл зүгээр вэ гэдэг ойлголтыг авах нь чухал юм. Энэ удаагийн хурлаар хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шийдэлд хүрсэн байх.

-Хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэж ярьсаар нэлээд хэдэн жил өнгөрлөө. Дорвитой өөрчлөлт гарсангүй гэлцдэг. Ер нь төрөөс шалтгаалж байгаа зүйлийг тодруулах хэрэгтэй юм шиг. Магадгүй олон зүйлийг хэлэх байх?
-Хөрөнгө оруулалтыг татахын тулд бизнес эрхлэгчид маань өөр, өөрийнхөөрөө сэтгэж байна. Мэдээж төр ямар нэг саад учруулахгүйгээр, хэт улстөржүүлэхгүйгээр зайлшгүй хөдлөх шаардлагатай томоохон төслүүдээ саадгүй явуулах учиртай. Одоогоор гацаанд орсон байсан Оюутолгой төсөл хөдөллөө. Бусад нь төрөөс шалтгаалсан саадтай байна гэдгийг бизнесийнхэн төдийгүй, бусад талууд ч хэлсээр байгааг төрийнхөн тусгаж авах хэрэгтэй. Ялангуяа дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүд системийн хувьд цаашдын хөгжилд гүүр болж өгнө. Тэгэхээр цахилгаан станц, төмөр замын төслийг явуулах нь зүйтэй. Тухайлбал, тавдугаар цахилгаан станц одоо болтол эцсийн шийдэлд хүрээгүй, санхүүжилтээ босгож чадахгүй байгаа нь гадаад орчинд хүлээлт үүсгэхээс гадна итгэл төрүүлэхгүй байна шүү дээ. Миний сонссоноор хөрөнгө оруулагчид нь төртэй хийх хэлэлцээр нь явж байгаа ч төрөөс шалтгаалах хүчин зүйлд дорвитой шийдэл гаргаж чадахгүй байх шиг. Уг нь эдгээр төсөл хэрэгжвэл 20-30 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх учиртай. Гэтэл төрөөс өгөх баталгаа нь удаашрах шалтгаан болж байгаа гэх юм. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлэх байх. Мэдээж бизнесийнхний хувьд эдгээр гацаанд байгаа төслүүдийг хөдлөөсэй гэдэг хүлээлт бий.

-Бид гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой, хувийн хэвшлээ дэмжих ёстой гэж ярьж байна. Магадгүй, зарим зүйлийг хийж чадсан гэх болов уу. Гэхдээ хөрс нь сайн бүрдэж чадахгүй байгаа учраас хөл дээрээ бат зогсч чадахгүй байна хэмээн үйлдвэрлэгчид хэлдэг. Үүнийг төрийн тогтворгүй байдал, хууль эрхзүйн болон татварын орчинтой холбож тайлбарладаг шүү дээ?
-Манай улсын төр бизнест хэт хутгалдаж, будлианыг зохицуулах маягаар явж байгаа нь буруу. Төр холын хараатай, алсын бодлоготой байх ёстой. Түүнээс өөрөө бизнес эрхлэгч шиг аашилж болохгүй. Монгол Улс 2030 он хүртэлх хугацааны хөгжлийн үзэл баримтлалаа баталсан. Үүнийг нарийвчлан задалж дотоодын нийт бүтээгдэхүүнээ 15 жилийн хугацаанд 6.5 хувь өсгөхийн тулд юу хийх ёстой вэ гэдгээ нэг, нэг жилээр нь нарийн төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал,  2017 онд гадаадын хөрөнгө оруулалтыг ямар төвшинд хүргэх, аль салбарт ямар төсөл татах, томоохон төслүүдийнхээ алийг нь явуулах зэргийг шийдэх хэрэгтэй байгаа юм. Мэдээж үүний тулд татварын орчин ямар байх, хууль эрхзүйн орчноо хэрхэх вэ гэдгийг тодорхой харагдахаар шийдэх ёстой. Тэгэхгүй бол зөвхөн компанид НӨАТ дарамт учруулж байна гэж тооцоолон түүнд зориулсан өөрчлөлт хийх нь оновчтой бодлого, шийдвэр болохгүй. Хэрэв ийм байдлаар хандвал ирээдүйг бус зөвхөн маргаашийг харсан зүйл болчихно шүү дээ. Ер нь аливаа улс алсын хараатай, холыг харсан бодлого боловсруулдаг. Мөн засаглалын хувьд тогтвортой байж бизнесийн орчныг таатай болгох хөрсийг бүрдүүлнэ. Түүнээс гадна улсынхаа хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан мөрийн хөтөлбөрийг улстөрийн намууд нь хийдэг байх учиртай. Ингэснээр төрийн залгамж халаа бий болно. Хэрэв үүнийг хэрэгжүүлж чадвал энэ удаагийн сонгууль өмнөхөөс арай өөр болох байх гэсэн хүлээлт бий.

-Хөгжлийн үзэл баримтлалдаа тулгуурласан жилийн төлөвлөгөө боловсруулах учиртай гэлээ. Манай улсын хувьд төсөв батлах үеэр гадаад талын нөхцөл байдлыг уялдуулахгүй байна гэж шүүмжилдэг. Тиймээс орлого, зарлагынхаа харьцааг ижил төвшинд, ядаж ойролцоо байлгаж чадахгүй байна. Магадгүй төсөв батлах үеэр урд болон хойд хөршийн тухайн жилийн бүтээн байгуулалт, хэтийн төлвийг анзаарч байх хэрэгтэй юм шиг?
-Манай улсын бодлого дөрвөн жилийн хугацаатай төлөвлөгддөг. Харин төсвөө нэг жилээр баталдаг. Урт хугацаанд хэрэгжих төсөл байсан ч төсвийг нь нэг, нэг жилээр бодож гаргадаг. Мөн арайхийж баталсан тэрхүү төсөв нь УИХ дээр нэмэгдэж, хасагдаж болдгоороо бусад орныхоос ялгаатай болов уу. Энэ нь тийм ч сайн зүйл биш гэдгийг олон орны туршлагаас харж болно. Тэгэхээр төсвийн эрх мэдэл Засгийн газарт илүү түлхүү байж, УИХ-ын гишүүд зөвхөн чиглэл өгдөг байх зарчимд шилжих хэрэгтэй. Учир нь арайхийж хөдлөхөөр болж байгаа төсөл санхүүжилтээс шалтгаалан гацах тохиолдол бий. Энэ мэтчилэн гадны хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх байдал саарч байгаа нь хөрөнгө оруулалтын урсгалд бэрхшээл үүсгэнэ. Уг нь манай улсын хууль эрхзүйн орчин, институцийн чадавх сайн байдаг бол одоогийнх шиг нөхцөл байдал үүсэхгүй шүү дээ. Бид хөрөнгө оруулалтгүйгээр ирэх оноос төлж эхлэх зээлийн төлбөрийг барагдуулна гэдэг хүндрэлтэй асуудал болж хувирна. Энэ хэрээр манай улсын зээлжих зэрэглэл болон наашлах мөнгөний урсгал хумигдана гэдгийг ойлгох ёстой.

-Манай улсын гадаад өр 21.6 тэрбум ам.доллар гэж байна. Энэ тоо сүүлийн үед хэрүүлийн алим болж байх шиг. Гадаад өрд улсын болон хувийн хэвшлийнхийг хамтатгаж ойлгохгүй гэх мэтээр…?
-Хувийн хэвшил болон төрийн өрийг нийлүүлээд нийт хүн амд хувааж байгаа нь буруу юм. Зөвхөн төсвөөс гарах өрийн төлбөрийг хүн амд хуваавал үнэн тоо гарна. Өнгөрсөн оны байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 3.6 тэрбум ам.доллар бол Төвбанкных 1.8 тэрбумын өр байгаа. Энэ хоёр тоог нэмж, нийт хүн амд хувааснаар нэг хүнд ногдох өрийн хэмжээ үнэн зөв гарна. Энэ бол мэдээж тийм ч таатай дүн харагдахгүй. Хэрэв, төр дахин санхүүжүүлэлтээр өрөө төлнө гэвэл одоогийн зээлжих зэрэглэлээр бол эрсдэлтэй. Саяхан Засгийн газар олон улсад 11 шахам хувийн хүүтэй бонд гаргалаа шүү дээ. Тэгэхээр бид зээлжих зэрэглэлээ бууруулах нь дараагийн Засгийн газрын бодох хэрэгтэй хамгийн чухал асуудал.

– “Moody’s” агентлагийн судал-гаагаар манай улсын зээлжих зэрэглэл буурсаар байгаа. Энэ нь гаднаас хөрөнгө босгоход хамгийн том тээг болж байна гэх юм. Тэгэхээр зээлжих зэрэглэлийг сайжруулах хэрэгтэй гэх байх. Гэтэл өр төлөх хугацаа хормоор ойртоод байдаг?
-Манай улсын зээлжих зэрэглэл 2012 оноос хойш тогтмол унаж байгаа. Дахиад ч буурах төлөв ажиглагдаж байгааг олон улсын шинжээчид хэлдэг. Үүнийг сайжруулахын тулд эхлээд тогтвортой төлөвт оруулж, дараа нь эерэг болгох учиртай. Ингэснээр зээлжих зэрэглэл нэмэгдэх шат дарааллаар явдаг. Зээлжих зэрэглэл, төлөв хоёр чухал. Учир нь төлвөөс буурах эсвэл тогтвортой байх, бүр цаашилбал, өсөх эсэх нь эндээс харагдана.
Ирэх оны тавдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлнө. Харин Чингис бондны 500 саяыг 2018 оны нэгдүгээр сард төлөх ёстой. Тэгэхээр ойрын нэг жил гаруйн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын өр төлөгдөх ёстой. Харамсалтай нь үүнийг шууд төлөх боломж сайн биш гэдгийг хүмүүс мэднэ. Гэхдээ хэр өндөр өртгөөр дахин санхүүжүүлж чадах вэ гэдэг асуудал бий.

-Худалдан авалт бараг тэг хувь болтлоо зогссон байна. Үүнийг захын нэг дэлгүүрт ороод өрийн дэвтэр нь хэр зузаан байгаагаас харж болно. Гэтэл ипотекийн зээлийг таван хувь, малчдын зээлийг 10 хувь болголоо. Энэ бүхэнд мөнгө шаардлагатай. Үүнийг хаанаас олох вэ?
-Тогтвортой эдийн засагтай улс оронд Төвбанк нь аль болох хараат бус байж бодлогын хүү дээрээ гол бодлогоо хэрэгжүүлдэг. Харин манайх шиг улсад Төвбанк нь уян хатан байх ёстой бололтой. Уян хатан гэдэг нь Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлдэг бус өөрийн гэсэн бодлоготой байхыг хэлнэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн болон малчны зээлийг хэрэгжүүлэх цаг хугацаа нь мөн үү гэдэг чухал асуудал. Магадгүй, цаг сайн байх үе буюу эдийн засгийн өндөр өсөлтийн үед төрөөс ядуурлыг бууруулах, дундаж давхаргыг чадавхжуулж, хуримтлалтай болгохын тулд хэрэгжүүлж болно. Тэгэхээр тохироо бүрдсэн эсэхийг харах хэрэгтэй байсан юм.
Эдийн засаг хүнд байгаа үед энэ бүхнийг амлана гэдэг цэвэр улстөр, сонгуультай холбоотой гэж харж байгаа. Сонгууль болтол гурван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс одоогийн гаргасан шийдвэрийг дараагийн Засгийн газар хэрэгжүүлнэ гэсэн үг. Гэтэл тэр үед нь эдийн засаг сайжирсан байна гэхэд эргэлзэж байна. Иймээс сонгогчдоос оноо түүх гэсэн арга ядсан зүйлийг энэ удаагийн парламентынхан хийж байна. Хамгийн гол нь бодлогоор дэмжих нь зөв гэдгийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү хэрэгжилтэд ямар бэрхшээл, саад тулгарахыг тооцоолоогүй гэдгийг л хэлэх гээд байна.
Бас нэг зүйлийг хэлмээр байна. Ипотекийн болон малчны зээлийг хэн авах вэ гэдэг чухал. Боломжийн амьдралтай хүмүүст энэ бүхэн тийм ч чухал биш. Гэсэн хэдий ч хамрагдахын төлөө зүтгэх байх. Тэгэхээр хэрэв энэ ажлууд зорилтот бүлэгт хүрэлгүй хавтгайрсан шинжтэй болвол жинхэнэ популизм болно.

-Одоогийн эдийн засгийн хүндрэлийн шалтгааныг бусдаас хайгаад байх хэрэггүй хэмээн төрийн өндөрлөгүүд эдийн засгийн форумын үеэр хэлсэн. Гэхдээ бид эдийн засгийн өндөр өсөлтийн үед хуримтлал үүсгээгүй нь алдаа болсныг ч дурдсан. Тэгэхээр энэ хүндрэлээс гарахын тулд юу хийх ёстой вэ?
-Өмнөх Засгийн газрын үед хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажилласан. Хэдийгээр өндөр зардал төлсөн гэж байгаа ч маш том хөрөнгө оруулалт болсон гэж боддог. Учир нь бид цахимаар арилжаа хийх боломжтой боллоо. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэлээдгүй цаг хугацаа алдсан. 1992 онд байгуулагдсан ч арилжааны тооцоо хийх систем нь шинэчлэхэд хүндрэлтэй байсан болов уу. Түүнчлэн кастадион банк бий болсноор гадны томоохон хөрөнгө оруулалтын сангууд Монголд хөрөнгө оруулах боломжтой боллоо. Энэ боломжийг алдахгүйн тулд төрийн түшээд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх төрийн дэмжлэгийг боловсруулах ёстой. Ингэснээр хөрөнгийн захад итгэх итгэл сэргэнэ. Ер нь хөрөнгийн зах зээл хөгжөөгүйн нэг шалтгаан өмнө нь энэ захад гарч ирээд дампуурсан муу жишээнүүд нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Хөрөнгийн захыг хөгжүүлэхийн тулд хүмүүс хоорондын итгэлцэл маш чухал. Тиймээс шинэ бүтээгдэхүүн яаж гаргах вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм. Мэдээж сайн засаглалтай, нээлттэй компани энэ захад ажиллах ёстой. Гэтэл одоогоор манайд тийм компани байхгүй гэвэл хилсдэхгүй. Хөрөнгийн захад ажиллах чадамжтай компанийг бий болгохын тулд ямар хөшүүрэг хэрэглэх вэ гэдгээ төр, засгийнхаа хэмжээнд ярих хэрэгтэй.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлбэл банкны салбар хэцүүднэ гэж ярьдаг хүмүүс бий. Энэ бол хамгийн буруу ойлголт. Эдийн засгийг санхүүгийн зах зээл авч явдаг. Тэгвэл санхүүгийн зах зээл хоёр дэд салбараас бүрддэг юм шүү дээ. Тэгэхээр арилжааны банк, хөрөнгийн бирж хоёр дайснууд бус түншүүд байх учиртай. Манайд энэ хоёр салбар хоршиж явдаггүйгээс санхүүгийн зах зээлийн хэт их дарамт банкууд дээр байна. Банкнаас зээл авах боломжгүй төслүүдэд ирээдүйн орлогыг нь барьцаалж хөрөнгийн зах зээлээс мөнгө босгодог.

-Сайн засаглалтай компанид банк зээл өгөхгүй байна гэж байх уу. Арилжааны банкнаас зээл авч чадахгүй байгаа компани хөрөнгийн захаас мөнгө босгоно гэхээр өмнөх муу жишээний түүх давтагдах юм биш биз?
-Хэчнээн сайн засаглалтай байгаад ч орлого нь тодорхойгүй, барьцаа хөрөнгөгүй компанид зээл өгөхгүй. Банкны шаардлага зөвхөн барьцаа хөрөнгө. Харин ийм компаниуд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжтой. Учир нь хөрөнгийн зах итгэлцэл дээр тулгуурлан ирээдүйд нь итгэж хувьцаанаас нь худалдаж авдаг. Тухайлбал, хайгуулын компанийн ирээдүйтэй төсөлд арилжааны банк зээл өгөхгүй. Харин хөрөнгийн зах зээл рүү гарвал боломж бий. Тиймээс л хөрөнгийн захыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж байгаа юм. Энэ зах зээл хөгжсөнөөр илүү олон санхүүжилт зах зээлд бий болно. Магадгүй банкны зээлийн үйлчилгээ буурах байх гэсэн болгоомжлол гарах байх. Гэхдээ бүхий л мөнгөн гүйлгээ банкаар дамждаг. Тэгэхээр банкны эх үүсвэр эргээд хөрөнгийн зах зээл юм. Мөнгө олон дахин эргэлдэх нь илүү ашигтай шүү дээ. Ямар ч тохиолдолд мөнгө маш хурдан эргэлдэж байвал хамгийн сайн эрүүл санхүүгийн систем гэсэн үг. Тэгэхээр олон төрлийн санхүүжилтийн боломж олон удаагийн бизнес хоорондын үйл ажиллагаанаас санхүүгийн зах зээл хөгжиж, эрүүл санхүүгийн системтэй болно.

-Ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх болвол санхүүжилт босгохын тулд банкнаас зээл авах болно. Мэдээж хөрөнгө оруулагч татаж болох юм. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй учраас энэ захаас босгох мөнгийг тооцохгүй байна л даа. Гэтэл төслийг санхүүжүүлэх өөр боломж байгааг энэ удаагийн эдийн засгийн форумын үеэр ярилаа. Энэ систем манайд хэрэгжих боломж бий юу?
-Төслийн санхүүжилт энгийн зээлнээс ялгаатай. Төсөл хэрэгжүүлэх гэж банкнаас зээл авбал компани өөрийн хөрөнгийг барьцаа болгон тэр хэмжээндээ тохирсон мөнгө авна. Харин төслийн санхүүжилт гэдэг нь тухайн төсөл нь ирээдүйтэй, ирээдүйн орлого нь баталгаажсан тохиолдолд гэрээг нь барьцаалж олгодог зээл. Үүнд ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардлагагүй. Хамгийн эцсийн шатанд бүх юм тодорхой болсон төсөлд санхүүжилт олгодог. Манайд энэ төрлийн санхүүжилт хийж байсан түүх бараг байхгүй. Магадгүй “Салхит” цахилгаан станц бараг анхных байх. Гараа зөв бол бариа зөв гэдэг. Тиймээс анхны төслийн санхүүжилтээр хийж байгаа ажлаа сайн, тогтвортой явуулбал дараа дараагийн төслийн санхүүжилт хийх боломж гарч ирнэ. Энэ төрлийн санхүүжилтийг дунд болон томоохон төслүүдэд өгдөг. Мөн Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт төслийн санхүүжилтийн хэлбэрээр орж ирсэн юм шүү дээ. Зөвхөн төслөө барьцаалах учир маш өндөр баталгаа шаарддаг санхүүжилтийн хэлбэр гэж болно.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь хамрагдсан гэдэг. Гэхдээ болгоомжилсоор байгаад хамрагдаж чадаагүй нь ч бас бий. Хамгийн гол нь эдийн засгийн хямралтай үед дээрх хуулийг хэрэгжүүлснээрээ далд байгаа хөрөнгийг ил болгож, компанийн эргэлтийн хөрөнгөд нөлөөлөх гэсэн оролдлого байсан. Энэ нь хэр цаг үеэ олсон гэж бодож байна?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлага байсан гэж үзсэн учраас хууль баталсан байх. Хөдөлдөггүй, эргэлддэггүй мөнгө, хөрөнгийг эргэлтэд оруулах боломжийг нээхийг оролдсон. Энэ хууль хэрэгжсэнээр 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө гарч ирсэн гэж байгаа. Энэ хэмжээний мөнгийг дэрэн доороо хийгээд орхисон юм биш байх. Тодорхой хэмжээнд бага, багаар эргэлдүүлж байсан биз дээ. Харин дээрх хэмжээний хөрөнгө ил болсноор хурдацтайгаар эргэлдүүлэх боломж нээгдсэн. 30 гаруй их наяд төгрөг эдийн засагт эргэлдэхээр эерэг нөлөөлөх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, цус багатай хүнд нэмэлт цус хийснээр тэр хүний бие махбодид эерэг өөрчлөлтүүд гардаг шүү дээ. Үүнтэй адилтгаж болно. Мэдээж эдийн засгийн төлөв сайжрах хандлага ажиглагдвал хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх байх. Мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Мөн мөчлөг нь хэзээ байх вэ гэдэг асуулт гарна.
Одоогоор Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн төлвийг буурсан хэмээн мэдээллээ. Нэг жилд 0.1 хувийн өсөлт гэдэг огт байхгүйтэй ижил төвшин. Тэгэхээр энэ жил эдийн засаг төдийлөн өсөхгүй гэсэн үг. Энэ нь тийм ч сайн зүйл биш гэдгийг бүх хүн мэдэж байгаа. Энэ хэрээр гадны хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсгэнэ. Эдийн засаг нь өсөхгүй гэсэн төлөвтэй байгаа улс оронд өөрийнхөө хөрөнгийг хийж үнэгүйдүүлэх хүн хаана ч байхгүй шүү дээ. 0.1 хувь гэдэг бол зарим улиралд хасах төлөвтэй гарч болно гэсэн дохио. Яагаад гэвэл энэ оны сүүлийн хагаст далд уурхай бүтээн байгуулалтын ажил эхэлбэл нэг тэрбум ам.доллар зарцуулна. Энэ мөнгө оны хоёрдугаар хагаст орж ирнэ. Тэгэхээр эхний хоёр улирал хасах байх нь гэсэн таамаглалыг хөрөнгө оруулагчид төвөггүйхэн хийчихнэ. Гэхдээ ирэх жилээс 0.5 болно гэсэн прогнозыг бас гаргасан байна лээ. Эндээс харвал дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд савныхаа ёроолд хүрэх нь. Хэдийгээр ирэх жилд бага зэрэг сайжирна гэж байгаа ч бараг мэдэгдэхгүй нь. Энэхүү төлвийг харсан хөрөнгө оруулагчид хүлээлт үүсгэх вий гэсэн болгоомжлол байна. Манай дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь түүхий эдийн үнэ. Одоогоор дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнийн төлөв муу байна. Хэдийгээр төлөв тийм ч сайн гарч чадахгүй байгаа ч бид Оюутолгойн хөрөнгө оруулалтыг босгож чадсан нь олзуурхууштай. Мэдээж үүнд нөлөөлсөн хүчин зүйл бий. Ирэх 2019-2020 онд зэсийн нийлүүлт багасаад ирэхээр үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа учраас дээрх хөрөнгийг босгосон юм шүү дээ.

-Яг одоогоор хүнд байгаа асуудал нь валютын ханш. Хэдийгээр зөвхөн ам.долларын эсрэг төгрөг суларч байна гэж байгаа ч энэ цаашид улам ч хүнд байдлыг үүсгэнэ хэмээн эдийн засагч, судлаачид хэлж байна. Учир нь эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд ирвэл ам.доллар улам чангарна гэсэн хүлээлт байна. Мөнгөний нийлүүлэлт өсөх нь гэдэг хардлага нь малчдын зээлийг 10 хувь болгосон. Мөн ипотекийн зээлийг таван хувьд хүргэсэн нь мөнгө нийлүүлэхээс аргагүй байдалд хүргэж байна гэж харж байна л даа?
-Зах зээлд мөнгө нийлүүлэх шалтгаан нь малчдын зээл болон ипотекийн зээл хэмээн харж байгаа нь буруу зүйл биш. Мөн энэ жил сонгууль болно. Тиймээс бас л мөнгө нийлүүлэх суваг болж өгнө гэдэг хүлээлт бий. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад энэ жилийн сонгуулийн ажилд зарцуулах мөнгө багасах байх. Хэн мөнгөтэй нь нийгэмд танигдаж олон санал авдаг сонгууль байж болохгүй. Төсвөөс санхүүжилтийг нь гаргадаг хэлбэр байж болох ч эдийн засаг хүнд байгаа энэ тохиолдолд хэцүү. Мөн намын хандиваар сонгуулийн компанит ажил хийдгийн балгийг бид сүүлийн хэдэн парламентад харж байна. Тиймээс энэ удаагийн сонгуулиар ханшид нөлөөлөх хэмжээний мөнгө зарцуулахгүй болов уу. Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийн хүүг бууруулсан нь мөнгө нийлүүлэх бас нэг шалтгаан байж болох ч үүгээр дамжин ханшид нөлөөлөх гол үе нь өнгөрсөн. Учир нь урьдчилгаа төлөх чадвартай, байр авах боломжтой хэсэг нь аль хэдийнэ авчихсан байгаа. Ипотекийн зээл таван хувь болсноор валютын ханшид нөлөөлөхгүй байх.

Эх сурвалж: “Эдийн засгийн мэдээ” сэтгүүл

44 “Б.Мөнхдөл: Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөшүүрэг хэрэгтэй

  1. Pingback: GVK Biosciences

  2. Pingback: Petplay

  3. Pingback: seedboxes

  4. Pingback: DMPK Studies

  5. Pingback: www.office.com/setup

  6. Pingback: Iraqi Engineer

  7. Pingback: human hair weave

  8. Pingback: المهندس اوس الخزرجي

  9. Pingback: empresas de informática lisboa

  10. Pingback: warehouse for rent

  11. Pingback: mister checkout

  12. Pingback: Marketing Agency Innovation Tree

  13. Pingback: pengumuman seleksi cpns 2018

  14. Pingback: Cap besticken lassen

  15. Pingback: 主页

  16. Pingback: !2ke

  17. Pingback: 움짤

  18. Pingback: prognation

  19. Pingback: h col

  20. Pingback: Beautiful

  21. Pingback: in vitro ADME services

  22. Pingback: penerimaan cpns 2018 guru

  23. Pingback: buy testosterone

  24. Pingback: fingering orgasm

  25. Pingback: top 10 kiwi casinos

  26. Pingback: buy cheapest second hand samsung

  27. Pingback: bitcoincasino.today

  28. Pingback: sportsbook net

  29. Pingback: cfl live radio

  30. Pingback: new casinos NZ

  31. Pingback: Bitcoin Betting Operators UK

  32. Pingback: bodybuilding accessories

  33. Pingback: Free UK Chat

  34. Pingback: PK Screening

  35. Pingback: Caco-2 cell absorption studies

  36. Pingback: Steroids for sale

  37. Pingback: horse club

  38. Pingback: Su yalitim membrane

  39. Pingback: Teen Chat

  40. Pingback: 最低利

  41. Pingback: Programmi portable

  42. Pingback: why not try these out

  43. Pingback: emergency oral surgeon

  44. Pingback: cpanel hosting

Leave a Reply