З.Түмэнжаргалын “Тэнгэр Монгол”

12932619_984916384890673_852905816164392209_nЗураач З.Түмэнжаргал “Тэнгэр Монгол” үзэсгэлэнгээ төсөрхөн дэлгэн толилууллаа. Мод, чулуу, даавуу, яс зэрэг байгалийн гаралтай зүйлс ашиглан туурвисан уран бүтээлүүд нь уран зургийн уламжлалт дэг сургуулийг шүтдэг, тэрхүү дэгээр бүтээсэн зургийг л үнэ цэнэтэй гэж үздэг хүнд бол этгээд гаж санагдаж мэдэх ч хүмүүний сэтгэлийн байгаль дахь орчил хөдөлгөөнийг бүрэн мэдрэхийг хүсэгчдэд харин ч аятай сайхан сэтгэгдэл төрүүлж байсныг эн тэргүүнд хэлмээр байна.

Хүн хэмээгч бий болсон цагаасаа өдгөөг хүртэл байгальтайгаа хүйн холбоотой оршиж, харилцан шүтэлцээтэй аж төрсөөр ирсэн түүхтэй. Тэрхүү амин шүтэлцээг урлагийн бүтээл болгох нь уран бүтээлч хүнээс ер бусын хурц мэдрэмж шаарддаг аж гэх бодол З.Түмэнжаргалын үзэсгэлэнгээс төрөв. Уран бүтээлчээс тухайн бүтээлийг яагаад туурвив, юу илэрхийлэхийг хүсэв хэмээн байцааж байж бичих уг нь зөв байх. Би өөрөө  мэргэжлийн бус, зураг унших авьяас муутай ч түүнээс ийнхүү асууж лавлалгүйгээр өөрт төрсөн мэдрэмжээ ганц хоёр бүтээл дээр нь тулгуурлан өгүүлмээр санагдлаа. Үүнийг хэл хэмээн сэтгэл зүрх минь дотроос гижигдэх тул ийн өгүүлсэн болохоос их мэдэгчийн дүрээр ийш тийш үсчээгүй гэдгээ эхэнд нь дурдсу.

“Улаан уул” гэдэг зурагтаа тэрээр цоор үлээн суух цагаан сахалт өвгөнийг уул хэлбэрээр дүрсэлжээ. Газраас тэнгэрт цоройсон гурвалжин улаан оргилыг өтөл насыг үзсэн сайхан монгол өвгөний дүрээр бүтээжээ гэж эсрэгээр нь хэлсэн ч болно. Саарал тэнгэр, улаан улаан үүлс, цоор барьсан улаан өвгөн… Хэдэн мянган жилээр нар салхинд илбүүлсэн шунхан улаан уул… Хэдэн мянган үеэрээ энэ л уулаа тойрон аж төрсөн хүрлэгэр улаан өвгөн… Хэдэн мянган жил эсгий туургатнууд эгшиглүүлсээр ирсэн цоорын аялгуу… Газар дэлхий, уул ус мөнх… Дээрээс тольдогч тэнгэр мөнх…  Үр ачаа үелүүлэн үлдээгч хүмүүн мөнх… Эдгээр мөнхийн сайхныг бахдагч цоорын аялгуу мөнх аж. Хүмүүн бие элэхэд сэтгэл оюун нь уул хайрхандаа шингэж, тэрхүү уул хайрханаа эцэг лүгээ адилаар амьдчилан шүтсэн үрсэд ээл ивээлээ өгдөг гэх монгол сургаалыг би  “Улаан уул”-наас олж уншив. “Улаан уул” хэдэн мянганаар хэмжигдэх цаг хугацаа, эсгий туургатны төдийгөөс өдий хүртэл нүүдэллэн амьдарч ирсэн өргөн уудам орон зай, байгаль дэлхийгээ танин мэдэж, хүндлэн дээдэлсэн  нүүдэлчдийн агуу сэтгэлийг нэгэн хавтгайд хураангуйлсан өгүүлэмж ихтэй бүтээл болжээ.

Би зураачдын үзэсгэлэн үзэхдээ бүтээлийнх нь нэрийг аль болох анзаарахгүйг хичээдэг. Сүүлд нь нүдээ аниад бодоход сэтгэлд буух байдлаар нь зарим бүтээлд нь өөрийнхөөрөө нэр өгдөг. З.Түмэнжаргал бүтээлүүд дундаас хоёр зураг сэтгэлд хадагдан үлдэж. Эхний зурагт толгойн чимэгнээс өөр өмсгөлгүй бүсгүй цааш харан сууж, цаана нь цав цагаан этэр нүдээ анин хөндлөн зогсоно. Бүсгүй   толгойгоо зүүн тийш эргүүлэн нүдээ аньсан нь гүн бясалгалд автсан мэт. Тэдний эргэн тойрон  зөөлөн шаргал гэрэлд умбажээ. Бүсгүй, этэр, түүний цаадтайх бүдүүн мод гурав нэг шугаманд оршсоноор тэрхүү гэрэл тунарсан их хоосон дундах хүн, байгалийн амин холбоо, зохицол шүтэлцээ  бүр ч илүү тодроно уу гэлтэй. Нүцгэн бүсгүй нэг талаасаа гоо сайхны дээд илэрхийлэл ч нөгөө талдаа дэндүү эмзэг бөгөөд гагцхүү мод, амьтан, тэднийг хүрээлсэн ер бусын наран шаргал  гэрэлтэй нийлж байж л амар амгалан, чинадын их хүчний илэрхийлэл болж чаджээ. Энэ зургийг хараад яагаад ч юм “Монголын их амар амгалан” гэх Ц.Бавуудоржийн шүлгийн нэр сэтгэлд бууж билээ.

Иймэрхүү өвөрмөц зохиомжтой сонин содон бүтээлүүд З.Түмэнжаргалын урын санд нэлээд байна. Ерөнхийдөө цөөн өнгө, деталиар гүн гүнзгий утга санаа илэрхийлэх эрмэлзэлтэй уран бүтээлч гэж түүнийг хэлж болно. Үүний нэг жишээ нь цоор үлээж буй бүсгүйн зураг. Домгийн холоос урган гарч ирж байгаа, домгийн алс руу уусан шингэж байгаагийн аль нь ч байж мэдэх бүсгүй цоорын аялгуундаа автан нүдээ аньжээ. Түүний тоглох хөгжмөөс ер бусын уярам аялгуу урсан гарч буй нь үзвээс илт. Зургийн баруун дээд хэсэгт хоёр хараацай тэрхүү домгийн их манан дундаас цоорын аялгуу эгшиглэх зүг рүү нисэн айсуй үзэгдэх нь үлгэр туульсыг үнэн болгон амь оруулах мэт үзэгдэнэ.

IMG_051

Tumenjargal “Red Mountain”

IMG_052

Tumenjargal “Storyteller daughter”

IMG_053

Tumenjargal “Red string”

 Уран бүтээлч З.Түмэнжаргал адууны толгойны яс, бойтогны хонх, эсгий, шагай зэрэг зүйл ашиглан олон бүтээл хийсэн нь хэлбэрийн хувьд орчин үеийнх боловч агуулгын хувьд Монголын уламжлалт зан заншил, бэлгэдэл, язгуур монгол ухааныг хадгалсан, орчин үежүүлсэн байгаагаараа онцлог юм. Орчин үеийн урлагт хэлбэр хөөсөн байдал ихээхэн анзаарагддаг бол З.Түмэнжаргалын бүтээлүүд хүн байгалийн холбоог сануулж сэрүүлж, тэнгэрээ шүтэж, газраа дээдэлж, унаган байгальдаа илүү ойр байсан монгол уламжлалыг харуулсан философилог өгүүлэмжүүдээрээ ялгарч байна.

“Тэнгэр Монгол” үзэсгэлэнгээ гаргасан тэнгэрлэг монгол зураачид уран бүтээлийн их амжилт хүсье.

Урианхан Б.Галаарид

2016.04.11.

7 “З.Түмэнжаргалын “Тэнгэр Монгол”

  1. Pingback: GVK Biosciences

  2. Pingback: GVK Biosciences

  3. Pingback: In vitro pharmacology studies

  4. Pingback: DMPK Studies

  5. Pingback: Corporate Event Management Companies in Hyderabad

  6. Pingback: Bolide

  7. Pingback: engineering.uodiyala.edu.iq

Leave a Reply