Марко Поло – Суут жуулчин уу, цуут луйварчин уу?

Чойсамба фото
Ч.Чойсамба /доктор/

Итали улсын Венец хотын худалдаачин Николай Полын хүү Марко Поло (1257-1324) дэлхий дахинаа нэрээ үүрд дурсгах үйл бүтээсэн алдарт хүмүүсийн нэг бипээ. Тэрбээр өөрийн эцэг Николай, авга ах Матвей нарын хамт 1269 онд Акка (хойд Палестин) хотоос гарч Ойрх Дорнод, Дундад ба Төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн опон улс орноор аялан явж, өөрийн үзсэн харсан бүхнээ нэгтгэн 1298 онд “Орчлонгийн элдэв сонин” гэдэг ном туурвисан нь тэр үедээ шинэ нээлт болсон үйл явдал болжээ.Ялангуяа тэрбээр Монгол гүрний их хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хааж, түүний бие элч төлөөлөгчөөр Хятадын опон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал, зан суртал, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж, уг номдоо бичсэн нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болж, эдүгээ хүртэл эрдэмтэд, судлаачид, уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа юм”.

Ийн 1987 онд Улаанбаатар хотноо хэвлэгдэн гарсан Марко Пологийн номын өмнөх үгэнд бичсэн байдаг. Марко Поло өөрийн нэрийг хүн төрөлхтний түүхэнд алтан үсгээр сийлэн бичиж, өөрөө өөртөө эрин цагийг эзэлсэн номоороо тэнгэр баганадсан хөшөө босгосон нэгэн билээ. Харин тэрбээр үнэхээр суут жуулчин байсан уу? Аль эсвэл цуут луйварчин уу? Үүнд хариултыг гагцхүү түүний ном л өгч чадна.


 Түүхэн баримтыг гуйвуулагч

marco-poloЖишээ 1. “1187 онд татарчууд өөрсдийн хааныг сонгоод Чингис хэмээн өргөмжилжээ” (65-р бүлэг.) 1189 оны зун Онон голын хөвөөнд их хурилдай хуралдаж, Тэмүжинг Монголын их хаан Богд эзэн Чингисд өргөмжилсөн гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг.

Жишээ 2. “Тэр тулалдаанаас хойш Чингис хаан зургаан жил хаан хаан ширээнд суусан…” (68-р бүлэг.) ‘‘Тэр тулалдаан” гэж Марко Поло 1203 онд Чингис хаан Хэрэйдийн Ван ханыг ялсныг хэлж байна. Энд түүхэн баримтууд хоорондоо зөрчилдөж байна. Чингис хаан 1203 онд бус, 1206 онд бүх монгол туургатны хаанаар өргөмжлөгдөж, 21 жил тулгар төрийг бариад 1227 онд бие барсан билээ. Монголд 17 жил амьдарсан хүн ингэж алдах уу?

Жишээ 3. “Чингис хааны дараа Гүюг хаан, түүний дараа гутгаарт нь Байг хаан, дөтгөөрт нь Алтан хаан, тавдугаарт нь Мөнх, зургадугаарт нь Хубилай тус тус хаан ширээ залгамжилжээ” (69-р бүлэг.) Мөн л Монголд он удаан жил амьдарсан хүн зөрнө зөрнө гэхэд их хаадын дарааллыг алдагдуулж, хутгаж, үймүүлнэ гэж үү? Чингисийн дараа Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай нар төр барилцаж байсныг тэр үед Төв Азид амьдарч байсан хүн бүр мэдмээр.

Жишээ 4. “Марко Поло энэ хотыг (Янжоу) гурван жил захиран суужээ” (144-р бүлэг.) Түүхчид одоо хүртэл Марко Поло Хятадын нэгэн хотыг захирч байсан тухай баримтыг олж чадаагүй болно. Янжоу хотын архивт хүртэл энэ талаар мэдээ сэлт байхгүй байгаа.

Жишээ 5. “Их хааны цэрэг хотыг (Сянфань) гурван жил бүслэн хаагаад эзлэн авч чадсангүй. Энэ нь хааны цэрэгт тун базаахгүй хэрэг болжээ. Нэг удаа Николай, Матвей, Марко нар: “Та нар хотыг злэн авах ямар нэгэн зэвсэг сэдсүгэй” гэхэд цэргийн хүмүүс зөвшөөрч их хаанд уламжлан айлтгажээ. Цэргийн элч нар их хаанд бараалхаж: хотыг бүслэн хорьсноор эзлэн буулгаж чадахгүй байна. Тэд нөгөө талаас хүнс тэжээл зөөн авчирч амь зуусаар байх бөгөөд түүнийг саатуулан барих аргагүй хэмээн айлтгахад их хаан: ямар боловч тэр хотыг эзлэн авах хэрэгтэй хэмээн зарлиг буулгав. Чингэхэд дээрх ах дүү хоёр ба дүү Марко нар: “Их эзэнтэн минь ээ! Том том чулуу харван чадах зэвсэг үйлдэх уран дархан танд буй. Тэднээр зэвсэг үйлдүүлж чулуу нүүлгэхэд энэ хот тэсэхийн аргагүй болж бууж өгөх болно” хэмээн өчив. Их хаан түүнийг таалан зөвшиж тийм зэвсэг аль болох түргэн үйлдэхийг зарлиг болгожээ… Дахрчууд онцгой сайхан зэвсэгхоёрыгүйлдэж… тэр зэвсгийг авчрахад татарууд ихэд гайхан үзэж ертөнцийн агуу гайхамшиг хэмээн биширч байв. Чингээд тэр зэвсгийг зоож байрлуулаад хотын зүг чулуу нүүлгэхэд… мөнөөх хот буу ж өгсөн билээ” (146-р бүлэг.) Монголын цэрэг Санфань хотыг 1273 онд эзлэн авсан бөгөөд, энэ хэрэгт гадаадын дархчууд хувь нэмрээ үнэхээр оруулсан түүхэн баримт бий. Гэхдээ Маттео, Никколо, (тэднийг монгол орчуулгад орос маягаар Матвей, Николай гэж нэрлэжээ) Марко нар 1273 онд Хятадад байх ямар ч боломжгүй юм. Энэ үед Марко 16 настай байсан ба тэдний аялал 1272 онд эхэлснийг бодолцох хэрэгтэй. Тэр үеийн хэмжүүрээр ганцхан жилийн дотор Италиас Хятад хүртэлх замыг туулах боломжгүй юм. Тэгээд ч монголчууд чулуу шиддэг машин буюу катапультыг үүнээс өмнө хэрглэж байсан баримт бий.

Жишээ 6. “Их хааны цэрэг далайн шуурганаас хэрхэн амь гарч Лорк хэмээх хотыг эзэлсэн тухай’ (160-р бүлгийн нэр.) Бүлэг дотор «энэхүү хэрэг явдал бүгд… 1269 онд болсон ажээ” хэмээжээ. Лорк гэж чухам ямар хот болохыг одоо хүртэл тогтоогоогүй бөгөөд, энэ үйл явдлын тухай түүхэн сурвалжуудад тэвддэглэсэн нь үгүй.

Жишээ 7. “Өрнө зүгийн татарын анхны хаан нь Сайн хэмээх хүн билээ. Тэр бол их хүчирхэг эрхтэй хаан болой. Энэхүү хаан Сайн нь Орос, Комани, Алани, Лак, Менжер, Зич, Гучи, Хазарыг эзлэн бүх нутгийг байлдан дагуулсан билээ… Сайн хааны дараа Бат, Батын дараа Бэрх, Бэрхийн дараа Мөнхтөмөр, түүний дараа Туда-мөнх, түүний дараа эдүгээгийн Токтай хаан төр барьж буй» (220-р бүлэг.) Бас л бөөн будлиан. Юуны түрүүнд хэлэхэд, Сайн хаан бол Батын өргөмжлөл юм. Өрнө зүгийн татарын анхны хаан бөл Батын эцэг Зүчи хаан болой. Алтан Ордоны улсын хаадыг жагсаавал: Бат, Сартаг, Улагчи, Бэрх, Мөнхтөмөр, Тудамөнх, Тулабуга, Токтай нар юм.

Жишээ 8. “Хубилай хаан… 1256 онд хаан ширээнээ сууж… эр зориг, эд хав, ухаан билгийнхээ хүчээр төрийн жолоог авсан ажээ” (77-р бүлэг.) 1256 онд Мөнх хаан төр барьж байсан бөгөөд Хубилай хаан 1260 оноос төрийн эрхэнд гарсан билээ. Ийм болхи алдааг Хубилай хааны дэргэд 17 жилийн нүүрийг үзсэн хүн гаргана гэж үү?

Жишээ 9. “Татарууд арван хоёр жилийг нэг мөчлөг болгож цаг улирлыг тоолдог заншилтай. Тэд тэргүүн оныг арслан хэмээн нэрлэж дэдийг үхэр, гутгаарыг луу, дөтгөөрийг нохой гэх мэтчилэн арван хоёр жилд нэг нэг нэр өгчээ” (103-р бүлэг.) Арслан жил гэж огт байдаггүй бөгөөд жилийн дарааллыг хүртэл Марко Поло хольж хутгажээ.

Хаана ч байхгүй амьтны хүрээлэн

Жишээ 1. “Леонард хутагтын сүмийн ойролцоох газарт уулнаас буусан гол, горхидын хөл түшсэн нэгэн том нуур бий… Тэр нуурын усанд мацгийн тэргүүн өдөр болтол аливаа загас, жараахай огоот үгүй бөгөөтлөө мацгийн тэргүүн өдрөөс ариун бямба гариг хүртэл, улаан өндөгний баярын үүр гийх хүртэлх хугацаанд загас маш олон болдог. Харин бусад цагт тэдгээр загас үгүй болчихно” (23-р бүлэг.) Ийм гайхалтай нуур Гүржид байдаг.

Жишээ 2. “Нэг илжгийг гучин маркаар худалдана. Тэрбээр илжиг нь сайварлан сайхан жороолох төдийгүй, басхүү хурдан давхиж чадна” (33-р бүлэг.) Жороолдог, бас хурдан давхидаг ийм илжиг Персд байдаг гэнэ.

Жишээ 3. “Тэр газрын хонь нь илжигний чинээ том ба сүүл нь зузаан” (36-р бүлэг.) Ийм шинэ үүлдрийн хонь Камадин хотод байдаг ажээ.

Жишээ 4. “Тэнд заантай адил овор төрхтэй зэрлэг үхэр буй” (72-р бүлэг.) Дэлхийн аль ч орны амьтны хүрээлэнг чимэхээр эдгээр зэрлэг үхэр Ергинул хотод байдаг гэнэ.

Жишээ 5. “Энд аварга могой болон том том хоргүй могой байдаг… Тэр могой аймаар том бөгөөд бүдүүн… Тэр могой толгойнхоо өмнө хэсэгт хоёр хөлтэй бөгөөд саваргүй. Харин шонхор буюу арслангийнх шиг хумстай ажээ. Толгой данхар том, нүд аяганаас ч том. Ам үлэмж том бөгөөд хүнийг шууд бүхлээр нь залгиж чадах бөлгөө” (119-р бүлэг.) Ийм гайхалтай том могой одоо динозавр лугаа адил устаж алга болсон бололтой.

Жишээ 6. “Тэд морьдоо тутарга болон бусад зүйлээр хачирлан шарсан махаар тэжээдэг болой” (174-р бүлэг.) Энэхүү ямбатай адгуус Энэтхэгийн Маабар мужид байдаг гэнэ.

Жишээ 7. “Тэнд нэгэн хачирхалтай зүйл байдаг нь тэндхийн хонь хув, чихний сүв ч байхгүй, чих байваас зохих газар нь бяцхан эвэр байна… Та бүхний гайхлыг төрүүлэх нэгэн зүйл бол тэндхийн бүх мал, хонь, үхэр, тэмээ, адуу нь загас иддэг бөгөөд загас нь тэдний тэжээл болой… Бас мал нь уснаас шууд амьд загас барьж иддэг гэдгийг хэлэлтэй” (194-р бүлэг.) Ийм сүрхий “загасчин” адгуус Аден мужид байдаг гэнэ.

Байгалийн түүхийн музейд тавигдмаар хүмүүс

Жишээ 1. “Энэхүү хаант улсад (Лямури) нэн хачирхалтай зүйл байдаг нь сөөм хэрийн шодон сүүлтэй хүмүүс юм… Тэдний сүүл нь яг нохойных шиг бүдүүн” (169-р бүлэг.)

Жишээ 2. “Чин үнэнээр нь өгүүлэхэд тэдний толгой, шүд, нүд нь нохойтой нэн адил болохыг мэдвээс зохино. Тэдний цөмийх нь толгой бүдүүн нохойн толгой хүн болой” (172-р бүлэг.) Нохойн толгойтой хүмүүс Андаманы арал дээр амьдардаг гэж Марко Поло бичсэн нь хожим андаманчуудыг нохой толгойтнууд гэж нэрлэхэд хүргэжээ. Гэхдээ тодруулж хэлэхэд, Тэднийг нохойтой төстэй толгойтой гээгүй, харин яг нохойн толгойтой гэж бичсэн нь сонирхолтой.

Жишээ 3. “Тэд маш их бяртай, ганцаараа дөрвөн хүний арай гэжөргөхийг даана. Бас нэг хүн нь таван хүний идэхийг иднэ” (192-р бүлэг.) Ийм бяртангууд Занзибар арал дээр амьдардаг гэнэ.

Үлгэр домгийн цуглуулга

Жишээ 1. Марко Поло зохиолынхоо 27-30-р бүлэгт Багдад хотноо болсон нэгэн гайхалтай явдлын тухай өгүүлжээ. Энэ явдал 1275 онд болсон гэсэн нь түүний аялалын үеэд тохиож байгаа юм. Учир юу вэ гэвэл энэ онд Багдадын халиф тус хотод оршин суудаг загалмайтны шашинтнуудыг цуглуулаад, танай христосын номонд сүсэг бишрэлээрээ хоёр уулыг нийлүүлдэг гэжээ, холгүй орших хоёр уулыг нийлүүлсүгэй хэмээн тушаажээ. Гайхалтай нь загалмайтны шашинтнууд мөргөл, сүсгээрээ хоёр уулыг нийлүүлсэн бөгөөд энэ явдал (дахин хэлэхэд) 1275 онд болжээ.

Жишээ 2. “Чин үнэнийг хэлэхэд энэ ордон маш том. Түүний дээврийг манай нутагт зарим байшин сүмийн дээврийг тугалгаар бүрдгийн адил цэвэр алтаар бүрнэ.Түүнийүнэөртгийгтоймлонбодоход ч сэтгэшгүй. Олон өрөө тасалгааны нь шалыг мөн хоёр хуруу зузаан алтдаж, ордны бүх дотор тал, танхим, цонхыг нь алтаар бүрэн чимжээ” (159-р бүлэг.) Ер нь Японы арлын баян чинээлгийг Марко Поло шүүрс алдан гайхаж, хэний ч ой ухаанд багтамгүй мэтээр дүрсэлжээ. Үнэн хэрэгтээ Япон туйлын ядуу газар бөгөөд энэ домог арабчуудаас, бүр тодруулвал XII зуунд маьдарч байсан Идриси хэмээх хүнээс улбаатай аж.

Жишээ 3. Мутфили хэмээх хаант улсад алмас эрдэнийг хэрхэн олборлодог талаар ийн бичжээ. Алмас эрдэнэтэй газар “эргэн тойрон эгц хадан хясаа бүхий маш том, гүн хөндий бий. Тэнд хэн ч орж үл зүрхэлнэ. Харин алмас эрэх хүмүүс хэсэг хэсэг нойтон махыг тэрхүү гүн хөндийд шидэхэд тэдгээр мах нь алмас чулуун дээр унаж түүнийг өөртөө наалдуулдаг. Эдгээр ууланд могойгоор хооллодог нэгэн зүйл цагаан бүргэд элбэг билээ. Тэдгээр бүргэд хөндийн ёроол дахь махыг үзээд тийшээ шурган орж, түүнийг шүүрэн, өөр газар авч сууна. Энэ хооронд хүмүүс бүргэд чухам хаана суухыг сайтар ажиглан байгаад түүнийг дөнгөж суун махыг тоншиж эхэлмэгц, аль байдгаараа орилон бархиралдахад бүргэд айн сандарч, махаа хаян нисэн одно. Хүмүүс тэр дор нь мөнөөх мах руу гүйн очиж, түүнд наалдсан очир алмасыг авдаг байна” (175-р бүлэг.) Энэ аргын тухай Дорно дахины ард түмнүүдийн үлгэрт олонтаа өгүүлэгдсэн байдаг.

Яагаад?..

Яагаад Марко Поло Монголын нийслэл Хархорин хотыг “эргэн тойрон гурван бээр хот юм. Татарчууд унаган нутгаасаа гарч ирээд, эн тэргүүнээ түүнийг эзэмшин авчээ” (64-р бүлэг) гэсэн хоёрхон өгүүлбэрээр дүрслэв? Хархорин хотын гайхамшиг гэгдэх барилгын тухай яагаад ганц ч үг дурдсангүй вэ?

Яагаад өөрийгөө “олныг үл нуршин, үнэн мөнийг төвшин өчвөл, Марко Поло их хаан лугаа арван долоон жил суухдаа үргэлж элчээр зарагдаж явсан бөлгөө” (17-р бүлэг) Хубилайн хаан ширээнд заларсан оныг ташаа бичив?

Яагаад Марко Поло Хятадын Цагаан хэрэмний тухай ганц ч үг дурдсангүй вэ? Ямар ч байлаа сансраас харагддаг цорын ганцбарилгаболохЦагаанхэрэмнийталаар дуугүй өнгөрснийг тайлбарлах аргагүй.

Эцэст нь

Марко Пологийн номын 80 орчим хувилбар байдаг аж. Бид дээрх жишээ баримтыг хамгийн найдвартай гэх анхны хэвлэл болох Рустичаногийн эх номоос авав. Марко Полог нас барсны дараа хэвлэгдсэн хувилбаруудад бүр ч итгэмээргүй зүйл олон байдгийн заримаас нь дурдвал: толгойгүй хүмүүс, салхинд жирэмслэгдсэн эмэгтэйчүүд, нэг хөлтэй хүмүүс юм. Сүүлийн үед зарим судлаач Марко Полог Константинополиос (одоогийн Станбул) цааш явж байгаагүй, үнэн хэрэгтээ бусдаас сонссоноо үзсэн мэтээр бичсэн гэж шүүмжилж байгаа. Ямар ч атугай — жуулчин ч байсан, луйварчин ч байсан Марко Полод “цуут” хэмээх тодотгол зайлшгүй оногдоно.

2000 он.

© duuren.mn

Leave a Reply