Өндөр өртөг бүхий зүрхний хэм алдагдлын хагалгааг эх орондоо хийж эхэллээ

Д.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь улсын хэмжээнд зүрх, мэдрэлийн бүхий л чиглэлд лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тус эмнэлэгт нь өнгөрсөн онд зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах  зорилгоор 1 тэрбум 50 сая орчим төгрөгийн өртөг бүхий  зүрхний хэм алдагдлын электрофизиологийн лабораторийн аппарат, тоног төхөөрөмжийг захиалан худалдан авсан байна.

Ийнхүү өнөөдөр эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдэж, Монгол улсад анх удаа эрүүл мэндийн салбарын анхны зүрхний хэм судлалын электрофизиологийн лабораторийн нээлт боллоо.

Энэхүү нээлтийн ажиллагаанд  ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа,  Ази Номхон далайн Зүрхний хэм  алдагдлын  холбооны ерөнхийлөгч, Кореан Их сургуулийн зүрх судлалын төвийн дарга  Ким Юун Хун, Улсын гуравдугаар  эмнэлгийн дарга, анагаах ухааны  доктор Ц.Төмөр-Очир болон албаны хүмүүс оролцлоо.

Сүүлийн 10-15 жилд зүрхний хэм алдагдлын улмаас зүрх гэнэт зогсох, зүрхний дутагдалд орж хөдөлмөрийн чадвараа амьдралын туршид алдах тохиолдол манай оронд ихэсч байна. Оношилгоо эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлснээр  Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хөгжлийн нэгэн шинэ алхам нээгдэж байна. Эх орондоо зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний тусламжийг үзүүлж эхэлснээр гадаад орон руу явах иргэдийн урсгалыг зогсооно. Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээ нь ЭМСС-ын 2015 оны 119 тоот тушаалын “Г” хэсэг болох  “Зүрх, судасны мэс заслын аблаци эмчилгээ хийлгэх шаардлагатай зүрхний хэм алдагдал” гэсэн 13 дугаар заалтад хамрагдан гадаад руу илгээх жагсаалтад хамрагддаг. Цаашдаа бид зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг гадаад оронд илгээх өвчний жагсаалтаас хасах болно гэдгийг нээлтийн үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа мэдэгдэж  эмчилгээний багийн хамт олны ажилд  амжилт хүссэн  юм.

Мөн энэ үеэр Улсын гуравдугаар  эмнэлгийн дарга Ц.Төмөр-очир   “Монгол хүний эрсдлийн нэг нь зүрхний хэм алдагдал байдаг. Одоо ч гэсэн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа. Зүрхний хэм алдагдлын өвчний гол эмчилгээ болох  АБЛАЦИ эмчилгээнд  Манай иргэд гадаад руу олноор явж,  нэг хүн дунджаар  Азийн орнуудад  20-30 мянган ам.доллар зарцуулж байна.  АНУ болон Европийн  өндөр хөгжилтэй орнуудад  шинжилгээ болон бусад  эмчилгээний зардал орохгүйгээр  зөвхөн аблаци хийлгэхэд  дээрхи эмчилгээнд 30-50.000  долларын зарцуулдаг. Одоо бид эх орондоо энэхүү эмчилгээний  тусламжийг үзүүлж эхэлснээр  гадаад руу явах  иргэдийн урсгалыг зогсоож чадах болно.  Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний  оношилгоо эмчилгээг хийлгэж  Эрүүл мэндийн болон эдийн засгийн  эрсдэлгүй  амьдрах  боломж нээгдэж байна “ гэсэн юм.

Ийнхүү өнөөдөр  зүрхний хэм алдагдалын хагалгаанд эх орондоо  хоёр өвчтөн  үнэ төлбөргүй орохоор болсон бөгөөд,  цаашид өдөрт 2-5 хүнийг дээрхи хагалгаанд оруулах боломжтой аж.

2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор явсан  Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд ихэвчилэн БНСУ, БНХАУ, Энэтхэг,  Тайланд улсыг зорьсон байна. Гадаад оронд эмчилгээ оношилгоонд явсан дээрх иргэдийн 50 гаруй хувь нь зүрх судасны өвчний шалтгаанаар гадаад орныг зорьсон албан мэдээ байна.

Эх сурвалж: mohs.mn

Өндөр өртөг бүхий зүрхний хэм алдагдлын хагалгааг эх орондоо хийж эхэллээ

  1. Pingback: hair bundles

Leave a Reply