Нийслэл хийсэн ажлаа 1000 сэтгүүлчид тайлагнана

Нийслэл дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа 1000 сэтгүүлчид тайлагнана

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 02 сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ил тод нээлттэй Улаанбаатар” форум зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг 03 дугаар сарын 04-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын 1000 гаруй сэтгүүлч оролцох юм.

Форумын үеэр 03 сарын 06-нд болох Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойн өдрийг тэмдэглэж, нээлттэй ил тод засаглал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар ярилцаж, нийслэлд 2012 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээнүүдийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, төрийн байгууллага ба хэвлэл мэдээллийн байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож, бодлогын баримт бичиг гарган олны хүртээл болгоно.

“Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ёслолын арга хэмжээгээр эхлүүлж, Улаанбаатар хотын дөрвөн жилийн ажлыг тайлагнасан видео киног үзүүлж, амжилт бүтээлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нийслэлийн болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал гардуулна. Мөн нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний төгсгөлд тунхаг бичиг гаргах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply