МОНЦАМЭ агентлагт “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг албан ёсоор нээв

АСЕМ-ын өдрийг тохиолдуулан өнөөдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийн нээлт болов.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд нийт 10 цуврал арга хэмжээ болох бөгөөд үүнд 5000 гаруй хүн оролцоно гэсэн тооцооллыг ГХЯ-наас гаргажээ. Үүний дотор 1000 гаруй  сэтгүүлч багтаж байгаа нь Монголыг олон улсад сурталчлан таниулах томоохон боломж юм хэмээн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээлтийн арга хэмжээний үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “2014 оны 10 дугаар сард Милан хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтаас Монгол Улс 11 дэх удаагийн уулзалт зохион байгуулах эрх авсан. Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан Үндэсний хороог 6 дэд хороотойгоор байгуулсан. Уг хороод 7 хоног бүр хуралдаж, бэлтгэл ажлын явц, хийж хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байгаа бөгөөд бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна.

Одоогоор 20 гаруй улсын төрийн тэргүүн Дээд түвшний уулзалтад оролцох батламжаа ирүүлсэн. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. АСЕМ-ын уулзалт дөрөвдүгээр сарын 21-22-ны өдөр АСЕМ-ын гишүүн орнуудын парламентын чуулга уулзалтаар эхэлнэ. Үүний дараа Сангийн сайд нарын уулзалт, Залуучуудын чуулга уулзалт болно.

Өнөөдөр үүдээ нээж буй “АСЕМ-ын Мэдээллийн төв” Дээд түвшний уулзалт хүртэл МОНЦАМЭ агентлагт тогтмол ажиллаж, дотоодын сэтгүүлчдэд АСЕМ-ын бэлтгэл ажил болон бусад дагалдах хурлуудын талаар мэдээлэл өгөх зорилготой юм. Дээд түвшний уулзалтын үеэр Шангри-Ла зочид буудалд олон улсын стандартад нийцсэн Хэвлэлийн төв байгуулна.

1996 оны энэ өдөр АСЕМ-ын анхны уулзалт болсон тул өнгөрсөн онд Люксембургт хуралдсан АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар АСЕМ-ын түүх, зорилгыг олон нийтэд таниулахын тулд гишүүн орнуудад жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Уг өдрийг энэ онд анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

АСЕМ-ын уулзалтын үеэр бидэнтэй хамтран ажиллаж, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхээр ажиллаж байгаа нийт хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархал илэрхийлье” хэмээв.

“АСЕМ-ын Мэдээллийн төв” нь дотоодын болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөлд тус уулзалтын бэлтгэл ажил болон бусад хурлуудын талаар мэдээлэл өгөх юм.

Нээлтийн ёслолын үеэр АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба болон хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Энэхүү Санамж бичиг нь АСЕМ-ын уулзалтыг амжилттай зохион байгуулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд улс орныхоо нийтлэг эрх ашгийн үүднээс нэгдмэл байр суурьтайгаар мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж, олон улсын томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулахад түлхэц үзүүлэх зорилготой юм.

Санамж бичигт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд, Монголын телевизүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш болон Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбооны тэргүүн Г.Саруул нар гарын үсэг зурав.

Нээлтийн үеэр сэтгүүлчид Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс сонирхсон асуултдаа хариулт авав.

-“АСЕМ-ын Мэдээллийн төв” Олон улсын стандартад нийцсэн үү?

-Дээд түшний уулзалтын үеэр Шангри-Ла зочид буудалд олон улсын стандартад нийцсэн 1000 гаруй сэтгүүлчид үйлчлэх хүчин чадалтай Хэвлэлийн төв байгуулна. Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төв бол Дээд түвшний уулзалт хүртэл тогтмол мэдээлэл өгөх зорилготой. Энэ төвд 7 хоног тутамд АСЕМ-ын бэлтгэл ажил болон бусад асуудлаар мэдээлэл хийж байх юм. Мөн сэтгүүлчид зөвхөн мэдээллийн цагийг хүлээх бус байнга ирээд сонирхсон асуултдаа хариулт авч болно.

– АСЕМ-ын уулзалтын хүрээнд Монгол Улс их хэмжээний хөрөнгө оруулалт татах гэрээ, хэлцэл байгуулах уу?

-АСЕМ-ын Дээд түшвний уулзалтын өмнө буюу долдугаар сарын 13-14-нд Бизнесийн уулзалт болно. Энэхүү уулзалтад хамгийн томоохон 51 бизнес эрхлэгч оролцоно. Энэ нь дэлхийн томоохон бизнесменүүд Монголын зах зээлийг сонирхох боломж бий болно гэсэн үг. Уулзалтыг зохион байгуулахаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

АСЕМ-ын 10 арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцоно. Эдгээр хүмүүсийн байрлах зочид буудал болон бусад хэрэглээнээс Монголд ихээхэн хөрөнгө үлдэх юм. АСЕМ-ыг амжилттай зохион байгуулснаар цаашид олон улсын томоохон хурлыг зохион байгуулах боломжтой гэдгийг дэлхий нийтэд таниулна. Тиймээс өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар АСЕМ-ын дараа 2018 он хүртэл Монгол Улсад зохион байгуулах боломжтой олон улсын хурал, зөвлөгөөн, урлаг, спорт, соёлын арга хэмжээний жагсаалтыг гаргасан. Монгол Улсад ихэвчлэн зуны улиралд жуулчид ирдэг. Бусад улиралд зочид буудлууд ажилдаггүй шахуу. Харин олон улсын томоохон хурлуудыг эх орондоо зохион байгуулснаар жуулчин татах боломж нээгдэнэ.

-АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажилд дотоодын аж ахуйн нэгжийг оролцуулах боломжийг хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Өнгөрсөн онд АСЕМ-ын бэлтгэл ажилд дотоодын үйлдвэрлэгчдийн нийлүүлж болох бараа бүтээгдэхүүнийг нэгтгэсэн “АСЕМ экспо” үзэсгэлэнг зохион байгуулсан. Ер нь саван, шампуниас эхлээд бүхий л хэрэглээг дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангах төлөвлөгөөтэй байна. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед үндэсний баялаг бүтээгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах зорилт тавин ажиллаж байна. Мөн АСЕМ-ын Бизнесийн уулзалтын үеэр дээрх үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр дотоодын бүтээгдэхүүнээ олон улсад сурталчлах боломжтой болно.

-Бизнесийн уулзалтад дотоодын аж ахуйн нэгжүүдийг давуу эрхтэй оролцох боломжийг бүрдүүлэх үү?

-Монгол Улсад зохион байгуулж байгаа тул манай бизнес эрхлэгчид давуу эрхтэй оролцоно. Гуравдугаар сарын 16-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бизнесийн холбоодтой уулзаж, АСЕМ-ын уулзалтын талаар хэлэлцэнэ.

-АСЕМ-ын уулзалтын үеэр хотын иргэдийг хотоос гаргахыг уриална гэсэн мэдээлэл гарсан. Гэвч уг мэдээллийг гуйвуулах асуудал гарч байна?

-Наадмын дараа ихэнх хүмүүс амралтаа авч, амарч зугаалдаг. Тиймээс хотын ойролцоо залуучуудад зориулсан томоохон урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар ярилцаж байгаа. Зарим оронд олон улсын томоохон хурлын үеэр очиход хот нь эл хуль байх тохиолдол байдаг. Бараг иргэдээ гэрээсээ гарахыг хориглосон юм шиг. Монгол Улс ардчилсан улс учир тийм ажил хийхгүй.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

МОНЦАМЭ агентлагт “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг албан ёсоор нээв

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply