Сайн номноос сацрах гэрэл их

“Өдрийн сонин” сонины сэтгүүлч Л.Батцэнгэлийн ярилцлага, нийтлэлийн номын анхны уншигч болов. Л.Батцэнгэлийг яруу найрагчийн хувьд их бадрангуй, нөхрийн хувьд эгэлгүй гэдгийг мэднэ. Харин энэхүү ном нь сэтгүүлзүйн бүтээл учраас мэргэжлийн үүднээс шинжих дон хөдлөв. Үндэсний хэмжээнд тардаг өдөр тутмын том сонинд цөөнгүй жил ажиллахдаа утга зохиолын ертөнцөө түлхүү бичиж, нутгаа зорьсон гүйгүүл морь шиг л утга зохиолын уяа шузгаар олонтаа эргэлдсэн нь анзаарагдана. Ончтой асуулт, наалдацтай яриагаараа утга зохиолын ертөнцийн сор нь болсон олон сайхан уран бүтээлчийн сэтгэлийн утсыг хөндөн цээжний гүнд нь хав дараастай байсан нууцыг нь хэлүүлж чаддаг авьяас түүнд байна. Энэ бол сэтгүүлч хүнд, ялангуяа ярилцлагын төрлөөр түлхүү бичдэг сэтгүүлч хүнд зайлшгүй байх ёстой ур чадвар юм. Бас нэг сайн тал нь тэрбээр ярилцлага өгөгч буюу ярилцлагын обьектоо урьдчилан сайн судалж, асуултаа сайтар төлөвлөх сэтгүүлзүйн алтан дүрмийг баримталж чадаж байгаа учраас ярилцлагууд нь сайн болжээ. Асуудлаа сайн судалсан учраас ярилцлага өгөгчөөс хүссэн асуултдаа оновчтой, салаа утгагүй тодорхой хариулт авч чадсан байна.

12705211_767856650011150_5595245997457149747_n10430433_767856706677811_4345517644489420977_n
Interview уг нь их олон төрөлтэй. Сэтгэлзүй, социологи, пи-ар, маркетингийн судалгаа бүгд ярилцлаган дээр суурилдаг. Харин сэтгүүлзүйн, тэр дотроо сонины сэтгүүлзүйн ярилцлага эдгээрээс зарчмын ялгаатай. Яагаад гэвэл энд уншигч гэдэг харилцааны гурав дахь оролцогч гарч ирдэг. Түүнтэй хамт нийгмийн онцгой ач холбогдол гэдэг асуудал бас сэтгүүлчийн өмнө тавигддаг. Өөрөөр хэлбэл уншигчдын оюуны эрэлтэд нийцсэн, шинэ мэдээлэл мэдлэг өгсөн, эргэлзээг нь тайлсан, үнэнийг тодолсон байж гэмээ нь ярилцлага сая зорилгоо биелүүлдэг.
Сэтгүүлч Л.Батцэнгэлийн ярилцлага, нийтлэлийн гол баатрууд нь Тангадын Галсан, Гун-Аажавын Аюурзана, Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч, Шагдарын Дулмаа зэрэг уншигчид бүгд мэддэг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай ярьж хөөрдөг, соргог уншигч бараг юу ярих гэж байгааг нь мэддэг болтол олонд танигдсан хүмүүс. Ийм тохиолдолд ярилцлага давтагдсан, уйтгартай болох аюул байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн буруу сонголт. Хүмүүс хэдэн арван жилээр ухаад малтаад, хамаг эрдэнэсийг нь түүчихсэн уурхайгаас цул алт олно хэмээн зорино гэдэг том зориг. Гэтэл сэтгүүлч Л.Батцэнгэл энэхүү алдартнуудтай хөөрөлдөхдөө олны дунд тэнэж явдаг сул яриа, домог мэт үйл явдлын гэрч оролцогчийнх нь хувьд асуун үнэн түүхийг тодруулах, хэзээ нэгэн цагт амьд гэрчгүй болохын цагт худал үнэнийг нь ялгахын аргагүй болж мэдэх тохиолдлуудын талаар өдөж яриулах зэргээр амьд сонирхолтой, бас түүхэн ач холбогдолтой ярилцлагууд хийж чадсан байна. Тийм болохоор түүний ярилцлагууд нэг талаасаа хөрөг мэт, нөгөө талаасаа мөшгөн нягталсан эрэн сурвалжлахуйн бүтээл мэт болж чаджээ. Хамгийн олзуурхууштай нь зохиолчдын намтар судлал, утга зохиол судлалд хожим нь үнэтэй эх сурвалж болох ярилцлага, бичвэрүүдийг тэрбээр яарамгүй алгуурхан, дэс дараатай бүтээж, нэг ярилцлага авсан хүнтэйгээ хэсэг хугацааны дараа дахин ярилцах зэргээр бататгажээ. Энэ бол сэтгүүлч тодорхой чиглэл, сэдвээр мэргэшихийн давуу тал юм. Л.Батцэнгэл Монголын сэтгүүлзүйд утга зохиолын сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийн томоохон төлөөлөл болж чадсанаа энэ номоороо тайлагнаж байна. Тэрээр хожмын өдөр манай үндэсний утга зохиолын нэгэн цагийн ноён сүмбэр оргилуудын тухай амьд лавлах болох нь эргэлзээгүй.
Л.Батцэнгэлийн уулзаж ярилцсан, хөрөглөж бичсэн утга зохиолын хүрээнийхэн дээр дурдсан хэдэн зохиолчдоор хязгаарлагдахгүй. Тэрээр Н.Нямдорж, П.Пүрэвсүрэн, Ц.Доржготов, Л.Нямаа, А.Шартолгой, Ү.Хүрэлбаатар, Т.Мандир, Л.Мягмарсүрэн, Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил, Ш.Бадарч гээд утга зохиолын үе үеийн төлөөлөл болсон олон уран бүтээлчийн хэн нэгнээс нь ярилцлага авч, хэн нэгнийх нь тухай нийтлэл тэмдэглэл бичсэнээ энд нэгэн хавтаснаа бүл болгон цуглуулсан байна.
Бүхэлд нь авч үзвэл Л.Батцэнгэлийн энэхүү ном нь түүхэн болоод танин мэдэхүйн ач холбогдолтой сайн ном болжээ. Сайн номноос сацрах гэрэл их ажгуу. Сэтгүүлзүйн бүтээлийн нэг давуу тал нь тухайн цаг үедээ мэдээлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүрэг гүйцэтгэдэг, харин он жил урсан өнгөрөхийн хэрээр юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй түүхэн баримт болж хувирдагт оршдог. Түүх бүтээгч Л.Батцэнгэл Таны бэх нь хурдан дундарч, бийр нь түргэн элэгдэх болтугай!

Урианхан Б.ГАЛААРИД
(“Өдрийн сонин”-ы 2016.02.13-ны бямба гарагийн №033 (5298)-т хэвлэгдэв.)

4 “Сайн номноос сацрах гэрэл их

  1. Pingback: places eat in birmingham al

  2. Pingback: zdporn

  3. Pingback: Olahraga On The Spot

  4. Pingback: have a peek at these guys

Leave a Reply