Засагтай заалдаад оноогоо хасуулав

olloo_mn_1423203184_shnblgЕрөнхий сайд Ч.Сайханбилэг суудалдаа үлдэв. Сөрөг хүчин байх арга ухаанд суралцаж байгаа МАН энэ удаад Засаг унагах оролдлогыг багцарч хийгээд барсангүй. Ордны улстөрд бие нялхарсан энэ намынхан тэмцэл өрнүүлж суулт зарлахдаа хүртэл ордноос гарах, сандлаасаа салах дургүйг нь монголчууд мэднэ. Сүүлийн үед МАН-ын улстөрийн шийдлүүд нь нэг л болж өгөхгүй байна. Тэмцлийн замаа хөхүй өвлийн хүйтэнд гудамжнаас, эр зоригоос өөр юу ч үгүй эхэлж, хорин хэдэн жил унаж босож сурсан ардчиллынхан санаачлагыг гартаа авах, улстөрийн өрөг тавихдаа ууган намаас арай л илүү байх юм.

Сая Ч.Сайханбилэгийг огцруулах аянд дайлаар мордсон нь МАН-ын хувьд зөв шийдэл байсангүй. Харин ч олон жилийн туршлагатай, тулхтай  улс төрийн хүчний байр сууринаас асуудалд хандаж энэ засгийн газрын юу нь болохгүй байгааг нь сайн хэлж анхааруулчихаад “Ард түмэн, улс орноо бодсондоо, яг өнөөдөр Монгол улсын хувьд дотоодын тогтвортой байдал ямар чухал болохыг бодолцсондоо та нарыг үлдээлээ. Гэхдээ энэ бол өршөөл биш, уучлал биш” гэсэншүү өнгөөр дуугарсан бол айсуй сонгуулийн өмнө нэлээд хэдэн нэмэх оноо  халааслах байв. Тэгсэн бол  “Засаг яг унаж байсан. МАН тулхтай нам болохоор хариг хатуу цаг, эдийн засгийн хямрал дээр нэмж улстөрийн хямралын хөлд ард түмнээ үрэхийг хүссэнгүй” гэсэн яриа давамгайлж МАН ялсан баатрын дүрд тоглох байв. Гэтэл УИХ-ын чуулган дээр хэдий цагаас, хэний үеэс өнөөгийн энэ хүнд байдлын эхлэл суурь тавигдсан асуудал нухацтай хөндөгдөж, МАН өөрөө бас үнэний шүүлтүүрээр орж, тэрийг нь Монгол даяараа оройжингоо цэнхэр дэлгэцээр харлаа. Олон түмэн жинхэнэ утгаараа улстөрийн сонсголд сууж, өөрийнхөөрөө дүгнэлт хийх мэдээлэлтэй болов.

Ахмад туршлагатай улстөрч Дэмбэрэл гуай хэд хоногийн өмнө  шаардлагатай гэвэл Засгийн газрыг сарын өмнө ч унагаж болно гэсэн агуулгатай үг хэлсэн нь олонд тийм ч таатай сонсогдсонгүй. Хөнгөн жингийн улстөрчид  тэгж хэлсэн бол хүмүүс нэг их тоохгүй байсан байх. Харин Дэмбэрэл гуай тэгж дуугарсан нь намд нь ноогдох хасах оноог нэмсэн гэж хэлж болно. Ингээд бодохоор Монголын төр, улстөрийн намууд  цөлх саруул ухаантай мэргэн өвгөдөөр мөн ч их  дутаж байна даа.

Дээдсийн түчигнээнээс залхаж, эдийн засгийн хямралын золиос болон ядарч байгаа, тэвчээрийн хүлээс нь алдуурахад бэлэн байгаа  ард түмний хувьд хэдхэн сарын дараа угаасаа солигдох Засгийн газраар оролдох нь албан тушаал булаалдсан, эрх мэдэлд шунасан явуургүй үйлдэл болж харагдлаа. Ултөр гэдэг цагаа олсон зөв нүүдэл хийхгүй бол болдоггүй золигийн эд шүү.

С.Мөнх

Засагтай заалдаад оноогоо хасуулав

  1. Pingback: human hair weave

Leave a Reply