Ажаа

8a

Олоон жилийн өмнө
Овоот хайрханы өвөрт
Эвэршиж сайртсан гартай
Элэгдэж муудсан гуталтай
Нөхөөс болсон хувцастай
Нэгэн буурал байж гэнэ
Үр хүүхэд үгүй
Үйл ихтэй нэгэн гэнэ
Дэлэнг нь шувтрах малгүй ч
Дэндүү сайхан сэтгэлтэй гэнэ
Хоногийн хоолны махгүй ч
Ховор сайхан сэтгэлтэй гэнэ
Өнгөтэй сайныг оллоо ч
Өөрөө ер өмсдөггүй
Амттай сайхныг оллоо ч
Амсах гэж ер дурладаггүй
Бусдыг баярлуулж явбал
Буян нь ирнэ хэмээн
Буцалтгүй бодсоор суудаг
Буурал нэгэн байсан гэнэ
Үүрийн жингээр босож
Үдийн хугаст ч амралгүй
Үдшийн бүрий хүртэл
Өндийх завгүй хөдөлнө
Айл саахалтын хүмүүс ч
Аашийг нь мэдэх болохоор
Ажаа хэмээн авгайлсаар
Алдар нэрийг нь ч мартсан гэнэ
Төрөх дөхсөн айлын бэрийг
Түүртэлгүй тэр л эргэнэ
Төвөг яршиг гэхгүй
Түлээ усыг нь ч дөхүүлж
Төрсөн нь юм шиг асрана
Насыг нь Ажаагаас хэн ч асуухгүй
Намбыг нь хараад хүндэлнэ
Арван нөхөөстэй уужтай гэж
Алаглаж хэн ч харахгүй
Аяга цай уугаач гэж
Амтай бүхэнурина
Ажаа ер нь байхгүй бол
Айлын эхнэрүүд яана даа гэж
Ар өврөөр шивнэлдэнэ
Ач санаж хөөрөлдөнө
Шинэ дөхөөд ирэхээр
Шивэр авир болцгооно
Өнөө жил ажаа
Өргөө гэрт минь морилж
Өргөн олонтой золгоосой гэж
Өвөр зуураа хүсэцгээнэ
Ажаагийн золгосон айлд
Аяндаа буян ундарна
Нуган хүүхэд төрөх нь дээ гэж
Нутгаараа нэг ярьцгаана
Ажаад бэрээ шинжүүлэхээр
Аргадаж цөм асууцгаана
Ажаагийн золгосон айлд
Аргагүй л хүү төрнө
Төхүү баяных дөрвөн хүүтэй ч
Ачийн бараа харсангүй
Ажаад очиж золгоод
Амаа алгадуулж гэнэ
Ямар муулах мал мундсан биш
Янзагатай шаргачин харважбайдаг
Яаж танайх ачтай болохов
Өөрөө эхлээд гэмээ мэд
Өршөөл бас байх ч юм бил үү
Өнчин ядуусыг өргөж тэтгэ
Өргөн орчлон харах ч юм билүү
Гэмийг нь ингэж хэлээд
Гэмшээж уйлуулсан сурагтай
Холынхошуунаас зорьж
Хоёр хүн ирээд явлаа
Охид хүүхэд нь эндсэн гэнэ
Олигтой юм үгүй гэнэ
Өөр газар мундсан биш
Өнчин ганц толгой
Өрөөлдөж буугаад
Үр яаж тогтохов
Хурдан нүү дээ гэж байна л гэнэ
Ажаагийн тухай ам дамжсан яриа
Ар өвөргүй л тарж байх
Ажаа харин ер ярихгүй
Үргүй хүний зовлонгоор тоглоод
Өөрсдийгээ хичээ хэмээн ам таглана
Ажаа лав зуу дөхсөн байх
Ануухан харагддаг ч
Нас нь бол явсаан
Аав ээжээс сураг дуулахын л
Авга нагацыг нь ч
Эх барьж авсан гэх.
Энэ голынхон бүгд л
Ажаагийн хүүхдүүд
Эртнээсээ мэднэ л гэнэ
Эмч домч гэхээсээ
Эр эмгүй Ажааг л зорино
Түлээ усыг нь дөхүүлж өг
Түүртдэг болсон байна Ажаа гэж
Аав ээж , айлын хүмүүс
Ач зээгээ тийш нь л гүйлгэнэ
Үр хүүхдээ Ажаад даатгасан
Үйлэнд уран шинэхэн бэр
Ууж дээл зэхэж өгтөл
Ур юугаа шингээж өгтөл
Ажаа нь одоо болноо
Аав ээждээ өг гээд
Аваагүй л сурагтай.
Намар болохоор ажаа
Номхон морь зэхүүлж
Хэд хоног хээрээр явна
Хэц дамнан уулаар явна
Өвс ургамал түүгээд
Өнжин хонон ирэхгүй
Тийм их түүгээ юу гэтэл
Тэвэр хүрэхгүй өвстэй л ирнэ
Иймхэн өвс түүгээд
Их олон хоноод гэхэд
Хадны нөмөрт, хярын зоонд
Хатаагаад ирлээ хүү минь гэнэ
Сэвэлзүүр салхитай сэрүүн газар
Сүүдэр дагуулж хатаадаг гэнэ
Хаяагаа сөхөж өрхөө бүтээгээд
Ханын толгойгоор нэг ууттай юм өлгөнө
Өнгө өнгийн хүүдийд
Өнөөх өвсөө хийж өлгөнө
Тийм гэхээргүй сайхан үнэр
Тэр хавиар л нэг анхилна
Бороо орвол нэг унаа дөхүүлээрэй
Босон суун хэдэн мөөг түүж авъя
Ажаагийн гуйдаг юм ердөө л тэр
Амьтанд төвөг удах нь үгүй
Би түүгээд ирье та байж бай гэвэл
Битгий тэгж яршиг уд
Болц харж шинжиж авдаг юм
Боль хүүхээ гээд л ам таглана.
Өнөө жил үүргэнэ толгойлсонгүй
Өвөл ер нь яах бол доо
Ус цас бага бол
Улс амьтангүйхэцүүднэ хөөрхий
Эртхэн голоо дага даа гэж захина
Ажаагийн буянд манай голынхон
Амар мэнд хоёр яс салж
Хот дүүрэн бужигнасан үрстэй
Хойно урдаас ирэх гийчинтэй
Холын чимээг ойрхоноос сонсож
Хоног өдрийг хурдан өнгөрөөнө
Айлын жааханд ганга зэхье
Айлгаж цочоовол ариулна биз
Авгай хүүхэнд эм зэхье
Аргагүй бол ууна биз
Өвлийн хүйтэнд даарах вий
Өвчин зовлон дайрчих вий гээд
Ажаагүй юм энэ голд алга аа
Авцаатай юм шиг л
Ар өврөөс нь зүүгдэцгээнэ
Ихээ дээр үед Ажаа минь
Энгэртээ сүүтэй ээж байсан юм
Эвийлж бүүвэйлэх үртэй байгаад
Ээжээ гэж дуудуулж явсан юм
Борви тэнийж алхах насанд нь
Боролзсон үерт үрээ алдаж
Өнчин ганцаар үлдэж хоцроод
Өөрийн үйлийг үүрч яваа юм
Өрөөлийн төлөө өөрийгөө зольж
Өөрөө тэр элж яваа юм
Хан тэнгэр хатуурхаж
Хайртай үрийг нь авсан ч гэлээ
Халуун дулаан сэтгэл нь түүнийг
Хамаг олны ээж болгосоон
Хүүгээ тэр алдсан ч гэсэн
Хүний төлөө зүтгэсээр ирсэн
Бүсгүй хүний заяаг дагаж
Бусдын бэр ахиад болоогүй
Араг түшиж төрөх ижийд
Ар өвөрт нь нэмэр болж
Алаг цоог нөхөөстэй дээлэндээ
Ариухан үрсийг нь тосч хурайлсан
Аргагүй л тэр газар ижий
Айл олны Ажаа ижий
Ажааг байхад юу алзахав
Амархаан төрнө гэж аргадах нь олон
Айл хэссэн тэр буурайг
Аяга цайгаа барьж хүндэлнэ
Элэгдэж муудсан уужтай гэж
Элэглэж хэн ч түүнийг өөлөөгүй
Хүйн үнэр шингэсэн уужинд нь
Хүүхдээ мөргүүлж сүйд болно
Шинэхэн буулгасан бэрээ хүртэл
Шинжүүлэх гэж Ажаад золгуулна
Үрийн буяныг дуудаад өг дөө гэж
Үүрийн жингээр Ажааг зориулна
Хоноод ирээрэй хоёр хүүхэд минь
Ховорхон буянтай буурал шүү
Ажаагийнд нэг хоносон байхад
Алзахгүй гэж бүгд захина
Аргагүй л сайхан үртэй боллоо
Ажаа минь тэтгэлээ гэж ярина
Ийм л сайхан буурай
Энэ голынхоныг ивээж
Их ээ олон жил бид
Ээж болсон Ажаатайгаа байлаа
Нэг намар оройхон Ажаа
Номхон унаа захиуллаа
Төхүү баяны хотноос
Төлгөн хонь төөллөө
Ширмэл уужаа тайлж
Шинэхэн дээлээ өмсөөд
Голын айлуудыг дуудаж
Гарын бэлэг тараалаа
Хаанаа хадгалж байв гэмээр
Хэдэн мод даавуу цуулж
Хээтэй дугуй булант хувааж
Элдсэн хурганы арьс
Эмийн ургамал , борц
Бор гурил, бурам гээд
Хоймрын бор авдарнаасаа
Ховрын бараа гаргаж
Хишиг тарааж өгөөд
Хол явах гэж буй хүн шиг
Хамаг юмаа захилаа
Айл хэсч зарагддаг
Өнчин бор хүүд
Аяга дүүрэн сүү бариад
Өнөөдрөөс эхлээд энэ гэр танайх
Өөрөө мэдээд өргөөд аваарай
Өглөө эртхэн босож байгаарай
Өмчилсөн хэдээ өсгөж аваарай гэж
Өөрийн захиасаа захилаа
Ус голынхон бүгд чимээгүй
Уурласан мэт таг дуугүй
Ажаа та яагаа вэ
Ажаа та хаачихна вэ
Ажаа хэзээ ирэх вэ гэж
Айсан харцаар бүгд л
Амаараа биш нүдээрээ асуулаа
Намар орой болсон байна
Намайг та нар хайх хэрэггүй
Хүрэх газраа хүрээд
Хүлэг унааг чинь буцаамз
Өнөө жил өнөтэй байх нь
Өвөл ер алзахгүй нь дээ
Төхүү минь танайд
Уужаа би үлдээе.
Дөрвөн хүүгийн чинь
Буян заяа түшлээв.
Төмөрийнд би зунаас ирнэ
Тэвх дээр зусаарай
Өнөөдөр чинь арван таван
Бүтэн сартай
Өглөө үүрээр хүрчихнэ
Та нар одоо харьцгаа
Нар жаргах нь гэсээр
Эргэж ч харалгүй уяа руу алхлаа
Эртэй нэгээр нь өргүүлж мордоод
Их хайрхан өөд шогшуулж одлоо
Настангууд нулимсаа арчиж
Наран жаргах зүг сүү өргөлөө
Гайхсан хүмүүс сая сэхээрч
Гадаа гэрт шивнэсээр үлдлээ
Төхүүгийн хээр морь
Маргааш нь гүйгээд ирлээ
Түмэн олон горьдсон ч
Ажаа эргэж ирсэнгүй
Номхон хээрээ уяж хоносон Төхүү
Нойтон хяруутай өглөө эртээр
Хурганы арьс өвөртлөөд
Хайрхан өөд явсныг хэн ч мэдсэнгүй
Өнчин хүүд Төхүү мал өгч гэнэ
Өндөр хайрханд Төхүү өргөл өргөж гэнэ
Ажаагийн гэрт Төхүү эсгий хийж
Айлын төрсөн эхнэртТөхүү
Шөлний юм дөхүүлж гэнэ
Төхүү их өөр болжээ гэлцсээр
Төдөлгүй өвөл дуусаж хавар ирлээ.
Төхүүгийн хоёр бэр
Бие давхар болж гэнэ
Төхүүгийнх хоёр хүүгийнтэйгээ
Тэвхэд бууж гэнэ
Ажаа ирнэ гэсэн дээ хэмээн
Алсыг зарим нь дурандана
Хүүдээ очсон байх, Ажаа нь
Хүлээх хэрэггүй гэж
Хөгшид учир мэдээд
Хүүхдүүдээ аргадна
Зуны адаг сарын
Шинийн арван таванд
Төмөрийн эхнэр нярайлж гэнэ
Төхүүгийнх ачтай болж гэнэ
Хүү төрж гэнэ гэсэн яриа түглээ
Хүссэнээр нь л боллоо хөөрхий
Хүрээд ирлээ Ажаа минь гэж
Хөгшчүүл сэмхэн шивнэлдлээ

М.Алтайхангай
2014 он.