Гарз

images1144Настын Сэсээр (1951-1998). Яруу найрагч, сэтгүүлч, орчуулагч, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Н.Сэсээр 1951 онд Говь-Алтай аймгийн Дарви сумд төрсөн. “Монголын спорт” сонины нарийн бичгийн дарга, “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан. Яруу найрагч Н.Сэсээр “Сэтгэлийн өнгө”, “Хайртыгаа хайрлаж яваарай”, “Цагаан дэрсний намаржаа” зэрэг шүлэг найраглалын ном хэвлүүлсэн.

 

ГАРЗ /Хэнтий аймгийн алдарт уяач Х.Сүрэнхорын хурдан хээр азарганы дурсгалд/

I. Наадмын маргааш намар биш
Өвөл болсон шиг санагдлаа
Насаараа ч мартахааргүй
Өр зүрх минь шаналлаа.
Айл гэрийн хоймор гэлтэй
Адуун сүргийн хийморь байсан
Ай түмний алдар гэлтэй
Ажнай хурдны авьяас байсан
Хүлгийн дээд түрүү магнайг
Хүний доод – атаархал алав уу?
Хүслийн дээд торгон жолоог
Хүй тасчин дээгүүр нь алхав уу?
Аяа, миний гунигт эх орон!
Амар заяа гэж байна уу, чамд?
Аль өнгөтэй, өөдрөг бүхнээ бид
Адлаж байх жамтай юм уу?…
Авьяасын тэнгэр зөвхөн хүнийг биш
Адгуусыг ч бас тэтгэдэг юм.
Аавын хүү толгойдоо эрдэмтэй шиг
Ажнай хээр хөлдөө хурдтай байсан юм.
II. Уралдах морьдын тоос хөх огторгуйг баганадна
Уяач, морьтны хараа хөдөө огторгод бэлчинэ
Цовоо хүүгийн гийнгоонд уул тал баясна
Цогтой хүлгийн гэгээнд ухаан сэтгэл ариусна
Хөнгөн хомбон туурай бөмбөр адил дэлдэнэ
Хөхөл хархан дэл нь бамбар адил дүрэлзэнэ…
III. Малгайдаа
Ширхэг ч тоосгүй буусан хүү
Хэнд ч юм инээж баярлана
Магнайдаа
Салхи хээлж давхисан хүлэг
Хэдэнтээ эвшээж баясна…
Хөлс нь хатаагүй ажнайн дэргэд
Хөлсөж үймсэн олны дэргэд
Хэн нэгний атаа хорсол
Хэсүүчилж явааг мэдсэнгүй.
Хувь заяаны
Хайшаа ч зайлшгүй муу зөн мэт
Хүмүүн зоны
Хаацайлшгүй муйхар зан мэт
Харь газрын төмөр зайдалсан хөлчүү эм
Халуун сүү хөхөнд нь ивлэдэг эхнэр хүн
Удмын хурдыг уландаа гишгэж
Улай үйлдсэн бузар нүгэл
Ухаан сэтгэлд нэг л багтамгүй…
IV. Та минь, бид чинь
Тамын оронд ч бие биедээ атаархдаг гэсэн
Тэндээс гарах гэж
Тэмүүлсэн нэгэндээ аархдаг гэсэн
Авьяасыг бид ад шоо үздэг
Атаархаж жөтөөрхөж алаг үздэг
Алж байж л санаа амардаг
Алга болсон хойно нь амаа барьдаг
Адилхан нэгэндээ атаархсан хүн
Аз жаргал, амар тавилангүй байдаг
Адгуусанд атаархсан хүн
Аль хэдий нь хүн биш болсон байдаг.
Хүлгээ алснаараа бид
Хүн мөсөө авслаагүй биз?
Морио алдсанаараа бид
Монголоо алдаагүй биз?!
V. Даахин бага наснаасаа
Авьяас нь тодорсон суутан шиг
Дааган бага цагаасаа
Ажнайн шинжийг олсон хүлэг
Хүмүүст би гэм хийгээгүй гэх шиг
Хүнгэнэтэл нэг үүрссэн байх.
Хүйлэн хорвоогоос халихын цагт
Хүнтэй л адил үрсээ л дуудсан байх…
Хүлгийн сайныг харамсах
Уй гашуугаа хорьж ядан
Хүний саарыг зэмлэх
Муу үгээ барж ядан
Эрдэнийн сайхан толгойг нь
Сэтгэлийнхээ овоонд залъя даа
Эрдүү хурдан дүрийг нь
Итгэлийнхээ хойморт тахья даа.
VI. Наадмын маргааш намар биш
Өвөл болсон шиг санагдана
Нарт хорвоогийн өөдрөг бүхэн
Өвч мөстсөн шиг бодогдоно
Үгүй, гэвч үүр шөнийн зааг
Үлэмж намуун бурханлиг цагаар
Үүрэглэх мэт их талын зоонд
Үл дуусах амьдын хууль мэт
Борог налтал босч хөрвөөсөн
Боос гүү амар жаргалаа гэж
Бодол ч юм уу, эсхүл зүүдэндээ
Болхи би итгэхийг хүснэ.

1991.YII.22
Сангийн далай.

Гарз

  1. Pingback: lace frontal

Leave a Reply