Ц.Элбэгдорж: Монгол бичиг нь бичиг, соёл төдийгүй урлаг юм

МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос жил бүр эрхлэн явуулдаг “Монголын сайхан бичигтэн” 19 дэх удаагийн уралдааны шагналтнууд тодорлоо. Уг уралдааны тэргүүн болон дэд, тусгай  байрт шалгарсан оролцогчдод  шагнал гардуулах ёслол өнөөдөр Монголын Уран зургийн галарейд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрдэмтэн судлаачид, монгол бичгийн багш нар, оюутан, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энд хуран цугларсан та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж,энэ сайхан үйл явдал болж байгаагийн учир тохиолыг тохиолдуулан хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.Монгол түмний бүтээсэн гайхамшигт өв соёл, түүнийг өдий болтол авч яваа Монголын ард түмэн, монголчуудын хамгийн их бахархалтай өв соёлын нэг бол монгол бичиг минь юм. Монгол хүн бүхэн монгол бичгийнхээ тухай сонсож, монгол бичгээрээ уншиж, бичиж, монгол бичгийнхээ тухай магтаалыг сонсоход байнга сэтгэл сэргэж, сайхан болж байдаг. Энэ бичиг өөрөө тийм гайхамшигтай эрчим хүчийг агуулсан бичиг байгаа юм. Бидний олон үе энэ бичгээрээ бичиж, суралцаж, эрмэлзэж, зүрх сэтгэлдээ тээж ирсэн учраас энэ бичиг тийм гайхамшигтай гэж боддог. Монгол бичгийн гайхамшгийн тухай хүмүүс маш их ярьдаг.Т.Галсан гуай нар санаж байгаа байх, Улсын Бага Хурал гэж байхад Монгол бичгийн хэрэглээний тухай анх удаа Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын хурлаар орж, олон янзын санал өрнөж, ярилцаж байсныг сайн санаж байна. Тэр үеэс хойш Монголын үе үеийн төр, засаг монгол бичгийг дэмжих, дэлгэрүүлэх тал дээр анхаарал тавьж ирсэн.Нэг зүйлийг онцолж хэлэхэд монгол бичиг бол өөрөө урлаг байгаа юм. “Мөнх тэнгэрийн бичиг” гэж гайхамшигтай үзэсгэлэн гардгийг та бүхэн мэднэ. Мөн  “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг уран бичлэгийн уралдаан байна. Бас олон улсын хэмжэнд бид санаачлаад нэг ажил хийж байгаа. Энэ их сайн явж байгаа. Бичгийн соёлтой Азийн үндэстнүүдийн дунд уралдаан зарлаж байгаа юм. Эхлээд Японтой хамтарч хийсэн. Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзаж ярьж байхдаа бид энэ уралдааныг Монголд зохион байгуулъя гэж санаачлаад, зун үзэсгэлэн гарсныг та бүхэн санаж байж магадгүй. Японы алдартай уран бичлэгийн хүмүүс, Монголын алдартай бичдэг хүмүүс үүнд оролцсон. Ерөнхий сайд Ш.Абэ өөрөө бичиж ирүүлсэн. Ш.Абэ Ерөнхий сайдын буурал ээж нь өөрөө үзэсгэлэнд оролцож бичиж ирүүлсэн. Би өөрөө “Морьтон” гэсэн таталбар бичиж гаргаж байсан.Манай Г.Мэнд-Ооёо гуай, Японд сууж байгаа Элчин сайд С.Хүрэлбаатар гэж монгол бичигт сэтгэл зүрхээ зориулсан хүн байдаг, тэр хүмүүс хамтарч үүнийг зохион байгуулсан. Дараа нь Японд том үзэсгэлэн гаргасан. Одоо бид Азийн бичлэгтэй, татлагатай улс орнуудыг цуглуулж үзэсгэлэн гаргахаар ярьж байгаа. Энэ нь эв нэгдлийн, эв найрамдлын, улс үндэстнүүдийн харилцан ойлголцлын, бас бичиг соёлоо хүндлэхийн их сайхан илэрхийлэл юм гэж бодож байгаа.Энэ дундаас харахад нэг зүйл байдаг. Монгол бичгийн уран татлага бол Азийн бусад Хятад, Солонгос, Япон зэрэг орны бичгээс их өвөрмөц юм. Үнэхээр гайхамшигтай, үнэхээр урлаг гэдэг нь харагддаг. Зөвхөн бичиг, соёл төдийгүй, энэ бол урлаг юм. Ямар олон төрлөөр, ямар олон хэлбэрээр, зураг хүртэл болгож, яаж илэрхийлж болдгийг харуулдгаараа гайхамшигтай бичиг байгаа юм.Монгол бичиг Монгол Улсыг маань бүрхэх болтугай гэж сая хөтлөгч Ш.Ёолк хэллээ. Энэ сайхан бэлгэ ерөөл улам биелээсэй гэж хүсч байна. Энэ бүхнийг тасралтгүй авч явж, байнга сэтгэл зүрхээ зориулдаг, энэ бичгийг авч явах, амьдруулах гэж уралдаан зарладаг, уралдааныг зарлан зохион байгуулахад учирдаг санхүү, зохион байгуулалтын хүндрэлийг давж, энэ сайхан өдөртэй золгуулдаг, үүнийг Монголын ард түмний нийтлэг баяр болгодог “Хүмүүн бичиг” сонины хамт олон, олон жилийн уламжлалтай МОНЦАМЭ агентлагийн хамт олон, мөн монгол бичигт хайртай, дуртай монгол бичгийн садан болсон, үүнийг дэмжиж байгаа аж ахуйн нэгж, ахмад, алдартай бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Та бүхэнд их баярлалаа.Хамгийн гол нь хойч үе, хүүхдүүд маань байна. Энэ бичгээр бичүүлэх гэж явж байгаа эрдэмт мэргэн багш нар байна. Уйгагүй хичээл зүтгэлээрээ энэ бүхнийг хийж, сургууль бүхэн дээр монгол бичгийг дэлгэрүүлэхийн төлөө, бүтэн анги, бүтэн сургуулиараа монгол бичигтэн болж, тэр бичгээрээ бичдэг болохын төлөө, цаашдаа бүтэн хамт олон, бүтэн улсаараа монгол бичгээрээ бичиж, монгол бичгээрээ бахархдаг болохын төлөө бүгдээрээ хичээн зүтгэцгээе. Ингэж хичээн зүтгэж, үүнд хувь нэмрээ оруулж байгаа та бүхэнд дахин талархал илэрхийлье. Та бүхэнд баяр хүргэе. Өнөөдөр та бүхний баярын өдөр” гэлээ. “Монголын сайхан бичигтэн-2015” уралдааны тэргүүн байрын шагналыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 12 дугаар ангийн сурагч Ганбагана, Дархан –Уул аймгийн 29 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Шинэбаяр, Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Янжиндулам, нийслэлийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Буянцэцэг нар хүртлээ. Мөн сурагчдын ангилалд  Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 дугаар ангийн сурагч Түвшинтүлхүүр, Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Болор-Уянга нар, уран бичлэгийн төрөлд нийслэлийн Бичиг, соёл, боловсролын төвийн уран бүтээлч Одбаяр, насанд хүрэгчдийн ангилалд Орхон их сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн 4 дүгээр ангийн оюутан Сувд, мэргэжлийн багш нарын ангилалд Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” ахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Даваадолжин нар шалгарлаа.  Бүтээлийн ангилалд Сэлэнгэ аймгийн Хөтөл хотын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш  Гэрэлмаа, сайхан бичигтэн төрөлд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 10б ангийн хамт олон, тус ангийг улсын уралдаанд бэлтгэсэн багш Болормаа нар тэргүүлсэн байна. Тэргүүн байрын шагналтнуудад  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналыг гардуулан өгөв.Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, ахмад дипломатч Луузан. Намчин нар өөрсдийн зүгээс монгол бичигтнүүдэд шагнал хүртээсэн бол нэрт эрдэмтэн Ш.Лувсанвандангийн нэрэмжит сангаас мөн шагнал гардууллаа.










Эх сурвалж: http://www.president.mn

9 “Ц.Элбэгдорж: Монгол бичиг нь бичиг, соёл төдийгүй урлаг юм

  1. Pingback: fast seedbox

  2. Pingback: TS TV Escorts from London

  3. Pingback: Informatii despre sanatate

  4. Pingback: binaural

  5. Pingback: GVK BIO

  6. Pingback: DMPK Studies

  7. Pingback: stupid drivers compilation

  8. Pingback: Corporate Event Managers

  9. Pingback: Wedding Organizers in LB Nagar Hyderabad

Leave a Reply