Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонг хасахаар болжээ

Төрийн дээд одон, медаль гавьяа шагнал, урамшууллыг Төрийн тэргүүний  зарлигаар зохицуулж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн шагналын тухай” хуулийг санаачилснаа сэтгүүлчдэд танилцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол улс өнөөг хүртэл “Төрийн шагналын тухай” хуульгүй байсан бөгөөд Төрийн шагналтай холбоотой асуудлыг үндсэн хуульд нийцүүлэн зохицуулахаар гаргаж байгаа анхны санаачлага болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Тавьж байгаа хэдэн зорилго бий. Нэгдүгээрт, төрт ёсны уламжлал, залгамж чанарыг Төрийн шагналын тухай хуульд хадгалах,  Хоёрдугаарт, үндэсний онцлогийг тусгая. Төрийн шагналын эрэмбэ, шалгуур, төрлийг зохистой болгоё. Гуравт, шагнал тойрсон харилцаа, сургамжийг тусгая. Шагналын үнэ цэнийг нэмэгдүүлье” гэж онцолсон юм.

Төрийн шагналын эрэмбэ, төрийн байгууллагуудаас олгох шагналын чиглэл нэрийг зааж, гавьяа шагналыг хэн гардуулах талаар хуульчилж өгсөн байна. Үүнд: Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга гардуулна гэж зааж өгчээ.

Төрийн шагналын төрөл, эрэмбийг дараах байдлаар тогтоожээ.

Монгол Улсын цол:
-Монгол Улсын баатар цол
-Гавьяат зүтгэлтэн цол

Монгол Улсын одон:
-Чингис хаан одон
-Эрдэнийн очир одон
-Алтан гадас одон
-Цэргийн гавьяаны одон
-Эхийн алдар одон

Монгол Улсын медаль:
-Цэргийн хүндэт медаль
-Хөдөлмөрийн хүндэт медаль
-Шударга журам медаль
-Найрамдал медаль гэсэн төрөл, эрэмбэтэй байхаар хуулийн төсөлд оруулжээ.

Үүнийг дэлгэрүүлбэл:

Монгол Улсын баатар цол
Монгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна. Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан хүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно.

Улсын эрдэнэ цол
Улсын эрдэнэ цолыг үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Улсын эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна. Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа цагаан сарын баярыг тохиолдуулан олгоно.

Чингис хаан одон
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна. Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно.

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол
Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан иргэнд хүртээнэ. Уг цолыг жилд 50 хүртэл хүнд олгоно.

Эрдэнийн очир одон
Төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан хүнд олгоно. Жилд 100 хүртэл хүн гардуулна.

 Алтан гадас одон
Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт гавьяа байгуулсан хүнд олгоно. Уг одонг жилд 1000 хүртэл хүнд олгоно.

Цэргийн гавьяа одон
Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хуулийн засаглалыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнаж одонг үнэмлэхийн хамт гардуулна. Одонг жилд 500 хүртэл хүнд олгоно.

Эхийн алдар одон
Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна. Хөдөлмөрийн хүндэт медаль Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан хүнд олгоно.

Цэргийн хүндэт медаль
Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Шударга журам медаль
Эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзол хангасан тохиолдолд дахин шагнаж болно.

Найрамдал медаль
Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Энхийн төлөө медаль Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан иргэнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Төрийн соёрхол
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгоно.

Шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор шалгуурыг өндөрсгөсний дээр Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг цолыг хассан байна.

 Мөн шагналыг хаанаа зүүх (Өөрийн улсын одонг зүүн, зүрхэн талдаа, гаднын улсын одон, медалийг баруун талдаа зүүнэ), шагналаа яаж хадгалж хамгаалах, шагналыг ямар шалгуураар олгох, шагналыг дагалдах урамшуулал, нийгмийн халамж хэрхэн явагдах талаар тусгасан байна.

© duuren.mn

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонг хасахаар болжээ

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply