Улсын харцага Б.Пүрэвсайхан хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болов

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн 5 дахь удаагийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Өнөөдрийн барилдаанд улсын цолтой 47 бөх, аймаг, цэргийн арслан 65, аймаг цэргийн заан, харцага, начин зэрэг шилдэг 128 бөх зодоглосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, “Алдар” спортын хорооны бөх  Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Улсын харцага Б.Пүрэвсайхан хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байгаа юм. Тэрээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаярыг даван түрүүлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншин сонордуулсан юм. Уг зарлигт “Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулсугай” гэжээ.

Барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян шөвгийн наймд үлдэн барилдсан Улсын начин Сугаржаргал, Улсын начин Баасанхүү, Аймгийн хурц арслан Жаргалбаяр,  Аймгийн хурц арслан Хангай нарт шагнал гардуулав.

Барилдааны шөвгийн дөрөвт Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын заан Ч.Санжаадамбыг амласан бол Улсын арслан Н.Батсуурь Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунан хүч үзсэн юм.

Нийт таван удаа зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр нэг удаа түрүүлсэн бол Улсын харцага Б.Пүрэвсайхан ийнхүү хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо.

Leave a Reply