Бүтээгч гүйцэтгэгч хоёр

imagesНэгэн их хотын алдартнууд цуглаж шагнал гардуулах ёсполын арга хэмжээ эхлэхэд жүжигчин бүсгүй, зохиолч залуутай нэг ширээнд суужээ. Гэтэл зөөгч охин ирж жүжигчин бүсгүйд хандан “…би таныг их шүтэж явдаг, таны хамгийн сүүлд тоглосон кинон дээрээ их гайхалтай үг хэлсэн шүү, танаас тэр үгийг тань бичүүлж гарын үсгийг тань авч болох уу” гэжээ. Жүжигчин бүсгүй ихэмсэг гэгч нь толгой дохиж алмазан шигтгээтэй нарийхан үзэг гаргаж ирэн “Цамцан дээрээ юу, эсвэл нуруун дээрээ юу” гэж асуухад зөөгч охин “үгүй ээ, би өдрийн тэмдэглэлийнхээ хуудсан дээр бичүүлье” гэж хормогчныхоо халааснаас модон хавтастай хуучин дэвтэр гаргаж ирэв. Бүсгүй ярвайсан боловч толгой дохин сүмбэн цагаан хуруугаараа чамин үзгээ хашиж бариад охины ноорхой тэмдэглэлийн дэвтэр дээр бичих гэтэл түүнийг алдаршуулсан өнөөх гайхамшигт үгийг хэдийнэ мартжээ.

Тэр ийнхүү самгардаж түүнийгээ нуух аядан тэс хөлдүү инээмсэглэл тодруулан зүгээр л муруй сарий гарын үсгээ сараачихад зохиолч залуу дэргэдээс нь “Гоо үзэсгэлэн гундаж, голын уснаа навч хөвнө, орчлон дээр бие үгүй болоход, оюун санаа л гагцхүү зүрх болж үлдэнэ” гэв.

Бүсгүй гайхан толгойгоо өргөн харвал түүний тоглосон киноны зохиолыг бичсэн цагаач залуу байлаа. Түрүүнээс нааш дэрвийлгэж будсан урт сормуусаараа гивлүүр болгон халхалсан тас хар нүд нь урд нь суугаа том биетэй залуу эрийг харсангүйдээ сандран цавчилж хацар нь улаа бутрах нь улам ч үзэсгэлэнтэй харагдуулав.
Зохиолч залуу түүний үзэсгэлэнтэй төрсний төлөө хундага өргөөд ийн хэлэв. “Та намайг түрүүнээс нааш хараагүйд гайхах юм алга, учир нь бүтээгч гүйцэтгэгч хоёрын дунд их зай бий”.

Бандийн БОЛОРМАА /Яруу найрагч/

2012.08.25

Leave a Reply