Жаргах л гэж /Яруу найраг/

Ачаад л одох биш гэвч, хураахын тулд сүнс алдаад
Аваад л явах биш гэвч, сурахын зенд ухаан талбиад
Жаргах л гэж зовном гэж бид юунд
Зовох л гэж жарганам
Сэмжин үүл задгайлан хөвөх шиг бодол нүүнэ
Цэн тогоруу өмнийг зорих шиг алсад одно
Сэлүүргүй хөлөг салхинд туугдах шиг амьдралд төөрнө
Цэцэгс нар даган өндийдөг шиг жаргал гэгчид тэмүүлнэ
Он солигдох мөчийн хотын анир шиг догдлол оргилно
Огтоос танихгүй тэр л ертөнцийг хайж нартайд бүдчинэ
Цахилж одох үүрийн адил хүсэл хааяа амирлавч
Царцсан шилмүүс нарнаар гэсэн шиг өглөө сэргээнэ
Тэмүүлэх жаргалд хэмжээс тогтоосон оргил үгүй ч
Тэмцэж шунаж жөтөөрхөн тэр л нэрт рүү зүтгэнэ
Харах өөрийн өнцгөөсөө жаргал гэгчээ баримжаалж
Ханаж цадахын туйлдаа жаргалын оройлоод зүтгэнэ
Хэрээ хахир ч өөрийнхөө хэлээр л дуулна
Хэрцгий догшин ч чөтгөр өөрийнхөөрөө дурлана
Ганц мод гал болдоггүйн тул амьтас бүхэн хосоор
Газар хөмрөөгүй л цагт бүгд өөрийн зөнгөөр хайрлана
Өнгөтэй хүн шиг амьдрахын утга учир энэ тул
Өнөө болоод хойч ирээдүйнхээ төлөө л гэж
Ачаад л одох биш гэвч, хураахын тулд сүнс алдаад
Аваад л явах биш гэвч, сурахын зөнд ухаан талбиад
Жаргах л гэж зовном бид учиртайхан
Зовох л гэж жарганам бид уянгатайхан.

Хотгойд овогт Ш.Батчимэг

Жаргах л гэж /Яруу найраг/

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply