Б.Галаарид: Улстөрчид алхам бүртээ олон нийтийн хяналтад байх ёс суртахууны үүрэгтэй

olloo_mn_1422613540_galaa

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай сэтгүүлзүйн сэдвээр ярилцлаа.

-Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ оны шилдгүүдээ саяхан тодрууллаа. 2015 оны хувьд энэ салбарынхан хэр үр бүтээлтэй ажилласан бол…

-Мэргэжлийн төв байгууллага гэдэг утгаараа МСНЭ салбарынхаа шилдгүүдийг жил бүр тодруулдаг. Энэ нь нэг талаас шалгаруулалт боловч нөгөө талдаа тухайн жилд бид юу хийж бүтээв гэдгийг томоор харж үнэлэх тольдуур болдог. Энэ онд улс орон эдийн засгийн хямралтай байсан ч манай салбарынхан хичээж зүтгэж, ихийг бүтээсэн үр өгөөжтэй жил байлаа. Сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн нэр хүндээ дээдлэх тал дээр ч ахиц дэвшил гарсан гэдгийг хэлмээр байна.

-Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг шүүдэг байсан нь өөрчлөгдөж, Хэвлэлийн консул байгуулагдсан гээд сэтгүүлчдийн ажиллах орчин таатай болж байх шиг байна. Сэтгүүлчдийн эвлэл ч энэ тал дээр сайн ажилласан харагдаж байлаа…

-Тийм шүү. Олон жил яригдаж байсан гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл заалт зөөлөрч, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болсон нь том ололт. Аль алинд нь манай байгууллагын оролцоо зүтгэл зохих хэмжээгээр тусгалаа олсон.

-2015 он сэтгүүлчдэд хэр халгаатай жил байв. Хичнээн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага шүүхэд дуудагдаж, хэрэг яаж шийдэгдэв?

-Сэтгүүлзүй тойрсон асуудал жил бүр өөр өөр байдаг. 2015 онд сэтгүүлчийн биед халдсан, мэргэжлийн үйл ажиллагаанд нь саад учруулсан гэмт хэрэг харьцангуй цөөн гарсан. Ихэнхдээ эдийн засгийн цагдан хяналтын механизм үйлчиллээ гэж хэлж болно. Ноцтой асуудал бол инфо.мн сайтын сэтгүүлч С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон явдал байсан. Энэ онд шүүхэд дуудагдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдсэн статистик одоогоор гараагүй байна.

-Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагыг нэр төрд халдсан гэж улстөрчид байнга шүүхэд өгч байдаг. Төрийн өндөр дээд албан тушаалд томилогдох хүмүүс ийм эрсдэлээ тооцож, магтаал шүүмжлэлийг үүрээд гарах хаттай баймаар санагдах юм…

-Сэтгэлийн хат гэхээсээ улс төрийн соёлын асуудал. Улстөрч болно гэдэг угаасаа олон нийтийн хяналтад өөрийгөө сайн дураараа тушаана гэсэн үг. Улстөрчид алхам тутамдаа олон нийтийн хараа хяналтан дор байх ёс суртахууны үүрэгтэй. Ингэж байж л зөв шударга гэдгээ нотлон улс төрийн насаа уртасгах учиртай. Энэхүү ёс суртахууны үүргээ хэр биелүүлж байгааг нь хянаж, олон нийтэд мэдээлэх нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг. Дан ганц улстөрч ч биш, олны танил бүх хүмүүст энэ нь хамаатай. Яагаад гэвэл тэд үг үйлдэл бүхнээрээ олон нийтэд нөлөөлж байдаг онцгой давхаргынхан. Ийм онцгой давхаргад багт гэж тэднийг хэн ч албаддаггүй, өөрсдөө сайн дураараа улстөрч, эсвэл урлаг соёлын од болох сонголтоо хийдэг учраас хариуд нь ёс суртахуунтай, нийгмийн хариуцлагатай байх үүргийг автоматаар хүлээдэг. Өөрөөр хэлбэл тэд нэр төрөө мөнгөөр үнэлэх эрхгүй хүмүүс. Тэр бүү хэл хувийн нууц, хувийн эрх ашиг гэж байх ёсгүй хүмүүс. Өөрсдийнх нь хийсэн сонголт тийм юм.

-Улстөрчид нэр төрөө сэргээлгэнэ гэж шүүхдэж байгаагийн цаад санаа нь тухайн хэвлэл мэдээллийг хаах, мохоох, эдийн засгаар боомилох санаа агуулж байдаг нь хамгийн хорон юм. Үүнийг мэргэжлийн байгууллага маань анзаарч байдаг байх?

-Үүнийг чинь л бид үргэлж сануулж ярьж байгаа шүү дээ. Цензур буюу цагдан хяналтын олон хэлбэр байдаг. Түүний нэг нь эдийн засгийн цагдан хяналт. Нэр төрөө сэргээх нэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээс их хэмжээний мөнгө нэхнэ гэдэг эдийн засгаар нь хохироон боомилох, дарамтад оруулах хэлбэрийн нэг мөн. Намайг шүүмжилбэл ингэнэ шүү гэж тухайн сониныг төдийгүй салбарынхныг бүхэлд нь сүрдүүлж байгаа хэлбэр ч гэж ойлгож болно. Ер нь бол ардчиллын гол шалгуур болсон хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг ойлгоогүй улстөрчөөс л ийм ёс суртахуунгүй үйлдэл гардаг. Түүнээс биш алдаатай мэдээлэл гарлаа гэхэд залруулахыг шаардах, шүүхэд хүрэлгүйгээр өөрийн зохицуулалтын байгууллагаар буруу зөвөө шийдүүлэх зэрэг ардчилсан нийгмийн хэм хэмжээ болсон алхмууд зөндөө байгаа шүү дээ. Энэ утгаараа би танайхаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын үйлдлийг буруушааж байна.

– Шүүхэд нэг очсон сэтгүүлч дараа дахин шүүмжлэлт зүйл бичихээс зайлсхийж байдаг. Нэг ёсондоо сэтгүүлч шүүхээр ялсан ч ямар нэгэн айдастай үлддэг болохоор улстөрчдийн нэр төрөө сэргээлгэх заргын цаад хор уршиг нь их харагддаг…

-Шүүхдэлцлээ гээд шүүмжлэхээс халирдаг сэтгүүлч байна, халирдаггүй нь ч байна. Мэргэжлийн эр зориг, сэтгэлийн хат, хэр баримт нотолгоотой бичиж чаддагаасаа л болдог байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд эрэн сурвалжлагч сэтгүүлчид маань хэл ам багатай зүйлээр оролдохыг илүүд үзэх болсон нь анзаарагдаж байна. Энэ бол нийгэм, ялангуяа улс төрийн орчныг эрүүл байлгах үүрэгтээ үнэнч байсан эр зоригтой сэтгүүлчдэд маань ил далд дарамт их байгаагийн илэрхийлэл. Үүнээс болж нийгэм бүхлээрээ хохирдог. Гол хор уршиг нь үүнд байгаа юм. Тийм болохоор л шударга үнэний дуу хоолойг боомилох биш, харин өмгөөлж хамгаалах үүрэг жинхэнэ улстөрчдөд ноогддог. Ардчилсан нийгэмд иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэр хүндэтгэлтэй хандаж байгаа нь улстөрчдийн гол шалгуур, хэмжүүр болдог.

-2016 онд УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн ажиллах зарчим гэж байдаг уу?

-Сонгуулийн жил сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой зарга ихэсдэг. Улс төр улам бүр увайгүй, ичгүүргүй болж байгааг хараад хэдэн сэтгүүлчдийнхээ өмнөөс одооноос л санаа зовж байна. Ийм үед өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол мэдээллийг дахин дахин нягталж, баараггүй үнэнийг бичих явдал. Хэн нэгний төлбөртэй материалыг бол “төлбөртэй” гэсэн тодотголтойгоор нь нийтэлбэл буух эзэн, буцах хаягтай. Сонгуулийн үеэр мэргэжлийн түвшинд, хуулийн хүрээнд, ёс зүйтэй, сонор сэрэмжтэй ажиллахыг бид сануулдаг. Зарчим гэвэл энэ л байна. Мөн асуудал тулгарвал МСНЭ-дээ нэн түрүүнд хандаарай гэж зөвлөе.

Ярилцсан: Д.Оюунтуяа

Эх сурвалж: Өдрийн сонин

Б.Галаарид: Улстөрчид алхам бүртээ олон нийтийн хяналтад байх ёс суртахууны үүрэгтэй

  1. Pingback: hair bundles

Leave a Reply