Хэзээ ч мартагдахгүй сайхнаас сайхан ээж

Би цэргээс халагдаж ирэнгүүт төмөр замын коллежийг үргэлжлүүлэн сурч төгсөөд 1991 оны эхээр “Улаанбаатар” зүтгүүрийн депод хуваарилагдан ажилласан юм. Энэ л сургуульд сурахдаа би нэгэн сайхан ээжтэй таарч эрхэм сургаалийг нь сонсох хувь тохиосон юм. Оюутны байрны жижүүр тэрээр надад дэндүү хайртай, зарим үед ээжээс минь ч илүү санагдах тохиолдол байсныг нуумгүй. Оюутнуудад хариуцлагатай, шулуун шударга, тэрүүхэн зуураа ширүүн авир гаргадаг “Даамиа эгч”-ийг хамгаас хүндэтгэнэ. Цаанаа л нэг эрхэмсэг зан, донжтой нууцхан инээмсэглэлтэй тэрээр тулаад ирэхийн цагт тунарч бодлогоширсон, хайр гэрэлтсэн сайхан нүдтэй.

Даамиа эгч, ээж бид гурав Оргил рашаан сувилал 1998 он

Даамиа эгч, ээж бид гурав Оргил рашаан сувилал 1998 он

Охидууд “Даамиа эгч уурлахдаа аягүй хөөрхөн болчихдог ” гээд үе үе өдөж байгаа нь харагдах.

Ер нь “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэдэг шиг л оюутан бүрийн сэтгэл татсан хүн дээ. Би огт танихгүй байхдаа хоёрын хоёр тор дүүрэн зүйлдээ түүртэж явахад нь “Эмээ, би тусалъя” гээд гэрт нь хүргэж өгч байсан удаатай. Үүнээс болсон уу танимхайрч намайг бол яагаад ч юм бэ байнга хүү шигээ халамжилна. Жижүүрт гарах өглөө болгон эмнэлэгт байгаа хүүгээ эргэж яваа юм шиг халуун савтай хоол цай барьчихсан  ирнэ. Та өөрөө… гэхэд,

– Би яах вэ. Харин чи миний хүү… гээд юу юугүй шамдан, дуугүйхэн инээмсэглэж энэрэн харж суудагсан. Цалингаа буух болгонд кино үзвэр, ундаа чихрийн мөнгө өгнө. “Авахгүй” гэхлээр

-За яах вэ гээд учиргүй гомдон буруу харж, авахаас аргагүй болгоно.

Би хааяа төмөр замын саарал таван давхрын хоёр тоотод байдаг гэрт нь очно. Хүндэт зочин шиг л дайлна даа. Сургууль төгсөөд оюутны байрнаас гарч орох оронгүй шахуу явахад гэртээ байлгаж байсан буянтан, хэмжээлшгүй их ачтан.

Ийм сайхан өндөр ээжийг би мартах учиргүй билээ.

Хүүхдүүд нь гэр бүл болон гарч хамгийн бага хүү, ач нартайгаа амьдарна. Дунд хүү Баасансүрэн нь театрын найруулагч, “Монголжингоо” сургуулийг үүсгэн байгуулагч, үргэлжийн инээмсэглэж явдаг, найрсаг нэгэн ах байсныг урлаг соёлынхон андахгүй билээ.

Даамиа эгч хэн хүнд ая тал засах, дольгинох, бялдуучлахыг үздэггүй, хүнд муугаа үзүүлэхгүй гэсэн ясны “гүргэр”, өөрийн амьдралыг өөрөө л зохицуулах амьдралын зовлон, жаргалыг эгэл биендээ үүрч туулсан хатуу бодолтой хүн байсан сан.

Хожим би 1993 онд Төмөр замын техникум (коллеж) үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойгоор “Ай энэ Даамиа эгч үү” гэсэн бэсрэг нийтлэл бичиж, баярынх нь сонинд нийтлүүлэхэд “Миний хүү яахнав дээ” гээд ичингүй харж инээмсэглэснээ бушуухан нугалаад өвөртөлчихөж билээ.

Би зүтгүүрийн депод ажиллахаа больж “Бэрс” радио телевиз, киноны сургуульд суралцаж сонин эрхэлж эхэлсэн үедээ ч Даамиа эгчийнд санах болгондоо очно.

Миний өгсөн мөнгийг хар цагаан авахгүй, цагаан сараар золгуут хийхэд хариу бэлгийг хэд дахин нэмж өгөх нь ёс.

Намайг очихгүй удахад “Бие чинь сайн уу? Санаа зовоод, зүүд бодол эвгүйрхээд залбирч л суух юм гэдэг байж билээ.

Намайг эхнэртэй болж “Сэлэнгэ” ресторанд нижгэр хурим хийхэд хоёр ачаараа дэмнүүлэн ирж микрофон аван үг хэлэх гээд баярын нулимсаа арчин “Даамиа нь хоёр хүүгээ зүгээр л үнсье” гээд инээмсэглэж байхнаа нь одоо ч бичлэгэнд үлдсэн байдаг юм!

Энэ үед би хайртай ачийнхаа хуриманд оролцож амжилгүй бурхан болсон эмээгээ санан сүүлчийн үгийг нь ахин сонсох шиг санагдаад өөрийн эрхгүй даган нулимс унагаж байсан юмдаг.

… Би энэхүү ээжийн тухай номыг бичих гэж ээжтэйгээ хамт “Оргил” рашаан сувилалд амарлаа.

Нэгэн өдөр өглөөн хоолноос гараад нэг давхарт алхаж явтал, яг мөнөө, Даамиа эгч охиноороо сугадуулчихсан ирж явна.

“Үгүй ээ, та яасан бэ?” гэвэл муухан инээмсэглэж байна. Охин нь “Өөрт чинь хэл дуулгах гэхэд ээж, “Ажилтай хүнийг дуудаж ажил удаад хэрэггүй. Би одоохондоо нүд аних болоогүй байна” гэж загнаад. Өчигдөр цөсний хагалгаанд орсон.

Энд хэвтлүүлэхээр ирлээ. Ямар сонин таардаг юм бэ? гэж билээ.

Тэгэхэд “Би гэдэг хүн ээжийгээ хайрлаж, баярлуулах талаар ном бичье! гээд энүүхэндээ амарч сувилуулж явах.

Гэтэл Даамиа эгч-хуурай ээж маань “Бие нь муудаж мэс засалд орохдоо ч санааг минь зовоохгүй гээд бодож байх.

Би гэдэг хэн бэ, уулзалгүй ямар удсан юм бэ, энэ ингэхэд ямар хорвоо вэ гэж олон зүйлийг ухаарсан даа. Ерөөлийн учрал гэдэг ерөөсөө л ерөөлийн нандин бүхнийг урин дуудаж байдаг юм билээ.

Ээжийгээ би Даамиа эгчтэй танилцуулж, хоёр сайхан ээж минь надад хорвоогийн нандиныг ахин дахин таниулсанд ариун бурханд талархаж явдаг юм.

…Хамгийн сүүлчийн уулзалт гэж хэн мэдэх вэ?

Цагаан сарын боов идээг нь бэлдээд очиход, “Яах гэсэн юм бэ дээ. За суу, сонин зүйлээсээ ярь, ид, уу” гээд ямар нэгийг хэлэх гэснээ хоолой нь зангираад удаан үнссэн сэн.

2003 оны хавар. Миний гэр бүлийн асуудал нэгэнт “тиймхэн” шийдэгдэж нэг хэсэг гэрээс гараагүй, утсаа ч авахгүй хэд хоносон юм. Хэнд ч хаалгаа нээж өгсөнгүй.

Тэр өглөө хаалга удаан цохиж “Байхгүй л юм байхдаа, одоо яах вэ?” гэсэн хүмүүсийн дуу гарч яаран онгойлговол Даамиа эгчийн том охин нь байлаа. “Ээж өнгөрөөд долоо хонож байна. Чамтай л уулзмаар байна. Тэр хүүг минь дуудаад өг! гээд байнга хэлдэг байсан.

Даанч чиний утас авдаггүй. Хаана байгаа нь ч мэдэгдэхгүй өдий хүрчихлээ. Өнөөдөр бүх ач зээ, хүүхдүүд нь Гандан орж зул барьж, ном уншуулах гэсэн юм. Ээжийн захисныг санаад “Чамд дуулгахаар ирлээ” гэсэн.

Би муужран толгой эргэж, нэг мэдэхэд сэргэсэн.

Нэг л мэдэхэд хамгийн дотно хүнээ өндрийн өндөр ээжээ хүсээд, дуудаад байхад нь уулзалгүй, зөн ухаандаа ч саналгүй, зөвхөн өөрөө өөрийнхөө өчүүхэн амьдралд ухаан бодлоо алдан гуньж гутарч, зовхи мэлмийгээ ч сөхөх чадалгүй дэндүү дорой, сэтгэл зүрхээ гээж урсгаж явсандаа харамсаад барсангүй. Даамиа гэж ийм нэгэн сайхан ээжийн төлөө хайлан залбирч, хайрлан санаж л явах юм даа. Энэ эгэлгүй, эгэл жирийн эмэгтэй, өндрөөс өндөр бууралхан ээжийг үр хүүхдүүд, үе үеийн төмөр замын сургууль төгсөгчид, би — бид хүндэтгэн дурснам билээ.

Хүмүүс ээ, ээжийгээ л хайрлаж, бүхнээс амжин баярлуулж яваарай!

Даамиа эгч сайхан дуулна. Нэг удаа “Өнөөдөр миний төрсөн өдөр баяр хүргээрэй” гээд ороход гурван ширхэг баавгайтай чихэр, мянган төгрөгтэй бариад “Одоо яах вэ?

Сайхан хоол хийгээдэхье! гэхэд би яарч явна, харин та сайхан дуу аялаач гэвэл “Би ч залуудаа төмөр замын чуулгад бүжиглэж, дуулж явлаа” гээд “Аргагүй амраг”-ийг дуулж өгсөн нь санагдаж арга нь үгүй орчлонгийн зовлон жаргал, гунигийн үүсгүүрийг сэрэн эл дуун шүлгийг бичсэн юм.

Ээ дээ хүмүүс минь энэ энхрий нандин хайрыг хайрлаж, алхам бүрий сэрэмжтэй ухаарч амьдрахсан даа.

Я.Бадамсүрэн “Ээжийгээ хайрлаж яваарай” номоос

27 “Хэзээ ч мартагдахгүй сайхнаас сайхан ээж

  1. Pingback: Event Management Company in Hyderabad

  2. Pingback: www.quora.com

  3. Pingback: gvk biosciences

  4. Pingback: Bdsm contract

  5. Pingback: DMPK

  6. Pingback: friv

  7. Pingback: agen poker

  8. Pingback: visto

  9. Pingback: Corporate Event Company

  10. Pingback: Full Article

  11. Pingback: المهندس اوس الخزرجي

  12. Pingback: watch for divers

  13. Pingback: ADME

  14. Pingback: info cpns 2019 riau

  15. Pingback: iq eng

  16. Pingback: iraqi finart

  17. Pingback: forex robots

  18. Pingback: Stix Events

  19. Pingback: guaranteedppc.com

  20. Pingback: disqus ad

  21. Pingback: google adwords guaranteed traffic

  22. Pingback: donna vinci

  23. Pingback: pendaftarancpns2018.com

  24. Pingback: satta king

  25. Pingback: time

  26. Pingback: questions

  27. Pingback: ini

Leave a Reply