“Их засаг”-ийг төрүүлсэн их хайр

DSC_0210-1030x682Монгол улсын гавъяат багш , доктор профессор Н.Ням-Осор гэхээр монголчууд андахгүй. Боловсролын салбарт хувийн хэвшлийнхэн хүч түрэн орж ирэхэд тэрээр “Их засаг” сургуулиа анх байгуулсан. Олон ч залуусыг дээд мэргэжилтэй болгож ажил амьдралынх нь замд хөтөлсөн. Хамгийн гол нь эдний сургуулийг төгсөгчид эх оронч үзэлтэй, нийгмийн идэвхтэй, хамт олонч болдог хэмээн мэдэх хүмүүс ам сайтай байдаг. Энэ нь тэрээр соцнийгмийн үед Хувьсгалт залуучуудын эвлэлийн удирдах ажилтан байсантай холбоотой бөгөөд оюутан сурагчдынхаа дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн, урлаг спортын арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг, Монгол түүх уламжлалаар бахархуулах хүмүүжлийн ажил байнга хийдэг нь ийнхүү нөлөөлдөг байна.

Түүний бизнес боловсролоос гадна  аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоол, газар тариалан, хэвлэл мэдээлэл гээд олон  салбарт амжилттай яваа. Гэхдээ энэ бүх амжилтын эхлэл нь хүн хүнээ хайрлах, хүн хүндээ итгэх нандин сайхан чанарын илэрхийлэл болсон нэгэн түүхээс эхтэй.

Н.Ням-Осор Хэнтий аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад нэг л өдөр ажлаасаа халагджээ. Тэгээд мөнгө төгрөггүй ч өөдрөг мөрөөдөл тээж “Хүннү” гэдэг ХЭАА 1991 онд байгуулж тамга тэмдэгтэй болжээ.  Юу хийхээ мэдэхгүй гайхширсан нэгэн төрөлх сумруугаа очсон байна. Сум нэгдлийнх нь дарга Даваажид, ерөнхий нягтлан бодогч Цэнд-Очир хоёр түүний бодол хүслийг сонсоод хоёр машин мах нэгдлийнхээ чиргүүлтэй тэргэнд ачиж өгөөд  “Чи Улаанбаатар хотод зарж борлуулаад, мөнгийг нь өгөөрэй” гээд явуулжээ. Хэдий туранхай мах байсан ч Улаанбаатарынхан тэр үед бараа таваарын хомсдолд орчихсон байсан учраас Долоон буудалд айлын хашаанд аваачсан мах нь  гуравхан хоногт зарагдаж дуусав. Хоёр машин мах овоо ч мөнгө болж, 40 мянган төгрөгийн цэвэр ашиг олжээ. Нийлж ажилласан хоёр хүндээ тус бүрт нь 10 мянган төгрөг өгөөд, өөрөө 20 мянгыг нь авсан байна. Тэр мөнгөөрөө “Зар бичиг” гэдэг сонин хүнтэй хамтран гаргаснаар байнгын орлоготой, ашиг ч чамгүй байх болжээ. “Зар бичиг” сониноо тэр үед 7 хоногт нэг удаа 40 мянган хувиар хэвлэж, ширхгийг нь  2 төгрөгөөр зарж байв. Дараа нь Тээврийн товчооны дэргэдэх нийтийн жорлонг худалдан авч, улмаар хуушуурын гуанз нээх, хүнсний дэлгүүр ажиллуулах зэргээр бага багаар бизнесээ тэлсээр өнөөгийн өндөрлөгт хүрчээ. “Зөвхөн хуушуурын гуанз маань өдөрт 1 сая төгрөг өгдөг, би орсон гарсан танил дотно хүмүүсээ ид уу хэмээн дайлж цайлсан өглөгч нэгэн байдаг байлаа. Тэр үеийн нэг сая төгрөгийг яаж үрээд ч барахгүй шүү дээ” хэмээн тэр одоо дурсдаг.

Түүнийг ажлаа өгч, албан тушаалаасаа мултарсан үед хүн ёсоор хайрлаж тусалсан нутгийнхны сайхан сэтгэл ийнхүү түүний ирээдүйн дардан зам болж өгчээ. Мэдээж Н.Ням-Осор өөрөө итгэл даах зөв хүн байсан учраас  хүмүүс түүнийг хайрлаж, хувь заяа түүнийг ивээсэн байх. Амьддаа бие биеэ хайрлахын агуу сайхан нь ийм ажгуу. Хүмүүс ээ, бие биенээ хайрлацгаая!

© duuren.mn

Leave a Reply