Хөгжлийн галт тэргэнд амжиж суухын учир

Аян замын тэмдэглэл

IMG_6105Бид өмнөд хөршид очин  хуралд оролцож, сурвалжлага хийгээд ирлээ. Бид гэдэг маань Монголын хэвлэл мэдээллийнхнээ төлөөлсөн 14 хүнтэй цомхон баг л даа. Бид ӨМӨЗО-ны Алшаа аймагт болсон Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форумд оролцоод, Хятадын дорнод нутаг Шаньдүн мужийн хэд хэдэн хотоор орж сурвалжилсан юм. Ийн явахдаа олж харсан, анзаарч сонирхсон бүхнээсээ хураангуйлсан тэмдэглэлээ Алшаа нутгаас эхэлье.

Алшаа бол манай Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтайн цаад биед орших нутаг. Өвөр Монголдоо хамгийн том газар нутагтай, хамгийн цөөн хүн амтай засаг захиргааны нэгж. Тэнгэр элс, Бадайн жаран, Улаан бух гээд алдартай том цөлүүдээр нь хүмүүс сайн мэддэг.Эрдэс баялаг, бас нүд хужирлах  байгалийн сонин содон тогтоц ихтэй. Зүүн, Баруун, Эзнээ гэсэн гурванхошуутай. Хүн амын гол цөм нь өөлд, торгууд, ер нь ойрд монголчууд. Мөн халхууд нэлээд бий. Аль аль нь хэд соёл, зан заншлаа сайтар хадгалан үлдэж чадсан гэдгээрээ судлаачдын анхаарлыг татдаг.

IMG_6257Алшаа нь Хөхнуурт ойрхон учраас шарын шашин ихэд дэлгэрсэн, сүм хийд олонтой газар байсан гэдэг. Хутагт хувилгаад ч олон байж. Агваандандар тэргүүтэй номч мэргэдийнх нь алдар хамаг Монгол даяар түгж, “Алшаагийн римбүүчийнар атан тэмээнээсээ олон” гэсэн хэлц үг хүртэл гарч байсан түүхтэй.

IMG_6274Зургадугаар Далай ламын байгуулсан гэх Баруун хийд соёлын хувьсгалын үед баахан сүйдсэнийг хожим сэргээн зассаныг бид очиж үзлээ. Төрийн мэдэлд агуулах нь зардал чирэгдэл ихтэй болохоор хувьд өгчихсөн гэнэ. Түүх сайтай хийдээ шашин соёл, аялал жуулчлалын газар болгохоор их ажил ундруулж байна билээ. Ер нь Хятад улсад аялал жуулчлал, тэр дундаа дотоодын аялал жуулчлал ихээхэн хөгжиж, эдийн засгийн нэгэн хүчирхэг салаа салбар болж байгаа нь төвөөс алслагдмал Алшаа нутагт ч анзаарагдаж байлаа. Үүний нэг тод жишээ нь жил болгоны намар болдог Тооройн баяр юм. Эзнээ хошуунд 250 мянган га талбайг эзлэн байх тооройн ойгоороо тэд жуулчдыг татаж байна. Энд тооройн баяраар 600 мянган жуулчин ирдэг. Тэд тооройн төгөлийн үзэмжийг бахдаж, тэмээний уралдаан үзэж, Алшаагийн монголчуудын аж байдалтай танилцана. Алдарт Хар хотын туурь ойрхон болохоор ухасхийгээд үзчихнэ. Хятад-Монголын хилийн баганан дээр очиж дурсгалын зураг татуулах хүсэлтэй хүмүүс олон учраас үүнийг мөнгө олох бас нэг арга замболгодог аж. Тооройн баярын үеэр 100 мянга орчим хүн хилийн баганын дэргэд зургаа татуулна. Энэ үйлчилгээний төлбөр нь 50 юань. Зөвхөн энэ үйлчилгээнээс л гэхэд багадаа 5 сая юань орон нутагт үлдэнэ.

IMG_6338Алшаагийнхан юухнаас ч болов мөнгө олж буйн нэг жишээ нь байгалийн чулуу. Сонин содон хэлбэртэй чулууг засч янзлалгүйгээр зарна. Заримыг нь өнгөлж засаад үнэд хүргэнэ. Өвөр Монголдоо хамгийн том чулууны музейг өнгөрөгч есдүгээр сард ашиглалтад оруулсан байна. Мөн чулууны үзэсгэлэн худалдаанд ард иргэд идэвхтэй оролцож байна. Алшаагийн малчдын нэг хэсэг нь удахгүй чулуучин болж,  говийн чулууны бизнес Хятад даяар алдарших нь дээ гэсэн бодол төрж байлаа. Эмийн чухал ургамлын тоонд ордогулаан, цагаан гоёогоо алшаагийнхан өөрсдөө тарьж ургуулж байна. Элсний нүүдэл зогсооно. Дээр нь зарж борлуулна. Давхар ашигтай энэ ажлыг нь төрөөс дэмжиж, гоёо, заг тарьсан хүнд мөнгөн урамшуулал олгож байна.

Алшаагийн бас нэг баялаг нь тэмээ. Тэмээ өсгөхийг бодлогоор дэмжиж байна. Алшаагийн нэрийн хуудас нь тэмээ гэж хэлсэн ч болно. Тэмээн аялал, тэмээний баяр гээд жуулчдыг татах зүйлд ихээхэн анхаарч ач холбогдол өгнө. Тэмээний соёлыг сурталчлах музей хүртэл байгуулж, тэмээний ноосон бүтээгдэхүүнээ Монголоос хэд дахин үнэтэй зарж, Итали, Япон, Солонгос гээд зүг зүгрүү гаргаж байна. Өмнөговьд тэмээний ноосон утасны үйлдвэр байгуулаад Алшаад түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа овсгоотой эртэй ч тааралдав. Түүхий эд нь манайх, түгэх алдар нь Алшаагийнх. Амьдрал биднийг овсгоотой байхыг шаардаж байгаагийн нэг жишээ энэ юм.

Алшаа уг нь манайх шиг ухаад байвал хамгийн их баялагтай нутаг. Гэвч газрын хэвлий дэх баялагтаа хүрэх гэж яарахгүй байна.  Эднийх эрдэс баялгийн 400 гаруй ордтой ч ердөө 40 орчмыг нь л ашигладаг. Үлдсэнийг нь хөндөлгүй нөөцөлж, аялал жуулчлал, үйлдвэрлэл худалдаанаас илүү их ашиг олох ухаалаг бодлого энд хэрэгжиж байна.

IMG_6112
Өвөр Монголын төвөөс алслагдмал нутгийн хөгжлийн бодлогыг сонирхох, нүдээр үзэх  бидний хүсэлтийг хүлээн авч энэ удаагийн хэвлэл мэдээллийн форумыг Алшаа аймгийн төв Баян хотод хийсэн юм. Монгол, Хятад, Орос гурван орны төрийн тэргүүнүүд өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын Уфа хотод уулзаад тохирсон гол зүйл болох Эдийн засгийн коридорын асуудлыг хоёр орны хэвлэл мэдээллийнхэн хэрхэн үзэж байгаа, уг асуудлыг олон нийтэд хэрхэн сурталчлан хүргэх вэ гэдэгт энэ удаагийн форум анхаарлаа хандуулсан юм. Энэ удаагийн форумд Хятадын талаас ХКН-ын суртал ухуулгын хэлтсийн даргын орлогч, Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Цүй Юй-Ин, ӨМӨЗО-ны Суртал ухуулгын газрын дарга Улаан нарын албаны хүмүүс оролцож, хурлын үндсэн илтгэлийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны дэд дарга Чэнь Баочюань нар тавьсан юм.  Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн  форумын үйл ажиллагаанд Монголын төр ач холбогдол өгч буйн илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлж, амжилт хүссэн явдал байлаа.

Эртний домог түүхт Алшаа нутгаас бид Хятадын дорнод нутаг болох Шаньдүнийг зорилоо. Шаньдүн бол Япон, Солонгостой далайгаар холбогддог, Хятадын эх газрын зүүн өмнөд  хэсгийн эдийн засгийн чухал бүс нутаг юм. Бид Шаньдүн мужийн Жинань, Жинин, Чиндао гэсэн гурван гол хотоор орж өмнөд нутгийнхны түүх соёл, зан заншил, эдийн засгийн хөгжлийнх нь байдлыг сурвалжилсан юм.

Бидний эхэлж очсон хот бол мужийн төв Жинань. Энэ хотынхон “Тэнгэрийн доорх рашаан булгийн хот” гэж төрөлх хотоо магтан дуулдаг аж.  Хотын хэмжээнд 700 гаруй байгалийн булагтай бөгөөд байгалийн энэхүү гайхамшигт тогтцыг эвдэхгүйн тулд метро барихаас татгалздаг гэнэ.  Эдгээр рашаан булгаас хамгийн нэртэй нь Жинаний бэлгэ тэмдэг болсон Баотүчүань. Энэ булагаа “Тэнгэрийн доорх тэргүүн булаг” гэж нэрлэнэ. Аялагч амрагчдын хөл ер тасардаггүй энэ газарт өчүүхэн сэрэмж алдвал хамт яваа хүмүүс чинь хүн далайд уусан алдраад төөрч будилах энүүхэнд.  Хятадын эртний гурван том соёлын нэг болох Лүншань соёл Жинаньд анх үүссэн гэж үздэг. Хятадын түүхэнд нэр нь мөнхөрсөн олон алдартан энэ хотод мэндэлсэн байдаг. Тухайлбал,  Хятад анагаах ухааныг үндэслэгч гэгддэг Бяньчюэ энэ хотын хүн байв. Есөн зууны тэртээ яруу найрагчийн зовлон жаргалыг амсаж эдлэж явсан гайхамшигт эмэгтэй Ли Чин Жао энд төрж,

Хажууд минь чи үгүй
Хан хорвоо нэг л янзаараа
Амьдралын утга юунд оршихыг
Аяа, ер ухахын аргагүй хэмээн шүлэглэсэн түүхтэй. Нарны голтойд жаргаж, насны эцэст зовсон түүний хөшөө дурсгалыг зорин ирэгсдийн хөл ер тасрахгүй юм билээ. Хятадын эртний алдарт найрагч Ли Бай, Дү Фү, Сү Ши тэргүүтнүүд  Жинанийг зорин ирж байсан гэхээр энд яруу найргийн онгод хөглөх ямар нэгэн хүч оршино уу гэлтэй.

Олон булгийн уулзвар Даминхү нууран дахь аялал жуулчлалын бүстэй танилцаж явахад жуулчдыг татъя гэвэл сайн түүх, түүнтэйгээ холбоотой үзэж харах юм, цогц үйлчилгээг бий болгох нь чухал юм даа гэх бодол төрж байлаа. Аялал жуулчлалын бизнесийн хувьд хятадуудаас сурах, санаа авах зүйл мөн ч их байна даа. Энэ салбарыг хэрхэн хөгжүүлж байгаа тухай тайлбарлах ярианд нь “Аялал жуулчлалын баялаг” гэх үг олонтаа сонсогдоно. Байгалийн үзэсгэлэн, түүхэн дурсгал, түүнийг тойрсон худалдаа үйлчилгээ, сурталчилгаа бүгд нийлж байж баялаг бий болно хэмээн тэд ярьж байна.

IMG_6442

IMG_6436+Хаа ч очсон бидний анхаарч сонирхож, асууж сураглаж байсан зүйлийн нэг нь тухайн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Хөтөлбөрийн дагуу Шаньдүн мужийн радио, телевизтэй танилцаж сурвалжлах боломж бидэнд олдсон юм. Зуугаад сая хүнтэй мужийн төв телевиз учраас нүсэр бүтэцтэй, материаллаг бааз сайтай гэнэ. Шаньдүн мужийн ардын радио, мужийн телевиз, мөн кабелийн телевизийн төвөө нэгтгэн том корпорац болгожээ. Телевиз нь дотроо өргөн нэвтрүүлгийн, кабелийн, гар утасны, интернэт тв гэхчлэн чиглэл чиглэлээрээ салбарлажээ. Ер нь Хятадын мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед бүх төрлийн мэдээллийн хэрэгслийг агуулсан медиагрупп хэлбэрийг сонгож эхэлсэн нь сурвалжлах явцад анзаарагдаж байлаа. Шаньдүний радио телевиз гэхэд л бүх төрлийн медиагаас гадна кино, соёлын олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон  корпорац болсон байх жишээтэй.

Гадна дотнын хэнд ч бай өөрийн түүх соёл, уламжлалаасаа гадна өнөөгийн хөгжил, ирээдүйн зорилтоо сайтар таниулах талдаа хятадууд онцгой анхаарч байна. Хийж бүтээж байгаа зүйл, хүсч буй зорилгоо хүний сэтгэлд буулгаж, ой ухаанд нь хадаахын тулд  технологийн дэвшил, уран сэтгэмжийг хэрхэн хослуулж чадаж байгааг бид алхам тутамдаа анзаарч явлаа. Шаньдүн муж өндөр технологид суурилсан эдийн засаг хөгжүүлэх  зорилт тавьж, шинэ технологи нутагшуулах, бий болгох тал дээр ихэд анхаарч буйгаа онцолж байлаа. Хурдны галт тэрэг, усанд шумбагч, том оврын автомашин, нефтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл зэргээрээ Хятадад төдийгүй дэлхийд алдартай үйлдвэрүүд энэ мужид байдаг учраас технологийн шинэ шийдэл бүлглнд анхаарал хандуулж, өөрсдөө ч технологийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч байх том зорилттой ажиллаж байгаа аж.

Шаньдүн мужийн бас нэгэн түүхт хот бол эртний Лү улсын нийслэл Чюйфү хот юм. Мужийн төвөөс 100 гаруйхан км зайтай орших энэ хот Хятадын алдарт сэтгэгч Күнзийн төрсөн нутаг юм. Энд “Гурван Күн” буюу Күнзийн ордон, Күнзийн сүм, Күнзийн ой оршдог аж. Түүхийн янз бүрийн эргэлтэн дээр хятадын төр Күнзийн сургаалд янз бүрээр л хандаж байсныг бид мэднэ. Түүний сургаалыг буруутгаж, түгээхийг хориглож байсан үе ч бий. Гэхдээ түүний амьдрал түүхтэйхолбоотой ихэнх зүйлийг нь эвдэж устгалгүй хадгалсаар өдий хүрсэн нь түүхийн хосгүй үнэт дурсгал, бас аялал жуулчлалын асар том цогцолбор болж хувирчээ. Күнз гэдэг брэнд өнөөдөр Хятадыг дэлхийд сурталчлах нэг том тулгуур болж хувираад байна. Күнзийн сургаал хятад сэтгэлгээний суурь нь болж нэгэнт чадсаныг энд ирсэн хэн боловч ойлгоно.  Хятад өнөөдөр Күнзийг гадаад, дотоодгүй сурталчлах тал дээр онцгойлон анхаарч байна. Дэлхийн хаа сайгүй Күнзийн институт байгуулж байна. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс багшийн үнэмлэхтэй хүнд “Гурван Күн”-ийг үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.

Күнзийн ордон гэдэг нь Күнзийн амьдарч байсан ордон биш юм. Түүний үр удам нь хожим баяжсан хойноо орд харш барьж, аж төрөх болсныг Күнзийн ордон гэдэг.  Харин Күнзийн сургаал номлолыг бишрэн дагагсад түүний сургаалыг судлаж, шүүлэг өгч, бас оюун санааны эцэгтээ  зориулан мөргөлхүндэтгэл үйлдэж ирсэн сүмийг Күнзийн сүм гэдэг аж. Күнзийн сүм Чюйфүгээс гадна Бээжин, Шанхай зэрэг хотуудад бас байдаг. Гуравдахь Күн буюу Күнзийн ой нь хэрэг дээрээ Күнз болон түүний үр удмынхны оршуулгын газар юм.

Бидний очсон дараагийн хот бол Чиндао. Шар тэнгисийн эрэг дээрх Чиндао хотыг 1994 онд БНХАУ-ын 15 гол хотын нэгээр зарласан байдаг. Ингэж чухалчлахын үндэс нь Чиндао олон улсын чухал далайн боомт, агаарын тээврийн томоохон төв, эдийн засгийн чухал цэг гэдэгт байгаа юм. Эндхийн эдийн засагийн зонхилох хувь нь Haier, Hisense, “Чиндао шар айраг” зэрэг дэлхийд нэртэй томоохон корпорацуудын үйл ажиллагаанаас хамаардаг гэж хэлж болно. Чиндао шар айрагны үйлдвэр гэхэд л 1903 онд анх байгуулагдсан бөгөөд Хятадын шар айрагны дотоод зах зээлийн 15 орчим хувийг хангадаг том үйлдвэр юм. Тус үйлдвэр бүтээгдэхүүнээ дэлхийн 70 гаруй оронд борлуулж, Хятадаас экспортод гаргаж буй нийт шар айрагны тал хувийг дангаараа хангаж байна. Хятадын шар айрагны зах зээлд тэргүүлж, дэлхийн хүчирхэг 500 брэндийн нэг болсон Чиндао шар айраг хятадуудын дээдлэн шүтдэг Лаошань уулын цэнгэг усаар найруулсан гэдгээрээ ихэд алдаршжээ.

Чиндао өндөр технологид онцгой анхаарал хандуулдаг хот. Үүний тулд өндөр технологи ашиглалттай үйлдвэрлэлийн бүс  гэж тусад нь байгуулан 67 хавтгай дөрвөлжин км талбай олгосон байна. Тэндээ  9.8 хавтгай дөрвөлжин км талбайтай аж үйлдвэрийн бүс, Дээд боловсролын төв, Шинжлэх ухааны судалгааны төв, Аялал жуулчлалын бүс байгуулжээ. Шинжлэх ухаан технологийн хөгжлийн төвд харьяалагддаг энэ бүс биотехнологи, мэдээллийн технологи, шинэ материал, шинэ эрчим хүчний чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа гэнэ.

IMG_6551Чиндаогийн далайн боомт нь Хятадад 3, Дэлхийд 7-д ордог том боомт бөгөөд Монгол улс ашиглахыг зөвшөөрсөн 8 том боомтын нэг юм. Хятадад төдийгүй дэлхийд нөлөө бүхий энэ боомтыг түшиглэн “Чиндао боомтын чөлөөт худалдааны бүс” байгуулсан нь Хятаддаа анхдагч үйл явдлуудын нэг аж. Жилдээ 10 сая ширхэг чингэлэг дамжуулан өнгөрүүлэх чадвартай энэхүү хүчирхэг боомтод чөлөөт худалдааны бүс болсны эдийн засгийн үр ашиг нь үнэлж баршгүй юм.

IMG_6572Чиндаогийн нэрийн хуудас болсон томоохон үйлдвэрлэгчдийн нэгд “Хайер” яахын аргагүй орно.  “Хайер” гэдэг нь хятадаар “Далай” гэсэн үг аж. Тус компанийн амжилт энэ үед үнэхээр нэр шигээ халгиж цалгиж байна. 1984 онд анх байгуулагдаж хөргөгч үйлдвэрлэлээр дагнаж байсан энэ компани өдгөө банк санхүү, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологи, банк санхүү, эмийн үйлдвэрлэл зэрэг  маш олон салбарт хөрөнгө оруулж, өндөр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд манлайлж байна. “Хайер” нь дэлхийн нөлөө бүхий 100 брэндийн тоонд Хятад улсаас багтсан цорын ганц брэнд юм. Шаньдүн муж, тэр дундаа Чиндао хотийм нэр хүндтэй брэнд үйлдвэрлэгч компанитай гэдгээрээ ихэд бахархдаг нь анзаарагдаж байлаа.

Аян замаас түүсэн энэ мэт сонин хачин нэн их боловч хамгийн гол нь хөрш орны хөгжлийн бодлогоос бид юуг нь өөртөө ашиглах вэ гэдэг асуудал анхаарал илүүтэй татаж байна. Өнөөдөр Хятадын хаана ч очсон  Ши Жиньпиний “Нэг бүс нэг зам” санаачлагыг тэргүүн зорилт болгон ярьж байна. “Торгоны зам”-аа зүг зүг рүү татсанаар эдийн засгийн асар том боломж нээгдэх тухай ярьж байна. Хятадын “Торгоны зам”, Монголын “Талын зам”, Оросын “Эдийн засгийн коридор” байгуулах саналыг уялдуулж аль аль нь хожсон, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцолж байна. Хятадаас Баруун Европ хүртэлх өргөн уудам нутгийн 4,4 тэрбум хүн үр шимийг нь хүртэх, олон улс орны эдийн засагт нөлөөлөх урт хугацааны, нөөц боломж ихтэй төслийг хэрэгжүүлэх хөгжлийн галт тэрэг хөдлөхөд бэлэн болчихжээ. Ази-Европыг холбосон хамгийн дөт зам дээр байгаа давуу талаа ашиглан Эдийн засгийн коридор байгуулах ажилд ташуур өгч, эрх тэгш тоглогчийн байр сууриа эртхэн эзлэж байж л Монгол Улс хожно.Энэ оны долдугаар сард Уфа хотноо болсон Монгол-Хятад-Орос гурван орны төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан Эдийн засгийн коридор байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг уг нь энэ чиглэлд хийх ажлын гараа нь юмсан. Хөршүүд хөгжлийн боломжоо алдахгүй гэж яарч байна. Тэд биднийг хүлээхгүй.  Галт тэрэг хөдөлсний дараа  гар өргөн зогсоож болдоггүй. Галт тэргийг хөдлөхөөс нь өмнө амжиж суудаг билээ.

Урианхан Б.Галаарид
2015.11.11

Эх сурвалж: Үндэсний мэдээ сонин

 

5 “Хөгжлийн галт тэргэнд амжиж суухын учир

  1. Pingback: bygga hus

  2. Pingback: juegos friv

  3. Pingback: Eavestrough Cleaning Brandon

  4. Pingback: Corporate Event Managers for Companies in Hyderabad

  5. Pingback: Hyderabad Stix Events

Leave a Reply