Мөхөх үү ? Сэхэх үү ?

Монгол овогт Чимэдбалын Бодгаль “Мөнх тэнгэрийн хүчин дор” нэртэй ном туурвиж эхэлжээ. Тэрээр уг номныхоо тэргүүн хэсгийг duuren.mn-д илгээснийг цувралаар нийтэлж байна.


 Бидний юу идэж уух нь бурханаас хамаарч байгаа бус харин бидний бурхан адил орших нь юу идэж уухаас хамаарна.

“ Очирт хөлгөнтөний сургаалиас ”

Хүний биеийн 108 триллион эс амьдралын туршид 50 дахин нөхөн сэргэж хүн 150 наслах байгалийн өгөгдөхүүнтэй.

“ Д.Бямбасүрэн Орчлонгийн хүрд ”

∗∗∗

Гэвч өвчний 90%, хорт хавдрын 40-60% нь буруу хооллолтоос шалтгаалдаг гэсэн судлаачдын дүгнэлт байдаг. Зөвхөн дорно дахины хүн судлалын ухаанд гол судлагдахуун болж гүнзгийрсэн сэтгэл махбоди хийгээд түүний эрхтэнүүдэд илрэх сэтгэлийн 360 (дон) өвчин, 1080 (гэг) гэм доройтол гэдэг ч буруу хооллолтын нөлөөнд үүсдэгээс “ЮУ ИДНЭ ТҮҮГЭЭР СЭТГЭНЭ”, “ЮУГААР ХООЛЛОНО, ТҮҮНТЭЙГЭЭ ТӨРӨЛСӨНӨ” гэдэг хэлц үгс ч гарсан биз ээ. Хоол хүнсний төрөл байдал өөрчлөгдөхөд ямар ч амьтан мах цус, эд эс бүхнээрээ түүнтэй уялдан нэгэн төрлийн мутац хэлбэрт ордогийг бид бэлхэнээ харж байдаг билээ.

∗∗∗

Хүсэлд шунасан шунал нь уурын үндэс болдог бол идэх уухын шунал нь ахуйн шуналын үндэс болдог гэсэн эртний мэргэдийн онолт судар номонд тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд үе үеийн жинхэнэ шашинлаг үнэний эрэлч бясалгагчид аугаа зорилгод хүрэхийн тулд нэн тэргүүн бие, хэл, сэтгэлийн эрүүл болоод ариуслыг чухалчилж, үдээс хойш зоог барихгүй гэх буюу сарын эхэн эцэс, хагас бүтэн тэргэлээр сард 4 удаа их бага мацаг барих, онцгой үеүдэд хэл, хөл хорьсон бясалгал диянд орших зэргээр жинхэнэ элит буюу оройн дээдийн сор боловсролд анхаардаг бол ертөнцийн хэрэг явдал түүнээс өөрөө. Эдүүгээ зах зээлийн харилцаат дэлхийн улс гүрэн бүрийд “Хүний муу сэтгэлийг дэвэргэн хөөргөн байж, эдийн засаг хөгжинө ” гэсэн бичигдээгүй хууль үйлчилнэ.

Амтлаарай, хожоорой, аваарай, суглаарай, гайхалтай амт, мартагдашгүй мэдрэмж, ховор боломж, нэр төрийн баталгаа, аваарай, яараарай.

Энэ мэт дэлхий дүүрэн хашгираан дунд хүүхдээ “Амттанд бүү дурлуул, өнгөнд бүү шунуул. Нойронд бүү автуул ” ардын ёс уламжлал ийм тийм гэх зэрэг ярих бол улиг болохоос хэтрэхгүй. Шударга шуналгүй ёс жудагтай эх орон ч авлигалгүй гэх зэрэг ч лоозогнол ёсчирхол төдий хүчгүй. Энэ мэт хашгираан дунд хүн хүнээрээ, байгаль нийгэм байгаль нийгмээрээ цэвэр оршихгүй жам ёсоор хөгжихгүй гэдэг нь нэгэнт илт болсон хэрэг. Энэ соёл иргэншлийн хамгийн жижиг зөрчилдөөнөөс хамгийн том тулгамдал болсон дэлхийн дулаарал экологийн доройтол хар тамхи мансуурал дайн самуун цэрэг зэвсгийн улайрсан өрсөлдөөн зэрэг ч буруу хооллолтонд суурилсан амьдрал ахуйн шууд ба дам нөлөөллийн илрэлүүд билээ.

∗∗∗

БУРУУ ЗӨВ ХООЛЛОЛТ

c49d2a0d4788f4a4originalХаяа хязгааргүй их орчлон очивч өчүүхэн ч сул орон зайгүй долгион хэлбэлзлэл төдийгүй бидний бурхан чөтгөр гэж төсөөлж таамгалдаг нарийн болоод ухамсрын хэлбэлзлэлүүд ч тэнд найралдан түгсэн энерги махбоди долгион хэлбэлзлэлийн иж бүрдэл гэж хэлж болохоор тул хүнийг улаан хуй дунд асч буй зултай зүйрлэсэн зүйрлэл ч байдаг аа. Энэчлэн бидний матер гэж нэрлэдэг хатуу, шингэн, хийн төлөвт энгийн бүдүүнээс бодол санаа гэрэл дуу гэсэн нарийн руу долгион хэлбэлзлэлүүд гүнзгийрэн алдарчээ. Энэ дундаас хамгийн ил бодитой нь бүх төрлийн хоол унд янз бүрийн хэлбэлзэл давтамжтайгаар бидний бие сэтгэлд дохио мэдээлэл болж түгсээр байдаг байна. Нөгөөтэйгүүр энерги цагаа болоход тод бүдэг түг түмэн илрэх хэлбэртэй бөгөөд үг хэрэглээний эрт эдүгээгийн ялгаатайгаас биш үйлийн үр буюу шалтгаалцлалын хууль гэдэг. Энергийн л нэг хууль юм. Энэ тухай өргөн их мэдлэгийг бидний түрүү үеийнхэн мэдэж өнгөрчээ.

Говийн ноён хутагт Данзанравжаа “ Самуун үгт гайхлын яриа”-даа:

“ Үйлийн үрийг эс итгэвэл амьд боловч үхдэл мэт
Мэргэн боловч эрдэм нь омог болоод шатаж үхнэ.
Хаан боловч жаргал нь хор болоод согтож үхнэ.
Гуйранч боловч сэтгэл нь үүрэг болоод дарагдаж үхнэ
Нялх боловч нас нь илбэ болоод хууртаж үхнэ.
Амьд явавч эцсийн хэрэг нь ч үл бүтсэн тул
Шувууны чандир мэт болзоогүй тэнэж үхнэ. ” гэсэн байдаг.

Ер нь дэлхийд зөвхөн монголын нүүдэлчин соёл ахуйн дунд л үйл үрийн буюу шалтгаалцлалын хуулийн тухай ойлголт илүү гүнзгий ухагдан уламжлагдан ирсэн болох нь одоо нэгэнт тодорхой харагдаж байгаа билээ. Үүнийг батлах үүднээс чадан ядан зах зухаас сийрүүлюү би.

∗∗∗

 Олон жил гэр зэл эзэн хүнтэйгээ ээнэгшиж дассан хөгшин хөвөө малынхаа хөлийг амраая гэхдээ бусдад хол арилжиж, туулгаж, ачуулж, баглуулж мууг нь үзэхгүй гэхдээ тостой булууг нь өөрсдөө баръя гэдэг. Малыг муулахын өмнө айлгаж, цочоож, ширүүлж, дошгоруулахыг цээрлэдэг.

Цээрлэх ёсноос:

  • Байгаль дэлхий шинэдэн сэргэж, амьтан бүр хөхөн хөөрч баясах үе буюу хавар ногооноор мал амьтан муулахыг цээрлэдэг.

  • Амьтны үр төлийг мөн ороо нийллэг болон төллөх үеэр нь мал амьтныг хороох хөнөөхийг цээрлэдэг.

  • Сарын 15, битүүн зэрэг онцгой өдрүүдэд мөн гэрт, гэрийн үүд голлуулж, мөн бүрэнхий харанхуйд мал амьтан муулахыг цээрлэдэг.

  • Нар ургах, шингэх үед унтаж хэвтэх, нар сар хиртэж байхад идэж уух, унтаж байх зэргийг цээрлэдэг.

  • Хүүрийн газар идэж уух мөн тэнд эмэгтэй хүн хүүхэд очихыг хориглодог зэрэг нь “ Энерги ” эрчим урвах, хувирч сөрөгших улмаар хүн, байгаль, нийгэм ирээдүйг бохирлож, хямраахаас сэргийлсэн дээр дээрээс уламжлалт их шинжлэх ухаанч ёс юм.

  • Мөн мал амьтан муулах болоход амь таслах үед дэргэд нь хүүхэд эмэгтэйчүүд харж байхыг хориглодог.

  • Эмэгтэй хүнээр мах эвдүүлэхийг хориглодог зэрэг нь орчлонгийн хамаг анхил ариуны дээд байх ёстой бүхий л орчлонгийн эх болсон эмэгтэй хүн, ирээдүйн гэрэл гэгээт итгэл болсон хүүхэд багачуулаа энергийн булингарт унахаас сэргийлсэн ардын маань шинжлээгүй их гүн ухаан юм.

Мөн төр шашины үйл хэрэгт зүтгэхээр нэр данслагдсан хүн түүнийгээ амжиргааны хэрэгсэл болговол “ горын ” бузар болно гэх ба “ ГОР ” гэдэг харь үгийг манай мэргэд “ Муу үрийн боловсрол ” гэж хөрвүүлжээ. Энэ нь 10 хар нүглийн биеээр үйлдэх 3 нүглийн нэг болох  “ Эс өгснийг авах ” гэдэг дээрэм тонуул, хулгай, залилангийн төрөлд хамаарах аж. Дээдсийн сургаалд хулгайч хүний үр удмыг үйл зовлон үгээгүй ядуугийн хувь ерөөл хүлээж байдаг гэсэн аймшигт сануулга байдаг тул хулгай худлаар амьдрах, гэр бүл үр хүүхдээ тэжээж тэтгэхийг цээрлэж иржээ. Хулгайн малын мах шүүсэнд гар хүрэхээс ч айж, өвчин тахал мэт сэжиглэж ирсэн. Хар арга, бохир олз буруу гарын юу ч байсан мал сүрэг гэр бараандаа нийлүүлэх, байлгахыг цээрлэж буяндаа бузар оруулахгүй гэнэ. Энэ мэтээр буй бүхэндээ эерэг сайн “ энерги” эрчмийг хураана гэхийн учир нь “ биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засах ”-д байжээ.

Монгол ардын “ Зохистойг идэж уу

Билэгтэйг эдлэж хэрэглэ ” гэсэн сургаал байдаг.

Юуны түрүүнд биеэ эерэг сайн энергийн орон болгоод улмаар орон гэрээ цаашлаад төрөө эерэг сайн эрчмийн орон болгох их цаашилбал нийт соёл иргэншлийг ч засан тохижуулах гэсэн дэлхийд зөвхөн бидний өвөг “ урт дурынхнаас ” яс мах цусанд удамшсан нэгэн чанар бидний үе хүрч иржээ. Энэ бол одоохондоо бидний дотоодод унтаа хэлбэрт байгаа дэлхийн бүх алт эрдэнэсээр ч үнэлэшгүй их баялаг их хүч юм. Энэ бол Мөнх тэнгэрээс сэрээх дуут дохиог хүлээж буй мэт одоохондоо зүүдэлсэн, үнэгчилсэн, задарсан, ядарсан, хямарсан, доройтсон монгол л байна.

Харин энэ үндэстэн одоо сэрэх нэг цаг нь болсон шиг. Чанадын нэгэн дохиог хүлээж авсан юм шиг байна. Олон сайхан монгол эрчүүл ямар ч албадлагагүйгээр хар аяндаа архи тамхинаас гарч байна. Олон сайхан залуус ан гөрөөнөөс, албин зугаацалаас хар аяндаа татгалзаж байна. Сайн цаг ирж явааг дотоодоороо мэдэрч эхлэв үү ! Монголчууд сүнсээрээ сэрж эхэлж байна. Одоо гагцхүү бие биендээ урам зориг өгч, бие биенээ хүлцэн уучилж хайрлаж явах л үлджээ. Одоо зөвхөн гажуудсан түүх соёл зан заншлаа засч, залруулж түүнээ аж төрөх ёс болгон

“Ёс ёмбогор Төр төмбгөр”-ийг л гаргаж ирэхээ үзэх хэрэгтэй болжээ.

 

ХУУЛЬ БА ЗҮЙ ТОГТОЛ

Чингис хаанаас өмнө энэ соёл иргэншилд гурван үе шаттай хууль үйлчилж байж. Хамгийн дээр бурханы хууль буюу зоригдол үгүй хайр нигүүсэл дээд эрх чөлөөний хууль. Дунд шатанд үйл үр шалтгаалцлын хууль, гуравдахь шатанд байгалийн хууль гэсэн дээрх дээрхдээ захирагдсан гурван хууль үйлчилж байж. Харин Чингис хааны их үйл хэргийн дараа овог аймаг ханлигууд илүү томсгосон нийгмийн зохион байгуулалтанд орсоноор дөрөв дэхь шатны хууль болох. Нийгмийн харилцааны хууль урган гарч ирэв. Тэр харьцааг зохицуулан хянах шаардлагаар тав дахь шатны хууль болох төрийн хууль төртэйгөө урган гарахад хүрэв. Ингэж бидний энэ соёл иргэншилд уугуул 3, ургасан 2 нийлсэн 5 үе шат хууль үйлчлэх “Барилдлага ерөөлтэй” болсон ч зүй тогтол бүрдэлгүй байсаар төрөлхтөний жам ёсны хөгжим горьдлого болсоор Э.Межелайтиеийн

“ Орчлон бөмбөрцгийг хөлөөрөө тулан
Наран бөмбөрцгийг гараараа барин
Орчлон
Наран
Хоёр бөмбөрцгийн
Хооронд гүүр болон зогсох ”

“Хүн” хөгжих зүй тогтлынхоо цөмийг өөрөөс бүтээж, чадахгүйдээ ийн удвал энэ гариг дэлхий огторгуйд цацрах цог жавхлант гэрэлгүй яруусан дуурсах дуугүй

“ Нармийсан
Хорчийсон
Үхсэн бөмбөрцөг байх шүү дээ ”-д хүрч мэднэ.

Дэлхийгээ чимэглэн олон улс гүрэн болон алаглавч нийгмийн зохион байгуулалтанд орж дангаарчилж даяарчилж түг түмэн хэлбэрээр сүлжээ харилцаа үүсгэвч эндээс төр төрж оршин байх цаг орон нөхцөлөөр ивээгдэж байсангүй. Бид гэхэд л өөрсдийгөө төрт ёсны олон зууны уламжлалтай гэдэг ч олон улсын жишигээр төр засаггүй нам засагтай улс болчихоод 91 жил “ Доголонгийн газар доголон сохрын газар сохор ” болоод явж ирэв. Урд нь төр засагтай байсан гэдэг нь Манжийн, Богдын, Автномит төрийг хэлж байгаа бишээ. Дээр дээрээс уламжлагдаж зузаарсан ардын их соёлт зан заншлууд цэцэн мэргэн үг сургаалиуд нийгэм доороо аж төрөх ёс болж засаглал дээрээ хууль журамд тусгагдан дээдлэгдэж явсаныг хэлж байгаа юм. Тийм нэгэн эвсэл зохицолыг 91 жилийн өмнө Феодалын гэж халж “Ёс ёмбогороос төр төмбөгөр” байхыг болиулсан юм. Одоо бол дэлхийд нам засгуудын дэглэм зонхилсон цэрэг армийн, шашны дэглэмүүд удаалсан хаанахын аль ч улс жинхэнэ төр засагтай байх боломжгүй олон улсын гөшүүн хатуу жишиг тогтсон үе байна. Гэтэл яагаад эрэмдэг зэрэмдэг зүй тогтолтой энэ дэлхий сүйдэж дуусалгүй сөнөж, мөхчихгүй экологийн сүйрэлдээ шаналж, тарчилсаар, агссан их зэр зэвсэгээ дааж ядан гол горьдлогор тасарчихгүй оршсоор байна вэ? Ингэж тэсэхийн нууц нь дэлхийн ард түмнүүдийн саруул оюун цэцэн билэгт л байгаа байна. Дээр ямар засаглал байхаас үл хамаарч ёс төртэй их ард түмнүүдийн буян заяа дийлдэг байна. Гадны эрхшээлд орж, зуун зуунаар колончлогдовч, гаднаас харахад улс төрийн хамаг эрх мэдэл нь булаагдсан мэт харагдавч “дотроо” ёстой төртэй, түүнийхээ хар хайрцагны бодлогыг “соёл”, “зан заншил” цэцэн мэргэн үг сургаалдаа шингээн түүнээ аж төрөх ёс болгон улс үндэсний дархлаа болгож чадаад давж гарсан бидний түүхийн томсгосон хэлбэр дэлхийн түүхэнд одоо давтагдаж болох байна.

Ёс төртэй их ард түмнүүдийн жин зангараг гэдэг ийм байдаг байна. Одоо эргээд харахад бид манжийн эрхшээлд байсан биш бид “тэднийг өөртөө дурлуулж, хорхойсуулж” идэх залгих гэхэд нь аж төрөх байдал соёл, зан заншлаараа сөрж тамирдуулсаар мөхөөж орхижээ. Ёс төртэй их ард түмний буян заяа жин даац гэдэг ийм байдгийг бидний өвөг дээдэс түүхэнд ийнхүү барлан үлдээжээ. Бид тэдний үр сад юм.

Энд бяцхан тодруулга хийж түүхээс өгүүлюү.

Тодруулга: “Аливаа үндэстэнийг мөхөөе гэвэл үндэсний онцлогтой хоолны соёлыг нь алдуул” ийм нэгэн далд хорон бодлого үндэстэн дунд байдгийг өнөөгийн бид үгүйсгэсэн мэт байгаа бол бидний өвөг дээдэс үгүйсгээгүйгээр барахгүй “угийн уг” тэр язгуурын соёлоо төрийн хар хайрцагны бодлого болгон авч явжээ. Үндэсний онцлогтой хоолны соёлоос үндэсний онцлогт ахуй бүрэлдэж тэр ахуйгаас олон өнгийн соёл ёс заншил, зан үйлүүд мөчирлөн ургасан байдаг бол “угийн уг” язгуурын соёл болох үндэсний онцлогтой хоол хүнс хэрэглээний соёл алдагдахад ахуй нь бусинаж, соёл зан заншлууд ургаалж, хөрсгүй болж эв нэгдэл алдагдаж, байгаль нийгэмд хөл захгүй их хямрал болдог байна. Үүнийг урьдчилж харсан манай ухаанд мэргэд түүний дотроос анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Манжийн эрхшээлд орохдоо гол дөрвөн заалт бүхий гэрээ байгуулсаны дотор “Үндэсний онцлогтой хоол хүнс хэрэглээний соёлоо хамгаалсан” чухал заалт оруулсаны учир үүнд л байжээ.

Багахан түүх өгүүлюү:

Оочны сахал шиг бөөрцхөн энэ монголчууд хүнс хоолоороо даяарчлагдвал тун төдөлгүй уусч устана гэдгийг бидний өвөг дээдэс гүнээ мэдэж байсан тул Манжийн эрхшээлд 200 гаруй жил болохдоо ямартай ч хүнс хоолоороо нангиадчилагдахгүй гэснээр барахгүй харин ч эерэгээр өвөрмөц аж төрөх хэв маягаараа тэднийг үг дуугүй сөрөн он удтал залхаасаар тэднийг муужруулжээ. Энэ бол тэр үеийн хошуу нутаг бүрт түгэн байрласан Да-Шин пүүсний суурин наймаачуудад алгын чинээ ч газар хагалан ногоо тарихыг зөвшөөрсөнгүй. Ховд, Улиастайн амбангуудад ч мөн адил зоргоороо нутагтаа байгаа юм шиг газар хагачин дасал болсон хоол хүнсээ зэхэн бэлдэж, идээшин суух эрхийг олгосонгүй . Урд газраас нь ваар савтай даршмал ногоог нь зөөлгөсөөр, малынхаа зах заазыг нохой явган, гахай нүцгэн голио царцаан идэштэй шаахайг нь мөрөвчлүүлэн туулгаж залхаасаар эцэст нь Ховдыг чөлөөлөх болоход эзэн Чингисийн үеийн цэрэг дайны нэгэн аргыг хэрэглэн хэрмэн дотор нь сар хоногоор бүслэн хааж гаднаас хоол болох шувууг ч оруулалгүй бүслэн хаасаар өөрсдөө нэг ч хүний амь гарздахгүй эрх чөлөө тусгаар тогтнолоо  эргүүлэн авч чаджээ. Энэ бол сууриа бөхлөж цаг тохиолыг хүлээж сурсан монгол холч ухаан бөгөөд орчлон хорвоод цаг хугацаанаас хүчирхэг юм үгүй гэдгийг амьдрал үйлээрээ нотолсон явдал байв.

Энэ нь бас Үндэстэн гэдэг үндэсээ гүн яргуулж, хөрсөндөө ургаж байхад зангуу хамхуул мэтэд нутагшин ургах зай завсаргүй гэсэн адил илэрхийлэл байжээ.

© duuren.mn

Leave a Reply