“Зулай цагаан Алтай” дуу төрсөн түүхээс

10530884_740973109311191_5761510912549273373_n

1985 онд Говь-Алтай аймгийн захиргааны шийдвэрээр манай Бугат сумыг аймгийн хэмжээнд сурталчлах ажил зохион байгуулж тэр жилийн 11-н сард Алтай хотод соёлын арга хэмжээ сум орон нутгаа сурталчлан таниулах ажил зохиогдож концерт тоглох ажил төлөвлөгдсөн юм. Энэ ажлын бэлтгэл болгож сум нэгдлийн дарга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О. Ядамхүү тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч АУДуС-д мэс заслын багшаар ажиллаж байсан манай сумын харъяат Зүмбэрэлийн Гүнсэнд биечлэн захиалга өгч концертын эхэнд унших Бугат нутгаа магтан дуулсан утга агуулгатай шинэ бүтээл хийж өгөх хүсэлт тавьжээ. Энэ хүсэлтийн дагуу “Зулай цагаан Алтай” дууны шүлгийг бичсэний дараахан 1985 оны 6-р сард 10-р анги төгсөгчдөөс их, дээд сургууль, техниккумд /тухайн үеийн мэргэжлийн сургуулиуд/ элсэлт авахаар Говь-Алтай аймагт очсон их, дээд сургуулийн багш нарын бүрэлдэхүүнд Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш хөгжмийн зохиолч Ч.Сангидорж очих үед зохиолч эмч 3.Гүнсэн нутгийнхаа уул усыг магтан дуулсан шинэ шүлгэндээ ая зохиож өгөхийг хүссэн байна. Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж мөн тэр өдөртөө 3.Гүнсэн гуайг дуудаж төгөлдөр хуур хөгжимд ая тоглож өөрөө аялан дуулж чиний энэ дууны чинь аялгуу нь шүлгийг уншихад өөрөө сэтгэлд буугаад ирлээ хэмээн дууг бүтээсэн тухайгаа өгүүлж байсан гэсэн. Харин 3.Гүнсэн хөгжмийн зохиолчид хандаж та энэ дууг 1985 оны 11-р сар хүртэл хэн нэгэн дуучинд өгөхгүйгээр хүлээж байна уу. Учир нь миний нутгийн /Говь-Алтай аймгийн Бугат сумын/ соёлын өдрүүд Алтай хотод болох бөгөөд тэр үед энэ дуу анх удаагаа дуулагдах ёстой, сум нэгдлийн дарга БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар О.Ядамхүүгийн тусгай захиалгаар энэ дууг бид хоёр бүтээлээ гэдгийг ярьжээ. Ингээд 1985 оны 11-р сард Алтай хотод Бугат сумын соёлын өдрүүд болж тэр арга хэмжээний урлагийн тоглолтын нээлт болгож манай сумын 8-н жилийн дунд сургуулийн хөгжмийн багш Л. Батцагаан баянхуур хөгжимд тоглож аав минь /Н.Сүхбаатар/ энэ алдарт дууг анх удаа Алтайчууддаа сонсгож Ардын дуу бүжгийн Алтай чуулгын тайзан дээр дуулсан бөгөөд үүгээрээ одоо ч бахархан дурсаж байдаг юм.

Хожим нь энэ дууг Ардын жүжигчин Хавдалааш дуулж монголын радиогийн алтан фондод бичигдсэнээр Монголын Ард түмэнд энэ дуу алдаршсан. 2004 онд Монголын Улаан загалмайн ерөнхий нарийн бичгийн дарга Чандмана сумын харьяат Самдандоржийн санаачлагаар Алтай хотод “Зулай цагаан Алтай” дуунд зориулсан хөшөө дурсгалыг бүтээн босгож Говь-Алтайчууд маань энэ дууг сүлд дуугаа болгосноо албан ёсоор баталгаажуулсан билээ.

© duuren.mn

“Зулай цагаан Алтай” дуу төрсөн түүхээс

  1. Pingback: lace frontal

Leave a Reply