Антибиотик гэж юу вэ?

antibioticАнтибиотик бол бусад бичил биетүүдэд хүчтэй нөлөөлөх чадвартай бодис юм.
«Антибиотик» гэдэг үгийг грек хэлнээс орчуулах юм бол «амьдралын эсрэг» гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл антибиотик бол бусад амьд биетийн өсөлтийг зогсоодог, эсвэл амьдрах чадварыг бүрэн үгүй хийдэг онцгой мөөгний нэг төрөл зүйл юм. Английн бактерлогич эрдэмтэн Александр Флеминг 1928 оны 9 сарын 15-нд туршилт хийж байхдаа нэг сонирхолтой үзэгдлийг ажиглажээ. Тэр олон арван жилийн турш хүний бие махбодийг бактерийн халдвараас хамгаалах боломжийг хайж туршилт хийж байсан юм.

Түүний туршилт хийдэг лабораторид жижигхэн аяганцарт олон төрлийн нян үржүүлдэг байжээ. Нян ургуулж байсан нэг аяганцрын захаар нь хөгц үүсэж ойр орчимд нь байсан нянгууд үхсэн байжээ. Хөгц эргэн тойрондоо нян устгадаг зүйл ялгаруулж байна гэж Флеминг таамагласан байна. Тэр хөгцийг аяганы ероол руу хийжээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр нянгууд бүгд үхсэн байна. Хөгц нянгийн эсрэг үйлчлэл үзүүлж байгааг Флеминг тогтоож чаджээ. Хөгцний мөөгөнцрийг тэр пенициллин гэж нэрлэжээ. Тухайн үед пенициллинийг цэвэр хэлбэрээр нь гарган аваагүй бөгөөд хөгцний мөөгөнцрийг шууд хэрэглэх нь тохиромж муутай байсан юм. 1930 оны турш пенициллин гарган авах гэсэн хэд хэдэн туршилт хийсэн ч бүгд амжилтгүй дуусжээ. 1938 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэн Говард Флори, Эрнст Чейн нар пенициллинийг цэвэр хэлбэрээр нь гарган авч чадсан байна. Пеницилинийг 1941 оноос хэрэглэж эхлэж, 1943 он гэхэд энэ эмийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн байна. 1945 онд Флеминг, Флори, Чейни нар Нобелийн шагнал хүртсэн байна.

Пенициллиний ачаар олон мянган хүний амь аврагдсан юм. Пенициллин бол нянгийн эсрэг үйлчилгээтэй хамгийн анхны эм болсон юм. Ингэснээр нян устгах чадвартай антибиотик гарган авах эхлэл тавигджээ.

Антибиотик нь концентрацаасаа хамаарч бичил биетүүдийн өсөлтийг зогсоож улмаар үхэлд хүргэдэг. Олон төрлийн халдварт болон хүнд өвчний үед антибиотик зайлшгүй хэрэглэдэг. Антибиотикийг мэс засал хийлгэсэн хүнд эмч нар уулгах, тарихыг зөвлөдөг. Антибиотик аюулт өвчнөөс ангижруулж чадах боловч маш олон сөрөг нөлөө дагуулдаг. Жишээ нь пенициллин стафилококкийн халдвараар үүссэн ханиад тусах үед тус болох ч микоплазмаас болж уушиг үрэвсэх үед ямар ч үр дүнгүй. Хүн төрөлхтнийг мянга мянган жил зовоосон халдвараас антибиотикууд аварчээ.

Гэвч маш хүчтэй антибиотик эм гарган авсны дараа тэдний хор нөлөөний талаар ярьж эхлээд байна. Эмийг төгөлдөржүүлэх үед зөвхөн мэдрэмтгий бактерийг л устгаж байгаа нь тогтоогджээ. Харин хамгийн хүчирхэг бактерийг нь устгаж чаддаггүй байна. Харин ч хүчирхэг бактерийн эд эсэд хувьсал (мутац) гардаг байна. Өөрөөр хэлбэл антибиотикт тэсвэртэй супер бактери бий болж байна гэсэн үг юм. Антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэх үед ходоод гэдсэнд байдаг хүний биед хэрэгтэй бичил орчинг устгадаг байна. Энэ нь цаашид элэг, бөөр, ходоодний өвчин тусах эх үүсвэрийг бүрдүүлдэг. Жаахан л хамрын ханиад тусаад антибиотик хэрэглэдэг хүмүүс харшил тусах нь элбэг байдаг.

Антибиотикийн хордлогод орохгүйн тулд дур мэдэн хүчтэй үйлчилгээтэй энэ эмийг хэрэглэж болохгүй. Антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой юм. Антибиотикийн хортой нөлөөг бууруулах зорилготой өөр эмийг ч хавсарч хэрэглэдэг. Сүүн бүтээгдэхүүнд хүний ходоод гэдэсний бичил орчинг эргэж сэргээдэг бодис агуулагддаг тул антибиотик хэрэглэсний дараа тараг, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.

Г.Мэндхүү

Антибиотик гэж юу вэ?

  1. Pingback: human hair weave

Leave a Reply