Оюунтолгой төслийн хэрэгжилтийн талаарх гишүүдийн асуулгад ерөнхий сайд хариулт өгөв

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны /2015.10.10.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаарх гишүүдийн асуулгын хариуг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Оюутолгой” нь тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани

Ерөнхий сайд гишүүдийн асуулгад өгсөн хариултдаа, “Оюутолгой” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шууд болон шууд бус байдлаар татвар, хураамж, төлбөр төлж, улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Тухайлбал, тус компанийн борлуулалтын орлого 2013 онд 59.4 сая, 2014 онд 1,945.7 сая ам.доллар байсан бол улсын төсөвт 2013 онд 173 сая, 2014 онд 207 сая ам.доллар, үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны татварт 2013 онд 4.7 сая, 2014 онд 67.8 сая ам.долларын татвар төлжээ. Харин баяжмал үйлдвэрлэлт 2013 онд 290 мянга, 2014 онд 563 мянган тонн, зэсийн баяжмал ачилт 2013 онд 74.9 мянга, 2014 онд 742.9 мянган тонн, зэсийн баяжмалын борлуулалт 2013 онд 24.1 мянган тонн байсан бол 2014 онд 733 мянган тонн болж өссөнийг дурдав.

Асуулга тавьсан гишүүд Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар Рио Тинто компанитай хийж буй хэлцлийн агуулга, үр дүн ямар байгаа талаар,Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Оюутолгойн баялгийн борлуулалтын орлогыг Монголын татварын дансаар дамжуулдаг болгох, зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын явц ямар байгаа талаар хариулт авахыг хүсчээ. Энэ талаар Ерөнхий сайд хариулахдаа, Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д “Засгийн газраас бичгээр хүсэлт гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 3 /гурав/ жилийн дотор Хөрөнгө оруулагч Үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалын Бүтээгдэхүүнийг металл болгох, зэс хайлуулах үйлдвэрийг /цаашид “Хайлуулах үйлдвэр” гэх/ Монгол Улсад барих. ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг боловсруулна” гэж заасан. Үүний дагуу “Оюутолгой” ХХК зэс хайлуулах үйлдвэртэй холбоотой судалгааны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монголын талын хувьцаа эзэмшигчдийн зүгээс мөн ялгаагүй гэрээний хэрэгжилт буюу зэс хайлуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг баримталж ажиллаж байгаа гэдгийг хэлэв. Түүнчлэн “Оюутолгой” ХХК нь Улсын Их Хурлаас баталсан тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Оюутолгой” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлдөг. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Эрдэнэт” УҮГ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өссөн шатлалаар төлөх эрх зүйн орчин бүрдсэн гээд энэ талаарх зарим тоо баримтыг дурдав.

Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар байгуулсан “Оюутолгой” ХХК-ийн зардлын хэтрэлтийг шалгах Ажпын хэсгийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг асуулга тавьсан гишүүд хүсчээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д туссанаар Оюутолгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих гэх зэрэг зарим ажил хийгдээгүй бөгөөд дээрх нөхцөл байдалд нийцүүлж ТЭЗҮ-д тохиргоо хийхэд 4.7 тэрбум ам.доллар болж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж, анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д таамагласнаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Энэ нь ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлт, цаг хугацааны хэтрэлт, татвар зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгааг дурдлаа. Тухайлбал, ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлтийн тухайд алд уурхайн босоо амуудыг өргөтгөх, агааржуулалтыг сайжруулах, аюулгүйн тоноглолыг нэмэх, хонгилуудыг өргөтгөх зэрэг ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ анх төлөвлөж байсан хугацаанаас даруй 9 сараар хоцорч зурагдсан. Хүчин төгөлдөр болох хугацаа мөн адил 6 сарын дараа үйлчилж эхэлсэн бөгөөд үүний дагуу зохих ажлуудыг эхлүүлэх үйл ажиллагаа олон сараар хоцорч, багагүй хохирол учруулсан. Газар, барилга, ус, цахилгааны болон бусад ажлын зөвшөөрлүүд хугацаандаа олгогдоогүйгээс гэрээ байгуулсан компаниудад алданги төлөх, зураг, тооцооны ажлыг дахин шинэчлэх, бараа, материалыг нэмж агуулах. суурилуулсан эд зүйлсийг хадгалж хамгаалах, зээлийн хүүгийн төлбөр гэх зэрэг тооцоогүй зардлууд гарсан. Ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад дэлхийн өнцөг булан бүрээс ханган нийлүүлж байгаа харилцагчдаас ирүүлсэн бараа, материалуудын шаардлага бүрэн хангах байдал, стандарт, угсарсан байдал, хоорондын уялдаа зэрэг нь ялгаатай байсан учир нэмэлт татан авалт олонтаа хийгдсэн.

НӨАТ, менежментийн төлбөрийн тухайд Хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар анх НӨАТ-ыг буцаан олгоно гэж тохирсон боловч явцын дунд энэ нь өөрчлөгдсөн. Иймд 2012 он хүртэл 243 сая ам.долларын НӨАТ төлсөн нь зардлын хэтрэлтэд нөлөөлсөн. Мөн менежментийн зардлыг ТЭЗҮ-д туссаны дагуу зардлын өсөлттэй уялдуулж тооцсон нь өсөлтөд нөлөөлөх шалтгаан болсон. Хэдийгээр дээрх зардлын хэтрэлтүүд хөрөнгө оруулагч талуудад ашиггүй ч Монгол Улсад 243 сая ам.долларын НӨАТ-ын орлогыг нэмж төвлөрүүлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг дурдав.

Хөрөнгө оруулагчтай эвлэрлийн гэрээ байгуулж, татварын төлөх өр, анхны хөрөнгө оруулалтын гэрээний баримтаар баталгаажаагүй 2.0 тэрбум ам.долларын хэтрэлтийг цайруулах саналыг Засгийн газраас тавьсан эсэх, харилцан буулт хийх яриа, хэлцэл явагдаж байгаа эсэх тухайд Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийсэн гэдгийг хэллээ.

Ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр шийдвэрлэвэл зохих асуудлын хэрэгжилтийн тухайд “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн түвшинд шийдвэрлэх 4 асуудлаас нэг асуудал нь бүрэн биелсэн, харин нэг асуудал нь 80, хоёр асуудал нь 70 хувийн явцтай байгаа. “Эрдэнэс-Оюутолгой” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн түвшинд хамтран шийдвэрлэх 5 асуудлаас 4 нь 75-100 хувийн хэрэгжилттэй, нэг асуудал нь байнга хэрэгжих ангилалд байна. Харин “Оюутолгой” ХХК-ийн түвшинд шийдвэрлэх 18 асуудлаас 12 асуудал 100 хувь хэрэгжсэн, 4 асуудал нь 80 хувийн хэрэгжилттэй, 2 асуудал нь байнга хэрэгжих ангилалд хянагдаж байна. Нийт 27 асуудал дунджаар 88 хувийн хэрэгжилттэй байгааг гишүүдийн асуулгын талаарх танилцуулгад дурдсан байна.

Далд уурхайн санхүүжилтийг энэ ондоо багтааж шийдвэрлэнэ

Гишүүдийн тавьсан асуулга, түүнд өгсөн Ерөнхий сайдын хариулттай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайд болон Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нараас асуулт асууж тодруулав.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Оюутолгой төслийн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөхгүйгээр зөвхөн далд уурхайг ашиглалтад оруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хоёр тал баталсан. Хөрөнгө оруулагч тал олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас амласан санхүүжилтийн асуудлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа. Энэхүү төслийн санхүүжилтийг авснаар хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах боломж бүрдэх юм гэдгийг хэлэв. Харин “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд хэлэхдээ, хөрөнгө оруулалтын гэрээ нь сүүлд байгуулсан төлөвлөгөөтэй зөрчилдөхгүй, хэтдээ маргаан үүсэх ямар нэг эрсдэлгүй гэж үзэж байгаа. Энэ төлөвлөгөөгөөр зарим зүйлийг тодруулж, хариуцлагын тогтолцоог суулгаж өгсөн. Далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэмжээнд бүрэн хэмжээгээр хараахан хүрээгүй байгаа. Дубайн гэрээ гэх төлөвлөгөөгөөр тохирсон ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Хөрөнгө оруулагч тал энэ оны 11 дүгээр сард багтаж дэлхийн 15 банктай зээлийн гэрээ зурснаар мөнгөний урсгал эхэлнэ гэж харж байгаа гэлээ. Мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхан “Оюутолгойн далд уурхайг бүтээн байгуулах нийт төсөв болох 6 тэрбум орчим долларын 4 тэрбум орчмыг нь банкны зээлээр, үлдсэн хэсгийг нь Оюутолгой компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон” гэсэн хариулт өгөв. Харин Оюутолгой компани Өмнөговь аймгийн зарим суманд жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг талаарх гишүүний асуултад “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд тус компани орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс Өмнөговь аймгийн гурван суманд жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь дэмждэг. Энэ зардал Оюутолгой компанийн үйл ажиллагааны зардалд тусдаг. Тиймээс төлөх татвараас нь хасагдаж тооцогддог гэсэн хариулт өгсөн юм.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Ганбаатар, Ч.Улаан нар асуулт асууж тодруулсны дараа асуулга тавьсан гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлсэн юм. Тэрээр хөрөнгө оруулагч компани нь хариуцлагатай ажилладаг, оруулсан хөрөнгө нь үр ашигтай зарцуулагддаг байх зарчмын үүднээс гишүүд Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан. Оюутолгойн төсөл хөдөлж байгаа, бас Дубайн гэрээ байгуулагдсан ч ярьсан хэлсэн зүйл нь хэрэгжихгүй, энэ онд баригдсан байх ёстой далд уурхайн ажил явц муутай байна гээд Улсын Их Хурлын тухай хуульд шаардлагатай гэж үзвэл гишүүний асуулгыг холбогдох байнгын хороонд оруулж хэлэлцүүлэхээр заасан байдаг тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх чиглэл өгөх хүсэлт гаргасан юм. Энэ тухайд Улсын Их Хурлын дарга асуудлыг Эдийн засгийн байнгны хороон дээр ярих эсэх нь гишүүний эрхийн асуудал гэдгийг хэллээ. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Leave a Reply