Транс өөхнөөс татгалзацгаая!

23525Зуу гаран жилийн өмнө ургамлын тосыг хатууруулах аргыг нээж, хүнсний хэрэглээнд хувьсгал авчирлаа хэмээн бахархаж байлаа. Шингэн тосыг ингэж тасалгааны хэмд хайлахааргүй хатууруулснаар масло, маргарин бүхий бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах, үнийг нь хямдруулах, амтыг нь сайжруулах боломжтой болж, хүн төрөлхтөн хэдэн үеэрээ хэрэглэсээр ирлээ. Гэтэл ингэж үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс өөх хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа талаар 1990-ээд оноос хойш яригдах болсон. Зохиомлоор гаргаж авсан транс өөх зүрх судасны өвчин, үргүйдэлт, Алцхаймэрийн өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар, умай салстах зэрэг өвчлөлийн эх үүсвэр болдгийг 1990-ээд оны эхээр орчин үеийн шинжлэх ухаан олж тогтоосноос хойш транс өөхний хэрэглээнээс улс орнууд татгалзахыг оролдсоор байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэг хүн өдөрт 2 граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байснаа 2009 онд энэ шийдвэрээ эргэн харж, хүнсний бүтээгдэхүүнд транс өөх хэрэглэхээс ор тас татгалзахыг санал болгосон.

Транс өөхний хэрэглээг 2-хон хувь нэмэхэд инфарктаар өвдөх магадлал 23 хувиар нэмэгддэгийг эрдэмтэд судлан тогтоогоод байна. Хүнсний маш олон бүтээгдэхүүнд хэрэглэдэг транс өөх нь хүүхдийн хөгжилд маш хортой нөлөөлдөг. Манайд ямар ч хяналтгүй зарагддаг вафли, бялуу, чихэр, бэлэн гоймон, чипс, зайрмаг, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн, талх боовны найрлаганд транс өөх их хэмжээгээр агуулагддаг. Транс өөхний хор хөнөөлийн талаар мэдээлэл сайн түгээж, олон нийтэд ойлгуулах хэрэгтэй байна. Оросын эрдэмтэд чихэрт 20%, шоколадтай бялуунд 30%, манайхны масло гэж хэрэглээд байдаг маргаринд 20-иос дээш хувийн транс өөх байдгийг тогтоогоод байна.

Дани 2003 онд транс өөхний хэмжээ 2 хувиас ихгүй байхыг хуулиар стандартчилсан. Ингэснээр 20 жилийн дараа зүрхний шигдээс өвчнийг 50 хувь багасгана гэж тооцож байгаа. Швейцарь бол Данийн жишгийг дагасан 2 дахь орон. Австри, Бразил, Канад, Израйль, Швед, Англи зэрэг олон оронд транс өөхний хэмжээг зааж, бүтээгдэхүүндээрээ заавал бичдэг болсон. Орос 2018 он гэхэд энэ хэмжээнд очихыг зөвлөж байгаа. АНУ-д 2006 оны нэгдүгээр сараас эхлэн хүнсний бүтээгдхүүнд агуулагдаж байгаа транс өөхний хэмжээг сав, боодол дээр нь заавал бичдэг байсан. Тэгвэл энэ зун Америкийн эм, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах алба (Foog and Drug administration) ургамлын хатууруулсан тосыг хэрэглэх явдалд хориг тавьж, гурван жилийн дотор буюу 2018 оноос транс өөхний хэрэглээнээс бүрэн татгалзахыг үүрэг болгожээ. Аргентин 2014.12.10-наас эхлэн транс өөхнөөс бүрэн татгалзаад байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын зардал жилд 100 сая доллараар хэмнэгдэнэ гэсэн тооцоо хийсэн.

НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга, АУ-ны доктор Жазагийн Амарсанаа

(Лавлах утас: 88059661)

Транс өөхнөөс татгалзацгаая!

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply