Мацаг барих буюу хоолоо сойх ёс

Урт насалж эрүүл энх явах зарчмуудыг тайлбарлаж, уламжлалт болон орчин үеийн эмчилгээний аргыг харьцуулан судалж бичсэн Ү.Байгалмаагийн “Эрүүл энх урт наслахын нууц” номноос сонирхуулж байна.


 

book22 Эрүүл байхын нэг үндэс нь зөв хооллолтын дэглэм баримтлах явдал юм.

Зөв хооллолтын дэглэмд хамаарах нэг зүйл бол мацаг барих буюу хоол сойх ёс билээ.

Мацаг гэдэг нь ямар нэг шалтгаанаар хоол идэх эсвэл ус уухаас тодорхой хэмжээгээр юм уу бүрэн татгалзах гэсэн ойлголтыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл бие организмыг цэвэршүүлэх, өвчнөөс ангижрах, оюун ухаанаа төгөлдөржүүлэх зорилгоор хүн ямар нэг хоолноос, зарим тохиолдолд уснаас татгалзах сайн дурын үйлдэл юм.

Эрт дээр үеэс манай монголчууд билгийн тооллын 8, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ буян номын үйлд шамдаж, махан хоолыг тэвчиж, цагаан хоол идэж мацаг барих уламжлал тогтсон билээ.

Мацаг нь бие махбодын байгалын цэвэршилтийн процесс бөгөөд эрт үеийн мэргэд ухаантнууд тогтмол мацаг барьдаг байсан, ингэхдээ дан ганц эрүүл байхын тулд ч биш, сэтгэхүй, оюун санааны өндөрлөгт хүрэх зорилготой байжээ.

Тэд тодорхой хугацаанд хоол ундыг тэвчин зогсоох нь бие махбодыг өөрөөр нь цэвэршүүлж, хуримтлагдсан хор хаягдлыг хөөж гаргаснаар хоол боловсруулахад зарцуулагдах их энерги гүн бясалгал мэтийн оюуны үйлдэл хийхэд тархинд үйлчилдэг гэдэгт бат итгэлтэй байсныг эх сурвалжид тэмдэглэж үлдээсэн байдаг.

Монголчуудын хувьд ч мацаг барих нарийн дэг журамтай, биеийг хорт бодисоос цэвэрлэх хэвшсэн арга байжээ.

Ялангуяа урьдын цагт лам нар махан хоолыг тэвчиж, тодорхой хугацаанд “мацаг барих” сахилтай байсан бөгөөд монголчууд мах ерөөс иддэггүй хүнийг “мацагтай хүн” гэж нэрлэдэг байв. Цагаан хоол идэх өдрийг мацаг өдөр гэж нэрлэж заншжээ.

Энэхүү монголчуудын мацаг барих ёсонд лам нар сард нэг удаа бүтэн нэг хоног дуугаа хурааж хоол, унд хэрэглэхгүи байх, ингэснээрээ хий босохоос сэргийлэн суудаг байсан бөгөөд үүнийг “нүгнээнд суух”, харин сард хоёроос доошгүй удаа үдээс өмнө бага зэрэг амны идээ хэрэглэж үдээс хойш юм идэхгүй, уух юмыг өдрийн турш маш бага хэрэглэх (үүнийгээ “гүнцэг авах” гэж нэрлэдэг) зэрэг олон аргаар биеэ цэвэрлэдэг байжээ.

Ер нь лам хувраг хүний хувьд дандаа ном үзэж байдаг, хий их голлосон ажил хийдэг, их суудлын, хөдөлгөөн багатай байдаг учраас илчлэг өндөр хүнд хоолны шаардлага байхгүй аль болохоор сэргэг, хөнгөн байх үүднээс хоолоо хүртэл ингэж ухаалгаар зохицуулдаг байжээ.

Ийм учраас өдрийн турш бичиг цаастай ажилладаг номын хүмүүс, эрдэм ном сурахаар хичээнгүйлэн зүтгэж буй оюутнууд, зөөлөн суудалтай машин барин өдөржин явдаг болон компьютерийн ард удаан сууж ажиллах шаардлагатай хөдөлгөөн багатай байдаг хүмүүс лам нарын энэхүү ухаалаг ёсноос хэрхэн зөв мацаг барих талаар зөвлөлгөө авах нь чухал.

Тогтмол мацаг барих нь хүний биед хуримтлагдсан олон хорт бодис, илүүдэл хаягдлыг биеэс цэвэрлэх дотоод биеийн цэвэрлэгээ юм. Ингэснээр хүний оюун санаа ч эрүүлжиж элдэв янзын өвчнөөс сэргийлж чаддаг.

Мацаг барихыг хэт олон хоног үргэлжлүүлвэл сөрөг нөлөөтэй. Хоёр буюу түүнээс дээш хоногоор мацаг баривал тухайн хүний даралт нь унах, толгой эргэх, ухаан алдаж унах болон өөрт хэрэгтэй эрдэс бодисын дутагдалд орж биед сөргөөр нөлөөлдөг.

Хүндэвтэр хэлбэрийн зүрх судас, бөөрний болон элэгний дутагдлын үед мөн ходоодны шархтай хүмүүст мацаг барихыг хориглодог. Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд мацаг барих хэрэггүй.

Түүнчлэн мацгийг гэнэт огцом бус аажим дасгаж барих хэрэгтэй. Мөн мацаг барих үедээ бясалгал хийж байхыг эмч нар зөвлөдөг. Хүн мацаг барина гэдэг нь өөрийн сэтгэлийг барьж хянахын тулд сэтгэлийн ханамжаа сайн дураараа хязгаарлана гэсэн үг юм. Иймд мацаг барихын тулд тухайн хүн сэтгэл санааны маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Мацаг барьдаг хүмүүс мацагийн өдрүүдэд ухаан санаа нь тод ойлгомжтой байж эрч хүч, эрүүл байдлыг мэдэрдэг. Харин эхний удаад бие махбодь чинь хэт нэвчсэн хорыг гадагшлуулж эхэлж буй учраас таныг нэлээд сульдааж болно. Чухам энэ бол мацаг үйлчилж буйн шинж. Нөгөө талаар бие махбодид удаан хугацаагаар тагларсан хортой хаягдлууд нь гадагшлан ялгарахад бэлэн болж буй нь тэр юм байна.

Мацгийн үед ходоод, нарийн гэдсэнд хуримтлагдсан нян, хог хаягдлууд хэлээр дамжин гардаг нь гадагшилж байгаа процесс бол цэвэршилтийн нэг үзүүлэлт юм. Энэ үед хэлээ маш сайн хусаж хорыг цэвэрлэх хэрэгтэй.

Мацгийн үед цэвэр агаарт явж цэнгэг агаарыг гүнзгий амьсгалж, бие махбодын дасгалыг идэвхтэй хийж байвал цусны эргэлтийг идэвхжүүлж хог шаарыг түргэн цэвэрлэж хөөхөд ач холбогдолтой.

Мацаг хэрхэн тайлах нь мацаг барихаасаа чухал юм. Та мацаг барьж бүх махбодоо амрааж цэвэрлэсний дараа мах, өөх тостой хүнд хоолыг ихээр цадатлаа идэх юм бол ходоод хэт ачаалалд орж мацагийн бүх үр дүн устах болно.

Мацагийн дараахь өдөр усанд орохдоо арьсны нүх сүвүүдээр гадагшилсан хор, хог хаягдлыг цэвэрлэхийн тулд биеэ сайтар үрж угаах шаардлагатай.

Ийнхүү хоол сойх олон төрлийн арга байх боловч өнөөгийн амьдралд дээр шалгарсан бас нэгэн аргыг бичихээр шийдлээ.

Энэхүү хоол сойлтыг жил бүр тогтмол хийдэг 80 хол давсан настай нэрт эрдэмтэн А.А.Никулин “Хоол тэжээлийн хувьд өлссөн цагтаа ид, идэхдээ аль болох бага ид гэдэг хэн бүхний мэдэх журмыг удирдлага болгох хэрэгтэй. Би хоолыг цадтал иддэггүй гэвч миний бие махбод идсэн хоол тэжээлийхээ зүйлийг бараг бүгдийг боловсруулж дассан учир надад илүү өөх тос байхгүй. Биеийн минь хүнд “ромын дайчид”шиг өндөр маань 180 болохоор зуугий нь хасаад яг 80 кг жинтэй. Ингэж хооллодог хэрнээ оюуны их ажилтай, биеийн хар ажил, биеийн тамир тогтмол хийдэг, өдөртөө 3 км гүидэг, зуны цагт одон бөмбөг тоглож, Крымд амралтаа өнгөрөөж 15 км явган алхдаг” хэмээн бичжээ. Түүний бичсэнээр:

Хүн жилд 1-2 долоо хоног хоолны сойлтыг дараах системээр хийвэл зүгээр юмаа.

Сойхынхоо өмнөх өдрийн орой байрны халууны хэмтэй усаар бургуй тавина. Маргааш өглөө нь энэ үйлчилгээгээ дахин давтана. Бургууныхаа дараа өдөр тутмыхаа биеийн тамирын үйлчилгээг хэвийн байдлаар хийж 1-2 км явах нь зүйтэй. Энэ үед гэдэс өлсөж эхэлвэл хоолны оронд 1-2 аяга буцалсан ус ууна. Ингэснээр ходоод дүүрч өлсөх нь арилна. Өдрийн турш сойхын өмнөх үетэй адил хөдөлмөрлөнө. Өлсөх үе бүрт нэг аяга буцалсан ус уугаад байна. Гэрээс гарахдаа жуулчдын авч явдаг ундааны саванд ус хийж аваад явах хэрэгтэй. 7 хоног сойх хугацаанд өглөө оройд нь бургуй тавьж хоолны оронд 10-12 аяга ус ууна. Энэ хугацаанд эм, цай уух, хоол идэх зэргийг хатуу цээрлэдэг. Энэ үед аяга халуун цай уухад л сойлт биш болдог. Хоол сойсноор бие махбод эхлээд юугаа иддэг вэ гэж асуухад хүмүүс өөх гэж хариулдаг. Гэтэд энэ нь тийм биш эхлээд өвчилсөн эсүүдийг иддэг учраас бидний бие махбод эрүүлжиж эхэлнэ. Харин сойлтын хугацаанд тамирдвал бургуй яаралтай тавих хэрэгтэй.

Найм дахь өдрөө сойлтоос гарахдаа эхний өдөр шинэ бүрсэн тараг, ээдэм цай, жимсний шүүс нэг ширхэг ёотон иднэ. Хоёр дахь өдөр чанасан ногоо хатаасан талх нэмж иднэ. Үүнийг бага бага хэмжээгээр 2-3 цагийн зайтай идэх хэрэгтэй. Гурав дахь өдөр ба хоолныхоо цэсийг чанасан тахианы мах, төмс, цагаан будаа зэргээр баяжуулна. Тэгээд л хэвийн хоолоо идэххэрэгтэй.

Эрдэмтнээс үлгэр авч хүн бүр хичээвэл болохгүй юм л лав алга харин ч бүр эрүүл энх урт наслах хүсэлээ биелүүлэхэд улам дөхөмтэй мэт санагднам.

Эцэст нь тэмдэглэхэд бүххүмүүс мацаг барьжхоол сойж чадахгүй нь ойлгомжтой учраас мацагийн үеэр нөхцөлийг хөнгөвчилж мах, өөх тосгүй хоол идэхийг зөвшөөрдөг. Ийм мацаг ч гэсэн хүний оюун ухааныг цэвэршүүлэх хүний биеийн орон зай дахь мэдрэмжийг эмхлэхэд тусалдаг байна.

Харин малчин ардууд сүү цагаан идээгээрээ улаан идээний “бурыг”арилгадаг байсан тухай эрдэмтэн зохиолч Л.Түдэв бичжээ. Монгол хэлний тайлбар тольд тэмдэглэснээр “Бур” гэдэг нь тогтмол усан дээгүүр хөвж байдаг ногоон хөвд, замаг гэсэн утгатай үг юм байна.

Иймээс өвөг, дээдэс маань өвөл мах өөх гэх мэт биед энерги хуримтлуулах хоол хүнс иддэг байсан бол зун нь цагаан идээ идэж ходоодоо цэвэрлэдэг байсан нь жирийн ардын дунд хэвшсэн нэгэн төрлийн мацаг байжээ.

Энэ талаар хүн  өөрийн  махбодыхоо өвөрмөц чанар болон байгал цаг улиралын хувиралд хэрхэн идээ ундаагаа зохицуулан хэрэглэж байх тухай тус бүлэгт тодорхой бичсэн учраас мацаг хэрхэн барих сонголтыг таны гарт үлдээв.

Ү.Байгалмаагийн “Эрүүл энх урт наслахын нууц” номын талаар мэдээлэл авах, худалдан авах хүмүүс 99771339, 99991706 утсанд хандана уу.

9 “Мацаг барих буюу хоолоо сойх ёс

  1. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

  2. Pingback: DMPK

  3. Pingback: sports betting

  4. Pingback: AL FORBES

  5. Pingback: nursing test banks

  6. Pingback: bet535 casino

  7. Pingback: Scr888 Register

  8. Pingback: 360 frontal

  9. Pingback: Engineer Aws Alkhazraji

Leave a Reply