Дарьгангын Жамсран Цоржийн “Чойжин”-гийн алдарт хувцас хаана байгаа бол…

0f30a113d6cc185originalӨчүүхэн хувраг миний бие 1969 онд хуучин “Модны-2” гэж байхад түүний манаач Лувсандагва гэдэг хүнд хадаг хүж барьж ламын ёсны барилдлага хийн шавь орж, бурханы номыг нууцаар хүртэж эхэлсэн юм. Багш маань сүсэгтэн олон түмэндээ “Ин лай” хэмээн алдаршин нэрлэгдсэн Гандантэгчэлин хийдийн Дашчоймбол дацангийн гэвш Дарьганга нутгийн хувилгаан хүн байсан юм. Тэрбээр Соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Мэнд-Ооёогийн авга ах, яруу нарайгч Дашбалбарын болон аав ээжийнх нь багш хүн байлаа.

Тухайн үед нутгийн болон Улаанбаатарын сүсэгтнүүдэд нөлөөтэй хамгийн том шавь нь Сүхбаатарын Жамсран цорж гэдэг хүн байлаа. Жамсран цорж гэж хүрэн торгон дээлэн дээр аль засгийн үед юуны учир хэзээ хэн шагнасан юм бэ бүү мэд одонгийн олон лент эгнүүлэн зүүсэн, ам дүүрэн алтан шүдтэй, том алтан бөгжтэй, минжин малгай духдуулж, халиу нударга унжуулсан, архи уучихсан жаахан халангар, такси хөлөглөчихсөн явж байдаг нэгэн байсныг 1970-1980-аад оны Улаанбаатарынхан ер нь л мэднэ дээ.

 Жамсран цоржийг таних бүхэн Жаамаа гэж авгайлдаг сан. Тэр үед Жаамаа нууцаар “Чойжин” буудаг, сүртэй ч буудаг, коммунист үзэл суртал, шашингүйн үзэл ноёлсон тэр үед заримдаа бусдын мухар сүсгийг ашиглан залилан мэхэлсэн хэмээх хэл аманд өртөн “Ганц худаг”-т морилохдоо ч морилчихдог нэгэн байлаа. 1970 онд Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны Дээд Сургууль нээгдэхэд миний бие нутгийн эрдэмтэн Буддын гүн ухаан судлаач Ц.Жүгдэр багшийн зөвлөснөөр тус сургуульд элсэн орж лам болж билээ.

Оюутан лам би вээр хурал номын уншлагаа цээжлэн өвгөн лам багш нартаа өглөө үдэшгүй бараалхана. Ин лай багшдаа бараалхаж чаддаггүй хэд хоноод байтал гэнэтхэн багш сургууль дээр ирж надтай уулзаад “Жамъян /Миний сахилын лам нэр/ нэг л биш болоод байна. Орой манайхаар очоорой. Өрх бүтээлэгтэй, хаалганд мод түшүүлсэн байвал намайг Дотоод яаманд баригдаад хаа ч юм бэ? Хоригдож байгаа гэж бодоорой. Түлхүүр хийдэг газраа орхино. Арваад хоноод нэг галлаарай” гэж хэлээд яаруухан явчихлаа. Хичээл тарж, ангидаа шинээр үзсэн номоо цээжилж байгаад гэрт нь яваад очсон чинь багшийн айлдсан ёсоор болжээ. Маргааш нь Жааяа буюу Жамсран цорж сургууль дээр мөнөөх л шар таксигаа хөлөглөж ирж надтай уулзаад,

  -Багшийг чинь “Ганц худаг”-т хорьсон. Мөдхөн намайг ч барьж мэднэ. Би энд биш нутагтаа баригдмаар байна. Боломж байгаад баригдчихгүй байвал багшийг гараад ирэхээр би явна. Багш хэзээ гэртээ морилж ирэхийг мэдээд би чамд хэл өгнө. Номоо сайн үз. Миний “Чойжин”-гийн хувцас, бусад хэрэглэл багшийнд байгааг чи мэднэ. Баянхошуунд нэг айлд “Чойжин” буухад багш та хоёр байсан шүү дээ. Тэгэхэд өмссөн тэр хоёр хувцас хэрэглэл. Тэрийг л хураалгахгүй байх юмсан. Чи авч явж болохгүй. Хэрэгт орно. Сургуульгүй болно. Яамныхан чамайг мэдэж байгаа. За яахав. Хураавал хураана л биз. Чамайг дуудаж асуувал Инлайгийн шавь гэдгээ битгий нуугаарай. Ном заалгадаг гэдгээ хэлнэ биз. Ямар худлаа юм биш. Яамныхан мэдэж байгаа. За тэгээд миний хэл өгсөн өдөр багшийн гэрийг галлаарай. Ирэхэд нь нэг их өтгөн сүүтэй цай, өөхтэй шөл битгий өгөөрэй. Хэр тааруухан юм өгөөрэй” гээд явлаа.

 Багшийг баригдаад явсны яг арван дөрөв дэх хоног дээр Жааяа манай сургууль дээр ирээд,

– Багш өнөөдөр ирнэ. Хичээлээ тарахаас өмнө одоо энэ Уулын Жамц ламын хичээлд суучихаад яв. Би Ламаажав ламд хэлчихлээ. Сая гэрийг нь дайраад ирсэн. Жамц ламын дараа өөрөө та нарт хичээл заах юм гэнэ. Тэгээд чамайг чимээгүй явчих гэсэн гээд явлаа. Бас л такситай. Жамц багшийн хичээлийг дуусгаад би “Модны хоёр”-ын дэргэдэх багшийнхаа хашаа руу яаран явлаа.

Гэрээ онгойлгон орж галласан чинь ойрдоо галлаагүй жижиг пийшингээс утаа саагиж эхлэх нь тэр. Удаан галлаагүй болохоор хий дүүрчихжээ. Гэхдээ хуурай мод шажигнаж сайхан асч байна. Галынхаа хажууд, галаа харан хахаж цацан суутал хаалга аяархан онгойлгож нэгэн хүн ороод ирэх нь багш маань байв. Тэрбээр

– Жамъянцэрээн! Хаалгаа онгойлгочих. Удаан галлаагүй пийшин тэгдэг юм. За тэгээд сайн байж байв уу? Базар гүрүүгээ /бясалгалын нэгэн тарни/ тоог нь ахиулж чадав уу? Ээ дээ миний хүү хичээгээрэй тоог нь л хурдан ахиулаад орхи. Тэгвэл ч учир бий гэж нөгөө шоронгоос гарч ирсэн багш маань надаас шалгалт авахаар ирсэн юм шиг шууд л ном ярьж эхлэх нь гайхмаар. Гэрийн утаа ч гайгүй боллоо. Би

– Багш аа ядрав уу? хэмээн утаанд хахаж цацан асуусан чинь багш маань

– Ай мөн сайхан орон юм. Энэ хэд хоногт сатаарах юмгүй. Юмаа бодоод л, тоолоод л суулаа. Тахилгүй болохоос биш “Жигжидийн жанчин” бараг хийчихээд ирлээ. Дахиад хэд хоносон бол дуусгачих байлаа даа. Намайг арван жилийн ял эдэлж байхад ийм сайхан орон сав байсангүй. Өдөржингөө тоосго үүрээд шөнөдөө хонодог арав гаруй лам дээлтэйгээ шахцалдан унтдаг цоорхой хар гэрүүд л байсан юм чинь. Одоо бол хүн бүр тусгай өрөөтэй. Гаднаасаа цоожлуулчихдаг, хоолоо цагаар зөөлгөчихдөг ёстой нэг бясалгалын орон болжээ гэх нь тэр. Би ч гайхлаа. Орон шоронд ороод ирсэн миний таних ганц нэг хүн шорон, мөрдөнгийн аймшигтай хэцүүг нь гайхаж гарч ирэхийг сонссон болохоос биш багш шиг магтан гарч ирдэг хүнтэй тааралдаж үзээгүй билээ. Утаа ч намдаж, гэр ч дулаацаж эхлэхэд би цайгаа чанаж, багш зулаа өргөж, арцаа уугиулан номоо айлдаж эхэллээ. Жижигхэн тогоонд жаахан цай юу байхав дорхноо л болчихлоо. Цайныхаа дээжийг бурхандаа тавьж, багшдаа цайг нь аягалаад сууж байтал гадаах хаалганы гинжийг тарчигнуулан хэн нэгэн хүн айхтар чанга цохиж эхэллээ. Гарч очоод тайлсан чинь нэг нь өвлийн пальтотой, нэг нь саарал каракул захтай савхин дээлтэй дунд хэрийн насны үл таних хоёр хүн орж ирээд,

 – Энэ Лувсандагвынх мөн үү? гэж багшийн нэрээр нэрлээд,

– Мөөн гэхэд,

– Сая ирсэн үү? За залуу лам чи яагаад энд байж байдаг билээ. Бас л шавь нь биз дээ гээд гэрт орлоо. Багш,

– Юун улс вэ? Сууцгаагаач дээ. Жамъяанцэрээн энэ улсад цай аягал. Шинэ цайн дээр тааралддаг морьтой улсууд байна. Хэн бэ дээ гээд гараараа гэрэл хаан харлаа. Тэр улсууд

– Бид яарч байна. Май энийг үз гээд энгэрийн халааснаасаа улаан үнэмлэх гарган үзүүлсэн нь аюулаас хамгаалахын хүмүүс байлаа. Арай ахмад нэг нь,

– Тэр таны шавь Жамсран цорж гэдэг чинь баригдсан. Тэрний өмсөж байсан хүн амьтан айлгадаг хувцас танайд бий гэсэн. Хурдан гаргаад ир, бид авах гэж ирлээ гэх нь тэр. Багш,

– Жамъянцэрээн! Миний хүү тэр торхон дотор байгаа хоёр баадантай юмыг аваад өгчих гэв. Тэд авах гэсэн юмаа аваад гарахад би хашааныхаа хаалгыг түгжээд хоцров. Айгаад нэрийг нь ч асуусангүй. Үнэмлэхнийх нь нэрийг ч уншсангүй. Би чинь шоронд ороод гарсан хуучны үлдэгдэл эсэргүүний шавь шүү дээ. Хожмоо өөрчлөлт шинэчлэл болж сүм хийдүүд шинээр нээгдэж, энд тэнд булагдсан дарагдсанаа гаргаад ирэхэд Ин лай багшийнхаа өргөмөл охин Бүлтэн эгчийн хүсэлтээр миний бие Жааяагийн тэрхүү өөрийн биеэр авч өгч хураалгасан, Чойжингийн хувцас бусад хэрэглэлийг хэн яасныг нь сураглаж НАХЯ-аар хөөцөлдөөд эхэлтэл тэр үеийн мэдэх л ёстой Гандан хийдийг болон Монгол орны шашны асуудлыг хариуцаж байсан төлөөлөгчдийн хөгшин нь тэтгэвэртээ гарч, залуу нь худалдаа наймаа хөөж, пүүс компанийн ажилтнууд болоод олдохоо больсон байсан даа. Магадгүй Монголд ганцаар тоологдох тэрхүү “Чойжингийн” хувцас бүрэн хэрэглэл одоо гадаадын аль нэгэн орны эртний ховор үнэт эдлэлийн дэлгүүрт юм уу, баян цуглуулагчийн гэрт үзмэр болон байж байхыг хэн үгүй гэхэв.

Ш.Чулуунбаатар 2003 он

6 “Дарьгангын Жамсран Цоржийн “Чойжин”-гийн алдарт хувцас хаана байгаа бол…

  1. Pingback: Contracts

  2. Pingback: www.cpns2016.com Info Pendaftaran CPNS 2018 di sscn.bkn.go.id

  3. Pingback: Corporate Events Vendors in Hyderabad

  4. Pingback: hair bundles

  5. Pingback: coehuman.uodiyala

  6. Pingback: DMPK Contract Research

Leave a Reply