Монгол оюун дүрвэх биш, хөрвөх ёстой

7768-01102015-1443677090-1781892981

Монголчууд нийгмийн тогтолцоогоо өөрчилж, зах зээлийн эдийн засагт шилжсэн он жилүүдэд амьдралаа өөр өөрийнхөөрөө болгох гэж их зүтгэлээ. Оюуны хөдөлмөр үнэгүйдэж, ганзагын наймаанд хөдөө хот, хөгшин залуугүй шогшиж хэдэн жилийг үдлээ. Эрүүл саруул, идэр залуу бүхэн нь харьд очин  аль хүнд хэцүү гэсэн ажлыг нь хийж ар гэрээ тэжээж хэсэг үзэв. Одоо ч хийж л байна. Энэ бол монгол оюуны ямар ч үнэ цэнэгүй дүрвэлт юм. Газар шороогоо ухаж, ил далд байгаа зарж болох бүхнийг зарж үрж л байна.  Амьдралаа болгох, асуудлаа шийдэх, үр хүүхдээ бусдаас дор явуулахгүй гэсэндээ ийнхүү хүн болгон чадах бүхнээ хийсээр хорин хэдэн жилийг үдлээ. Үр дүн бий, сургамж ухаарал бий. Амжилт ололт бий. Монголчууд туулах ёстой замаа туулж, үзэх ёстой юмаа л үзэж байгаа байх.

Гэхдээ монгол хүний оюун ухааныг баялаг болгох тал дээр бид үнэхээр хангалтгүй байгаад харамсдаг. Оюуны ямар их боломжоо харьд аяга таваг угаалгахаар алдаж, буруу тогтолцооны улмаас дотооддоо зөв ашиглаж чадахгүй байгаад харамсдаг. Газрын баялгийг нэг л удаа ухдаг, тархины баялгийг насан туршдаа ухдаг гэдгийг төрийн бодлого болгон хэрэгжүүлэхгүй байгаад харамсдаг. Уг нь  “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэсэн монгол сургаал үгийн мөн чанар нь эрдэм мэдлэг, оюун ухаан хамгийн үнэт баялаг гэдгийг бидний өвөг дээдэс эртнээс нааш мөрдлөг болгож байсны илэрхийлэл юм.

Хүний оюун ухаанд хил хязгаар байдаггүй. Гэтэл хэл, соёл,  цаг үе, үзэл суртал гээд асар олон хориг саадаас болоод оюуны бүтээлүүд хил хязгааргүй түгж чадахгүй тодорхой хүрээнд эргэлддэг. Маш цөөхөн бүтээлд дэлхийн виз олдоно. Цаана нь түүнээс огтхон ч дутахааргүй сайн бүтээлүүд “орон нутаг”-ийн чанартай эргэлдсээр зүйл дуусна. Өнгөрсөн бүх цаг үеийн турш тийм байв. Гэхдээ энэ байдлыг өөрчлөх арга замыг хүний оюун ухаан өөрөө бий болгосон нь мэдээллийн харилцааны технологи. IT бол хүний оюун ухаан өөртөө зориулж бий болгосон дардан зам.Энэ бол оюун санааны чөлөөт бүс юм. Эндхийн “визийн журам” элдэв хориг хаалтгүй, нээлттэй. Энэхүү оюун  санааны чөлөөт бүсэд монгол оюуны чансаа чадамжийг үнэлүүлэх цаг ирлээ гэдгийг “Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяагийн ярилцлагаас олж хараад ихэд баярлав. Тэрээр “Манай компанийн ирэх 10 жилийн зорилго бол дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх. Үүний дагуу контентийн салбарт Монголын бүх уран бүтээлч, контент эзэмшигчидтэй хамтран ажиллана” гэжээ. Энэ бол маш том, маш чухал үйлийн эхлэл гэдгийг хэлмээр байна.

Аливааг үгүйсгэгчид “Юун сүртэй юм. Монголын оюуны бүтээлүүд гадаад зах зээлд гарч л байсан шүү дээ” гэх биз. Үнэн л дээ. Мэр сэр бүтээлүүд гадаад зах зээлд гарч л байгаа. Гэхдээ гадаадын зах зээлд монгол контент нийлүүлэхийг  зорилгоо болгоод, зорилт дэвшүүлээд системтэй, цараатай ажиллах бүтэц үгүйлэгдэж байсан юм.

“Манай дараагийн төсөл бол монгол комик, анимэйшныг бий болгоно. Тэгэхээр энэ салбарын өнгө төрхийг бий болгож байгаа зураач, уран бүтээлчидтэй хамтарч ажиллана гэсэн үг. Түүнээс гадна “Монгол видео” төсөл байна. Монголд ирэх 10 жилд энтертэйнмэнт, ток шоуг жинхэнэ утгаар нь хийхээр төлөвлөж байгаа” гэж Г.Гантуяа ярилцлагадаа дурдсан байна билээ. Энэ бол маш чухал зорилт. Технологийн хөгжил, хүмүүсийн сонирхолд түшиглэсэн монгол комик, анимэйшн өнөөдөр үнэхээр үгүйлэгдэж байна. Түүх, соёл, зан заншил уламжлалаа хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээе, танин мэдүүлье, зөв төлөвшүүлж хүмүүжүүлье  гэвэл гаднын контентоос дутахааргүй сонирхолтой монгол агуулгууд бий болгох хэрэгтэй байна.

“Монгол контент” компани энэ бүхнийг хийж чадна гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл тэднийх олон юманданхдагч,  шан татагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн туршлагатай компани. Гар утас зөвхөн яриа дамжуулах үүрэгтэй гэж бидний ихэнх нь ойлгож байсан 2005 онд энэ компани анх байгуулагдаж, гар утас бол олон талт мэдээллийн маш чухал суваг гэдгийг  бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ харуулж, хэрэглэгчдийг татаж, цоо шинэ хэрэглээ, соёлыг бий болгосон. Гэр утсан дээрээсээ цаг агаарын мэдээ, валютын ханш, өдрийн зурхай зэргийг унших нь тэр үедээ ер бусын шинэлэг, амар хялбар, сонирхолтой зүйл байсныг дижитал эриний түмэн шидийн мэдээлэлд дөжирсөн өнөөгийн хэрэглэгч санахгүй ч байж мэднэ. Гэхдээ л түүх бол түүх. Аравхан жилийн өмнө “Монгол контент” компани түүнийг хийсэн анхдагч. Зохиогчийн эрхийг дээдлэх нь соёлтой бизнесийн алтан дүрэм гэдгийг өөрөө мөрдөж, өрөөлд ойлгуулсан анхдагч гавьяа бас тэдэнд ноогдох учиртай.

Дараа нь үйл ажиллагаагаа өргөжүүлж gogo.mn гэдэг сайт байгуулан  цахим сэтгүүлзүй рүү орж ирсэн. Gogo.mn сайт 2014 онд өнгө төрхдөө төдийгүй бодлогодоо томоохон өөрчлөлт хийсэн нь  Монголынцахим сэтгүүлзүйг зөв гольдрол руу оруулахад хэрэгтэй жишиг загвар гэж харж байна. Зохиогчийн эрхийг дээдэлж, бүх агуулгаа өөрсдөө бэлдэж, улстөржилт, туйлшралаас ангид байж, мэдээллийн технологийг мэргэжлийн сэтгүүлзүйтэй хослуулах тал дээр тус сайт манлайлагч байр суурьтай байна.

Сэтгүүлзүйн салбар цахим технологи ашигласнаар мэдээлэл түгээх хурд, мэдээллийг сонирхолтой бөгөөд үр дүнтэй хүргэх боломжийн хувьд хувьсгал хийж чадсан. Тэрхүү хурд,  боломжийг бүрэн дүүрэн ашиглах чадвар мэрэгжлийн сэтгүүлзүйд нэг хэсэгтээ дутагдсан. Шинэ соргог технологийг  хурдтай өөриймшүүлэх мэдрэмж, санхүүгийн боломж мэргэжлийн сэтгүүлзүйд ийнхүү дутсанаас болоод цахим сэтгүүлзүйрүү хожуу анхаарсан. Оронд нь хэн боломжтой нь цахим сэтгүүлзүйд орж ирснээр сэтгүүлзүйн чанар, ёсзүйг ихээхэн дордуулсан. Харин gogo.mn зэрэг цөөн хэдэн сайт анхнаасаа цахим орчинд зөв сэтгүүлзүйг бий болгохын чухлыг ойлгож, үйл ажиллагаагаараа шинэ жишиг бий болгосны үр дүн өнөөдөр гарч эхлээд байна. Тийм болохоор gogo.mn сайт бол манай сэтгүүлзүйн сайн жишээний нэг. Зөв сэтгүүлзүйг бий болгох эрмэлзэл сонин сэтгүүл, телевиз радио, цахим мэдээллийн хэрэгслийн аль алинд илт мэдрэгдэх болсонд “Монгол контент”-ын хамт олны хичээл зүтгэл байгааг хэлэхэд таатай байна.

“Монгол контент” дараагийн арван жилийн зорилтоо зарлалаа.  Тэд дэлхийд өрсөлдөх монгол контент бүтээнэ. Монгол оюун дүрвэх биш хөрвөх, монголчууд газрыг баялгаа биш тархины баялгаа ухаж амьдрах замд тэд түүчээлэх болно. Амжилт хүсье. Араасаа олныг дагуулаарай.

Урианхан Б.Галаарид
2015.10.04

 


Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.

Сэтгүүлч Б.Галаарид        

Монгол оюун дүрвэх биш, хөрвөх ёстой

  1. Pingback: human hair weave

Leave a Reply