УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын долоо дахьудаагийн намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсад олон чухал тэмдэглэлт үйл явдлууд тохиосныг дурдсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдсэн бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн боловч дуусгаж амжилгүй намрын чуулганд шилжүүлсэн. Мөн Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсан хэдий ч зохих өөрчлөлтийг хийж чадалгүй завсарласан. Энэ асуудлыг хуулийн дагуу намрын чуулганы эхний асуудал болгон оруулж байна” хэмээсэн.

Тэрбээр, “2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална. 2015 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 629,3 тэрбум төгрөгөөр тасарч байна.Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн коксжих нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болж буурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ бид буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайххэрэгтэй” гэж хэлсэн юм.

Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн нэг удаагийн хаврын чуулган үлдэж байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод, хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхцдаг болохоор энэ намрын ээлжит чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг эрхэм гишүүд Та бүхэн сайтар ойлгож байгаа гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, “Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан. Түүнээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдсан байх ёстой. Миний бие Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд хамаарах болно.

Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд Та бидний хариуцлага, санаачлага, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж хурдтай ажиллах хэрэгтэй. Эрхэм гишүүд Та бүхэн зөвхөн улс орны болон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хурлын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр идэвхтэй оролцох тохиолдолд бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна” гээд гишүүдчуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцохыг уриаллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Leave a Reply