Төр төмбөгөр, ёс ёмбогор

_DSC0421

“Уран гоёл” урлангийн урласан Богд хааны хөлт магнаг дээл, ямбаны хүрэм

_DSC0429

Хааны хүрэмний арын фүс

 

Хүн төрөлхтөний хувцас заслын соёлд нүүдэлчин монголчууд өөрийн өвөрмөц хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ. Судлаачдын тэмдэглэснээр, монголчуудын хувцас засал нь байнгын хэрэгцээний /жилийн улирлыг дагаж нэхий дээл, зувцаа, ангийн арьсан дээл, нэхий өмд, үстэй малгай гэх мэт/, төр ёсны  /луут магнаг дээл, залаат малгай, ховор араатан амьтны үслэг арьсан дээл, хантааз, эмэгтэй хүний ууж, ханжаар гэх мэт/, тусгай зориулалтын /хэвнэг, дах, туухууз, чихэвч, ханцуйвч, эсгий буюу нэхий бойтог/ гэсэн 3 их төрөлд хуваагдана. Эдгээрээс төр ёсны хувцас нь  хамгийн эрхэм бөгөөд  нарийн зэрэг дэв, ёс журам бүхий юм. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улс  үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахдаа  Манж Чин Улсын үеийн төр ёсны хувцасыг  халж, үндэсний төр ёсны хувцасаа сэргээж шинэтгэн хэрэглэх эхлэлийг тавьсан байна. Халхын Хүрээний Хэргийг Бүгд Түр Ерөнхийлөн Захиран  Шийтгэх Газар хэмээх Түр засгийн газраас 1911 оны 12 дугаар сарын 19-нд Очирдара Богд гэгээнтэнийг Монгол Улсын  хаанд өргөмжилж, Эрдэнийн сууринд залж суулгах өдөр олон их, бага ноёд, түшмэд, бичээч, дагалт нарын хэрэглэвээс зохих ёслолын хувцас зүйлийг тогтоон  зарлажээ.  Энэ нь ХХ зуунд дахин сэргэн мандсан Монгол Улсын  үндэсний төр ёсны хувцасны  хэв маяг, зэрэг дэвийг анх тогтоосон нэн чухал шийдвэр байв.

1912 оны 1 дүгээр сарын  25-нд  Дотоод  Хэргийг Бүгд Захиран  Шийтгэгч Яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэд, дэд сайд Гомбосүрэн, Цэдэнсоном нар  “Шавь боолчууд хянан байцааваас, саяхан манай Монгол Улс тулгар төр нээн байгуулсан учирт олон хан, ван, бэйл, бэйс, гүн засгийн хэрэглэх ёст хүрмийн фүсийг зүй нь зэрэг дэвийг үзэж  ялган салгаж тогтоовоос зохихын тул тусгай хуудсанд тодорхойлон жагсааж , зураг зурж хичээнгүйлэн нугалбар бичиж  хамтаар давшуулан айлтгаад, гуйх нь  Богд эзэн гэгээнээр толилж , заалхийлэн  сурган дагаж явуулах ажааму. Үүний тул хичээнгүйлэн айлтгав”  хэмээн айлтгал өргөхөд, Богд хаан “Гуйсан ёсоор болгогтун”  хэмээн улаан бэхийн бийрээр цохож, мутрын тэмдэгээ даран  баталгаажуулжээ.  1912  оны 12 дугаар сарын 22-нд Богд хаан Бүгд Ерөнхийлөн Захирах Яаманд, “Улсын яамд аливаа ихээхэн, өчүүхэн хүнийг хэргийн учир байцаах, шүүхэд сайд, түшмэд бүгдээр хүрэм өмсөж, яамлан хуралдаж шийтгэгтүн” хэмээсэн Дээд Зарлиг буулгажээ.

Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газраас  төр ёсны хувцасны хэв маяг, зэрэг дэвийг удаа дараа нарийвчлан боловсруулж, Богд хаантанд  айлтган,  Зарлиг буулгуулан дагаж мөрдсөөр 1919 онд Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн “Ёслолын хууль дүрэм” хэмээх 18 дугаар дэвтэрт хуульчлан баталсан юм.

Төр ёсны хувцсанд нэн хүндэтгэлтэй хандаж, Богд хаантаны буулгасан зарлиг, тогтоосон хууль, дүрэм журмын дагуу зөв өмсөж хэрэглэх нь төрийн ёслол хүндэтгэлийн чухал  бүрэлдэхүүн хэсэг болж байв. Төрийн яамдын байранд нэвтрэх, төр ёсны арга хэмжээнд оролцоход зүй бусаар хувцаслагсдад төрөөс хатуу шийтгэл ноогдуулж, “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэдгийг ухамсарлуулж, нийтэд ухуулан сэнхрүүлж байв. Энэ тухайд холбогдох архивын нэгэн баримтыг товчлон толилуулбал:

1912 оны 3 дугаар сарын 17-нд Сэцэн хан аймгийн бэйлийн зэрэг түшээ гүн Цэрэнням шинээр үйлтгүүлж шагнан олгуулах тамгыг хүлээн авахаар Дотоод яаманд ирэхдээ  хятад янзын оноотой, нударгагүй дээл өмсөж иржээ. Иймд, Дотоод яамнаас “яамны газар зохис бус хувцас хүрэм хэрэглэн явсан бэйл  Цэрэннямд ял хэлэлцэж,  Богд хаанд айлтган, тусгай Зарлиг буулгуулжээ. Баримт бичигт тэмдэглэхдээ, бэйлийн зэрэг түшээ гүн Цэрэнням “болбоос ёсыг мэдэх, журмыг эрхэмлэх хэрэг өнгөрүүлсэн ихээхэн тушаалын хүн мөн. Улс төрийн яамнаа чухал албаны хэргээр одоход чингэж зохис бус хувцас хэрэглэн явсан нь даруй нийлэлцсэнгүй, энэ мэтийг энгийн болгон өнгөрүүлбээс хойч өдрийн дууриан явах муу суртлыг арилган үл чадах тул боолчууд бусад яамтай зөвлөлдөж, цөм санаа нийлэлцсэн бөгөөд энэ хэргийн бэйлийн зэрэг түшээ гүн Цэрэннямыг зохисыг нь үзэж зургаан сарын засгийн пүнлүү хасаж энэ нэгэн удаа хөнгөн цээрлэл үзүүлэн дүрэм үзэмж илэрхийлж, харъяат зохих газруудад тодорхойлон тушааж, үүнээс урагш аливаа их, бага түшмэл жинхэнэ албаны хэргээр яамны газар ирэхэд ийнхүү зохис бус хувцас хэрэглэн явахыг цаазлан зогсоож, цөм төв ёст хувцас хэрэглүүлэн дагаж шийтгүүлбээс нийлэлцэх ба үл нийлэлцэх явдлыг зүй нь хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Зарлигийг гуйн дагаж явуулбаас зохихын тулд гуйх нь, Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургах ажааму. Үүний тул хичээнгүйлэн айлтгав.

Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд мөнхүү сарын арванд хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон Зарлиг, Гуйсан ёсоор болгогтун нийтээр зарла, хожим ийм явах нь буй аваас хүнд цээрлэл үзүүлэгтүн” гэжээ.

Ийнхүү одоогоос 102 жилийн тэртээ Богд хаантаны Зарлигаар төрийн яамдын байранд аливаа их, бага түшмэл жинхэнэ албаны хэргээр нэвтрэхэд зохис бус хувцас хэрэглэж  явахыг цаазлан зогсоож, цөм төв ёст хувцас хэрэглүүлэхээр тогтоосон нь өнөө цагт ч чанд дагаж мөрдвөл зохих чухал шийдвэр байжээ.

Ц.Ариунжаргал (Эрдэм шинжилгээний ажилтан)

Leave a Reply