Ч.Сайханбилэг: Өнөөгийн эдийн засгийн байдал бидэнд бүсээ чангалахыг шаардаж байна

7b39b13f99c3f4d6de788ba1c3a910bd2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байна гэсэн мэдээллийг Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Болор өглөө.

Энэ оны төсвийг 2014 онд баталж, 2015 оны нэгдүгээр сард тодотгосон. Төсвөө батлах болон тодотгохдоо төсвийн зардал дээр нэлээд ажилласан. Харамсалтай нь оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд боллоо. Түүхий эдийн үнийн бууралт гол нөлөөллийг үзүүллээ. Түүхий эдийн үнэ өндөр байсан 2009-2012 онд манай улсын төсөв огцом тэлсэн. Энэ оны төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлага гарч байна гэж Сангийн сайд хэллээ.

Засгийн газар хуулийн дагуу аравдугаар 1-нд ирэх оны төсвөө өргөн барих ёстой. Төсөв, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч  зөв зохицуулалт хийж, орлого нэмэх ямар боломж байгааг судалж ажиллах учиртай.

Зэс, алт, нүүрсэн дээр бид алдаж байгаа ч шатахууны үнэ буурч байна. Тодорхой, багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. Төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж бид үзэж байна. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх нь бидний үүрэг, хариуцлага. Энэ чиглэлд ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Мөн өөр орлого олох хөтөлбөрүүд, төрийн өмчийг худалдаж борлуулах чиглэлээр орлогын эх үүсвэр бүрдүүлэх ямар боломж байгааг судлан татварын уян хатан бодлого, зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллах цаг болсон. Гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, улстөрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байгаагаа Ерөнхий сайд хэлээд судалгааг ойрын үед хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ иргэд, татвар төлөгчдийн  халаас руу орохгүйгээр зохицуулалт хийж, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг бууруулахгүй байхыг хатуу анхаарууллаа.

2015 онд цалин нэмэхээр төлөвлөсөн ч ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй байна. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо таатай хүлээж авахгүй байх. Гэхдээ цалин буулгахгүйгээр асуудлаа шийдэх гарц хайж байхад цалин нэмэх тухай асуудал байж таарахгүй. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хийхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгож, нөхцөл байдлаа зөв танилцуулж, харилцан ойлголцох учиртайг анхаарууллаа.

Нийгмийн халамжийг зорилтод бүлэгт нь хүргэхэд бодлогын өөрчлөлт хийх ёстойг 2016 оны төсөвт анхаарч ажиллах шаардлагатай.

13 дахь сарын шагналт цалингаас татгалзахыг төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн мөрдөхөд буруудах зүйлгүй. Орлого буурсан энэ тохиолдолд бүсээ чангалах, зардал мөнгөө хэмнэхэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хаана хаанаа санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Татварын зохицуулалт, орлого нэмэх боломжийг бий болгохын төлөө Сангийн яам бүхий л бололцоогоо дайчилна. Иргэд, татвар төлөгчдийн халаас руу орохгүйгээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөвт тусгаж ажиллахаа Сангийн сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply