Сүнс бол тодорхой жинтэй, оюунлаг гэрлэн биет

Ялгуусан хутагт З.Гончигжав 1983-1989 онд Утай Гүмбэнд Буддын гүн ухаан судалж, улмаар “Мэнгэ, сүнсний барцдаар хүнийг зуурдаар үхүүлэхгүй байх арга зам” сэдвээр Буддын гүн ухааны доктор цол хамгаалсан билээ. Сэтгүүлч Г.Мөнхнасан хэдэн жилийн өмнө түүнтэй сүнсний тухай ярилцлага хийснийг duuren.mn толилуулж байна.

-Сүнс гэж юу болох талаар яриагаа эхлэх үү?

-Буддын гүн ухаанд сүнс нь гэрлэн чанартай, оюунлаг, бодит зүйл гэж сургадаг. Энэ ертөнцийн амьтай бүхэн сүнстэйг тогтоосон. Өт хорхой хүртэл сүнстэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, амьд биеийг нөхцөлдүүлэгч нь юм. Сүнстэй бол амьд, үгүй аваас үхдэл болж буй хэрэг л дээ. Нэг үе Өрнөдийн шинжлэх ухаан сүнсийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Өнгөрсөн зууны наяад оны сүүлчээр зарим эрдэмтэн өндөр хүчин чадалтай багажаар клиник үхэлд орсон хүмүүсийг зориуд судалсан. Үхэж байгаа улсыг шинжилсэн гэх үү дээ. Тун сонирхолтой үр дүнд хүрсэн шүү. Тэднийхээр, амьсгал хураасан хүнээс өндөг хэлбэртэй, 0.0075 милограмм жинтэй, 5000 киловатт хүчин чадалтай, оюунлаг гэрлэн биет салан одож байж. Үүнийг сүнс хэмээн хүлээн зөвшөөрсөн удаатай.

-Тэгэхээр, сүнс хүний биеийн яг хаана байдаг хэрэг вэ?
-Амьдын зурхайгаар тогтооход, тохой, өвдөг, чих, хамрын үзүүр, шагай гэхчлэн хаана л бол хаана байрлана. Тэгэхдээ, шинийн төдний тэр өдрийн тэр цагт тэнд байдаг гээд сударт заачихсан бий.

-Сүнс зайлна гэхээр яах вэ?
-Хүний бие өөрөөс эхлээд 10 метр хүртэлх зайд солонгын долоон өн-гийн гэрэл цацруулдаг. Долоон давхаргаас тогтсон бүрхүүл гэж ойлгож болно. Эзнээ муу эрчмээс хамгаалж, сайн эрчмээр сэлбэдэг энергийн эх үүсвэр. Хүний бие мах бодод сөрөг энерги хуримтлагдах, өвчин туссан үед тэр нь сар-ниж, цоордог.
Яг л озоны цоорхой шиг. Тэр чинь дэлхийн хамгаалах бүрхүүл гэмтэж байгаа явдал л даа. Сүнс зайлахаараа биеийн бүрхүүл дотор оршдог. Түүнээс тэнээд явчихдаггүй. Тэндээс нь буцаагаад биед оруулахыг сүнс дуудах гэдэг.

-Яаж дууддаг юм бэ, сүнсийг?
-Хаана байгааг нь эхлээд зурж тодруулна. Биед байна уу, үгүй юү. Хол явж уу, ойр байгаа юу. Тэгэхдээ, бүрхүүл дотор л хайна шүү дээ. Арван метр зайтай байх нь холд орно. Ингээд, аяганд сүү дүүргээд, дотор нь эзний овог, нэр сүнс дуудах номын нэрийг бичээд хийчихдэг. Эцэст нь сүнсний судраа уншина даа. Нэг анхаарах зүйл нь, судраа амилуулж уншдаг. Тэгэхгүй бол хэд уншаад ч ирэхгүй. Товчхондоо, хэн дуртай бүхэн дуудахгүй. Ном үйлчлэхээр сүнс ирнэ. Энэ үед усан доторхи бичиг хөдөлдөг. Одоо эзний биед оруулах л үлдлээ. Ингэхдээ, малгай, бүсийг нь ашигладаг. Үүнд учир бий. Хүний амин энергийн төв цэг хэвлийн цагаан шугам, хүйсний орчим хурдаг. Бүс түүнийг дарж байдгаараа бусдыг бодвол илүү эрчимлэг хувцас л даа. Малгай ч адилхан даа. Толгойн оройн чакра цэгийг дарж байдаг. Орчин үеийн залуус малгай өмсөх нь цөөрчээ. Их буруу үйлдэл дээ. Эдгээрээр дамжуулж номын хүчээр оруулаад, дээрх усыг уулгаад гүйцэх нь тэр дээ.

-Мартсанаас, сүнс яахаараа биеэс гарчихдаг юм бол?
-Хүн өөрөө өөрийгөө хөнөөдөг амьтан. Буддын гүн ухаанд зааснаар, таван бузраас’ болдог гэнэ лээ. Нэгд, уурын мунхаг ордог. Асар их хар энерги цацдаг юм шүү дээ. Хоёрт, хараал, жатга байна. Үгээр үхүүлж болдог гэсэн үгтэй. Тамтаггүй их сөрөг энергийн урсгал үүснэ. Гуравт, сөрөг сэтгэлзүйг тооцдог. Эрүүл мөртлөө ёолоод явдаг хүмүүс мэр сэр тааралддаг. Дөрөвт, архидалт багтдаг. Үүнийг хэлүүлэлтгүй байх аа. Тавд, буруу ойлголт, дүгнэлт хамрагддаг. Хэн нэгнийг, эсвэл өөрийгөө ямагт буруутгаж амьдардаг нөхөд осолтой. Үндсэн таван бузар дээр туслах 36 бузар нэмэгдэхээр биед ер нь юу тогтох билээ. Үхэлгүй үлдэж байгаа нь их юм. Би ч нэг зүйлийг мартчихаж. Сүнс түр зайлдаг эрүүл үзэгдэл бол унтах. Биеэс 10-20 сантиметр зай дахь гэрлэн бүрхүүлд түр гарч амраад эргэж орох юм аа. Дээр өгүүлсэн шүү дээ. Сүнс оюунлаг гэж. Биеэс гарч эзнийхээ оюунд хурсан сөрөг энерги бүхий хэрэггүй мэдээллийг устгаж байгаа нь тэр.

-Нас барахаар сүнс яадаг вэ. Зарим номонд, биеэс гарч оддог тухай дурьдсан харагддаг. Хэрэв тийм бол хаагуур гарч, хаана очдог юм бэ?
-Нас барахаар сүнс биед тогтох аргагүй болно. Өмнө өгүүлсэнчлэн, 5000 киловатт хүчин чадалтай эрчим хүч биеийн хаагуур ч хамаагүй орж гарах нь ойлгомжтой. Цементэн ханыг ч нэвтлээд явчихна. Энэ нь түр зайлах бус явж буй болохоор гурван хэмжээст ертөнцөөс чинагш оддог гэлцдэг дээ. Хэр оюунлаг, эерэг, ариун байснаас шалтгаалаад очих газартай. Шинжлэх ухааны хэлээр астраль ертөнц, торсион орон гэж нэрлэдэг бололтой. Агаар мандлаас даваад сансрын орон зайд хүрдэг гэж Буддын гүн ухааны сударт тэмдэглэжээ. Шашны ойлголтоор там, диваажин гэдэг дээ. Тэнд 10-100 мянган жил орших чадвартай гэх юм билээ. Үйлийн үр тохиосон цагт эргээд хүн төрлөө олж, урьд, өдгөө, хойд насны тухай ойлголтыг тодорхойлдог хүчин зүйл дээ. Бохир сүнс очих газартаа хүрэлгүй хүний хорвоод тэнүүчлэхийг тамд байна гэдэг.

-Шинжлэх ухааны ойлголтоор эр бэлгийн эс өндгөн эстэй нэгдэж үр тогтдог гэдэг шүү дээ. Чухам аль шатанд нь сүнс умайд ордог юм бэ?
-Эр бэлгийн эстэй орно. Гэхдээ, нөхцөл бүрдсэн цагт шүү. Түүнээс, эр эмийн харьцаа бүр үр тогтоодоггүй нь үүнтэй холбоотой. “Биеийг чинь төрүүлснээс ухааныг чинь төрүүлээгүй” гэдэг их учиртай үг шүү. Тэр сүнс мэдээж эцгийнх биш шүү дээ. Шинжлэх ухаан бас мэдээд жирэмслэхгүй өдрүүдийг хуанлийн аргаар гаргасан биш үү. Явж явж нэг зүйлийн хоёр талаар мацсан байдаг. Буддын гүн ухаан бясалгалын, нөгөөх нь багаж техникийн аргаар үзсээр иржээ.

-Мал, амьтны сүнс яадаг вэ. Урьд насандаа нохой байж гэх мэт яриа байдаг л даа?
-Амьтны сүнс оюунлаг чанар дутмаг тул дээд ертөнцөд очихгүй. Харин адууных хүний сүнстэй эрчимлэг чанараар дөхүү гэж үздэг. Амьтны сүнс амьтандаа хургахаас хүн болохгүй л дээ.

-Нас барсны дараа “Алтан хайрцаг нээх” нь сүнстэй холбоотой юу?
-Тэгэлгүй яахав. Зурхайгаар зураад, хэдэн хоног, цагийн өмнө зайлж вэ. Дутуу, гүйцэд явсан эсэх. Очих газраа хүрч үү, үгүй юү. Хэзээ, хаана эргэж төрөхийг нь гаргадаг. Дийлэнх сүнс нэг их удалгүй эргэж төрнө. Тэмдэг тавиад үзэхэд ах дүүс дотор төрөх үзэгдэл бишгүйг хүмүүс гадарлана даа.

-Сүнсээ зайлсан эсэхийг хүн өөрөө мэдэх боломж байх уу?
-Бараг үгүй. Харин сайн, муу зүүд зүүдлэх. Хий юм үзэх, сонсох. Ажил төрөл бүтэлгүйтэх. Өвчин зовлон ээрэхээр таамаглаж болох талтай. Онох нь ч бий. Үгүй нь ч буй.

Ярилцсан Г.Мөнхнасан

4 “Сүнс бол тодорхой жинтэй, оюунлаг гэрлэн биет

  1. Pingback: Үргэлж л янз бүрээр яригдах СҮНС гэж яг юу юм бэ? – Алхам

  2. Pingback: instabayim

  3. Pingback: gvk biosciences

  4. Pingback: DMPK Services

Leave a Reply