II Николай хаан Гонгорт торгон цэргийн хамгийн том гутлаа бэлэглэсэн ч багтаагүй

220px-Undor_Gongor

П.Гонгор

Монголын өндөр хүмүүсийн дотроос Сайнноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны /Архангай аймгийн Эрдэнэмандал, Тариат, Хөвсгөл аймгийн Их Жаргалан сум/ харъяат агсан Пүрэвийн Гонгор Монголд төдийгүй хилийн чададад ихэд алдаршжээ. Гонгорын төрсөн он тодорхойгүй, 1926 оны орчим 50 гаруй настайдаа бие барсан гэж түүнийг таньдаг хүмүүс  ярьснаас үзвэл 1870-аад оны үед төрсөн бололтой. Тэрбээр Богд хаант Монгол улсын үед Богдын гадаад сангай дарга /нярав/ байжээ.

Оросын засгийн газартай гэрээ хэлэлцээр байгуулах зорилгоор Богд хаант Монгол улсын ерөнхий сайд Сайнноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид 1913 оны 12 дугаар сарын 5-аас 1914 оны нэгдүгээр сарын 5 хүртэл Хаант Орост байжээ. Богд хаант Монгол улсын тэр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Богдын хоёр өндөр – Гонгор, Цэрэнпил нар орж Петрбург хотод очсон ажээ.

Өндөр Цэрэнпил Сайнноён хан аймгийн хүн бололтой. Гонгороос арай намхан боловч түүнээс зузаан хүн байжээ. Тэр хүний тухай Богдын дотоод сангай дарга байсан гэснээс өөр тоймтой зүйл мэдэгдсэнгүй. Харин түүний хэрэглэж явсан Далай Чойнхор вангийн нэрт дархчуудын урласан зэвэрдэггүй гангаар хийсэн нэгэн хэт хутга Улсын Төв музейд байдаг.

Хаант Орост байх хугацаанд Сайнноён хан Намнансүрэн тэр хоёрыг тусгай өрөөнд хоол унд сайтай, ихэд тохилог суулгасанд төрийн хэрэгт оролцоогүй байхад ингэж зочин ёсоор ханддаг ямар учиртай юм бол гэж тэд гайхаж байсан гэдэг.

Тухайн үед аль ч орны хаад ноёдын дунд сонин хачин зүйлээр зугаацан цэнгэх явдал ихэд дэлгэрмэл байсан болохоор Сайнноён хан Намнансүрэн Гонгор Цэрэнпил хоёрыг Оросын хааны ордныхонд үзүүлж гайхуулах гэж л авч явсан нь мэдээж юм. Гонгор Цэрэнпилийн хамтаар Сайнноён ханы заавраар зарим орой Оросын их театрт очиж үндэсний бөхийн мэхээс хийж үзүүлэх, отго жинстэй малгай, дээдсийн хувцас өмсөн ноён хүний зан төлөв, алхаа гишгээ зэргийг дүрслэн жүжиглэхэд үзэгчид маш их шохоорхдог байсан гэнэ. Оросын II Николай хаан Гонгорт торгон цэргийн сангаасаа хамгийн том гутал бэлэг болгон өгсөнд тэр нь багтаагүйд ихэд гайхан захиалгаар өөр том гутал хийлгэж өгч байжээ.

П.Гонгор ардын засгийн эхэн үед Богдын сангийн нярваасаа гарчээ. Ардын засгийн газрын 1921 оны долдугаар сарын 30-ны өдрийн тогтоолд Гонгорт Богдын сангаас хэр зохисоор нь мал таслан өгч, харин сар бүр цалин олгож байсныг зогсоосугай гэж заасан байна.

Ардын хувьсгалын эхэн үед П.Гонгор Гаалийн хороонд үзэгч /байцаагч/ хийж байжээ. Тэр өндөр шөргөн хашаан дээгүүр морин дээрээс гаднаас нь өнгийн хашаанд нь юу байгааг харж явдаг байсан гэж түүнийг мэддэг хүмүүс одоо хуучилдаг. Гонгор ямар ч моринд дөрөөлөлгүй газраас шууд хонь, ямаа унаж байгаа мэт мордоод морины өвдөгний хавьцаа унжиж буй дөрөөг эрэн байж дөрөөлөхөд нь хоёр өвдөг нь морины шанааг хавчих шахан харагддаг байсан гэнэ.

Гонгор газарт түрүүлгээ харан хэвтээд 10 гаруй насны хоёр хүүхдийг нуруун дээрээ зэрэг гарган явуулж хуянгаа тараалгадаг байжээ. Түүний цээжийг Өсөхбаяр аваргын хүү Дамба үзээд манай аавын цээжтэй өргөнөөрөө адил, хоёр тохой юм. Харин зузаанаараа хүрэхгүй, арай нимгэн юм гэж хэлсэн гэдэг. Гонгорын өндрийг Ж.Дамдин 2.45 м-ээс наашгүй гэсэн бөгөөд Оросын шинжилгээний ангийнхан 2.4 м гэж тэмдэглэжээ.

Гонгор өндөр төдийгүй тэнхээ чадлын хувьд ч нилээд гайхалтай хүн байв. Ганц жишээ дурдахад, тэр, уртаашаа 3 м шахам, бүдүүнээрээ 15-20 см-ийн голч бүхий нойтон шинэсийг хоёр гартаа таяг мэт тулан зөөж Богдын  сангийн хашаанд оруулдаг байжээ.

Тэрбээр, олноо өргөгдсөний арван засгийн наадамд барилдаж явсан, улсын начин цолтой бөх аж. Тэр, барилдахдаа урдаасаа дайрсан бөхийг нэг гараараа сэрвээн дээрээс нь барьж дараад, нөгөө гараараа хөлөөс нь барьж аваад ар тийш нь татаж хэвтүүлж орхиод дэвээд явчихдаг байжээ.

Түүний хэрэглэж явсан, уугуул нутгийнх нь нэрт дархчуудын бүтээсэн зэвэрдэггүй ган бэл, арван хоёр жилийн амьтны дүрсийг ороолгон чадамгай сийлсэн хутга /хуйныхаа хамт 51 см урт/, том манан хөөрөг Улсын төв музейн үзмэрт буй.

© duuren.mn

6 “II Николай хаан Гонгорт торгон цэргийн хамгийн том гутлаа бэлэглэсэн ч багтаагүй

  1. Pingback: Contracts

  2. Pingback: cdc.ulm.ac.id

  3. Pingback: Sfaturi practice

  4. Pingback: Beijing Pools

  5. Pingback: DMPK

  6. Pingback: 360 frontal

Leave a Reply