Лам Г.Сүхбаатар: Архинаас гаргана гээд амыг нь боолтой биш

“…Чоно махнаас гараагүй байхад чи архинаас гарна гэж юу байсан юм бэ гэж нөхрийгөө уруу татдаг, нэгийгээ сайн явахад нүд нь хорсож атаархаж явдаг хүний ажил хэзээ ч бүтдэггүй юм даа. Санаа муу бол заяа муу гэж чинхүү үнэн үг дээ” хэмээн ярих Сүхээ ламтай уулзаж ярилцав.

Хүний унасан газар угаасан ус гэдэгт бас нэг учир жанцан байна даа?
– Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Уйлантын Шар өндөр гэдэг газар төрсөн юм. Хүн эхээс мэндлэнгүүтээ эх дэлхийтэйгээ хүйн холбоотой болж, унасан газар угаасан ус гэдэг чинь тэр хүний хувь тавилан амь амьдрал, эрүүл мэнд авъяас чадварыг тодорхойлдог, байнга эргэх холбоогоор холбогдож байдаг зүйл дээ.
Эргэх холбоо гэж та юуны тухай ярьж байна?
– Хүн эхээс анх мэндэлсэн газар шороо мөнх тэнгэрээс ямар эрч хүч энерги авч байгааг шинжлэх ухаан ч нарийн тогтоогоогүй байх. Энгийн үгээр хэлэхэд төрсөн газраа өөрийн биеэр ойр ойрхон очиж, эргэх холбоотой байх хэрэгтэй. Төрсөн газраа очиход бие хөнгөрч сэтгэл сэргэдэг юм даа.
Та хэдий үеэс лам болж түмэн тусыг хүргэдэг болов?
– Манай сумын Мандалын хүрээнд лам байсан Жамсрангомбо, Бэрээвэн хийдийн унзад байсан Б.Цэрэн­дорж гуай нар намайг сумынхаа хийдэд сууж ном хурах хэрэгтэй гэдгийг зөвлөж зааж өгсөн юм. Хийдэд ном үзэхээсээ урьд ил далд ойр зуур юм мэргэлдэг байлаа. Сүүлд Энхболд лам ирж сахил хүртээж гэлэн болсон ба Лувсандаржаа гэдэг бурхны нэр хайрласан юм.
Та яаж мэргэ тавьдаг болов?
– 1978 онд цэрэгт байхдаа 41 чулуу татаж сурсан. Аавын ах Ягааны Жамсран гэдэг хүн намайг хүүхэд байхад чулуу­гаар мэргэлэх талаар сургаж байлаа.
Өөртэй чинь уулзах гэж зорьж ирсэн хүмүүс голдуу юу асуудаг вэ?
– Амьдралынхаа хувь тавилан, заяа төөрөг, өвчин зовлон, эрэл сурал, худалдаа наймаа, авгай нөхөр, үр хүүхэд гээд л асуухгүй юм бараг байхгүй дээ.
Хүний заяа төөрөг гэж юу байна аа?
– Хүн болгонд өөр өөрийн заяа төөрөг гэж байдаг. Би сайн явна гэж сагсуурч болохгүй, би муу явна гэж гутаж болохгүй. Хамгийн гол нь сэтгэл сайхантай, хар буруу санаагүй явах нь чухал. Хүнд өөрт бие болоод сэтгэлийн асар их тэнхээ байдаг. Түүнийгээ өөрийнхөө төлөө зориулдаг байх ёстой.
Бүтэлгүй яваа хүн энэ бол миний заяа төөрөг гээд яваад байх уу?
– Хүний заяа төөрөг, зам мөрийг засах, эерэг тал руу нь залах шаардлага гардаг. Үүнд л хамаг учир байгаа юм. Хүний заяа төөргийг ингэж засна гэсэн нарийн жор байхгүй. Хүн болгон өөр байдаг болохоор тийм гэж тайлбарлах аргагүй зүйл юм.
3ce9e7037aeb9ec3bigСүүлийн үед өөрийг чинь архинаас гаргаж байна гэсэн дуулиант яриа газар авч, хол ойроос ирэх хүний тоо эрс нэмэгдсэн гэж дуулсан?
– Тэр үнэн. Архинаас гаръя гэж бодож ирж байгаа хүн бол, би энэ муу муухай юмнаас сална, сайн сайхан амьдрах ёстой, энэ хүний номын буян надад шингэсэн тохиолдолд би архи уухгүй гэсэн чин бодол хүсэлтэй ирэх ёстой. Өөртөө болон надад итгэлтэй байх хэрэгтэй. Намайг юм уу өөрийгөө шалгаж сорьсон, янз үзсэн байдалтай, яасан ч яахав дээ гэсэн бодолтой ирвэл ирэх хэрэггүй. Тиймэрхүү бодол санаа өвөрлөж ирсэн хүн бол андашгүй байдаг. Тэр хүний нүүр царай, хэл яриа, суудал байдлаасаа танигддаг юм. Зарим хүн “Та хүнийг архинаас гаргадаг гэнэ, би сүүлчийн удаа архи уугаад ирлээ. Одоо намайг архинаас гаргаад өгөөч” гэдэг. Согтуу хүнээс архины үнэр нь салаагүй байхад би ном уншаад яахав дээ. Архинаас гарна гэж зүрх зоригоо чангалж байх шаардлагагүй юм шүү дээ. Архинаас гарна гэдэг чинь хувь хүний өөрт нь байгалиас заяагдсан бие сэтгэлийн тэнхээг зөв жолоодож, муу юманд уруу татагд­даггүй байх чадвар тэвчээр шүү дээ. Архинаас гарах ном уншиж өглөө гээд ямар хүний амыг нь боочих биш, өөрөө өөртөө шаардлагатай байж сурах хэрэгтэй. “Чоно махнаас гараагүй байхад чи архинаас гарна гэж юу байсан юм бэ” гэж нөхрөө уруу татдаг хүн замаас аваад захаас дайралддаг. Хэн нэгийгээ сайн явахад нүд нь хорсож атаархаж явдаг хүний ажил хэзээ ч бүтдэггүй юм даа. Санаа муу бол заяа муу гэж чинхүү үнэн үг дээ.

Таньд ирж ном уншуулаад архинаас гарсан хүмүүсээс эргэж архинд орсон хүн гарсан болов уу?
– Архинаас гарах гэж олон хүн ирсэн. Хүн болгоны талаар тодорхой мэдэхгүй байна. Жаргалтхаан сумаас ирсэн нэг хүн найзууд маань шахаж байгаад архи уулгачихлаа, дахин ном уншуулъя гэсээр ирсэн. Архины нь хордлогыг гаргаж байж ном уншаад явуулсан. Одоо уугаагүй байгаа гэсэн. Энэ дашрамд хэлэхэд архи уудаг хүмүүс бие биенээ их уруу татдаг юм байна. Хүний чанар муудаж байгаа энэ цаг дор өөрөө өөрийгөө хамгаалж, хайрлаж явах нь зөв. Хүн хүнийгээ хайрлахаа больсон цаг шүү.
Та чулуу татаж мэргэлэхээс гадна зөн совингоороо ч гэх юм уу, гэнэт хэлмээр зүйл гардаг уу?
– Тийм тохиолдол гардаг шүү.
Эрүүл саруул, аз жаргалтай амьдрахад хүн бүхний анхаарч явах зүйл юу вэ?
– Эр хүн уул овоо газар нутгаа, эмэгтэй хүн галын бурхнаа шүтэн дээдэлж явахад сайн даа.
                      

 Л.Баатарсүрэн. “Хүмүүс” 2005 он №03.

5 “Лам Г.Сүхбаатар: Архинаас гаргана гээд амыг нь боолтой биш

  1. Pingback: GVK Bioscience

  2. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  3. Pingback: GVK BIO

  4. Pingback: ADME Services

  5. Pingback: Best Corporate Event Managers Hyderabad

Leave a Reply