Борооны өмнөх шороо

Бороо орохоос өмнө шороо босох нь бий. Шороо босч шуурсаар үүлээ хөөгөөд хургүй хусрах нь ч байдаг. Ер нь бол дэлхий дэлэгнэхээ байгаад ирэхийн цагт бороо нь багасаж, шороо нь ихэсдэг. Ийнхүү борооны өмнө шороо босч, боохойны түрүүнд хэрээ гаагалах үзэгдэл нийгэмд ч бас ажиглагддаг. Улстөрийн өгөөж улс орон, олон түмэндээ наалдацгүй болж, уруу буруу замаар гулсаж, увайгүй ичгүүргүй хүмүүс толгой өндийлгөх хэрээр  энэ байдал даамжирдаг.

Өнөөдөр Монголын улстөр үүлтэй байна. Юу юугүй ширүүн бороо асгарах нь уу гэлтэй бараан үүл хуралджээ. Энэхүү хар бараан үүлэн дунд хааяа нэг гялбаа цахиж айсуй сонгууль өөрийгөө чимээлж байна. Хуйсгануур салхи зүг чиггүй албинтан шогшиж, тийн явсан газарт нь  шороон хуй өндөлзөнө. Зарим нь газрын элэгнээс өндийх төдий болсноо намдана.  Зарим нь сүрхий их сүр бараа болж замд таарсан хог новшийг эргэлдүүлэн эрчилж агаарт хөөргөн хэсэг бужигнуулаад замхарна.  Өрхний оосор дээвэр балбаж өлөн шороо үүдээр пурхийнэ. Ийм үед хүмүүний сэтгэл яахан амар тайван байх билээ.Энэ шуурга гэр татчих вий, бороо шорооноор далимдуулан хот руу чоно орчих вий, эсвэл үер усны аюул болох вий хэмээн санаа зовж байгаа түүнд энд тэндгүй хэрээ гаагалах нь тээртэй агаад дарамттай.

Энэхүү улстөрийн сонгууль гэдэг борооны өмнөх хар пиар хэмээх шороо тоос хэнийг ч хүсээгүй байхад хараанд торж, чихэнд сонсогдох нь яг л нүүр нүдгүй балбах говийн угалзыг санагдуулна. Энэ долоо хоногт олон нийтийн дунд түгсэн  хоёр мэдээг үүнтэй дам болоод шууд холбон яримаар санагдана.

d52deb50712c6ceboriginalШууд холбох нь УИХ-ын гишүүн М.Батчимэг рүү  хандсан дайралт. Түүний зөвлөх нь эх орноосоо урвасныг хууль хяналтын байгууллага тогтоож, зохих шийтгэлээ хүлээжээ. Үүнээс болж Батчимэг УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой гэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд нэг хэсэгтээ л шуугиан тарьж буй энэ довтолгоог улстөрийн зорилго бүхий зохион байгуулалттай үйлдэл гэж нэрлэхээс аргагүй байна. Монголчуудын дунд “Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах” гэсэн нэгэн хэлц үг ихээхэн түгсэн.  Эзний бурууг албатад нь тохох гэсэн утгатай үг. Энэ удаад хойд хөл бүдрэхэд урд хөлийг нь шавхуурдаад эхэллээ. Ер нь М.Батчимэгийг өөрийг нь тагнуул байсан гэж нэр хүндийг нь  гутаах хар пиарын эхлэл юм биш биз? С.Батчимэг бол эрүүл сэтгэлгээтэй, эрх ашгийг зөв эрэмбэлж чаддаг цөөхөн улс төрчдийн нэг. Улстөрийн дээд давхаргад орж ирээд удаагүй ч ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө явдаг хүн. УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох магадлал хамгийн өндөр хүмүүсийн нэг. Тийм болохоор дайсантай байлгүй яахав. Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй эх орончдод  ардын дайсан, улсын дайсан гэсэн хаяг шошго нааж байгаад хэлмэгдүүлдэг байсан 1937 он түүх болсон. Гэхдээ тийм цаг үеийг дахин сэрээх хүсэлтэй хүмүүс байдаг юм шиг. Гэхдээ түүх давтагдахгүй байх аа. Яагаад гэвэл тэр түүх дэндүү гашуун, сургамж нь мартагдашгүй билээ.

Дам хамаатуулбал зохих мэдээлэл нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай холбоотой юм. Олон түмэн “Ерэн сая”-ын гэх хэргээр нь сайн  мэдэх Б.Гансүх Монголын шоронгийн амьдралын тухай дурсахдаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн тухай ярьсан бичлэгийг цахим орчинд нэгэн сайт түгээв. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж, христийн сүмийн номлогч болж ариун гэгээнээр амьдарч байгаа гэх Б.Гансүх бусдын тухай ямар бүдүүлэг, эрээ цээргүй яриа дэлгэж байгааг хараад харамсах сэтгэл төрөв. Ёс суртахууны үнэр ч үгүй яриа бүхий бичлэгийг олон нийтэд дэлгэж хэвлэл мэдээллийн салбарын ёсзүйг уландаа гишгэх сайт байгаад харамсав.  Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн хувьд надад таалагдах ч үе байдаг, таалагдахгүй ч үе байдаг. Гэхдээ энэ удаад эмэгтэй хүнийх нь хувьд, өөрийгөө хамгаалуулах эрхтэй иргэн хүнийх нь хувьд өмөөрч өмгөөлмөөр байна. Үүний цаана түүний нэр хүндийг олон нийтийн дунд унагаах, шороотой хольж муухай харагдуулах, үгийнх нь үнэ цэнийг бууруулах зорилготой  хар пиар, халтар бодол яваа юм биш биз?

Б.Гансүх ийм ярилцлага яагаад өгснийг ойлгохгүй байна. Ямар ч аргаар хамаагүй олны  анхаарлын төвд байх сонирхол байж мэднэ. Тийм бол их харамсалтай байна. Дуулиан шуугиан тарьж олны анхаарлыг татаж л байвал мэдээллийн хар цагаан нь хамаагүй гэх хандлага зарим хүмүүст ажиглагддаг. Өмссөн дээл, угласан гутал, алавч дэлэвчээ хүртэл аль фирмийн ямар үнэтэй эд болохыг хэлж өгч гялгар хэвлэлд бичүүлдэг хэсэг бүлэг хүмүүс хүртэл бий. Тэдэнтэй адил ямар ч аргаар хамаагүй олны анхаарлын бүсэд байя гэж байгаа бол дахиад ч хэдэн ч хүний хувийн нууц, нэр хүндээр тоглож мэднэ. Эсвэл түүнийг хэн нэгэн гарцаагүй байдалд оруулж энэ бүхнийг яриулав уу? Сайтад тийм бичлэг байршуулсан нь дуулиан үүсгэх гэсэн оролдлого уу, захиалгат “аллага” уу? Аль нь ч байлаа гэсэн энэ нь бусдын нэр хүндэд халдсан ёсзүйгүй үйлдэл, өөгшүүлэн дэлгэрүүлж болохгүй буруу соёл.

Б.Гансүх өнөөдөр жирийн нэг иргэн биш, христийн шашны номлогч. Өөрөөр хэлбэл ёс суртахуунтай байхын үлгэр үзүүлэх үүрэгтэй хүн. Христитгэлтнүүдийн тоо манайд харьцангуй олширсон нь энэ шашны нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж байгаа. Гэтэл ийм ёс суртахуунтай номлогчид олон байвал нөгөөх авч мэддэг, өгч мэддэггүй буддын лам нар, айлгаж сүрдүүлж мөнгө салгадаг хуурамч бөө нар бусдадаа гай болдог шиг өөрийнхөө шашны нэр хүндийг л унагах байх. Бодит байдал ийм л хуурмаг, тогтворгүй байгаа учраас “Улстөрийн намуудын тухай хууль”-ийн шинэ хувилбарт “шашны, цэргийн болон фашист нам байгуулахыг хориглох” тухай хуучин заалтыг буцаагаад суулгаад өгөөрэй гэж дахин дахин сануулаад байгаа юм.

2016 оны сонгууль болтол уг нь овоо хэдэн сарын зай  бий. Гэвч ороогүй борооны сурагаар хэрээ гаагалж, шороо босч, түүнд нь итгэсэн хүмүүсийн сэтгэл холбиромхой, бодол хулжимхай байгаа нь анзаарагдана. Дахиад олон олон Батчимэгийг буруутгаж, дахиад олон олон Мөнхбаясгаланггутаан доромжилж, хүссэн хүнээ урвагч шарвагч, хулгайч луйварчин, алуурчин тонуулчнаар нь цоллон дайрч,  эе эвдэрч өс зангидсан хар шуурга дэгдэх вий гэхээс санаа зовж байна. Бид чинь уг нь тал шигээ уужуу, уул шигээ түшигтэй ухаант буурлуудын үр хойчис юмсан. Хэрүүлийн шуурганд голомтныхоо үнсийг хийсгэмээргүй байна. Өвөр зуураа толхилцож өрөөлийн бахыг хангамааргүй байна. Бид тэгэх эрхгүй  дэндүү цөөхүүлээ.

Урианхан Б.Галаарид
2015.09.11.


Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.

Сэтгүүлч Б.Галаарид                

9 “Борооны өмнөх шороо

  1. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  2. Pingback: Corporate Event Managers in Hyderabad

  3. Pingback: Pay Per Click Marketing

  4. Pingback: DMPK Services

  5. Pingback: Scr888 Register

  6. Pingback: Corporate Event Organizers

  7. Pingback: best dog training

  8. Pingback: cluster mieten

  9. Pingback: Aplikasi klinik

Leave a Reply