Өвөрмөц хэлц, зүйр цэцэн үг, түүний орчуулгад хамаарах зарим асуудалд

03_ copy
Ц.Дашдондов /МУСГЗ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хүндэт доктор/

Академич Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон тольд өвөрмөц хэллэгийг “өөр хэлэнд үгчлэн орчуулж болохгүй хэллэг” гэжээ. Үнэндээ тийм. Ийм болохоор өвөрмөц хэллэгийн утгыг илэрхийлэхдээ тохирох, дүйх эквивалентийг нь олж тавихыг зорих нь зөв байх. Харин нэг ижил утга санааг янз янзаар хэлэх олон хувилбар, олон боломж бий. Жишээ нь: “өөр хоорондоо ижил төстэй, эн тэнцүү, ихрийн өрөөсөн мэт ав адил” гэсэн санааг “То bе equal to someone; Two of a kind; bird of a feather; Like two pease in a pod; To be the spit and image of someone…гэхчилэн олон янз байдлаар хэлж болох. Бид хэн нэгний тухай сайнаар ярихдаа: “тэрбээр: сургуулиа улаан дипломтой төгссөн” гэх хэвшмэлдүү хэллэг хэрэглэх нь олонтаа. Үүнийг хэрхэн илэрхийлэх вэ гэвэл to graduate magna cum laudeгэх. Иймэрхүү санааг өөрөөр he is a depository of learning; found of wisdom /learning/ mine of informationгэсэн ч болох. Үүнийг монголоор “тэр бол жинхэнэ гавал. Толгой сайтайэр, юм юмны гадартай /захтай/ хүн, ёстой барж идэхгүй хоол…” гэхчилэн хэдэн ч янзаар хэлж болох ч угтаа утга нь ижил. Оросоор “кладезь учёности, премудрости” гэсэнтэй төстэй. Хэн бүхний хэлэх дуртай hitгэдэг үгийн хэрэглээ хийгээд утгыг бид тэр бүр сайн мэддэг билүү? Үнэндээ үгүй шүү дээ. hit paradeгэхэд хамгийн их гүйлгээтэй дууны хуурцгийг, hit singleгэхээр дур сонирхол татсан дуу гэхээс төдий л хэтэрдэггүй. Гэтэл энэ үг заримдаа этгээд өөр утгатай болоод явчихдаг. Тухайлбал, hit list”хар данс, hit manхөлсний алуурчин гэж ойлгож болох нь ээ. hit, hit”гэдэг шиг манайхан өрх толгойлсон эмэгтэй гэж их ярих болсон. Үүнийг англиар Single motherл гэх байхдаа. Бас сүүлийн үед “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэж үргэлжид үглэдэг болжээ. Англиар бол any port in a stormгэсэн л санаа юмуу даа. “Цадахад цагаан хурганы сүүл голох, өлсөхөд өлөн бугын эвэр ч зөөлөн” гэсэнтэй төстэйдөг.

Монголчууд ч хэлнийхээ баялгаар хаанахын ч дор орхооргүй л дээ. То put (set) the cat among Pigeons гэснийг чоноор хонь мануулах, таарсан ч хүндээ итгэж дээ, хүнээ мөн оловоо, to be on one’s best behaviour (behavior) гэснийг хайлсан тугалага шиг зөөлөн, эвийн цавуу шиг эвчихэн гэх мэтээр уншихад урамтай, ярихад янзтай аяс оруулж амттай сайханаар илэрхийлж болдог байх юм.

All that glitters is not gold (all is not gold that glitters) гэснийг оросоор “Не все то золото, что блестит” гэж нэг янзаар илэрхийлдэг байхад монголоор “Гялгар бүхэн алт биш, гэлэн болгон багш биш” гэх юмуу хүн дээр бол “Хүнийг харж танихгүй ханилаж танина”, “Инээсэн бүхэн нөхөр биш”, “Өнгөө наанаа өргөсөө цаанаа”, “Нумаа нуугаад сумаа тавих” гэхчилэн ямраар л бол ямраар хэлнэ. Харин A snake in the grass гэснийг инээдэг дайсан хэмээн ухаарч болно. A wiggle of the hips гэхэд бөгсөө хаялах гэх төдийгээр хязгаарлахгүй, бандаганах, намбаганах, халбалзах, хайваганах … гэнэ.

Монгол нэг өвөрмөц хэлц, хэллэгийн утга санааг англиар илэрхийлэхдээ байж болох бүхий л хувилбар, бүх дүйцэл /эквивалент/-ийг би тольдоо өмнө нь тусгаж байсны учир гэвэл хэрэглэгчдэд сонголт хийх өргөн боломж өгөх гэснийх. Дүйцэл буюу эквивалентийг олж оноох нь өвөрмөц хэлц, хэллэгийн битүү утгыг тайлах гол арга мөн.

Өвөрмөц хэлц, хэллэгийг орчуулахдаа тогтсон нэг хэв загварт заавал баригдах гэлгүйгээр аль болох чөлөөтэй задгай сэтгэж, бүтээлчээр хандах нь бололцоотой төдийгүй зарим тохиолдолд зайлшгүй чухал. Угтаа энэ нь латинаар discretio /дискреци/ шийдэл юм. Жишээ нь: “Урилгагүй зочин” гэхийг Horn in on; crash the gate… гэхчилэн англиар хэлснийг боллоо хэмээн бодож болохгүй. Цаана нь intruder, cuckoo in the nest… гэх мэт хэд хэдэн хувилбар бий. Эйнштейний харьцангуйн онол хэл шинжлэлд, тэр дундаа өвөрмөц хэлц, хэллэгийн орчуулгад ч хамааралтайг энд хэлэх нь илүүц бусаар барахгүй харин хэрэгтэй ч юм шиг. Attitude ялгаа, хэв шинжийн буюу типологи ижилслийн тухайд ч бодолцох ёстой. Орчуулгын онолын үүднээс авч үзвэл махчлах, оноох, дүйцүүлэх, орлуулах, төлөөлүүлэх, тайлбарлах гэх мэт аргын аль нэгийг нь буюу эс бөгөөс хослуулж хэрэглэх, эквивалентийг олж, оноож, шүүтгэн нягтлахын цагт энэ хэллэгийг ингэж л хэлдэг юм байхдаа, хачин юм даа хэмээн эргэлзэх тал гарч мэдэх ч тухай тухайн англи үг, илэрхийллийн наадахь биш цаадахь, ил бус далд, дан бус давхар утгыг нь сайтар ухаж ургуулж бодоод байвал учир нь олдож, утга нь бууна. Ээ дээ, энэ хэл үү?! Цагаа тулахаар мөн ч нарийн даа. Өчүүхэн мэт зүйл ч өргөн утгатай болоод явчихдаг. “Неаr” гэхийг “сонсох, дуулах” гэх төдийгөөр тольд тусгадаг. Тэгвэл английн парламентчид ноцтой сэдэв хэлэлцэж маргахдаа “Неаr, hеаr!” гэж үе уе хашгиралддаг нь нөгөө бидний мэддэгээр “сонсох”, “дуулах” гэдэг нь опг биш, харин ондоо утгатай. Ямар утгатай болчихдог вэ гэвэл “зүйтэй, зүйтэй, яг тийм, ёстой үнэн” гэсэн өөр их хүчтэй, өвөрмөц өнгө аяс илэрхийлэх хэлц мэт ойлгогдохуйц болж өөрчлөгддөг.

Харин hey hey гэж хашгиралдаад эхэлбэл хөөе, хөөе, болиоч, больж үз гэж эсэргүүцлээ илэрхийлж байна гэж л ойлгоно. Тэр ч бүү хэл хааяадаа Novice гэж хашгирдаг.

Тун сонин байгаа биз?! Энэ бол томхон жишээ. Тэгвэл жижиг жишээг ч ярьж болно. Boody prize гэснийг баян ходоодны шагнал гэж ойлгох хэрэгтэй болдог. Оросоор утешительный приз. Англиар Hush-hush гэхэд энэ нь энгийнээр маш нууц гэж буйг тэр болгон ойлгох болов уу даа. Гэвч маш нууц гэхийг англиар өөрөөр хэлдгийг ч хэн бүхэн мэднэ. Энэчилэн Chop-chop, snap to it гэвэл хурдал, хурдал, бушуул, бушуул, by my fay гэснийг үнэн сэтгэлийн минь үг шүү, it was a bitter pill to swallow гэснийг энэ бол гашуун үнэн гэж байна л хэмээн зарим тохиолдолд ойлгох хэрэгтэй болно. То spend a penny гэхэд морь харах гэдгээр монгол хүний толгойд буух болов уу, яах бол?! Аль нэгнийг албаны хэнээтэн гэмээр байгаа бол pettinfogger гэх юмуу эсвэл oak-gall, nut-gall, workaholic гэхчилэнгээр хэлээд үзээрэй. Байнд нь үгүй гэхэд банзанд нь онох байх.

Нэг бүдэрвэл долоо бүдрэх, уруудахад буруудах гэхийг Misfortune never come alone, it never rains but it pours, Just one down thing after another гэх зэргээр хэд хэдэн янзаар хэллээ ч гэсэн цаана нь A chapter of accident гэж өөрөөр илэрхийлэх өвөрмөц хувилбар үлдсэн байх жишээтэй. Тэгэхгүйгээр үгийг үгээр махчилж хэлэх гээд байвал ер олигтой юм болохгүй. “Өглөө хазаар, орой ташуур” гэхийг орчуулж байгаа нь энэ гээд “өглөө” гэчихээд “хазаар”, “орой” гэчихээд “ташуур” гэхээр цуцуурхан, зорилгодоо хүрэхэд зоримог тууштай туйлбартай бусыг хэлж байна гэж гадаадынханд огт ойлгогдохгүй. Юу гэх гээд байгаа юм бол доо? хэмээн гайхана. Түүнчлэн “Оргүйгээс охинтой”, “Өдөр ойчсон мах авдаггүй”, “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах”, “Баас хатавч өмхийгөө тавихгүй”, “Сонин дээрээ соохолзох, сониноо буурахаар гоохолзох”, “Сохор нохой дүйвээнээр, соотон гичий чимээнээр”, “Шаварт ойчсон шарын эзэн хүчтэй”, “Уруул дордойвч элэг дордойхгүй”, “Хүний хүүхэд хүрэн бөөртэй”, “Мах өгсөн ч манайшихгүй, өөх өгсөн ч өөриймшихгүй”, “Хүн удах тусмаа төсөө, мал удах тусмаа ижилсэг”… гэх мэтийн маш олон хэллэгийг монгол хүний ойлгож байгаа шиг тэр түвшинд харь хэлээр илэрхийлнэ гэвэл хэцүү. Бараг боломжгүй. Энэчилэн “мөнгө идэх” гэвэл монголчууд өөрсдөө л ойлгохоос биш өөр бусад харийн хүний ой тойнд орж авсаар буухгүй. Өвөрмөц, хэвшмэл хэлц, хэллэгийн учир начрыг гүйцэд ухааръя гэвэл тэдгээрийн гарал болоод үүссэн цаг үе, орон зай, түүхэн нөхцөл байдлыг хамтад нь харгалзан бодож үзмээр байгаа юм. Тухайлбал “Оргүйгээс охинтой…” гэсэн нэг өвөрмөц хэллэг байлаа гэхэд тэр нь Япон, Хятад, Монгол гэх мэтийн Ази, Дорно дахины ард түмний оюун сэтгэхүйд ойр дөт тусч, ойлгогдож болох хэдий ч Америк, Англи гэх зэрэг өрнөдийн орныхны ой тойнд хэртэйд буухгүй.

“Нүдээ хурдан нээж, амаа аажим ангай” гэсэн ийм нэг цэцэн хэллэг байлаа гэхэд тэрнээс хятад зан ханхалж байна. Гадаад хэлээр ярихдаа ус цас, бичихдээ баруун солгойгуй болсон хүн ч өвөрмөц хэлц, хэллэгтэй тулгарахаар түгдчиж гацаад, аягүй бол дөнгөж нэг дөхүүлж төслүүлэх, зүгээр л нэг зүглүүлж оромдож орхих тохиолдол бишгүйдээ бий.

Үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг /шоргоолжны үүр хөндсөн мэт/ гэсэн нэг хэлц хэллэг байлаа гэж бодъёо. Англиар яаж илэрхийлэх вэ?! /Like/ to stir up a hornet’s nest гэх үү, эсвэл огт ондоогоор хэлэх үү?! Энэ бол асуудал. Тэр ч бүү хэл “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн энгийн өвөрмөц хэллэгийг ч хэр баргийн хэлмэрч “A freind in need” is a friend indeed”; “Friends become Known when there is trouble” гэхчилэнгээр авсаар амархан шууд хэлчихдэггүй л юм байна билээ. Үүний учир нь хэлмэрчийн ядмагт бус хэллэгийн ярвигтайд оршино. Чухам ямар, ямар хэлц үгийг яаж орчуулдгийг зах зухаас нь дурьдваас сонин байх болов уу.

Есөн шидийн, эсэн бусын, эрээвэр хураавар, элдэв шалдавын гэсэн санааг англиар гав ганц үгээр илэрхийлье гэвэл ердөө л farrago гэхэд л болохоор. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо 1. As the call, So the echo, 2. it takes one to know, 3. Hoe one’s own row… гэх мэт. Ардаа татлаа түтлээгүй, амар чөлөөтэй /сулдаа ганхам жороо/ footloose and fancy free; олон санаат оргож босохгүй /зайлахгүй/ 1. Jack of all trades, master of none, 2. A rolling stone gathers no moss, 3. To be spoiled for choice, to have too many irons in the fire run after two hares; зовсон хүн жаргадаг, зогссон морь амардаг /золбин нохой зоолдог/ 1. Fall on somebody’s neck, 2. Maxe a dead set, 3. To hobnob with somebody; 4. To be as thicx as thieves; хүзүү сээрээрээ хэлхээтэй /хэн нэгтэй холбогдох/ 1. Fall on somebody’s neck, 2. Maxe a dead set, 3. To hobnob with somebody; 4. To be as thicx as thieves; сайн нэрийг хүсэвч олоход бэрх, муу нэрийг хусавч арилгахад бэрх 1. A good reputation is not obtained by wishing, a bad name cannot be removed by scraping, 2. Give a dog a bad name /and hang him/; тэнгэрт халих /хадан гэртээ очих, бие барах/ 1. To go west, 2. To depart this life /to die/; 3. To go hence; мад тавих /мадлах/ 1. To checxmate, 2. To corner someone; молиго үмхүүлэх /маллах/ 1. To do a snow job on someone, 2. To give /a baby/ a dummy; мордохын хазгай, явахын яйжгий as had the cow that struck herself with her own horn, get off on the wrong foot, будааны хүүхэд pimply, тухай (талаар) чих дэлсэх (дэлдэх) to get wind of … алдаж онох, аваатай өгөөтэй win some, lose some гэх мэт. Үүнээс гадна зараалын хийгээд хараалын, эсвэл замь завхай зайдан /smut/ шинжтэй хэлцийг гүүрч ухаарахад бүүр ч төвөгтэй. Монголоор монди гэснийг англиар hobgoblin, damn it, imp, wretch, rascal, villain, матах /матаас/ гэхийг to sneak on somebody, to slang/sneaking/ гэдэг бол “чөтгөр ав” гэхийг хичнээн ч янзаар хэлнэ вэ дээ. /the/ deuce take it, to hell with it!, oh, bother it!, the devil take it!, dang it!… гэх мэтээр элдэв янзаар илэрхийлдэг. Ву gosh! гэснийг чөтгөр ав гэвэл гайхах хүн гарч юун магад. Наагуур бодвоос ийм ч нарийн дээрээ өөр. Чөтгөр ав гэхийг англиар тэгж хэлээд аргалчихдаг бол босоо ороолон гэснийг яаж илэрхийлэх вэ? Living corpse, vampire, zombie… гэхчилэнгээр хэд, хэдэн хувилбараар л хэлнэ дээ.

Цаг үеэ дагаад элдэв этгээд хачин хэлц шинээр үүсэх хандлага ч байна. Watch-dog /хоточ нохой/, bandog, lap-dog /уяаны нохой, бууны нохой/, /the/ reptile press /захиалгат сэтгүүл-зүй/, venal press /худалдагдсан/ бусдын нөлөөнд автсан /хэвлэл/, шар хэвлэл /yellow/ press, /yellow/press, yellow rag, dirty rag, Penny press/, завхуул хэвлэл /сонины оронцог, сонинцор/ /smear-sheet/; scribbler цаас цоохорлогч, цаас эрээчигч/… гэхчилэн зөвхөн хэвлэл мэдээлэлтэй холбоотой өдий төдий өвөрмөц хэлц, хэллэг байдагчлан хөнжлийн шивнээ /pillow talk/, хөшигний цаадах /булагнаа/ яриа /backstage talks/, хуулийн цоорхой /a loophole in the law/ хулхийг нь буулгах /хулхи нь буух, шалдаа буух/, to eat humble pie, to humble oneself, бялуу хуваах /to share cake, to run for portfolio, to run for power’s caxe, to share power’s cake, get the sweetest portion of “shared cake”, to get own portion of “shared cake”/, айл ухах /орон байрны хулгай/ /burgle/, туулайчлах /туулайчлагч/ /gate crasher/, хулхидах /хуурч мэхлэх/ /to cheat, to swindle, to forge, to falsify хулхидагч /соnman/, халаасны хулгай /pocket-picking/, халаас суйлагч /pickpocket/… гэхчилэнгийн олон өвөрмөц хэлц орчин үед дэлгэрчээ.

Эхнэр /нөхрөө/ араар нь тавигч (тавих) гэхийг “adulterer /adulteress/”, гэр бүлээс гадуур явалдах /ханийн итгэл эвдэх/ гэхийг ” “adultery”, “to cheat on”, хормойн донтон sexual deviant, abandoned, fornication; nymphomaniac; nymphomania, гэх мэтээр хэлж болдог байх нь. Өнөө үеийнхний дунд түгсэн өвөрмөц иймэрхүү хэлцийг жич судлууштай.

Цаашилбал you rat гэхэд урваач, шарваач, degenerate гэхэд адгийн шаар, wheeling and dealing гэхэд дапд явуулга, jester, clown, fool гэхэд алиа салбадай, hen-pecxed husband гэхэд эхнэрээ толгой дээрээ гаргасан, Jaw гэхэд амаа тат, Wheeler dealer гэхэд хор найруулагч гэж англиар хэлж байна хэмээн авсаар ойлгогдох болов уу, яах бол?! Ойлгоход амаргүй л байх вий. Whorehouse, brothel… гэхчилэн янхны газрыг ч хүртэл янз, янзаар л хэлэх юм.

Эдгээрээс гадна бэлэнчлэх гэсэн үг хэлцийн хэлбэрт ороод удаж байна. Англиар бол be smb’s dependant to live off /rely on handout’s.

Аливаа хэлний аль сайхан амт чанар, шим шүүс шингээстэй хэсэг нь өвөрмөц хэлц, хэллэг, зүйр цэцэн үг, сургааль үгс юм. Зүйрлэвээс цайны бол дээж нь, сүүний бол өрөм нь, шөлний бол тослог нь, цэцгийн бол бал нь гэлтэй. Хүн ёсны харилцааны хамгийн нандин нь хайр сэтгэл. Тэр ч гэсэн өвөрмөц хэллэгг тусгагдахаараа нэг болжээ. “Янаг бүсгүйн ярвайх нь хүртэл гоё”, “Аашных нь сайханд аавын хүү татагдана, нүүрнийх нь сайханд нүгэл бүхэн арилна”… гэхчилэнгээр монгол хэлц, хэллэгт бүсгүй хүнийг тусгахдаа түүчий гоо үзэсгэлэнг “Хашийн цагаан царай” гэж зураглан дүрсэлжээ. Зүгээр нэг цагаан царай гэхгүй “Хашийн цагаан царай” гэсэн байгаа юм. Сонсоход сайхан байгаа биз?! “Төрсөн байтлаа зурсан юм шиг” гэнэ. “Гэр нэвт гэгээтэй, туурга нэвт туяатай” ч гэнэ. Үүнээс илүү уран өгүүлнэ гэж яахыг хэлэх вэ.

Апь нэгэн ул сорны ард зоны ахуй соёл, зан заншил, хандлага, таашаал, үнэлэх хийгээд үзэн ядах сэтгэлгээ, тэдгээрийн ижил хийгээд ялгарах онцлог тэр бүгд өвөрмөц хэлц, хэллэгт ямар нэг байдлаар туссан байх юм. “Тулгаа үдээрээр үдэх”, “Ууранд ус нүдэх”, “Шуудайд шөвөг нуух” гэсэнтэй төсөөтэй “Хөвөнд гал нуудаггүй” /Абхаз/, “Цаасанд гал боохгүй” /Хятад/, “Элсээр хуйв томож, элээ уургалах” /Татар/, “Үхрийн хөөврөөр өндөр хэрэм барих” /Армян/ г.м хэллэг зөндөө. Англиар “White haired”, “White as snow”, оросоор “Седой /белый/ как лунь” гэсэн хэллэг байлаа гэхэд түүнийг монголоор “Цал буурал”, “Азай буурал”, “Мөнгөн буурал”, “Був буурал”, “Өвгөн буурал”, “Өтгөс буурал”, “Өвөг дээдэс”… гэхчилэн сонсголонтой сайхнаар чихэнд чимэгтэйгээр илэрхийлж болж байна. Англиар “Sloppy sentimentality”, “Sloppy endearments”, оросоор “Телячьи нежности” гэснийг монголоор “Янаг дэндвэл тэнэг”, “Энхрий дэвээ хатсан” гэж хэлэхэд тэр нь тэндээ л нэг янзтай. Англиар we are only flesh and blood гэсэн байхад монголоор түүнийг “алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий” гэж орчуулсан байдаг. Монгол хэлээ мохоо эзэмшиж, модон хэлээр яригсдад бол нэгэн ёсны сургамж. Модон хэл гэхийг англиар “Broken language”, “Clumsy /awkward style/”, оросоор “Поманый язык”, “Суконный язык” гэнэ.

Хүн амьтан харсаар байтал эрээ цээргүй, ичиж зовохгүйгээр гэмт хэрэг үйлдэж, хулгай дээрэм хийхтэй холбогдуулж “Гэгээн цагаан өдрөөр” гэхийг англиар ” “in broad daylight”, францаар “Au grand jour” гэж туниа муутайхан төслүүлэх төдий хэлдэг байхад монголоор “Гэгээн өдөр, гэрэлт нарнаар”, “Дээр нартай, дэргэд хүнтэй байхад”, “Түмний нүдний өмнө”, “Амьтан хүний хөл татраагүй байхад”, “Улайм, цайм”, “Цагаандаа гарсан”… гэх мэт санаа дэлгэр, утга төгс, хэллэг эвлэг болоод яруу илэрхийлнэ. Англиар to be sly, to be foxy гэхийг монголоор нохойтох гэсэн ганцхан хэлц үгээр илэрхийлчихэж болж байна. Миний бие өмнө нь хэвлүүлсэн тольдоо нойтон хамуу гэхийг англиар таван янзаар хэлсэн хэдий ч өөрөөр do-gooder гэж ч байж болох. Чулуу хөөлгөх гэхийг дөрвөн янзаар тольд оруулчихсаныгаа болчихлоо хэмээн бодсон чинь цаана нь to lead Smb. On a wild-goose chase гэсэн ондоо нэг хувилбар үлдчихсэн байх жишээтэй.

Монгол өвөрмөц хэллэг л ганцаараа яруу, гадаадынх болохоор цөмөөрөө тааруу гэж өөрийнхийг өргөн дөвийлгөөд өөр бусдынхыг үгүйсгэж болохгүй. “Шар сэмжлэх” гэсэн нэг бааз хэллэг байлаа гэхэд тэрнийг англиар “Second youth /second sprind”, оросоор “Седина в бороду а бес в ребро” гэсэн нь юу нь муу байх вэ. Хэлэх гэсэн цаад далд утга нь ил гарч ирсэн л байна. Нөр хичээнгүй, шаргуу чанарыг англи хэлнээ “To work round the clock”, “To be as busy as a beaver”… гэх юмуу, өр нимгэн, өрөвч зөөлөн сэтгэлтэй байхыг “To have a big heart”, “To be softhearted”, үй зайгүй үнэнч нөхөрлөхийг “To be as thick as thieves”, баруун гарын хүн /итгэлт ойрын туслагч гэхийг side kick… гэхчилэнгээр хэлдэг. Энд сонин болгож хэдэн жишээ нэмж хэлье. Тойрон хүрээлэгч хамсаатан гэхийг henchman, бэлгийн /эр эмийн / бус энгийн харьцааг Аsехuаl [еi’sекsuеl], залуу эмэгтэйд ээнэгшин тэтгэгч хөгшин эрийг sugar daddy, магтсан хүүхэн хуриман дээрээ унгах гэгч шиг гэхийг not all /not as good as/ it is cracked up to be гэх буюу бас ондоогоор ч илэрхийлдэг.

Тэрчилэн Bachelor = бакалаврийг гоонь эр гэдэггэй андуурав даа. Аль, альныг нь тэгэж адилханаар хэлдэг байх нь байна шүү. Bachelor flat (apartment) гэвэл бакалавр зэрэгтэй хүний сууц биш харин гоонь эр амьдардаг байр гэж ойлгохоос өөр аргагүй нь.

Эр эмийн явдлыг тусгасан өвөрмөц хэллэг англи хэлд элбэг. Cradlesnatcher /өөрөөсөө олон насаар дүү хүнтэй нөхцөлдөх, гэрлэх/, to kiss and tell /нэр алдар бүхий хүнтэй учир ургуулснаа ид хав болгож ярих/, Party girl /энгэр султай эмэгтэй, хормойн донтой, хөнгөн дэвүүр/ г.м. Аль нэгэн монгол өвөрмөц хэллэгийг англиар буулгахдаа болж л өгвөл баялаг дэлгэр олон янзаар илэрхийлэхийг хичээх хэрэгтэй билээ. Тэгсэн цагт л уг хэллэгийн утга гүйцэд гарна. Энийг аль ч хэлнээс ажиж мэдэрч болно. Амны хишигтэй төрсөн гэхийг оросоор “Родиться в сорочке” гэснээр хязгаарладаггүй. “Родиться под счастливой звездой” гэх мэтээр хэлдэг. Англиар ч өөрцгүй “To be born un­der a lucxy star”, “To be born with a silver spoon in one’s mouth” гэснээр болчихдоггүй. To lead a charmed life гэж хүртэл хэлдэг. Бурхан болох, тэнгэрт халих гэхийг “go to west” гэхээс гадна “go to meet one’s maker” гэж бас хэлэх нь ээ.

Өвөрмөц хэлц, хэллэгийн давтагдашгүй агаад үнэхээрийн үгүйлж барамгүй, өгүүлж дуусамгүй нарийн ширийний тухайд ондоо ч олон зүйл хэлж болох. Бид л тэр бүр анзаарч ажиглахгүй явж ирснээс биш хэрвээ нарийн нягталж, шүүтгэн үзвэл өвөрмөц хэлц, хэллэг, зүйр цэцэн үгэнд мөн ч их юм агуулагдаж байдаг бололтой. Санаанд оромгүй нэг жишээ хэлье. “Элэг” хэмээх нэг эгэл эрхтэн байлаа гэхэд түүгээр их олон юмыг төлөөлүүлсэн байх юм. “Элгэн садан”, “Элгэн халуун нутаг”, “Элэг бүтэн”, “Элгээрээ энх амгалан”, “Элэг эмтрэм”… гэх мэт. “Зүрх”-ний тухайд ч өөрцгүй. “Зүрхний хайрт”, “Зүрх шимшрэм”, “Зүрх догдлом”, “Чулуун зүрхтэй”… гэх мэт. “Нүд” гэхэд л “Нүдэндээ галтай”, “Нүдний гэм”, “Нүдний цөцгий мэт”, “Нүдэн балай”, “Нүгэл нь нүдээрээ”… гэх мэт. Энэчилэнгээр “Яс арьс болтлоо турсан”, “Толгойтой үснээс их өртэй”, “Хөлд нь хий орсон”, “Урт хэл хүзүү орооно”, “Гар бариад шуу барих”… гэхчилэн хүний бие эрхтнээс өвөрмөц хэлц, хэллэг, зүйр цэцэн үгэнд тусгагдаагүй эрхтэн гэж бараг үгүй. Тэр дотроос элэг, зүрх, нүд… гэх мэт эмзэг нарийн эрхтнийг онцолсон нь их учиртай. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой ч гэсэн болно. Ингэхэд манай ард түмэн болбоос асар анатомч ард түмэн юм. Түүнийг хойшид маш нарийн судалбал зохих зүйл түл нээлттэй орхилоо. Өмнө нь хоорондоо яг таг ярилцаж тохироод зохиочихсон юм шиг нэг утга санаатай нийтлэг хэллэг ч уужим энэ хорвоогийн энд тэнд орших улс орнуудад ч түгээмэл байгаа нь бас нэг сонирхол татам асуудал. Тэрнийг улс түмнүүдийн уламжлалт хэлхээ харилцаа, түүх соёлын уялдаа холбоо, харилцан хамаарал шүтэлцээ талаас нь шүүтгэн тунгааж, сурвалжлан судалж, тодотгож тогтоовоос мөн чиг их хэрэгтэй, маш чиг их сонин байхсан болов уу. Жишээ нь: “Түүхийн хүрдийг ухраах” гэдэг ийм нэг өвөрмөц хэллэг байлаа гэхэд тэр нь дэлхийгээр нэг тарахдаа “To roll back the wheel of history”, “Far girar all indietro la ruota della storia”, “Volver atras la ruaeda de la historia”, “Elles demandent que i’histoire fasse machine en arriere”, “Повернуть назад колесо истории” гэхчилэнгээр олон хэлнээ орчуулагджээ. Ийнхүү замба тивийн наран дор, хорвоо дэлхийн хаана нэгтээ аж төрөн амьдарч буй хүмүүн төрөлхтөний хэл, соёл, ахуй, сэтгэлгээнд байдаг нийтлэг зүйлүүд ямарваа хэлний бүтцийн нэн чухал, ээдрээтэй нарийн элемент болох өвөрмөц хэлц, хэллэгт тусгагддаг. Өвөрмөц хэлц, хэллэгийн үнэт олон шинжийн нэг нь үүнд оршино.

Нөгөө нэг чухал тал нь гэвэл хоёр хүн хоорондоо ярихдаа ч, бичиг, номын мэргэд бүтээл юугаан туурвихдаа ч өвөрмөц хэлц, хэллэг, зүйр цэцэн үгийг бишгүйдээ хэрэглэнэ. Монголд ирсэн эрхэм зочид ч, манайхаас харьд айлчилсан ихэс, дээдэс ч нүүр хагарч ний нуугүй ярилцахын цагт “Манайд үүнийг ингэж тэгж зүйрлэсэн өвөрмөц хэллэг байдаг, танайд байдаг уу? байдаг бол юу гэж хэлдэг вэ?” гэхчилэн үнэн санаанаасаа сонирхож шалгаах нь бий. Хүмүүн төрөлхгөнд өмнө нь хэрэглэгдэж байгаад мөхсөн буюу өдгөө хэрэглэгдсээр буй хэлийг бүгдийг оролцуулбал 3000 гаруй хэл бүртгэгджээ. Тэдгээрээс хэрэглэгдэх хэмжээ цар, тархалтын түвшнээрээ толгой цохидог нь англи хэл учраас энэ хэлний нарийн нюанс, эгзэгтэй элемент шингэсэн өвөрмөц хэлц, хэллэгийн толь бичиг байх ёстойн зайлшгүйд бат итгэх нь зүй болов уу. Нэгэнт эрэлт, хэрэгцээ их байх тул хойшид толь хөгжсөн орны жишгийг дагаж өвөрмөц хэлц, хэллэг, зүйр цэцэн үгийн тайлбар бүхий толь бичиг бэлтгэж гаргах үйлсийг ихээхэн бадруулж эрчимжүүлмээр байна. Үүн дээр нэмж хэлмээр нэг зүйл байх юм. Тэр нь юу вэ гэвэл Slang / сленг/-ын тухай юм, “Slang” гэхээр манайхан жаргон гэж ойлгодог. Гэтэл ” Slang” нь жаргон төдий биш юм байна. Slang-ыг өрнөдөд юу гэж томъёолж, тодорхойлж байна гэвэл: “Slang is not in fact jargon, a secret code, dialect, unacceptable usage or the idiom of everyday speech, although it may contain elements of all of these” гэсэн байх юм. Slang-д этгээд гаж хэллэг, хар бор яриа, завхуул үг багтана. Шорон, гяндан, эмсийн хүрээлэн, янхны газар, баар, цэнгээний газар, худалдаачин наймаачдын дунд өөр, өөрийн өвөрмөц хэллэг-сленг байна.

Манайхны “шаглах”, “хулхидах”, “гол гаргах” гэх ч юмуу, цагаан архийг “цагаан Долгор”… гээд байгаа нь үнэн чанартаа сленг юм. Бид тэр болгон анзаардаггүйгээс биш оюутан, сэхээтэн, наймаачид, бизнесийн хүрээнийхэн бүгд өөрийн Slang /сленг/- тэй байдаг байна. Эдгээр нь хүн бүрт авсаар ойлгогддоггүйчлэн гадаадад ч мөн ялгаагүй тийм байх тул тусгай тайлбар толь бичиг хүртэл гаргасан байна. Үүнээс санаа авч би өвөрмөц хэллэгийн тольдоо англи, америк, австрали болон Карибын тэнгис хавийн англи хэлээр яригч улс үндэстний Slang-ээс амсах төдийг тусгасан нь манайдаа анхны оролдлого байсан байж болсх. Хэдийгээр Slang /сленг/ нь тодорхой хүрээнд явцуу бүлэг, хэсэгт хэрэглэгдэх боловч судлаач хэл шинжээчдийн анхаарлыг багагүй татах боллоо. Монголд ч гэсэн Slang-ын төрөлжсөн толь гаргаж энэ талын судалгааг эхэлмээр байна. Ганц Slang ч биш. Хэлний өөр бусад бүтэц элементийг түүний дотор өвөрмөц хэлц, хэллэг, зүйр цэцэн үг, сургааль үг сэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зүйлчлэн нягталж тэр талын судлал, шинжлэлийг шинэ шатанд гаргамаар байна. Академич Ц.Дамдинсүрэн, доктор, профессор А.Лувсандэндэв нарын орос-монгол тольд “идиом”-ыг “өвөрмөц хэллэг”, “фразеологи”-г “хэлц, хэлц үг, хэвшмэл хэллэг” гэсэн байгаа. Тэгвэл доктор, профессор Чой.Лувсанжав фразеологийн толь зохиохдоо түүнийгээ шууд “өвөрмөц хэллэгийн толь” гээд нэрлэчихсэн.

Өвөрмөц хэллэг, зүйр цэцэг үгс өөр хоорондоо төсөөтэй төдийгүй цөөн бус тохиолдолд бие биенийхээ элементийг хадгалж байх учир тэдгээрийг яс зааглаж, яг ангилахад төвөгтэй. Тэр нь түрүү, түрүүчийн бүтээлд ч ажиглагдаж ирлээ. Үүнийг өгүүлэхдээ баримт түших нь дээр биз ээ. “Ждать у моря погоды” гэхийг Чой.Лувсанжав өвөрмөц хэллэгийн тольдоо оруулсан байхад Г.Аким “Зүйр, цэцэн үгийн толь”-доо багтаасан байх жишээтэй. Энэ юуг харуулж байна вэ? гэвэл өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үгийг зааглаж ялгахад зарим үед бэрхшээлтэйг харуулж байна. Оросын хэл шинжпэлд өвөрмөц хэллэг, зүйр, цэцэн үг, сленг зэргийг утгын нягтралаар нь заавал зааглаж ялгах гээд байдаг бол өрнөдөд өөр. Үүнд их уян хатан, наанатай, цаанатай ханддаг. Тэгэх нь ч зөв болов уу. “Крылатые слова” буюу онч мэргэн үг гэж орос хэлэнд байдгийг англиар winged /words/ гэж зүгээр байхаар гэснээс орчуулсан болж ээлж өнгөрөөх боловч уг чанартаа тийм нэр томъёог англи хэлтний дунд төдийлөн хэрэглэж хэвшээгүй. Тийм дээрээс ч “Русско- английский словарь крылатых слов” гэсэн бүтээлд аанай л өнөөх өвөрмөц хэллэг, зүйр, цэцэн үгс холилдчихсон явж байна. Тэр ч бүү хэл “В английской лексикографии термин “Крылатые слова” не используется” гэсэн нь “Крылатые слова” гэсэн нэр томъёо өрнөдөд байдаггүйг хэрэг дээрээ хүлээн зөвшөөрсөн явдал болжээ.

Энэ бүхнээс үзсэн ч өвөрмөц хэлц, хэллэгийг үгсийн сангийн бусад элементүүдэд хамааруулахгүйгээр хатуу зааглах гэх хэрэггүй мэт санагдана. “Ловить рыбу в мутной воде” гэснийг Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын тольд “Сайн эр самбаанд, саарал чоно бороонд” гэжээ. Чой.Лувсанжавын тольд “Муу хүн самбаанд, чоно бороонд” гэжээ. Энд үгэнд баригдалгүйгээр утгыг голлосон нь илт байна. Нэг нь “сайн эр самбаанд” гэж байхад нөгөө нь “Муу эр самбаанд” гэсэн байна. Энэ бол байж болох зөрөө. Тэгвэл байж болохгүй зөрөө гэж бас бий. Үүний нэг жишээ дурьдая. “Один в поле не воин” гэснийг манайхан “Ганц дайчин ганцаардахгүй” хэмээн тувт буруу орчуулж, буруу ярьсаар өдий хүрлээ. Энэ бол уучлашгүй алдаа. “Ганц дайчин ганцаардахгүй” биш харин “ганцаардана” гэснийг тэгж буруу ташаа ойлгож яахан болох билээ. Англиар тэр нь “One man is no man” гэсэн л хэллэг. Гэтэл яахаараа үүнийг “Ганц дайчин ганцаардахгүй” гэж ойлгодог байна аа. Миний хувьд ингэсний учрыг бодоод, бодоод олохгүй байна. Өвөрмөц хэллэгийг орчуулахад чөлөөтэй сэтгэнэ, сэтгэнэ гэхэд арай ч ингэж их хамаагүй хадуурч болохгүй байлгүй.

Толь бүтээх явцад өмнө нь надад анзаарагдсан буюу сонин, содон санагдсан зүйл гэвэл: Улс үндэстэн бүрийн хэл, сэтгэхүйн онцлог, юмыг зүйрлэх, адилтгах, урнаар өгүүлэх увидас, авъяас тэргүүтэн нь цөм өвөрмөц, хэвшмэл хэлц, хэллэг, зүйр цэцэн үгэнд тусгалаа олсон байх юм. Энд нийтлэг хийгээд ялгаатай зүйл нэлээд байгаа нь сонирхол татлаа. Дайсагнал, эв түнжингүй байдал, хар буруу санаа, таатай бус хандлагыг чоно, хэрээ, муураар, заль мэх, үнэнч бусыг үнэгээр төлөөлүүлэх нь аль ч улс оронд машид түгээмэл болох нь мэдрэгдлээ. Иймд англиар “Sly fox” гэснийг “Зальт шар сүүлээрээ хуурна” гэдэг ч юмуу, оросоор “Лиса Патрикеевна” гэснийг “Үнэгшин бэргэн” гэхчилэн монголчуудын хэл, сэтгэхүйн онцлогт ойртуулж орчуулж яагаад болохгүй байх вэ.

Өрнөдийн өвөрмөц хэлц хэллэгт нохой, муур, загас, шувуу олонтаа дурдагддаг бол монголынход морь, тэмээ зэрэг таван хошуу мал илүүтэй гарч байх юм.

Манайхны “Гар хөдөлбөл ам тостоно”, “Эрхэм баян эрдэм” гэх юмуу, “Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа”, “Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл” гэдэгтэй эгээ ижил утгатай хэвшмэл хэлц, хэллэг, зүйр цэцэн үг, сургаал үгс улс улсад бас байна. Оросоор знание-сила, one’s strength may be exhaust­ed, but not knowledge гэсний монгол эквивалент нь эрхэм баян эрдэм мэдлэг, мэдлэг бол хүч чадал гэж байж болохыг бусадтай нь харьцуулахад яав ч дордоогүй мэт To be as thick as thieves гэхийг хүзүү сээрээрээ холбогдох, бөгс бөөрөөрөө нийлэх гэдэг ч юмуу үгүй бол зүү орох зайгүй, зүйдэл опох завсаргүй гэж бүүр гоё болгоод хэлчихэж болно. Үүнчлэн set a thief to catch a thief гэснийг чоно ойрынхондоо өлзийтэй, тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэхчилэн орчуулсныг элдэв ном, толь бичиг сэлтээс харсан л даа. Тэрнийг ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэх эсвэл бүр эвгүйгээр эргүүлээд хар хэрээ бие биенээ тоншихгүй, хануур хорхой бие биеэ сорохгүй, таарсан таар шуудай… гэх мэтчилэнгээр хэлэх боломж баялаг монгол хэлэнд байгаа. “Нэг моринд хоёр эмээл тохдоггүй” /Вьетнам, Солонгос/, “Шүд шүдээ балбахад ходоод хаалгаа нээнэ “/Гүрж/, “Аав нь арван хүүгээ тэжээсэн байхад арван хүү нь ганц эцгээ тэжээж чадахгүй” /Еврей/, “Зүрхэнд ассан гал толгойд утаа цацна” /Иран/, “Анд нөхөр нүдрүү хардаг, атаат дайсан хөлрүү ширтдэг” /Дагестан/, “Өгөхөд тав ихдэж, авахад тав багадана” /Казах/, “Уранхай хормой ханцуй болохгүй, урьдын дайсан нөхөр болохгүй” /Каракалпак/, “Гараар үйлдсэнээ толгойгоор хариуцна” /Курд/, “Ганцаараа алдаа хийхэд гэрээрээ зовно” / Балба/, “Цусаар хир угаахгүй” /Нигери/, “Хутга ч бай, сүх ч бай хүний хэлнээс хурц биш” /Малайз/, “Далайд мөр үлддэггүй” / Осети/, “Хүн хүзүүгээ харж чаддаггүй” /Өмнөд Африк/, “Цусыг цусаар угаадаггүй” /Перс/, “Найздаа битгий нууцаа хэл, наадах чинь бас л өөрөө найзтай” /Тажик/, “Тэнгисийн гүнийг хэмжиж болно, тэгвэл хүний сэтгэлийг хэмжих аргагүй” /Тайланд/, “Дарь, гал хоёр нэг дор байхгүй” /Турк/, “Шонхор шувуу ялаа шүүрэхгүй” /Туркмен/, “Дэнлүү өөрийгөө бус бусдыг гэрэлтүүлдэг” /Хятад/, “Хүүхний цагаан царай түүний долоон гэмийнх нь халхавч” / Япон/, “Гутлыг алтаар хийсэн ч хөлд л өмсөжтаарна” / Энэтхэг/, “Үнэн усанд живэхгүй, галд шатахгуй, суманд үхэхгүй” /Узбек/… гэх зэрэг өдий төдий өвөрмөц хэлц, хэллэг, зүйр цэцэн үг байлаа гэхэд тэдгээрийн зохих, тохирох эквивалент /дүйцэл/ нь монгол хэлэнд хангалттай гэхээс хэтрэх түвшинд байж л таараа. “Муу амьд явснаас сайн үхсэн нь дээр” гэсэн ийм нэг хэвшмэл хэллэг байхад тэр нь перс, узбек, орос… мэтолон хэлнээ агуулгаболоод хэлбэрээрээ ав адил дүйж байх юм. “Үгийн шарх эдгэхгүй, мэсийн шарх эдгэнэ” гэсэн хэллэг монголд ч, перс, румын зэрэг өөр бусад хэлэнд ч байж л байна.

“Дааганаас унаад үхэхгүй, даравгараасаа болоод үхнэ” гэх юмуу, “Урт хэл хүзүү орооно” гэсэн монгол хэллэг хаа холын Угандад “Хэл хальтирснаас хөл хальтирсан нь дээр” гэсэнтэй эгээ ижил байгааг олж мэдээд хачин их гайхав. “Хүний хамаг гай түүний хэлнээс үүсдэг” / Азербайжан/ гэдэг ч мөн ялгаагүй.

Хятад хэлэнд “Хашаанд завсар бий, хананд чих бий” гэсэн хэллэг Англид “Walls have ears” Оросод “Стены имеют уши” гэсэнтэй яг таарч байна. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл улс түмнүүдийн түүх, хэл, соёл, ахуй сэтгэлгээнд ижил зүйл их байдаг нь өвөрмөц хэлц, хэллэг, зүйр цэцэн үгээс андашгүй нь ээ гэдгийг ойлгуулах л гэж оролдоод байгаа юм.

Шударга ёс, тусч чанар, үнэнч нөхөрлөл, эв нэгдлийг хаана ч дээдлэн эрхэмлэдэг нь газар газрын өвөрмөц хэллэгээс үзэхэд илт. Энэ чиглэлээр миний сайн анд агсан саруул уужим ухаант Ч.Балчинжав маань асар шимтэн судалдаг байж билээ. Мөн ч их махруун, нөр хичээнгүй, бүтээлч хүн байсан даа. Дашрамд тэмдэглэхэд монголоор “хүн” гэсэн нэг ухагдахуун байлаа гэхэд түүнийг харь хэлээр “humanite”, “hombre”, “mensch” /mann/, “hu­man being, “человек” гэхчилэн хэдэн ч янзаар хэлж тэмдэглэлээ гэсэн эцсийн бүлэгт мөнөөх л “хүн” гэдэгтэйгээ дүйнэ. Эквивалент буюу дүйцлийн тухай асуудал ч үүнд хамааралтай. Ялангуяа өвөрмөц, хэвшмэл хэлц үг, хэллэгийн орчуулга дээр яалт ч үгүй яригдах зүйл. Хэлц үг, хэллэг гэсэн хоёр нэр томъёо, хоёр өөр ухагдахуун мэт зүйлийг ямагг эн зэрэгцүүлж ярихын учир гэвэл хэлц гэдэг нь утгын нягтрал өндөртэй байхад, хэллэг гэдэг нь утгын нягтралын түвшин арай доогуур байна. Идиомын хувьд бол тэр нь хэлц талдаа түлхүү хамааралтай гэж эрдэмтэд, судлаачид үздэг.

Доктор Ж.Бат-Ирээдүй монгол хэлц үг, хэллэгийн утга, хэрэглээний нарийн ширийнийг томьёолж, тодорхойлсон нандин гэмээр сайхан ном гаргасныг сануулъя юу. Уг бүтээл дундаас дээш /good” intermediate/ түвшний монгол хэлтэй харийнханд зориулагджээ. Ам нээвэл уушги нээнэ гэгчээр сэдвийн чухлыг бодож, ярих зүйлийн ярвигтайг ойлгуулах гэж оролдлоо. Энд би өмнө нь өөрийн бэлтгэсэн тольд байгааг нэгэнт давтах бус харин байхгүй буюу оролгүй орхигдсон үг хэллэгийн тухай аль болох ахиу, дөхүү өгүүлж дутууг нөхөн дундуурыг дүүргэхийг зорилоо.

РS: МУИС-ийн ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхимээс манай улсын Их Дээд сургуулийн гадаад хэлний тэнхимийн эрхпэгч, багш нар болон бусад орчуулагчдыг оролцуулсан эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэлээ бага зэрэг баяжуулж нийтлэв.

© duuren.mn

17 “Өвөрмөц хэлц, зүйр цэцэн үг, түүний орчуулгад хамаарах зарим асуудалд

  1. Pingback: helpwet.xyz

  2. Pingback: burnjoin.xyz

  3. Pingback: innsow.xyz

  4. Pingback: bowear.xyz

  5. Pingback: www.suprashoesclearance.us

  6. Pingback: www.adidas-outletshoes.us

  7. Pingback: www.uggbootsoutletus.us

  8. Pingback: www.yslhandbagssale.us

  9. Pingback: www.salomonshoesoutlets.us

  10. Pingback: www.underarmouroutlets.us

  11. Pingback: hair bundles

  12. Pingback: mackage jackets

  13. Pingback: mackage coats

  14. Pingback: canada goose jackets

  15. Pingback: canada goose outlet online

  16. Pingback: canada goose sale

  17. Pingback: MBT soldes

Leave a Reply