Шударга бус өрсөлдөөн дундаас шударгаар гарч ирэх нь

“Олд чех”-ийн Ганаа гэж бизнесийнхэн дунд алдаршсан өдгөө ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгын өнгөрсөн онд хэвлүүлсэн “Эзэн хичээвэл заяа хичээнэ” номноос хэсэгчлэн хүргэж байна. Тэрээр 1998 онд Тавантолгойн лицензийг авч, гаднаас хоёр тэрбум доллорын хөрөнгө оруулалт оруулах шахсан, улмаар лицензээ нэг ч төгрөг авалгүйгээр улсад буцааж тушаасан зэрэг онц сонирхолтой түүхээсээ өгүүлж байна.


 

Аюушийн ГАНТУЛГА

IMG_025Хөдөлмөрөөрөө олж бүтээсэнтэй харьцуулахын ч аргагүй их хөрөнгө мөнгөтэй болох боломж надад байсан. Нэгэн цагт Тавантолгойн нүүрсний орд манай компанийн мэдэлд байсан гэхээр итгэх хүн ховор байж магад. Гэвч үнэхээр тийм л түүх байсан. Бизнес эрхэлж явахад хамгийн их тулгардаг саад бэрхшээл бол төрийн хүнд суртлын тогтолцоо, хээл хахуулийн асуудал. Би авилга өгч чаддаггүй, өгөхийг үзэн яддаг маань надад ажлаа олонхийн адил хялбар амар бүтээхэд мөн ч их саад тотгор болсон доо. Гэвч авилга хэзээ ч хэнд ч өгөхгүй гэсэн үзэл бодолдоо хатуу байж, тэр бүх саад тотгорыг давж туулж чадсанаа өнөөдөр нүүр бардам хэлэхэд сайхан байна.

Тавантолгой бол Монголын төдийгүй дэлхийн томоохон нүүрсний орд газар. Дэлхийн нийт хүн ам, өлгийтэй нялхаас нь өтөл өвгөнд нь хүртэл хэрвээ Тавантолгойг хуваавал хүн бүрд элбэгхээн нэг нэг тонн нүүрс хүрэлцэхээр их нөөцтэй гэхээр л элдвийн тоо тооцоо хийх шаардлагагүй ямаршуухан аварга орд болох нь хар аяндаа ойлгогдоно.

Өнөөдөр Монгол орон, монголчууд тэр аяараа Тавантолгойгоор амьсгалж, дэлхий ч Тавантолгой руу анхааралтай харж байна. Энэ орд ойрын жилүүдэд Монгол орны эдийн засгийн нэгэн тулгуур багана болох нь тодорхой, монголын иргэн бүр энэ орд газрынхаа баялаг үр шимээс хүртэх цаг мөч ойрхон байна.

Энэ орд газрын лиценз үнэхээр л миний ширээн дээр хэвтэж байсан юм. Өнөөдөр Тавантолгойн лиценз ямар замаар яаж яваад төрийн өмчид буцаж очсон тухай их л ташаа мэдээлэл цацагдах болсон.

1990-ээд оны эхэн, дунд үед гадаад ертөнцөд Монголыг хэн ч мэдэхгүй, мэдсэн ч тоодоггүй байлаа. Ямар сайндаа 1997 онд гадаадынхныг хөрөнгөө оруулаад өгөөч хэмээн гуйж царайчилсандаа монголчуудын эрх ашигт маш хохиролтой, гаднын хөрөнгө оруулагчдад асар их ашигтай Ашигт малтмалын тухай хууль хүртэл гаргаж байхав. Улс төр нь тогтворгүй, эдийн засгийн гол гол секторууд нь бэхжээгүй, үндэсний үйлдвэрлэл бараг хоосон, олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийн тухай ойлголт ч байхгүй шахам байв.

Дотооддоо бол Винесуэлийн “Халтар царайт” гэдэг нэрэндээ таарсан кино манай нийгмийг бүхэлд нь байлдан дагуулж байсан нь тухайн үед бидний оюун санааны түвшин ямар доогуур байсныг илэрхийлж буй хэрэг. Аль ч албан газруудад архидах явдал ердийн үзэгдэл болж, гудамжаар нь согтуу хүмүүс орилолдсон, оросын хэдэн муудсан автомашин гудамжаар холхидог байсан цаг үе.

Яг ийм эгзэгтэй үед буюу 1998 онд манай компани Таван толгойн лицензийг авсан юм. Энэ лизензийг авчихаад Австралид очиж ВНN компанитай Тавантолгойн ордыг ашиглах, Монголд хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан. Яриа ч амжилттай болж, ВНN компанийхан Монголд ирж, асуудлыг Засгийн газрын хэмжээнд ярилцаад 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санамж бичигт гарын үсэг зурсан.

Тэр үеийн 2 тэрбум ам.доллар бол өнөөгийн 20 тэрбумтай тэнцэнэ. Тэгэхэд нэг тонн нүүрсний үнэ 300-400 төгрөг байв. Гэрээнд баялгийн 51 хувийг нь Монголын тал давуу эрхтэйгээр эзэмшихээр тусгагдсан байсан.

Үүний зэрэгцээ олон томоохон хөгжлийн бүтээн байгуулалтууд өрнөх байв. Тухайлбал Төмөр зам, Олон улсын нисэх онгоцны буудал, Их дээд сургуулиудын хотхон, нүүрсний коксжих үйлдвэр, гангын үйлдвэр гээд яг л өнөөдөр Монголын хөгжилд амин чухал хэмээн яригдаад байгаа зүйлсийг Монголд хэрэгжүүлэхээр болсон. Үнэхээр агуу их боломж харагдаж байлаа. Энэ ажлыг эхлүүлчих юмсан гэж би мөн ч их хүсэж, тэмүүлж байсан даа.

Гэвч харамсалтай нь УИХ-ын гишүүн, Барилга, дэд бүтцийн сайд, Монголын ардчиллын удирдагч С.Зориг харамсалтайгаар бусдын гарт эндэж, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал бий болов. Улс төр хямарч, гуравхан сарын дотор Засгийн газраа огцруулаад эхэлсэн. Улс төрийн ийм тогтворгүй байдал нь Австралийн ВНN компанийг Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжгүй болгосон юм. Ингээд л тэд урамгүйхэн буцацгааж, би ч сэтгэл гонсгор үлдсэн.

Тэгэхэд Австралийн ВНN компантай бидний хийсэн гэрээ биелсэнсэн бол Монгол орны маань хөгжил өнөөдрийнхөөс лавтай арван жил түрүүлчих байсан гэдэгт би итгэдэг. Мөн тэр хэмжээгээр харуусдаг билээ. Өнөөдөр хоёр хөрш рүүгээ тавих төмөр замынхаа эцсийн хөрөнгө оруулалтыг шийдээгүй байна. Цаасан дээр л бөөн төлөвлөгөө. Тэр үед бидний хийсэн гэрээний хувьд төмөр замыг босоо хэд хэдэн чиглэлээс гадна хөндлөн тэнхлэгт төлөвлөгөө гаргаж, хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдчихээд байсансан.

Арван хэдэн жилийн өмнө өнөөгийн яригдаж буй төмөр замууд тавигдсанаар төсөөлөхөд манай эдийн засагт ямар хүчирхэг дэмжлэг болох нь ойлгомжтой. Тэдгээр төмөр замуудыг дагаад мянга мянган ажлын байрууд бий болж, шинэ шинэ хот, суурингууд сүндэрлэх байв. Ганц төмөр зам ч биш Олон улсын нисэх онгоцны буудал л гэхэд өнөөдөр зөвхөн төсөл хэвээрээ л явна шүү дээ. Их дээд сургуулиудын хотхон, нүүрсний коксжих үйлдвэр, гангын үйлдвэр ч бүгд адилхан. Бидний 16 жилийн өмнө төлөвлөж байсан эдгээр аварга лут төслүүд хэрэгжсэнсэн бол хэмээн би хааяа мөрөөддөг юм.

Хаа холын Ховд, Алтайгаас зорчигчид хэд хоногоор зам муутай газраар машинд нүдүүлж ирэхгүй, галт тэрэгний купенд тухтай ирж байх байсан. Ази, Европыг холбосон ачаа тээвэрт үндсэн эргэлт гарах байсан. Манай оюутан залуус автобусны мөнгөгүйдээ кондукторт чихдүүлж, чимхүүлж явахгүй, оюутныхаа тухлаг хотхонд аж төрж, Хөшигтийн хөндийд цоо шинэ, цэл залуу хот сүндэрлэн, улмаар Нау Хау, Аутсорсинг, шинэ шинэ   технологийн   гэрэл   цацарсан   Цахиурын хөндий болон өргөжих байсан.

Бид холын улс орон руу аль нэгэн гадаадын нисэх буудлаар дамжин явахгүйгээр, Монголд маань ЖАЛ, АНА, Юнайтер Айрлэйнс зэрэг дэлхийн томоохон нисэх компаниудын онгоцууд ээлжлэн бууж, тэндээс багагүй орлого манай төсөвт цутгах байсан. Бас олон олон жуулчин нэмэгдэх л байсан.

Бид баялгаа түүхийгээр нь биш боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болон экспортолж, гангын үйлдвэрлэлээр Азитай өрсөлдөнө хэмээн ярилцацгаах байсан. Эцсийн эцэст бид хорин хэдэн жил мөрөөдсөн өнөөх “Азийн бар” хэмээх хөгжил биднийг гуйгаад ирэх байсан даа.

Гэвч харамсалтай нь манай эрх баригчдын хэт явцуурсан улс төрийн харалган бодлого биднийг энэ хөгжлөөс арван жилээр хойш нь ухрааж хаяхад хүрсэнд харамсавч баршгүй.

Тэр үед Тавантолгойн лицензийн татварт жилд 10 000 доллар өгч байв. Хоёр жил дараалан татвар төлчихөөд, цаашид тэр хэмжээний мөнгийг төлөх боломжгүй болсон учир аргагүйн эрхэнд буцааж өгч байв. 1997 онд Тавантолгойн лиценз миний нэр дээр байсныг түүх гэрчилнэ.

Монголын     алтны     томоохон     орд     болох Бороогийн ордын лиценз ч манай компанийн нэр дээр байсан. Мөн л дээрхийн ижил шалтгаанаар хүнд байдалд орсон учраас бид улсдаа эргүүлж өгч байлаа. Энд нэг зүйлийг онцлоход дээрх хоёр томоохон ордны лицензийг бид хэн нэгэн хувь хүн Бат, эсвэл гадаадын хэн нэгэн Ли овогтод зарж ашиг олоогүй юм шүү. Улсдаа л буцааж тушаасан. Хожим чухам ямар арга замаар Тавантолгойн ордын лицензийг нэр бүхий компаниуд өөрийн болгож авсныг мэдэхгүй.

2008 онд Ерөнхий сайд С.Баяр Засгийн газраас буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 14 тэрбум төгрөг гаргаж тэдгээр компаниудаас Тавантолгойн орд газрын зарим хэсгийг худалдаж авсан нь одоогийн “Том Тавантолгой” гэгдээд буй орд юм. Тавантолгойн ордын хамгийн ашигтай нөөц бүхий Ухаа Худагийн ордыг нэр бүхий компаниудад бэлэглэсэн. Эндээс нэгэн ээдрээтэй логик гарч ирж байгааг хэн бүхэн анзаарна.

Зарим компаниуд уг ордын эрхийг эзэмшиж байх хугацааныхаа татварыг улсдаа хэл үггүй тушааж, боломжгүй болсон үедээ улсдаа үнэгүй буцааж өгдөг байхад заримаас нь тэрбум тэрбум төгрөгөөр улс худалдаж аваад зогсохгүй шагнал болгож гол цөм ордыг нь үнэгүй өгч байна вэ? Үүний хариулт нь ердөө л өнөөх олигархи буюу улс   төр,    санхүүгийн    цөөнхийн    бүлэглэлийн зөвшилцөл.

Тавантолгойн уурхайн нэг хэсэг болсон Ухаа Худаг бол Монголын 2.8 сая хүн ардын дундын баялаг болохоос бус цөөн хэсэг бүлэг хүмүүсийн баялаг биш. Чухам хэдхэн гэр бүлийн хэрэщээний тусын тулд энэ их баялгаа Монголын үе үеийн ард түмэн цусаа урсган байж хамгаалж ирээгүй юм. Хэрвээ би олигархи болох замаар явсансан бол яг дээрх шиг арилжааг хийж болох л байсан. Гэвч би олигархи болохыг хүсээгүй юм. Үүндээ ч би өнөөдөр сэтгэл хангалуун, нүүр баатар суудаг билээ.

Өнөөдөр ажил хэрэг нь амжилттай яваа олон сайхан залуус бий. Тэд бүгдийг нь олигархи хэмээн ад үзэх хандлага хааяа цухалздаг нь харамсалтай. Зах зээлийн энэ ороо бусгаа үед, хууль эрхзүйн болоод улс төр, эдийн засгийн нэн таагүй орчинд, төрийн хүнд суртлын дарамтан дор бор зүрхээрээ зүтгэсээр өөрийн гэсэн бизнестэй болж, хөл дээрээ боссон мянга мянган залуусаараа бид бахархаж явах ёстой. Баян хүн болгон муу хүмүүс гэсэн гаж сэтгэлгээ байж таарахгүй. Баян хүнийг үзэн ядах үзлийг зарим улс төрчид, тэр ч бүү хэл бүлэг хүчин зориудаар дэвэргэж байгааг харахад ямар харалган, охор бодолтой билээ хэмээн эрхгүй харамсах сэтгэл төрдөг юм. Шударгаар зүтгэж боссон ажил хэрэгч залуусаа шударга бусаар их хөрөнгө хурааж, улс төрийг хүртэл атгандаа авч буй олигархиудаасаа ялгаж салгаж хардаг байх хэрэгтэй юм.

Бяцхан жишээ дурдахад манайд өнөөдөр татвар төлдөг 64000 орчим аж ахуйн нэгж байгаагаас 4500 орчим нь л 100 сая төгрөгөөс дээш орлоготой бөгөөд тэд нийт татварын орлогыг 98 хувийг төлдөг байна. Тэгэхээр Монголын татвар тэдгээр цөөхөн компаниудынхаа нуруун дээр тогтож байна гэсэн үг. Тэдгээр аж ахуйн нэгж, компаниуд дотор шударгаар ажиллаж хөдөлмөрлөж баялгаа бүтээсэн нь олонх нь бий.

Дээрх 100 саяас дээш орлоготой цөөн хэдэн аж ахуйн улсдаа тушааж буй татварын орлогоос гадна тэдний улс орондоо бүтээн босгож буй үйлдвэрлэл, бүтээн босголтуудыг бид зохих ёсоор үнэлж үзэх хэрэгтэй юм. Харин ч дахиад олон арван мянган аж ахуйн нэгжүүд тэдний араас хөл дээрээ босч өндийх боломжийг нь төрөөс бүрдүүлж, дэмжиж өгөх учиртай.

Нөгөө талаар ариун шударга хөдөлмөр зүтгэлээрээ хөрөнгө мөнгөтэй болсон хүмүүсийн нийгмийн сэтгэлзүйд өгдөг нэгэн чухал нөлөөллийг ч мартаж болохгүй. Тийм хүмүүс сайн сайхан амьдрал, санхүүгийн эрх чөлөөтэй байдлын үлгэр жишээг бусдадаа үзүүлж, олон түмний санаанд тэгж амьдрах хүслэнг төрүүлж, нийгмийнхээ сэтгэл зүйг удирдан чиглүүлж байдаг. Мөн олон түмэнд шинэ сайхан тансаг юмыг хэрэглэх санааг бий болгож, улмаар үйлдвэрлэлд олон шинэ хувьслыг бий болгодог байна.

Олон арван залуус баян хүнийг харааж суухын оронд тийм баялгийг өөртөө бүтээхийн төлөө хичээн сурч, хөдөлмөрлөх учиртайг ойлгоно гэдэг бол нийгэмд өгч буй маш том баялаг юм.

Харин шударга бусаар хөрөнгө цуглуулах, авилгад автах, хөрөнгөөрөө эрдэж, улс төрийг худалдаж авах, нэгэнт худалдаж авсан улс төрийн эрх мэдлээ өөртөө дахин баялаг бий болгоход зарцуулах нь залууст хэрхэвч сайн үлгэр дуурайлал болохгүй, тиймээс тэдгээр олигархиудыг би эрс шүүмжилдэг, тэдний эсрэг бүхий л боломжоороо тэмцдэг.

Ерөөсөө олигархитай байна гэдэг бол Монголд ардчилал байхгүй байна гэсэн үг. Монголд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй хэмээн итгэдэг.

Олигархи болоход амархан уу эсвэл хэцүү юү? Ийм асуултыг би өөрөөсөө ямагт асуудаг юм. Олигархи болоход нэг талаас маш хэцүү ч нөгөө талаас их амархан.

Хэцүү гэдгийн  учир  бол  юуны  өмнө эдийн засгийн асар их чадавхтай болно гэдэг тэр бүр хүнд олдоод байх боломж биш юм. Тэрбум төгрөгөөр бугуйн цаг захиалан, хэдэн тэрбум төгрөгөөр хурдан удмын даага худалдан авч, хэдэн арван тэрбумаар казино тоглоно гэдэг нь дэлхийн хэмжээний баячуудын зиндаатай ойртож очиж буй хэрэг.

Гэхдээ яг үнэн хэрэг дээрээ жинхэнэ ясны баячууд хэзээ ч ингэж тансагладаггүй, олсон зөөсөн хөрөнгөө ингэж хий хоосон зугаа цэнгэлд барагтай л бол үрдэггүй билээ. Билл Гейтс л гэхэд 20 жилийн өмнө худалдаж авсан ердийн хаусандаа одоо ч амьдарсаар, олонх америк эрчүүдийн унах дуртай Биюк машинаа унасаар л байгаа.

Их мөнгөөрөө тансагладаг үзэгдэл зөвхөн Арабын баячуул, эсвэл Орос зэрэг саяхан хөрөнгөгүй байгаад гэнэтхэн хөрөнгөтэй болсон хуучин социалист системийн орнуудад л түлхүү байдаг зүйл. Нөгөөх “Шинэ баян цээж өвчтэй” гэж манай хуучин үгэнд бий дээ. Учир нь Арабууд бол газрын тосныхоо буянаар тэр их хөрөнгийг ёстой зовлонгүй олдог бол Орос зэрэг орны баячууд нийгмийн шилжилтийн будлиантай, хяналт шалгалт, дэг журамгүй байдлыг ашиглан, олонхдоо луйвраар баяжсан хүмүүс юм. Мөнгөний үнэ цэнийг яс махаараа мэдэрч, хөдөлмөрөөр мөнгө олоогүй бол үүнд өртөхөд амархан.

Ийнхүү их хөрөнгө мөнгийг их амархан замаар хураах нь олигархиудын анхны үзүүлэлт юм. Үйлдвэрлэл эрхэлж, алдаж онож, зовлонгоо үзэж байж хөл дээрээ боссон миний мэтийн бизнесийнхний хувьд бид хэзээ ч тийм амархан замаар хөрөнгө мөнгө олоогүй билээ. Олигархиудын мөнгөнд хүрэх зам дардан байдаг бол бидний зам маш хэцүү, зарим үед амиа ч хорлочихож болохоор хэцүү байсан юм.

Хялбар замаар их хөрөнгө мөнгөтэй болсон хүний хийдэг хоёр дахь алхам нь тэр их мөнгөөрөө эрх мэдлийг худалдаж авдаг явдал. Их хөрөнгө мөнгөтэй байх нь тэр бүр сэтгэлийн бүрэн таашаал өгөхгүй учир эрх мэдэл гээч гайхамшигтай сайхан баялаг руу шохоорхон дайрах нь олигархиудын бас нэг онцлог шинж. Яагаад гэвэл тэд эрх мэдлийг зөвхөн баялаг л гэж хардаг. Харин зовлогоо зовоож явсан жирийн бизнесмэн хүний хувьд эрх мэдлийг хариуцлага гэж хардаг. Үүгээрээ бидний хооронд асар том зарчмын ялгаа бий. Чухам эрх мэдлийг үүрэг хариуцлага гэж хардаг учраас бид зовож олсон мөнгөөрөө тийм үүрэг хариуцлагыг худалдаж авахыг огтоос хүсдэггүй.

Олигархиудын гурав дахь алхам бол нэгэнт олж авсан эрх мэдлээ ашиглан өөрийн хөрөнгөө улам илүү арвижуулахад байдаг. Яагаад гэвэл тэдний хувьд эрх мэдэл бол зөвхөн баялаг байдаг учраас.

Хязгааргүй эрх мэдэл нь хязгааргүй баялгийг буй болгоно гэдэгт тэд үнэн сэтгэлээсээ итгэсэн байдаг. Эцсийн зорилго нь үнэмлэхүй ашиг, бас дахиад үнэмлэхүй ашиг, дахиад бүр хязгааргүй ашиг. Ингээд л дарагдаж далд ордоггүй ОЛИГАРХИ гээч амьтан босоод ирнэ дээ. Улс нийгмийн хөгжлийн гол артерийн судсан дээр суучихаад, яг л хувалз шиг сорно. Тэд улам хөөгөөд, ард түмэн улам ядуураад л байна. Эцэстээ ард түмэн тэднийхээ хараан дор орж, тэднийхээ аваагүй хаясан хаягдал зэмээр голоо зогоох болно. Тэгээд ирэхээрээ олон түмэн өнөөх олигархиудаа амьдрал хайрласан тэнгэр сахиус мэт тахиж шүтэх болно.

Өнөөгийн 21 мянган төгрөг бол ерөөс олигархиудын тоож авалгүй хаясан үлдэгдэл зэм сэг гэж хэлэхэд болно. Тэдэнд 21 мянган төгрөг огтоос хэрэггүй, харин 21 тэрбум хэрэгтэй. Энэ мөнгийг авахын тулд эрх мэдэл хэрэгтэй.’ Бас олон түмнийг тайвшруулахын тулд, амь зогоох төдий “хусам” хаях хэрэгтэй. Одоо бараг амтай бүхэн ОЛИГАРХИ гэж ярьсаар байгаад олон түмэн ОЛИГАРХИ бол их сайхан амьтан байдаг юм байна гэж ойлгох шахаж байх шиг. Тэгээд тэр олигархиуд бидэнд 21000-ийг хайрладаг их буянтай амьтад гээд учиргүй хайртай болчихвол улс орны хөгжлийн тухай бүү хэл улс орон оршин тогтнох тухай ч ярихад хэтэрхий оройтсон байх болно.

Бизнес эрхлэхэд учирдаг бүхий л саад тотгор, бэрхшээлийг биеэр туулж ирсэн бидний хувьд эрх мэдлийг хариуцлага, олон түмний, эх орны өмнө хүлээсэн үүрэг гэж хардаг учраас хэзээ ч олж авсан эрх мэдлээ улам илүү их ашиг орлогын төлөө ашиглахгүй. Тийм сэтгэл зүрх байхгүй. Энэ талаас нь аваад үзэхэд олигархи болоход бидний хувьд үнэхээр бэрх юм. Ерөөсөө ч бид олигархи болж чадахгүй.

Тэгвэл яагаад олигархи болоход амархан гэж та бас хэлэв? хэмээн хэн нэгэн надаас асуух нь тодорхой. Үүнийг Монголын сүүлийн 20 хэдэн жилийн түүх бэлхнээ гэрчилнэ. Капитализм сонгодог утгаараа хэдэн зуун жил хөгжсөн улс орнуудад хэдэн арав бүү хэл хэдэн зуун жилээр үе дамжин хурааж цуглуулдаг асар их хөрөнгийг 20-хон жилийн дотор хурааж чадаж байгааг харахад үнэхээр олигархи болно гэдэг амархан санагдана. Гагцхүү сэтгэл зүрхээ чөтгөрт худалдаж, итгэл үнэмшил, үнэн шударга ёсыг өөрийнхөө хувьд нэгмөсөн булшилж орхиход л болчихно. Энэ өнцгөөс нь харвал их амархан.

Аюушийн Гантулга “Эзэн хичээвэл заяа хичээнэ” номоос

Leave a Reply