Уламжлалт монгол сургалтад авах юм их бий

Боловсрол чухал гэж бүгд ярьдаг. Дориухан  боловсролтой л хүн болгочихвол хэмээн эцэг эхчүүд аль сайн гэсэн сургуульд үр хүүхдээ оруулахыг хичээж байна. Гадаад хэлний цэцэрлэг, сургуулиуд ч олон болжээ. Төлбөр нь янз бүр. Үр дүн нь ч бас тийм биз. Гадаад хэлийг  багаас нь сургах, олонд нэртэй сургуульд сургахын төлөөх сүүлийн хорь гаруй жилийн тэмүүлэл бол ирэх хорь гучин жилд Монголын хувь заяаг нуруундаа үүрэх ёстой тэр үеийг бэлтгэн төлөвшүүлэх хариуцлагатай үйл хэрэг байлаа. Залуусын гадаад хэлний мэдлэг дэлхийд гологдохгүй боллоо. Харин эх хэл, ёс заншлаа дутуу хагас мэддэг эрэмдэг залуус нэлээд олшров бололтой. Энэ бол тэдний буруу биш ээ. Эцэг эхийн ч буруу биш. Бид өнгөрсөн зууны хорь гучаад оны үеэс орчин цагийн боловсролын тогтолцоог анх нэвтрүүлэхдээ  авах гээхийн ухаанаар хандаагүйн улмаас монголчуудын үр хүүхдэдээ эрдэм сургаж байсан уламжлалт аргазүйг сайнтай муутай нь нэг мөр халж орхисон. Дараа нь бий болгосон зөвлөлт маягийн сургалтын тогтолцоог шинэчлэхдээ хүүхдийг сургахаас гадна хүмүүжүүлдэг байсан уламжлалыг орхигдуулсан. Гэтэл мянган сайхан боловсролтой байгаад ч хүн болоогүй, хүмүүншээгүй, хүмүүжээгүй бол брэндээр биеэ чимсэн адгуус болж хувирдгийг зарим залуус нотолж л байдаг.

a1b69b21a0c94d4baf296000d6317593Тэгвэл зуугаад жилийн өмнө бид юугаа гээчихэв ээ? Монголчуудын уламжлалт гэрийн сургалтаас юуг нь авч үлдэх ёстой байв гэх асуулт зүй ёсоор гарна.  “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг сургаалыг эн тэргүүнд мөрддөг байжээ. Үүний тулд хүүхдийг багаас нь ажиглаж, ямар эрдэмд илүү байж болохыг шинжинэ. Сэтгэлзүйг нь бэлтгэнэ. Ахас ихсийн үгийг хүндлэх, ажилч хичээнгүй, залхуугүй, тэсвэр тэвчээртэй байхад хар нялхаас нь сургана. Ийнхүү багшид шавь орох үедээ хүүхэд зөв төлөвшчихсөн, зорьсноо заавал бүтээх сэтгэлзүйн бэлтгэлтэй, тэсвэр тэвчээртэй нэгэн болдог байж. Энэхүү сэтгэлзүйн бэлэн байдал, монгол сургалтын тогтсон сайн арга барил хоёр нийлэхээр илүү үр дүнд хүрдэг байсныг өнөөдөр амьдрал дээр нотлож байгаа газар ч байна. Тэр бол хятад хэлний орчуулагч Д.Болдбаатарын “Гэгээ” сургууль юм. Тэднийх хятад, англи хэлийг монголын уламжлалт гэр сургалтын орчин үежүүлсэн аргаар зааж ихээхэн үр дүнд хүрээд байгаа юм.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичихдээ:  “Бид өнгөрсөн хоёр сарын турш хятад, англи хэлний хагас сарын түргэвчилсэн курсийг амжилттай зохион байгууллаа. Хятад хэл зааж байгаа атлаа ганц удаа ханз үсэг самбар дээр бичиж заагаагүй. Ер нь энийг тэгж ингэж сураарай гэж хэлээгүй, шахаагүй, шаардаагүй. Тэгсэн атлаа суралцагсад маань 90-ээс дээш хувь нь амжилттай суралцаж байсан гээд яривал танд сонин санагдаж магадгүй л дээ. Гол үр дүн нь суралцагсад маань бүгдээрээ хятад хэл дээр ханз үсгээр дунд түвшний ном уншиж чаддаг болсон. Түүгээр зогсохгүй түрүүчээсээ олон ангит кино үзээд ойлгож байгаадаа баярласан хүмүүс над руу тэр тухайгаа дуулгаж байгаа нь сайхан. Энэ сонин аргын чинад нууц нь бидний өнгөрсөн нэг жилийн турш ярьсан мөнөөх Монгол ухаан хэмээгчид буй бөлгөө” гэж бичсэн байна билээ.

Д.Болдбаатар орчуулагч учиргүй дүрэм ярьж, үг бичүүлж, өгүүлбэр цээжлүүлээд эхэлдэггүй. Эхлээд харь хэл сурахын тулд юуг эрхэмлэх, тухайн хэлний зүй тогтол нь ямар болох зэргийг учирлан ойлгуулдаг байна.  Ингэж анхнаас нь зөв хандлага тогтоох нь амжилтын үндэс болно. Ер нь бол багшийн үүрэг онцгой чухал, эцэг эхээс ч илүү чухал гэж тэр үздэг.

Д.Болдбаатар багш “Өнөөгийн Монгол төдийгүй дэлхий дахинаараа суралцагсдынхаа сэтгэлийг тогтоох, өөрөөр хэлбэл сургахаасаа өмнө сэтгэлзүйг нь бэлтгэх тал дээр маш их учир дутагдалтай байх шиг. Хүний тархи оюуны мөн чанарыг таньж мэдэлгүй маш их мэдлэг мэдээллийг өгөх гэж зорьдог нь суралцагсдад маш их хүндээр тусдаг л даа. Ямар сайндаа түүнээс үүдээд Америкийн зарим нэртэй их сургуулийн оюутнууд амиа егүүтгэх зэрэг асуудал олонтоо гаргадаг байхав. Урьд нь зөвхөн сурлага төдийгүй нийгмийн асуудлаас болоод япончууд амь тэвчих асуудлаар зартай байсан бол сүүлийн үед солонгосууд тэр буруу жишгээр толгой цохих болсон байна” гэж бичсэн нь анхаарах ёстой асуудал. Суралцагчийн нас биеийн онцлогийг эс харгалзан аль болох их зүйл заахыг хичээн хэт ачаалах явдал сүүлийн үед энгийн үзэгдэл болоод байгаа нь хэтдээ энэ мэт үр дагавар авчирч мэднэ.

Ерөнхий эрдмийн сургалтыг стандартаар, танхимаар сургаж буй  өнөөгийн практиктай зэрэгцүүлэн шавь сургалт, гэр сургалтыг хүлээн зөвшөөрмөөр санагддаг. Хүүхэд нийтийн сургуульд явалгүй шавь сургалтаар сураад, төрөөс тогтоож өгсөн стандартыг хангасан мэдлэг эзэмшиж чадсан эсэхээ  шалгалт өгөн  тогтоолгож гэрчилгээ авдаг байж яагаад болохгүй гэж?  Эцсийн эцэст ямар мэдлэг эзэмшсэн үр дүн нь чухал болохоос хаана хэрхэн сурсан нь чухал биш. Тэгээд ч мэдээллийн хувьсгалыг дагаад энэ дэлхий ертөнцөд маш их зүйл өөрчлөгдөж байгааг бид яагаад анзаарч, угтан харж болохгүй гэж? Онлайн боловсрол, медиа боловсролын их давалгаанаас хутгаад авах, хувь оруулах боломж бидэнд нээлттэй л байна. Бие даасан боловсролын тухай дэлхий ертөнц ярьж л байна. Даяаршлын давалгаан дунд авч үлдэх ёстой үнэт зүйлсээ улс орнууд тодорхойлоод бодлого хэрэгжүүлж байна. Бид уламжлалт шавь сургалтын аргаа сэргээгээд ядахад өөрсдөө үр шимийг нь хүртээд, чадвал өрөөлд ч нэмэр болохсон.

Америкийн философич, ирээдүй судлаач  Элвин Тоффлер (Alvin Toffler) тэртээ 1980-аад оны үед хэвлүүлсэн “Гуравдахь давалгаа” (The Third Wave) гэдэг номондоо хүн төрөлхтөн хөгжлийн гурав дахь том давалгаа буюу мэдээллийн хувьсгалын эринд шилжсэнээр нийгэм, технологи, мэдээллийн салбарт гарах өөрчлөлтийн талаар өгүүлэхдээ бие даасан боловсрол чухал болно, гэрийн боловсролын үүрэг өсөн нэмэгдэнэ гэж анхааруулж байсан нь бодитоор хэрэгжих цаг нэгэнт ирчихээд байна.

Бид өөрсдийн ирээдүй, залгамж халаа болсон үр хүүхдийнхээ сэргэг оюуныг юугаар боловсруулж, ямар мэдлэг өгөх, түүнтэйгээ зэрэгцүүлэн хэрхэн хүмүүжүүлэх (хүмүүншүүлэх) асуудалдаа бусдыг аялдан дагах идэвхгүй байр сууринаас биш, харин хэтийг харсан холч ухаанаар хандаж уламжлалт сургалтын аргаасаа хэрэгтэйг нь ашигламаар санагдана.

Урианхан Б.ГАЛААРИД
2015.09.07


Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.

Сэтгүүлч Б.Галаарид          

Leave a Reply