Бурханы шашныг дэлгэрүүлэхэд монголчуудын оруулсан хувь нэмэр

soninbayr-bagsh+

Ш.Сонинбаяр Доктор, профессор, гавж

Монгол оронд бурханы шашин дэлгэрч байсан тухай түүхийн зохиолуудыг Дээд Монголын Сүмбэ хамба Ишбалжир, баруун Түмэдийн Цэмбэл гүүш, Баарин хошууны Дармадала, Халхын Зава Дамдин гавж нарын зэрэг эрдэмтэн мэргэд “Хорчойнжүн” нэрийн дор төвд хэлээр туурвиж байсан юм.

1931 онд зохиосон Зава Дамдин гавжийн “Хорчойнжүн” нь тевд хэлээр байгаа бусад түүхэн сурвалж бичгүүдээс ихээхэн ялгаатай байгаа юм. Зава Дамдин энэхүү “Хорчойнжүн” зохоилдоо Монголд бурханы шашин дэлгэрсэн туүхийг 3 үе болгон авч үзжээ.

Бурханы шашин дэлгэрсэн I үеийн дэлгэрэлтийг Энэтхэгээс Ли Хотан, дорнод Туркестанаар дамжин Монгол оронд шашин дэлгэрсэн үе гэж үзжээ. II үеийн дэлгэрэлт нь Чингис хаанаас Тогоонтөмөр хааныг хүртэлх их хаадууд Төвдийн сажийн ёс, Гармавын ёсны ихэс лам нарыг урин залж шашин дэлгэрүүлж байсан үе юм. III үеийн дэлгэрэлт нь Монголын “Алтан хаан” 3-р Далай лам Содномжамцыг Монголд урин залж Богд Зонхавын шар малгайтны ёсны шашныг дэлгэрүүлж байсан үе юм.

Монгол нутагт оршин тогтнож байсан эртний Хүннү, Нирун, Уйгурын үед Бурханы шашин дэлгэрч байныг түрүү үеийн дэлгэрэлт гэж гаргаж тавьсан нь Монголын шашны түүх бичлэгт гарсан шинэлэг зүйл төдийгүй Монголын шашин соёлын түүхийг урагшлуулсан юм. V зууны үеийн Хятадын Фасян хуушаан, VII зууны үеийн Хятадын Тансан лам нарын Энэтхэгт зорчсон замын бичгээс иш татаж, эрт дээр үед Монгол оронд бурханы шашин дэлгэрч байсан тухай бичсэн юм. VIII зууны үед Монголд оршиж байсан Уйгурын хаант улсын нийслэл “Хар балгас”-аас холгүй Орхон голын хөндийд Бурхан багшийн хөрөг дүрийг залсан шүтээн сүм байгуулсан нь одоогийн “Эрдэнэ зуу” хийдийн үүсэл гэж үзсэн байна. Эрдэнэ зуугийн талаар Зава Дамдин гавж ажиглалт, судлагаа хийхдээ түүхийн зарим сурвалж бичгүүдэд Хөх хотын зуугаас үлгэр авч Эрдэнэ зууг байгуулсан гэдэгт эргэлзэж, Хөх хот, Эрдэнэ зуу хийдийг сайтар судласны үндсэн дээр Алтан хааны байгуулсан Хөх хотын зуугаас Эрдэнэ зуу нь их эрт үүссэнийг тогтоосон байна. Уйгурын хаан Богочирын үүсгэн байгуулсан Эрдэнэ зуутай нэгэн үед Уйгурын хааны хатан Бивлэг Сэлэнгэ мөрний хөвөөнд зуу шүтээн байгуулж байсны туурь нь одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байгаа юм.

Зава Дамдин гавж эрт цагт Энэтхэгээс шашин дэлгэрүүлж байсны жишээ баримт болгож монгол хэлэнд уусаж шингэсэн санскрит хэлний олон үг байгааг тэмдэглэсэн байна.Судар шаштир зэрэг санскрит хэлний үг нь монгол хэлэнд уусан шингэж одоо ч хэрэглэгдсээр байна.Зава Дамдин гавж “Хорчойнжүн” зохолдоо бурханы шашин Хятад, Төвдөд дэлгэрэхээс өмнө Монголд дэлгэрч байсан баримтуудыг дурьдсан юм.

II үеийн дэлгэрэлтийн үед Хубилай сэцэн хаан Төвдийн Сажийн ёсны их лам Пагва лам Лодойжалцанг урин залж, шашин дэлгэрүүлж байжээ. Номт хаан Хубилай сэцэн нь Пагва ламаас Сажийн ёсны Ядам бурхан Хэважрын авшиг хүртсэн байна. Хубилай сэцэн хаан нь хос ёсны номлолоор шашин төрийг барьж байв. Энэ нь Монголын номт хаадын шашин төрийн бодлого болон хөгжсөн байна.

III үеийн дэлгэрэлтэд хамаарах зүйлээс тодруулж ярья. XVI зууны үеийн Монголын эрдэмтэн Гунгаа-Одсэр тэргүүтэй гүүш лозава нар Бурхан багшийн айлдвар зарлиг “Ганжуур” судрыг монгол хэлнээ бүрэн орчуулж хэвлэсэн байна. Бурхан багшийн зарлиг “Ганжуур”-ыг орчуулсан нь Бурханы шашныг хөгжүүлэхэд оруулсан хувь билэг оюун төгс Монголын эрдэмтдийн гавъяа гэж үзэлтэй.

Өвөрмонголд шашин дэлгэрүүлсэн Нэйж тойн богд, Урадын мэргэн гэгээн Лувсандамбийжалцан нар хурал номын уншлагын зан үйлийг монгол хэлээр явуулж байсан нь Монголын буддизмын нэгэн онцлог юм. Монгол оронд Бурханы шашныг дэлгэрүүлэхэд Ойрадын Зая Бандида Намхайжамц, Нэйж тойн богд, Өндөр гэгээн Занабазар, Буриадын Зая хамба Дамбадаржаа нар баруун Монгол, Өвөрмонгол, Халх, Буриадад шашин дэлгэрүүлж байжээ.Ялангуяа Халхад Бурханы шашныгдэлгэрүүлэхэд Монголын анхдугаар Богд Жэвзүндамба хутагт Занабазар тэргүүтэй найман богдууд ихээхэн хүчин чармайлт гаргасан юм.1654 онд Их хүрээний суурь тавигдаж, удаа дараагийн Жэвзүндамба хутагтууд хөгжүүлж өргөтгөсөөр XIX зууны үед Монголын шашин соёл боловсролын төв Да хүрээ болж чадсан юм. Да хүрээнд гүн ухааны 3 дацан, тарнийн гүн ухааны Жүд дацан, Зурхайн дацан, Манба дацан зэрэг төрөлжсөн 12 дацантай 10000 гаруй лам нартай томоохон хийд бий болсон юм.

Монголын анхдугаар богд Жэвзүндамба, Ламын гэгээн Лувсанданзанжалцан, Зая бандида Лувсанпэрэнлэй нар нь Төвдийн Дашлхүмбэ хийдийн хурал номын уншлагын зан үйлийг монгол газар дэлгэрүүлжээ.Гурван дэг сургууль гаргасан байна. Өндөр гэгээний удирдаж гаргасан Их хүрээний дэг, Лам гэгээн Лувсанданзанжалцангийн гаргасан Ханчин дэг, Зая Бандида Лувсанпэрэнлэйн гаргасан Заяын дэг зэрэг эдгээр хурлын уншлагын ая дан дэгүүд нь Монголын буддизмын өвөрмөц хэлбэр болон хөгжсөн байна. XVI зууны үед Монголын “Алтан хаан” III Далай ламыг уринзалж шашин төрийн цааз бичиг боловсруулсан юм. Энэхүү цааз бичигтээ эртний Төвдийн номт хаан Соронзонгомбын үед Төвдөд мөрдлөг болж байсан 16 ариун цааз хуультай адил төстэй арван цагаан буяныг эрхэмлэн сар бүрийн шинийн найман, арван таван, гучны өдрүүдэд мацаг барьж, амьтны амь таслахыг цээрлэх тэргүүтнийг хуульчилж өгсөн байна.

Их хүрээний Дашчойлин дацан, Гунгаачойлин дацан, Идгаа чойнзинлэн дацангуудаас гүн ухаанд мэргэжсэн олон арван гүн ухаантнууд гарсны дотроос Жидорын хамба Агваанхайдав, Их хүрээний цорж Агваанбалдан, Их хүрээний бичээч цорж Агваандорж нар нь төвд хэлээр гүн ухаан, уран зохиол, урлаг зэрэг сэдвүүдээр 20 гаруй боть ном зохиож байсан юм. XX зууны эхэн үед Их хүрээний гүн ухааны дацангаас Зава Дамдин гавж, анги Шагдар, нүүрний Цэрэндорж зэрэг эрдэмтэн мэргэд төрж, судар тарнийн чиглэлээр 20 гаруй боть ном туурвисан юм.

Шашин соёлын төв болж байсан Их хүрээнээс гадна 1000 гаруй лам хуврагуудтай том хийдүүдэд Төвдийн гүн ухаантан Гүнчин лам, Банчин Содномдагва, Сэра Жэвзүндамбын игчаагаар сургалтаа явуулдаг Ламын гэгээний хүрээ, Хандчинвангийн хүрээ, Галуутайн хүрээ, Эрдэнэ вангийн хүрээ, Санбэйсийн хүрээ, Сэцэн хан хүрээ, Жанжны баруун, зүүн чойр, Өлгийн хийд зэрэг томоохон хийдүүд аймаг хошуунд байгуулагдаж олон арван номын мэргэд төрөн гарсан байна.

Гандантэгчэнлин хийдийн Хамба лам номч мэргэн гавж Гомбожавын судлагаанаас үзэхэд их бага 5 ухааны чиглэлээр төвд хэлээр ном зохиол туурвисан 20 гаруй лам нар байгаа юм. Эрдэмтэн, доктор, профессор Л.Хүрэлбаатар, зурхайч ШУ-ны доктор Л.Тэрбиш зэрэг эрдэмтдийн судлагаанаас үзэхэд төвд хэлээр ном зохиол туурвисан лам хувраг, эрдэмтэн мэргэд 300 орчим болж байна. Цахар гэвш Лувсанчүлтэмийн 1791 онд төвд хэлээр зохиосон Богд Зонховын намтар “Дэлэг гүнжүн” хэмээх ном нь Монгол Төвдийн номын мэргэдийн дунд ихээхэн алдаршсан юм. Их хүрээний цорж Агваанбалдан (1797-1864) Төвдөд байхдаа   Богд   Зонховын айлдсан Ламрим чинмо (Их Бодь мөрийн зэрэг) номын бар судрын алдаа мадгийг олж зассанд Төвдийн их эрдэмтэн Жабрал Лувсаннамжил: “Монголын гэвш Агваннбалдан нь бурханы шашинд ихээхэн хувь нэмэр орууллаа” гэж дүгнэсэн юм. Монголын V, VI Богд Жэбзүндамба ёнзин   Бари Дамцагдорж (1781-1855) төвд хэлээр судар тарнийн 24 боть ном туурвижээ.     Түүний зохиолуудын дотроос “Янсан чойгор” номыг одоо хүртэл Төвдийн Сэражи дацангийн сургалтанд мөрдлөг болгосоор байна. Бари Дамцагдоржийн шавь Лувсандорж гавжийн бичсэн Судар тарнийн гун ухаан голлосон сүнбүм зохиолуудын дотроос “Ламрим тажод”, “Агрим тажод” хэмээх ном нь Монголын номын мэргэдийн дунд ихэд адаршсаны дээр Төвдийн Гандан тивийн хувилгаан   Иштүвдэнжамц сайшаан үнэлж байсан баримт байна. Энэ мэт Монголын номын мэргэдийн гүн ухааны зарим зохиолуудыг Энэтхэг, Төвдийн номын мэргэд, ихэс дээдэс, лам нар сайшаан үнэлж байсан баримт цөөнгүй бий.

Монголын мэргэдийн зохиосон судар тарнийн гүн ухааны   зарим   номууд   нь Төвдөд нэлээн алдаршсан байдаг. Өндөр гэгээн Занабазарын шавь Чин сүжигт номун хан Норовшийравын тарнийн гүн ухааны “Дүвтавринжүнгийн лхантав” хэмээх 3 боть ном нь Монгол, Төвдийн ван жанан хайрладаг дээдэс лам нарын гарын авлага болсоор байна. Их хүрээний гүн ухааны 3 дацангийн сургалтын тогтолцоо нь Төвдийн Брайбун, Гандан, Сэра хийдүүдийн уламжлалын дагуу хөгжихдөө Анги Шагдар, Сайн ханы Юндэндорж гавж, Өөлд Содов зэрэг шалгарсан гүн ухаантнуудыг төрүүлсэн билээ.XIII Далай лам Түвдэнжамц Их хүрээнд 1904 онд морилж байхдаа Анги Шагдарын гүн ухааны мэдлэг авъяас билгийг магтан сайшааж байжээ.Монголчуудын туурвисан гүн ухааны бүтээлүүдээс гадна зурхай, анагаах ухаан, дуун ухаан, зохист аялгуу зэрэг бага ухаануудын талаарх бүтээл нь Монгол Төвдөд ихэд алдаршиж байсан байна. Жишээлбэл: XIII зууны гүн ухаантан, зурхайч Агваангэндэнгийн зохиосон   зурхайн хүснэгт “Чүмэглүцо” хэмээх зохиол нь ихэд алдартай юм. XIX зууны үеийн оточ Манрамба Лүнрэгдандарын анагаах ухааны бүтээлүүдийн дотроос “Жүшийн тажод” хэмээх номоо чойрын гүн ухааны нарийвчлан шинжлэх аргаар зохиосон нь шинэлэгзүйл болсон юм.

XIX зууны үеийн Их хүрээний Лувсандаш гавж, Бизъяагийн их лам гэж алдаршсан Дамдинсүрэн нарын бичсэн дуун ухааны “Янжиндоны тайлбар” нь Монголын номын мэргэдийн дунд алдаршсан юм. XIX зууны үеийн Монголын их зохист аялгууч Жамъянгаравын “Зохист аялгууны онолын тайлбар” “Цамби даян” хэмээх ном нь Энэтхэг, Төвд, Монголын эрдэмтдийн бичсэн зохист аялгууны онолын тайлбаруудаас ихээхэн ялгаатай байна. Жамъянгарав Энэтхэгийн яруу найргийн онолд хийсэн тайлбараа чойрын гүн ухааны үүднээс задлан шинжилж бичсэн нь урьд өмнө гараагүй ном болсон юм.

XX зууны эхэн үеийн гүн ухаантан Юндэндорж гавж Хүрээ марал хэмээх газарт буддын гүн ухааныг судлах дацан сургуулийг 1920-иод орчим байгуулсан юм. Энэ Хүрээ маралын гүн ухааны сургуулийн сургалт нь Төвдийн гүн ухаантан Банчин Чоглхаосор, гүн ухаантан Хайдүв Гэлэгбалсан нарын зохиол бүтээлд тулгуурлан учир шалтгааны гүн ухааныг дагнан хөгжүүлж байсан юм.Чингэхдээ Их хүрээний 3 дацангаас өөрийнхөө шавь нарыг хөдөө нутагт аваачин суулгаж чойрын мэтгэлцээн, дагсал хэлэлцэх, ухааруулах эрдэм ухааныг сургаж байв.Их гэвш Юндэндоржийг 1937 онд хилс хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлжээ.Хүрээ маралын гүн ухааны сургуулиас төрсөн гавж Сэдбазар, гэвш Дагийсүрэн, гэвш Чадраа нар нь 1960, 1980, 1990-ээд оны үед Гандантэгчэнлин хийдэд хурж байсан юм.

Монгол лам нарын дундаас гүн ухааны болон бусад эрдэм ухааны чиглэлээр хосгүй зохиол бүтээл туурвисан нь буддын шашин, оюуны соёлын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмэр гэж үзэж байна.1936 оны байдлаар одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт 1200-гаад том, жижиг сүм хийд байсан байна.

Үүнээс гадна Өвөрмонгол, Дээдмонгол, Баруунмонгол, Халимаг, Буриадад олон тооны сүм хийд байсны дээр номч эрдэмтэн мэргэд олноор төрж байсан нь дамжиггүй билээ.

Монголын номын мэргэдийн яруу алдар арван зүгтээ бадран дэлгэрэх болтугай.

Ш.Сонинбаяр Доктор, профессор, гавж

8 “Бурханы шашныг дэлгэрүүлэхэд монголчуудын оруулсан хувь нэмэр

  1. Pingback: switch

  2. Pingback: دانلود فیلم

  3. Pingback: pengumuman cpns 2017

  4. Pingback: DMPK

  5. Pingback: Corporate Event Management Company in Hyderabad

  6. Pingback: pezevenk

  7. Pingback: AME

  8. Pingback: click this link here now

Leave a Reply