Хобби-гоос үүдсэн шүүмж

8b7a57408ba6afd51d2edfa8f3b2b13dБид гадаадад суралцаж зорьсон хэргээ бүтээгээд хоёр сарын өмнө гэр бүлээрээ эх орондоо эргэж ирсэн билээ. Ирсэн даруйдаа л гадны сургуульд анх орж монгол хэлээрээ боловсрол олоогүй бага хүүдээ санаа зовж түүнд тохирох сургууль хайж эхэлсэн юм. Гэртээ ойр хэмээн Эрэл, Хобби хоёрыг сонгож нарийн судлаад манай хүүхэд шиг монгол хэлээ сурах хэрэгтэй байгаа хүүхдэд Хобби нь дээр юм байна гэдэг дүгнэлт хийв. Ингээд наадмын үеэс эхлэн тус сургуулиар хэд хэдэн удаа орж хүүхдээ бүртгүүлэх, шалгалтад бэлтгэх ажил ундрав. 7 сарын дундаас 8 сарын дунд хүртэл хүүхдээ монгол хэл, математикаар багш хөлслөн авч бэлдүүллээ. Ингээд 8 сарын 20-нд шалгалтаа өгч хүүхэд маань нийт оноогоор тэнцэж орсон тухай бага ангийн хичээлийн эрхлэгч эмэгтэй утсаар дуулгав. Гэтэл хамгийн “нерв” хөдөлгөсөн зүйл юунаас эхэлсэн гэхээр “танай хүүхэд тооны хичээлийн шалгалтын оноо ихээхэн хоцрогдолтой гарсан. Иймээс аав, ээж, хүүхэд гурвуул ирж хоцрогдлоо арилгах гэрээ сургуультай хийнэ” гэдэг байгаа. Манай хүүхэд өмнөх сургуульдаа түвшин тогтоох шалгалтаар тооны хичээл дээр тогтмол өндөр оноо авч тэндхийн онцгой авьяастай хүүхдүүдийн хөтөлбөрт явж байсан тул би нэлээн цочирдсоныг нуух юун. Гэхдээ тэдний сургуулийг сонгоод зорин ирсэн хүүхдийн сурах эрмэлзлэлийг дэмждэг байх гэж сэтгэн “хоцрогдол арилгахад сургууль нь ямар үүрэгтэй байх вэ?” гэхэд “сургууль ямар ч хариуцлага, үүрэг хүлээхгүй, эцэг эх нь бүгдийг хариуцна” гэнэ. Гайхсан би “дан эцэг эх нь үү?? Сургууль тэгээд ямар ч үүрэггүй юу?” гэж лавлахад хүрэв. Маргааш нь би тэр хичээлийн эрхлэгчтэй биеэр уулзаж асуудал гомдлоо тавиад ч ямар нэг эерэг шийдэлд хүрээгүй, нөгөөтэйгүүр тэдний нэгэнт тогтсон хандлага, арга барилыг би гэнэт нэг өдөр өөрчилнө гэж байхгүйг ухаарсан билээ. Ингээд би энэ сургуульд хүүхдээ өгөхгүй гэж шийдсэн юм. Яагаад гэдэгт хэд хэдэн аргумент хэлж болно.

Би хүүхдээ Хобби сургуульд өгсөн бол жилийн төлбөр нь 10 сая орчим төгрөг болох байв. Гэхдээ Хобби бол ерөнхий боловсрол олгодог дунд сургууль л бөгөөд ерөнхий боловсролын агуулга нь тоо хэрхэн бодох, зөв бичих, түүхээ мэдэх, газар зүйг ойлгох гэх мэт хүн бүрт шаардлагатай мэдлэгийг олгоход чиглэсэн гэсэн үг. Үүнээс илүү онцгой юм заадаг бол Хобби өнөөдөр дунд сургууль гэдэг статустай байх ёсгүй юм. Ийм хэмжээний мөнгийг баруунд мэргэжлийн боловсролийн нэг жилийн сургалтанд төлдөг бөгөөд тухайлбал төрийн дундаж рейтингтэй сургуульд тэр мэргэжлээ эзэмшсэн хүн өөрийн амьдралаа тэтгэхүйц ур чадвар мэргэшилтэй болоод төгсдөг билээ. Гэтэл ийм өндөр төлбөрийг ерөнхий боловсролын мэдлэг олгохын төлөө үйлчлүүлэгчээс авчихаад дээр нь сургууль ямар ч хариуцлага хүлээхгүй зөвхөн эцэг эх нь хүүхдийн хоцрогдлыг хариуцна гэдэг бол үнэхээр эрүүл сэтгэдэг хүнд ойлгомжгүй асуудал болж байгаа юм. Тэгвэл бид юунд зориулж 10 сая төгрөгөө төлж байгаа юм болоо?

Дараагийн нэг маш “но”-той асуудал нь “хүүхэд хоцрогдолтой” гэж зоригтой дүгнэж байгаа явдал юм. Нэгд, тэр авч байгаа шалгалт өөрөө хүүхдийн хоцрогдлыг тогтоох хэмжээний нухацтай боловсруулсан шалгалт мөн юм уу? Эсвэл Хобби-д тавьдаг шаардлагын хүрээнд манайх ийм зүйл тухайн хичээлээр мэдэж байгаа хүүхдийг авна гэж боловсруулсан шалгалт уу? Хэрэв тэгж байгаа бол “хоцрогдолтой хүүхэд” гэж хатуу дүгнэлт хийн, үүнийг үндэслэл болгон гэрээ хэлэлцээр мэтийн эрх зүйн харилцаанд орох хэмжээний юм ярих нь утгагүй юм. Харин ч тухайн ангид тухайн хичээлээр мэдлэгийн түвшин тогтоох шалгалт гэж нийтлэг баталсан зүйл манайд байдаг байх гэж би бодож байна. Хоёрт, боловсролын өөр системээс Монголын системд орж ирж буй хүүхдээс өмнө нь хэзээ ч өгч байгаагүй байдлаар шалгалт авахад ямар ч хүүхэд унана гэдгийг салбартаа ажиллаж буй мэргэжлийн тэд байтугай эцэг эхчүүд бид ч ойлгож байгаа. Тэгвэл энэ нь боловсролын системийн ялгааны асуудал болохоос биш хүүхдийн “хоцрогдлын” асуудал биш юм. Хобби үнэхээр олон улсын хэмжээний агуулгаар үйл ажиллагаа явуулдаг сургууль бол тухайн хүүхдийг өмнө нь сурч байсан системийн аргачлалаар түвшин тогтоох шалгалт авах ёстой гэж үзэж байна. Тухайлбал хүүхэд америкийн сургуульд явж байсан бол тэнд тухайн ангид ямар шалгалт авдаг вэ түүгээр нь шалгалтаа аваад мэдэх ёстой зүйлээ мэдэж буй эсэхийг тогтоож байж “хоцрогдол” гэх мэт дүгнэлт хийх үндэслэлтэй болж болно. Гуравт, танай хүүхэд тэнцсэн гэдэг дүгнэлт нь өөрөө “хоцрогдолтой” гэдэг дүгнэлттэй нь зөрчилдөж байгаа юм. “Хоцрогдолтой” хүүхэд юм бол яагаад тэнцүүлж авч байгаа юм бэ? Хоцрогдолтой гэж нэр хоч өгч, эрх зүйн харилцаанд оруулж, эцэг эхийг хариуцлагад татаж, сургуулиас бүх хариуцлагыг зайлуулах нь ямар зорилготой байна вэ? Яагаад ингэж байгаа юм бэ? гэж асуумаар байгаа юм.

Өөр нэг шударга бус зүйл юу байсан гэхээр бүртгэлийн хураамж хэмээн банкаар ч дамжуулалгүй шууд сургууль дээрээ 200,000 төгрөг хурааж авсан явдал юм. Юу нь шудрага бус гэхээр энэ зардал бол элсэхийг хүсэгчдийг дэмжих, шалгалтанд нь чиглэл өгөх, тэдний шалгалтын материалыг боловсруулах зэрэгт зориулсан эдийн засгийн утга нь алдагдаж ямар ч үйлчилгээ үзүүлээгүй байж эцэг эхээс зүгээр л татсан мөнгө байсан юм. Ялангуяа монголд ирээд удаагүй хүүхэд сар хагасын дараа шалгалт өгөх болоход нилээн оновчтой үр ашигтай байдлаар шалгалтанд бэлтгэхгүй бол тийм богино хугацаанд тухайн ангийн бүх монгол хэл, математикийн агуулгыг давтана гэдэг боломжгүй байсан билээ. Ийм тохиолдолд сургуулиас нь манайх монгол хэл дээр ийм ийм зүйл мэдэхийг шаардана, математик дээр ийм зүйлс гэх мэтчилэн чиглэл өгөх, тэр ч байтугай загвар асуулт гээд ганц хоёр жишээ оруулсан гарын авлага бэлдэж шалгалт өгөх гэж буй хүүхдийг дэмжих үйл ажиллагаанд ийм хураамж зориулагдах ёстой юм. Ийм үйлчилгээ байгаагүйгээс шалгалт нь Хобби-д орох гэж сонгоод шалгалт өгөхөөр ирж буй хүүхдийг гэнэдүүлж алдаа гаргуулахад чиглэсэн, айлгаж сүр үзүүлэх гэсэн юм шиг хандлагатай байсан.

Энэ бүхнээс харахад хүүхдийг минь хайрлаж, урмыг нь дэмжсэн, алдаа эндэгдлийг нь уучилж, засахад туслах, өв тэгш хүмүүжилтэй хүн болоход нь тулах түших газар биш харин дүн оноогоор хөөцөлдсөн, боловсон хүчний хувьд ихээхэн хоцрогдмол, хатуу хариуцлага эрх зүй ярьсан, мэргэжлийн биш диктатурын хандлагатай, эдийн засгийн сонирхол нь хүнлэг байдлаас илүү үнэ цэнэтэй газар хүүхдээ өгөх гээд байгаагаа ухаарсан юм. Тэгээд ч одоо бага ангид байгаа хүүхдээ ийм байдлаар явуулаад 12 дугаар анги төгсгөнө гэвэл шинэхэн 2-өрөө байр авах хэмжээний мөнгийг зүгээр л дунд боловсролд зарцуулах нь. Дээр нь бас янз бүрийн алдаа эндэгдэл гарвал гэрээгээр хариуцлага хүлээж явах нь. Ийш тийшээ гомдол асуудал тавибал сургууль буруугүй мань мэт буруудах нь. Миний хүүг эргээд монгол хэлээ сурахад нь туслаад түр гүйцээх хөтөлбөр энэ тэрд хамруулах байх энэ тэр гэж бодсон маань үлгэрийн далай байх нь. Өөр оронд очоод англи хүүхдүүдтэй сурах болоход нь ингэсэн болохоор ийм санаа төрсөн хэрэг л дээ.

Миний түүхийг сонссон нөхдийн маань ярианаас үзэхэд энэ бол ганц Хобби-гийн асуудал биш манайх ийм гаж тогтолцоотой болоод удаж байгаа, энд тэнд сургууль соёл төгссөн мундаг сайдууд
гарч ирээд ч шийдэж чаддаггүй цаанаа үндэс суурь ихтэй урхаг эд юм байна. Уул нь улсын сургуулийн тоог нэмээд сургалтын чанарыг сайжруулахад аяндаа шийдэгдэх асуудал байх. Нөгөө талаас манайд бас ерөнхий боловсролд өндөр төлбөр төлөх чадвартай чинээлэг хүмүүсийн тоо их болж, үүний хэрээр амьжиргааны ялгаа гүнзгийрэн хүүхдээ ч гэсэн бусад баян биш хүмүүсийн хүүхдээс ялгаруулах гэсэн престиж харсан сонирхол их байдаг гэсэн яриа байна. Яг үнэндээ баян гэж өөрийгөө харуулах гэсэн нөхөд дотор хэд нь үнэхээр баян, хэд нь өртэй баян, хэд нь дүр үзүүлдэг баян гэдгийг хэлж мэдэхгүй ч иймэрхүү хоосон үнийн хөөрөгдөл үүсэхэд тэдний нэмэр ихээхэн гэдэг нь ойлгомжтой.

Нөгөө эрэлт талаас нь авч үзвэл хүүхдээ гол нь англи хэл, тооны мэдлэг сайтай гадаадын нэр хүндтэй сургуульд ороход бэлэн хүн болгох гэсэн хэрэгцээ илүү байдаг бололтой. Яах вэ сургалтын орчин, боловсон харилцаа, суралцах аргад сургах зэрэг бас ордог л байх. Тэгэхээр энэ хэрэгцээнд үндэслэсэн, одоогийн сургууль дутагдалтай байдал болон сургалтын чанар сул байгаад “хүчээ авсан” хувийн сургуулиуд манийгаа ийнхүү дээрэлхэж, эдийн засгийн ямар ч үндэслэлгүй санаандаа орсон тооны мөнгөө нэхэж, эрх зүйн харилцаагаар тоглон дарамталж суух болжээ. Ийм үед бидний томилгоогоор төрд манийхаа эрх ашгийг хамгаална хэмээн бидний татварын мөнгөөр цалинжин суугаа нөхөд маань бидний хохирол гомдлыг тасалж, өмөөрөх ёстой бусуу? Ядаж ерөнхий боловсролын салбарын асуудлыг даруй шийдвэрлэдэггүй юмаа гэхэд өндөр төлбөртэй сургуулиудын үйл ажиллагаанд хяналт тавьж үйлчлүүлэгчдээс нь өргөдөл гомдол санал хүсэлт авах, хөндлөнгийн үнэлээчдийн судалгаа дүгнэлт хийлгэх гэх мэт арга хэмжээ авах ёстой бусуу?

Бас нэг асуудал бол олимпиад олон улсын тэмцээнд амжилттай оролцсон ганц нэг толгой сайтай хүүхдийг тэтгэлгээр урьж суралцуулан өөрсдийгөө гоёх бус сурч байгаа хүүхдүүд, хүүхдээ суралцуулж буй эцэг эхийн сэтгэл ханамжаар сургуулиуд амжилтаа тодорхойлох ёстой гэж бодож байна. Саяхнаас хэвлэгддэг болсон дунд сургуулийн рейтинг хийж гаргадаг нөхөд маань ч гэсэн иймэрхүү шалгуур үзүүлэлт гаргаж оруулахгүй бол дан шалгалтын дүн, олимпиадын амжилт хөөцөлдсөн сургуулиуд буй болж үр хүүхдийг маань бага насгүй, машин техник шиг хүмүүнлэг бус хүмүүс болгох шинжтэй байна. Ингэхээр эцэг эх, хүүхдийн дунд нэргүй хөндлөнгийн үнэлгээ хийж рейтинг гаргах ажлыг давхар явуулдаг болох нь зүйтэй байна.

Эцэст нь миний шүүмжийг уншсан хувийн дунд сургуулиудын нөхөд маань зэвүүцэж дургүйцэлгүй, бүтээлчээр хүлээн авч үйлчилгээгээ сайжруулна гэж найдаж байна. Холбогдох төрийн байгууллага ч бас шүүмжийн мөрөөр хяналт шалгалт хийж эцэг эхчүүдийн гомдол саналыг барагдуулна уу?

Иргэн Г. Нутгаа

Эх сурвалж: time.mn

Хобби-гоос үүдсэн шүүмж

  1. Pingback: human hair weave

Leave a Reply