Номун Салхины Шивнээ

nomunОмог сэргээх түүх оршсон домогт их нутагт наран мандаж байна. Салхи хонгор сэвшээгээ азнаж, өвс наманчлан бөхөлзөхөө умартаж, эмтэрч хэдий элсэн ч эсэргэн цагийн гэрч болон үлдсэн нуранги тууринаа нар тусчээ. Энд уг нь зуу хүрэхгүй жилийн тэртээ хагас мянгаад ламтай томоохон хийд байсан юм. Монголын их сэтгэгчдийн нэг хэмээн алдаршсан Зава Дамдин гавж 1918 онд Дэлгэрцогт уулын энэхүү ханхар бэлийг сонгож хийд байгуулсан нь буддын гүн ухаан, тарнийн гүн ухаан, зурхайн гүн ухаан зэргийг судалдаг томоохон төв болж, Дэлгэрийн хийдийнхэн чойрын номондоо гаргууд хэмээн хол ойргүй хэлэлцдэг байсан гэдэг. Тэрхүү домогт хийдээс үлдсэн нь ердөө л түүхий тоосгоор өрсөн тал дутуу хананууд. Энэ жижигхэн байшингуудад хийдийн лам нар амьдардаг байж. Зава Дамдин гавж 1918 онд энэхүү хийдийг бариулахдаа “Түүхий тоосгоор түргэн шиг барьчих. Нас нь угаасаа богино юм. Дотор нь суух хүмүүсээ л ном эрдэмд дориухан шамдуул” гэсэн айлдвар буулгасан нь хэрэг дээрээ хорин жилийн дараа буюу 1937 он гэхэд шажин номын газрууд үүдээ барихыг мэдэж байсан агуу их зөнгийн илэрхийлэл байж дээ. Ер нь бурханы шашин доройтон мөхнө, цаг нь ирэхэд эргээд сэргэнэ гэдгийг тэр үеийн эрдэм чадалтай хүн болгон хэлдэг байсан гэдэг. Жишээ нь, Зава Дамдин гавж хийдээ хаана байгуулах вэ гэж тэр цагийн эгэлгүй мэргэдийн нэг, судар номын хуудаснаа цадиг түүх нь бичигдэн үлдсэн Мэргэн шовгороос асуухад “Д гэдэг уулын өвөрт Г гэдэг усны эхэнд байгуул. Ирээдүйд Д гэдэг эцэгтэй, Г гэдэг эхтэй хүн ирж хийдийг чинь авч явна” гэжээ. Түүний хэлсэнчлэн Дэлгэрхангай уулын өвөрт Гүнжаргалант худгийн шил дээр Дэлгэрийн хийд босч, 19 жилийн дараа цагийн эрхээр үүдээ барьж, 1990-ээд оны эхээр сэргэсэн уг хийдийг өдгөө Дугаржав эцэгтэй, Гүндэгмаа эхтэй Осгонбаяр ламтан авч яваа түүхтэй.

Ингэхэд  “Дэлгэрийн хийдийн шавь нар чойрын номондоо гаргууд” гэж хол ойргүй шагшихад хүргэсэн дэг ёсыг бий болгосон Зава Дамдин гэж хэн байв? Тэрээр 1867 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт малчин айлд мэндэлсэн аж. Эгэл бус хүмүүн гэж хар багаасаа хол ойрт алдаршсан тэрээр Их хүрээний цорж Жигжид, гавж Лувсандаш, аграмба Минжүүрдорж гээд халхад төдийгүй хаа холын орны Бурханы шажинтнуудын дунд ч нэр алдар нь түгсэн олон сайхан багшаар гүн ухаан заалгаж, 1905 онд гавжийн дамжаа барьж, улмаар Их Хүрээний залуу лам нарт Буддын гүн ухаан зааж байжээ. Зава Дамдин төвөд хэлээр 17 боть зохиол бүтээсний дотор учир шалтгааны ухаан, билиг барамидын ухааны зохиолууд нэлээд бий. 1918 онд Богд хаан зарлиг буулган түүгээр Монголын түүхийг бичүүлэх үүрэг өгчээ. Цаг төрийн байдлаас болоод энэхүү түүх бүтээх ажил нь нэлээд сунжирч 1931 онд алдарт  “Хорчойнжун”-гаа бичиж дуусгажээ. Ардын засгийн үед ч тэрээр төрд хэрэгтэй нэгэн байсан юм. Судар бичгийн хүрээлэнд харьяалагдаж, Агданбуугийн Амар, Жамсрангийн Цэвээн, Оросын эрдэмтэн Тубянский, Төвөдийн Дарма Лочин лхаарамба, Буриадын Агваан лхаарамба зэрэг дотоод гадаадын олон эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, номын садан болж явсан нь түүнийг ямархан цараатай эрдэмтэн байсныг бэлхнээ хэлээд өгдөг. Түүний зохиол бүтээлүүдийг судлах ажил 1960-аад оноос эхлэж, олон оронд бүтээл нь хэвлэгдэж, эрдэмт хүмүүний эрхэм алдар зүг зүгт түгсээр байна.

Түүний үндэслэсэн Дэлгэрийн чойрын хийдийг  1990 оны эхээр үнэнч шавь нар нь сэргээсэн түүхтэй. Уран Гэмпил, уран Мятав нарын өвгөчүүлийн сэтгэл зүтгэлээр Чойрын хийдийн туурин дээр хурал дахин сэргэх үед Зава Дамдин гавжийн гэр өргөө, ном судар, бусад эд өлгийн зүйлс аяндаа л цугларсан гэдэг. Зава Дамдин гавжийн номын их багш Эрхэмийн аймгийн аграмба Минжүүрдоржийн номын өргөө нь өнөөдөр тус хийдийн хамгийн хүндтэй өргөөний нэг гэгдэж байна. Атан тэмээнд ачаад явахад таардаг учраас говийнхон “Жонжооны гэр” гэж нэрлэдэг байсан эдгээр жижигхэн гэрүүдийг харахад эрдмийн оройд хүрсэн их мэргэд маань яасан ч даруухан аж төрж байгаав дээ гэх бодол эрхгүй төрнө.

Аливаа зүйлийн шүтэн барилдлага гэдэг сонин. Мэргэн шовгор ламын айлдсанчлан шажин ном сэргэсэн сайн цагийн өнгөн дээр энэ хийдийн үйл ажлыг үргэлжлүүлж яваа Д гэдэг аавтай, Г гэдэг ээжтэй Лувсандаржаа гэгээнтэн өнөөдөр Зава Дамдин гавжийн захиас сургаал бүрийг гүйцэлдүүлэхээр сэтгэлээ чилээж, бодлоо хурцлан нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байна. Ингэж зүтгэхийн учир барилдлага ч арвин гэлтэй. Нэгэн түүх өгүүлье. Зава Дамдин ламтны хамгийн сүүлд зооглосон бантангийн үлдэгдлийг савтай чигт нь хадганд ороон аймгийн музейд хадгалжээ. Сүсэгтнүүд олон жилийн турш тэр бантангаас өчүүхэн төдийг сэм сэм хэлтлэн авч рашаалан хүртэж байгаад яг дуусгах мөчид хойд дүрээр нь тодорсон Лувсандаржаа гэгээнтэн хүрч ирсэн гэдэг.

Зава Дамдин гавж 1937 онд таалал төгссөн бөгөөд өөрийнхөө цогцсыг Дэлгэрийн хийдийн баруунтаа хайлуулаарай гэж гэрээсэлсэн ёсоор шавь нар нь тэмээн тэргэн дачаад хөдөлсний дараахан Дотоод яамныхан баривчлахаар ирж байсан гэдэг. Түүнийг хайлуулахад мөнгөн ус шиг мэлтэгнэсэн зүйл үлдсэнийг нь хадганд боон хадгалаад хожим нь гадуур нь алтдан дээдэлсэн бөгөөд Буддын гүн ухааны таван үндсэн ухааныг бүрэн эзэмшиж төгс гэгээрсэн учраас цогцсыг нь хайлах үед ийнхүү мэлмий, хэл, зүрх гурав нь нэгдэн Түгжигжансум үүсгэжээ гэж учир мэдэх ихэс айлдсан түүхтэй билээ. Зава ламын тэрхүү түгжигжансум социализмын үед гурвантаа алга болоод Лувсандаржаа гэгээнтнийг залрахад эргэн олдсон түүхтэй.

“Шавь нар минь эрхтгүй хичээж нинчинд сууваас зохистой” хэмээсэн нь Зава Дамдин гавжийн сүүлийн гэрээслэл захиас болой. Нинчинд сууна гэдэг нь 3 жил, 3 сар, 3 өдөр бясалган суухын нэр бөгөөд түүний энэхүү сүүлчийн захиасыг хамгийн түрүүнд биелүүлэх завшаан өөрийнх нь тодорсон дүр Лувсандаржаа гэгээнтэнд олдсон нь мөн л учир шалтгааны уялдаа холбоотой бүлгээ.

Хорьдугаар зууны эхээр Дэлгэрцогт уулын бэлд тулгаа шийрлэсэн Дэлгэрийн хийд хорьхон жилийн дараац өвүүн цагийн өнгөнд эзгүйрэн нурж, туурин дээр нь шарилж ургасан гунигт дүр зураг өнөөдөр нэгэнт түүх болон улирчээ.

Дэлгэрийн чойрын хийд өнөөдөр тогтмол үйл ажиллагаа явуулж, лам хуврагууд нь сүсэгтэн олны төлөө номын буян хураах их үйлдээ шамдаж, эргэлч мөргөлчдийн хөл хөдөлгөөн үл тасарсан, эрдэмт мэргэдийн залгамж халаа өсч өндийсөн номын их хүрээ болж нэгэнт чаджээ.

Тиймээ, омог сэргээх түүх оршсон домогт их нутагт наран мандаж байна. Мандах буурахын алинд нь ч нарны гэгээн туяа алагчлалгүй ивээх Дэлгэрцогт уулын өвөрт номын салхи зөөлхөн сэвшээлж, ирэх цагийг өөдрөг бадрангуй хэмээн шивнэх ажаам.

Урианхан Б.Галаарид
2014.08.14.

© duuren.mn

9 “Номун Салхины Шивнээ

  1. Pingback: Dungeon

  2. Pingback: porno

  3. Pingback: TS Escorts

  4. Pingback: free slots

  5. Pingback: Aws Colarts Diyala

  6. Pingback: sports betting

  7. Pingback: cpns 2018 umum

  8. Pingback: 360 frontal

  9. Pingback: اوس الخزرجي

Leave a Reply