Алтан тэвшийн домог

Эрт урьд цагт энэ замбуулин хорвоо үүсэж байх үед юм гэнэ.
Хан уул минь нэрээ аваагүй
Хатан Туул минь урсаж эхлээгүй байх тэр цагт эндхийн жижигхэн булгийн дэргэд Лусын хааны ганц охин дагуул таван үзэсгэлэнтэй охидтой эрдэнийн алтан тэвшээр ус хутган тоглож бүжиглэж байхыг мангас шулмын хаан хараад ихэд уурлан энэ бол бурханы явуулга, энд амьдрал үүсгэж хүн суурьшуулах гэж Лусын хаан охиноо явуулсан байна. Энэ эрдэнийн алтан тэвшээр цацрах ус шиг ус булаг ундарсан ургамал цэцэг тэгш үзэсгэлэнтэй нутаг үүсэж хүн амьтан суурьших нь гэж ихэд уурлан атаат сэтгэл төрж таван чөтгөрөө дуудаж ирүүлээд нэгдэх чөтгөрт ингэж хэлжээ.
-Чи урд талаас нь очиж тэр булаг дээр эрдэнийн алтан тэвшээр ус хутган тоглож байгаа Лусын охин, түүнийг дагаж яваа таван охидыг айлган сандаргаж эрдэнийн алтан тэвшийг нь авчир гэж явуулжээ. Энэ үед Лусын охиныг дагаж яваа таван охины хамгийн бага нь үзмэрч их мэргэн охин байж. Тэр үзмэрч мэргэн охин тоглож байснаа гэнэт ингэж хэлжээ:
-Яана аа, биднийг мангас шулмын хаан харчихлаа. Бид хэдийг хорлож алтан тэвшийг авах гэж чөтгөрөө явууллаа, одоо яах вэ гэхэд, Лусын охины дагуул таван охины эгчмэд нэгдэх охин ингэж хэлжээ,
-Ном муутай тойн хүнээс ном эрдэмгүй гөрөөчин эр дээр гэдэг үг бий. Би анчин гөрөөчин болж угтъя гэж анчин эр болон хувирч угтан овоохой босгож хоолоо хийгээд хүлээж суужээ. Нэг дэх чөтгөр ихэд саваагүйтэн исгэрч орилж айлгах гэж ядаад овоохойг нь шөргөөж цоолж шагайтал халуун тостой шөлөөр нүдийг нь сохлоод алчихаж гэнээ. Нэг дэх чөтгөрөө алагдаж нүдээ сохлуулсанд мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж хоёр дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ,
-Чи миний далан алд төмөр шилбүүрийг авч тэр олон бэлчиж яваа зээрийг тас ороолгон хөөж Лусын охин, түүнийг дагаж яваа таван охиныг дайруулан алаад эрдэнийн алтан тэвшийг нь авчир гэж явуулсныг тав дахь охин бас мэдээд мангас шулмын хаан хоёр дахь чөтгөртөө далан алд төмөр шилбүүр өгч үй олон зээрийн сүргээр биднийг дайруулан алж эрдэнийн алтан тэвшийг авахаар явууллаа, одоо яана гэхэд хоёр дахь охин ингэж хэлжээ:
– Зээрийн сүрэг олон гэлээ ч зэгэл саарал ганцдахгүй гэдэг. Би хөх чоно болж хөөе гээд хөх саарал чоно болон хувирч улин хөөхөд олон зээр эргэн дайрч зугтахдаа далан алд төмөр шилбүүртэй чөтгөрийг нь дайраад алчихаж гэнээ.
Хоёр дахь чөтгөрөө алдсан мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж арга ядахдаа гурав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ:
-Чи эрдэм номтой түшмэлийн дүрээр тэдэнтэй ном хаялцана. Лусын охин, түүнийг дагаж яваа таван охин дуулж дэвхцэхээс өөр юу хийж чадав гэж. Хэрэв чи тэдэнд буруу зөрүү ярьж асуусанд нь хариулж чадахгүй ялагдвал чи газар дээрээ аянганд нэрвэгдэнэ. Тэд ялагдвал тэд аянганд ниргэгдэж тэдний алтан тэвш миний болно гэсэн хатуу тангарагтай ном хэлэлцэхээр явуулжээ. Тав дахь охин бас мэдээд ингэж хэлжээ:
– Мангас шулмын хаан бидэн рүү гурав дахь чөтгөрөө ном эрдмийн түшмэл болгон хувиргаж, ном хаялцуулахаар явуулж байна. Хэрвээ бид буруу зөрүү хариу өгч үг алдвал аянганд нэрвэгдэж, газар дээрээ үхэж алтан тэвшээ алдана гэж санаа алдан хэлэхэд гурав дахь охин ингэж хэлжээ:
-Эрдэм номонд муухан гэлээ ч би элдэвтэй тэр түшмэл болсон чөтгөртэй ном хаялцъя гээд явжээ. Мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр гурав дахь охинтой уулзаж болзлоо хэлж хэн нь эхлэхээ шодоход мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр эхлэн асуух болжээ. Мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр:
-Бурхан, бурхан гэх бурханы чинь эцэг хэн бэ гэж асуухад охин:
-Сэтгэл гэвэл, түшмэл болсон чөтгөр ихэд гайхан тэгвэл сэтгэлийн чинь эцэг хэн бэ гэхэд гурав дахь охин:
-Мөнх хөх тэнгэр гэхэд мангас шулмын түшмэл болсон чөтгөр ихэд баярлан тэнэг минь тэр бурханы чинь эцэг манай мангас шулмын хаан гэвүүт аянга мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөрийг ниргэчихэж гэнэ ээ.
Гурав дахь чөтгөрөө аянганд ниргүүлсэн мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж дөрөв дэх чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ:
-Чамайг зуу дахин хувирах шидэт баатар болгон явууллаа. Чи Лусын хааны охин, түүнийг дагаж яваа таван дагуулыг алаад эрдэнийн алтан тэвшийг авчир гэж явуулжээ. Тэгэж явуулахдаа хохимой толгойн дуулга өмсгөж, чиний хохимой толгойн дуулган дунд байгаа өндгөн чинээ хар мэнгэ, хар үсийг чинь харваж чадаагүй үед чи үхнэ гэж үгүй. Иймд чи бүү ай, бүгдийг устгаж алтан тэвшийг ав гэж дахин дахин хэлжээ. Энэ явдлыг тав дахь охин бас мэдэж ингэж хэлжээ:
-Мангас шулмын хаан зуу дахин хувилах шидтэй түмэн хүний хохимой толгойн дуулгатай, дуулганы элгэн голд чигчийн чинээ хар мэнгэ, хар үстэй баатраа явууллаа. Энэ баатрын хар мэнгэ хар үсийг харваж чадаагүй хэн ч дийлэхгүй, одоо яана гэхэд дөрөв дэх охин:
-Бүү ай, харанхуй шөнө хар батганы толгой хага харвах баатар би биш ч гэсэн харвая гээд харваад алчихаж гэнэ.
Магас шулмын хаан дөрөв дэх чөтгөрөө алуулсанд уурлахын ихээр уурлаж тав дахь охины мэргэн шидтэйг мэдэж гаслахын ихээр гасалж өөрийгөө хараан цамнаж цамнаж тав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ:
-Чамайг би хэнд ч үзэгдэхгүй хөх өвсөнд хөх зүү мэт хөх могой болгон хувиргаж, Лусын охин, түүнтэй яваа таван охиныг алуулахаар явууллаа. Тэр дундаа тав дахь бага охиныг хамгийн түрүүнд ал, тэгэхэд бусад нь яаж ч чадахгүй гэж хэлээд явуулжээ. Өдөржин шөнөжин айж түгшсэн Лусын охин түүнийг дагаж яваа таван охин ядарч, үүр шөнөөр нүд нь анилдаж байтал тав дахь охин хашгиран босон харайж, хариугүй хатгах гэж байсан хар эрээн могойн толгой сүүлийг базан тэлж Лусын охин чинийхээ хаш цагаан орд харшийн чинь хаалга үүдийг сахих ерөөлтэй хангарьд нь би боллоо гээд нисээд явчихжээ. Үүнээс үүдэн хүрээ хот хангарьд сүлдтэй болсон гэнэ.
Bogd_han_uulНэг дэх охин нь анхны аюулыг анхлан зайлуулснаараа урд уулын савдаг анчин эр болъё гээд явчихаж гэнэ. Тэр цагаас хойш Богд уул ан, гөрөөндөө харам үгүй ч худал хулгай тогтдоггүй, анчин эр савдагтай болсон гэдэг.
Хоёр дахь охин нь хөнөөлийг хөөж хөх чоно болсон учир хайрхан уулыг чинь харж харамлах савдаг сахиус нь болъё гээд явчихаж гэнэ. Тэрнээс хойш Сонгино уул догшин (Хөх чоно) савдагтай уул болсон гэнэ.
Гурав дахь охин нь эрдэмтэй түшмэл болж ирсэн гурав дахь чөтгөрийн хөнөөлийг дарсан учир эрдэм номыг дээдэлсэн эрдмийн савдаг болж Чингэлтэй уулыг чимж явъя гээд явснаас Чингэлтэй уулыг ном эрдмийн улс шүтдэг болсон гэнэ.
photo_14Дөрөв дэх охин нь баруун өмнөөс байлдахаар ирсэн баатрын хорлолыг арилгаж чадсан би Баянзүрх уулын чинь савдаг нь болъё гээд явснаас Баянзүрх уул баатар эрийн зүрх мэт цэрэг эрсэд ээлтэй уул болсон гэнээ. Ингэж Лусын охиныг дагаж ирсэн таван охин буцаж чадахгүй болсонд Лусын охин алтан тэвшээ урд ууланд тавьснаас Ширээ тэвш хэлбэртэй уул үүссэнээс алтан тэвшийн хөндий гэж ам бүрээс нь ус булаг ундарсан үзэсгэлэнтэй сайхан хөндий үүссэн гэнэ гэх энэ домгийг ноёны хатан явсан Хоролдаваа гэдэг нэгэн буурал, ээжид минь 1949 оны үед хуучилж суухыг сонсон сууснаа санан санан хожуу тэмдэглэсэн минь энэ билээ.

Д.Баасанжав

© duuren.mn