У.Бурмаа: Эмэгтэйчүүд нөхрөө болж, бүтэхгүйгээр дуудах нь ихэсвэл гэргий биш авгай болсноо ухаарах хэрэгтэй

burmaaОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол суу ухааны “Манукол” академийн “Хатан ухаан” танхимын жинхэнэ гишүүн У.Бурмаатай хатан ухаан болон эмэгтэйчүүдийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед хатан ухаантан гэж их ярих боллоо. Ер нь хатан ухаантан гэж ямар хүнийг хэлдэг вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Монголчууд эмэгтэй хүнийг бие зассан байдал, амьдралаа авч явах, засах чадварыг эзэмшсэн түвшнээс нь шалтгаалж авгай, эхнэр, гэргий гэж ангилдаг. Биеэ засах,  амьдралаа авч явах чадвар тааруу эмэгтэйг авгай гэдэг. Амьдралаа засах чадварыг дунд түвшинд эзэмшсэн эмэгтэйг эхнэр гэдэг бол амьдралыг засах чадварыг дээд түвшинд эзэмшсэн эмэгтэйг гэргий гэдэг.  Харин хатан ухаантан гэдэг бол амьдралыг дээд түвшинд зассан гэргий байгаад зогсохгүй улмаар төрийг засалцах хатан 73 суу ухаанд суралцсан, эзэмшсэн эмэгтэйг хэлдэг.

Тэгэхээр хатан ухаантан бол алд биеийн аз жаргал, амар амгалан, амь насыг үл хайрлан Монгол төрийн төлөө зүтгэгч юм.  Үүгээрээ бусад эмэгтэйчүүдээс ялгаатай. Ингэж зүтгэсэн, тэмцсэн олон хатан ухаантнууд Монголын түүхэнд байсан. Жишээлбэл, Чингис хааны дөрвөн хатан, Тулуй эзний хатан Сорхогтани бэхи, Хубилай хааны хатан Чинбай хатан, Самар хатан, Мандухай хатан, Ану хатан гээд олон сайхан эмэгтэй Монголын түүхэнд үнэлж баршгүй түүхэн үүргээ гүйцэтгэсэн байдаг.  Чингис хаан “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж сургасан байдаг. Хүн бие засахын тулд монгол хүн болохуйн есөн эрдэмд суралцах ёстой. Хүнийг яаж хайрлах, элбэрэх, энэрэх юм, яаж үнэн зөв ариун явах юм, яаж ноён нуруутай байх юм гэсэн эрдмүүд байдаг. Ингэж бие зассаны дараа гэрээ засах гэргий ухаанд суралцах ёстой. Тэгээд хатан 73 суу ухааныг эзэмшиж төрөө засагч болдог.

-Тэгвэл эхнэр нь гэргийгээс бодит байдлаараа  яаж ялгарах вэ?

-Эхнэр гэдэг бол эр нөхөр, үр хүүхдээ эх шиг нь халамжилж, дулаан гэр, сайхан хоол, цэвэрхэн хувцастай байлгадаг ажилтай, анхиатай, ааш зан сайтай эмэгтэйг хэлдэг.  Гэргий гэдэг бол эхнэрийн эдгээр үүргүүд дээр нэмээд үр хүүхдээ сайн хүмүүжүүлдэг, хань нөхрөө зөв сайн сайханд уриалдаг ухаалаг эмэгтэйчүүдийг хэлдэг. Гэргий гэдэг үг бол гэр, гийх гэсэн үгнээс бүрддэг гэрийг гийгүүлэгч гэсэн үг. Өрх гэрээ ухаанаараа, сэтгэлээрээ, гэгээрлээр гэгээтэй, өнгөлөг, өөдрөг сайхан байлгагч гэсэн үг. Гэрийн гэгээ, эрийн түшиг, үрийн энэрэл болж байгаа эмэгтэйг гэргий гэдэг. Эр нөхрөө мөнгө авч ирсэнгүй гээд болохгүй бүтэхгүйгээ дуудаад сууж байвал гэргий биш, эхнэр ч биш авгай юм байна гэдгээ ухаарч ойлгох хэрэгтэй. Гэргий хүний ганц гэр орноор хаягаарлагдахгүй ах дүү хамаатан, нутаг ус дүүрэг хорооныхоо ажил амьдралд оролцдог шийдэлцдэг байх ёстой.  Гэргий гэдэг бол ухаанаараа, сэтгэлээрээ, хайраараа, халамжаараа гоёдог эмэгтэй хэлдэг.

-Гэргий хүн өрх гэрийн болон улс орны хүрээнд хамгийн зөв оновчтой бодлого, шийдлийг хэрхэн гаргах вэ?

-Гэргий хүн бодлого, шийдлийн гарцыг сэтгэн шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд алс хэтийг харж тухайн цаг үед нь тохируулан уян хатан оновчтой шийдвэрлэж, товч тодорхой бодлого боловсруулах нь чухал юм. Амьдралын, гэр бүлийн, ахуй улс орны түвшинг үргэлж дээрдүүлж байх, ахиулж байх, үргэлж хамгийн зөв гарц, шийдлийг эрэлхийлж олдог байхыг хэлнэ. Сайн гаргалгаа, зөв шийдлийг олохын тулд мэдлэг, мэдээлэлд шамдах ёстой.  Эх оронд маань юу болж байна, дэлхий дахинд юу болж байна гээд аливааг мэдэх, ойлгохыг эрмэлздэг, мэдээлэлд дурладаг байх ёстой. Олж мэдсэн зөв зүйтэй зүйлээ амьдралдаа, ойр орчиндоо хэрэгжүүлдэг,  ашигладаг байхыг хэлж байгаа юм.

-Та өөрөө энэ эрдмүүдийг хэр сайн эзэмшиж байна?

-Өвөг дээдсийн ийм ухаан, эрдэм байдгыг мэддэггүй байсан бол одоо ийм сайхан эрдмүүдийг эзэмших ёстой юм байна гэдгийг мэддэг боллоо. Гэргий мэргэн ухааны сургалтад сууж, суралцаад өөрийгөө өөрчилж байгаа. Гол нь миний зорих чиг, явах зам  маш тодорхой болсон. Урьд нь бол замаасаа хазайх холиборох асуудал байсан. Эдгээр эрдмийг сурснаар, амьдралдаа удирдлага болгосноор амьдралыг бэрхшээл гэж харахаа больсон. Хүний мөн чанар, амьдралын утга учир гээд хариулж чаддаггүй байсан олон асуултдаа бүрэн дүүрэн хариулт авсан. Одоо ч жижиг зүйлд тороод, тээглээд, тачаадаад, буримдаад байхаа больсон. Ингэж би өөрөө өөртөө дэвшил, нүүдэл хийж байгаа. Энэ мэтчилэн олон нүүдлийг хийж байж л гэргий ухаантан, хатан ухаатан болно.

-“Хатан ухаан” танхимынхаа тухай товч танилцуулаач. Чухам ямар зорилготой байгууллага вэ гэдгийг уншигчид сонирхож байгаа байх?

– Монгол эмэгтэйчүүдийг бүгдийг нь гэргий мэргэн ухаантан болгох, цаашлаад төрийг засалцахад хатан ухаантнуудыг бэлтгэх зорилготой. Товчоор хэлбэл гэр бүл, нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.  Энэ амьдралд эмэгтэйчүүдий үүрэг хариуцлага маш өндөр гэдгийг хаана хаанаа ухаарч, хүлээн зөвшөөрөх ёстой. Хүүхэд хүмүүжилгүй бол ээжийн буруу, гэр орон, хоол хүнс, хувцас хунар ямар байх нь бүгд эзэгтэйн үүрэг, гэр бүлийн тогтвортой байдал эмэгтэй хүнээс шалтгаалдаг. “Хүчирхэг эр хүний ард түүнээс ч дутахгүй ухаант эмэгтэй байдаг” гэсэн үг байдаг. Тиймээс улс төрд байгаа эрчүүдийг зөв байлгахын тулд тэдгээрийн ард байгаа эмэгтэйчүүдийг гэргий, хатан ухаантан болгох ёстой юм байна. Монгол эмэгтэйчүүд гэр бүл, улс орныхоо тулах хоёр баганын нэг гэдгээ ойлгож ухаарч, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх ёстой.

“Манукол” академи 2010 онд байгуулагдсан. Түүний гүйцэтгэх алба болох “Хатан ухаан” танхим энэ жил гурав дахь жилдээ Монголын эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэх зорилгоор арга хэмжээг зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэх, тэдний нийгэм, гэр бүл, улстөр дэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр бид багц арга хэмжээг зохион байгуулдаг. Урт, богино хугацааны лекц семинар явуулдаг..

– Сургалтын тухайд багш нарын хувьд ямар хүмүүс байгаа бол. Дээрх эрдмүүдийг хэн зохиосон, өөрөөр хэлбэл хаанаас эх сурвалжтай вэ?

-Сургалтын хөтөлбөрийн тухайд, манай доктор агуулга хөтөлбөрийг бүгдийг нь гаргачихсан байдаг. Бидний өвөг дээдэс хүн яавал аз жаргалтай, төвшин сайхан амьдрах вэ гэдгийг олон зууны турш өөрсдийн амьдралаараа судлаад, туршаад ирсэн байдаг. Тэр мэдлэг, эрдэм, ухаанаа монгол ардын зан заншил, уламжлал, үлгэр домог, туульсад өвлүүлэн үлдээсэн байдаг.  Мөн эцэг эх нь үр хүүхдэдээ сургасан сургаалууд байдаг. Алтан дээд гэрээ, Хөх судар, Монголын тууц товчоо, гадаадын аялагчдын тэмдэглэлүүд гээд маш олон эх сурвалж бий. Энэ бүх эх сурвалжид өвлүүлсэн монгол хүн бүхний эзэмшвэл зохилтой сайн сайхан эрдэм ухаануудыг нэгтгэн системчилсэн болохоос энэ бол огт шинэ зүйл биш.

Хонгирадын Дэй сэцэн охин Бөртэгөө хадамд гаргахдаа чандлан сахих есөн зүйлийг захисан байдаг. Чингис хаан ч гэсэн охиддоо сургаал үгээ захисан байдаг. Алтан дээд гэрээнд “Монголчуудын бүх гүн ухааныг үлгэр домогт нь шингээсэн байгаа” гэж бичсэн байдаг. Бидний өвөг дээдэс энэ бүх эрдмүүдийг эзэмшсэн, улмаар үр хойчоо сургадаг байсан сайхан уламжлал тасалдсан учраас, мөн бид ингэтлээ харьжсан учраас Монгол хүний эрхэм сайхан шинжүүд, чадварууд итгэтлээ хол хөндий сонсогдож байгаа юм.  Гэмээ мэдвэл хүн гэдэгчлэн одоо бид эдгээр эрдэмдээ суралцаж, бие, гэрээ засах хэрэгтэй.  “Хатан хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр болно. Удаах эр нь ариун нэр, түүний дараах нь авсан эр болно. Алтан төрийг хатуужиж дагаваас ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбээс авсан эр үл холдоно” гэж Чингис хаан охиддоо айлдаж байжээ.

-Одоогийн залуус эх орондоо амьдрах сонирхол багатай болжээ. Яагаад ийм байна вэ?

-Бидний өвөг дээдэс маань эрт дээр үеэс мэдвэл зохихуй, уламжлалд зохистой эрдмүүд,  хаан ухаан, хатан ухаан, хан ухааны онолуудаар биеэ, гэрээ, төрөө засч иржээ. Орчин үеийн бид эх түүхээ уншиж судалдаггүй, үндэснийхээ ёс заншил, уламжлалаа мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүйгээсээ болж Монголоо мэддэггүй. Хүн мэддэг зүйлээ л үнэлж, хүндэлж, хүлээн зөвшөөрч, даган дуурайдаг. Монголын залуус, сэхээтнүүд Монголын биш, харин гадаадын хэл, түүх, соёл, хувцас, амьдралыг маш сайн судалж, харийн бүхнийг удирдлага болгон бүр шүтэн биширч байна.  Монголоос дайжихыг эрхэмлэж байгаа нь туйлын харалган бөгөөд харьд очоод эх оронгүй цагаач, боол болж байгаагаа ойлгох хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд түвшин сайхныг тогтоож явсан өвөг дээдсийнхээ түүхийг уншиж судалбал эх нутагтаа эзний ёсоор амьдрах бололцоо бүрэн байна. Монголоо мэдэхгүйгээс үнэлэхгүй байна.

-Тэгвэл дээр үед монголчууд хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байсан бол?

-Монгол эцэг эхчүүд бол амьдралын багш, эсгий  гэр бол цэцэрлэг, сургууль, их сургууль байсан. Эсгий гэрт амьдрал бүхлээрээ өрнөдөг. Тэнд жаргал зовлон, асуудал хүндрэл, баяр баясгалан гэх мэт бүх зүйл байна. Эцэг эх нь амьдралыг хэрхэн шийдвэрлэж байгааг, хэрхэн авч явж байгааг хүүхдүүд нь харж, сонсож, мэдэрч өсдөг. Хүүхдээ үнэнч шударга, зоригтой, хатуужилтай, тэвчээртэй, хүлээцтэй хүн болгохын тулд нэг ажил, үйлдлийг маш олон удаа давтуулдаг, үлгэр туульс, сургаалыг цээжлүүлдэг байсан. Бусдыг хэрхэн хайрлаж, халамжилж байгаа, хэрхэн тусалж дэмжиж байгаагаа биеэрээ үлгэрлэн сургадаг байсан. Ингэж монгол хүүхдүүд амьдралаар багшлуулдаг байсан учраас монголчуудыг “Хүмүүжүүлэх шаардлагагүй хүүхэдтэй, маллах шаардлагагүй малтай” ард түмэн гэдэг.

-Одоогийн хүүхдийг хүмүүжүүлэхэд маш хэцүү байх юм. Сатааруулах, уруу татах зүйл их байна?

-Үнэхээр техникийн хөгжил, мэдээллийн хэт их дарангуйлал, эрх чөлөөний ташууралд автсан энэ цаг үед хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхээс онцгой их ухаан, онцгой их эв дүй, онцгой их тэвчээр шаардана.  Эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ ухаанаараа чигч, сэтгэлээрээ чанга, биеийн хатуужилтай, хүлээцтэй байх хэрэгтэй. Хүүхдээ гэсэн үнэн сэтгэл байгаа л бол ямар ч бэрхшээлд халирдаггүй, зовлонд сөхөрдөггүй байх ёстой. Тиймээс уруу татаад байгаа зүйлс,  хамаг цагаа үрээд байгаа интернэт, тоглоом, “Фэйсбүүк”-ээс хязгаарлах холдуулах, гадаадыг тахин шүтэх явдал, баар цэнгээнд дурлах, өнгө мөнгөнд хэт автах, муутай нөхөрлөх зэрэгтэй нь тууштай, тэвчээртэй, хатуу чанга тэмцэж чадвал хүүхэд хүмүүждэг. Гэтэл одоогийн эцэг эхчүүд цөөн удаа үглэж дуулчихаад болохгүй бүтэхгүйг нь дуудаад, сургууль, цэцэрлэг, нийгэм рүү бурууг нь чихдэг.

-Залуу эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Залуу эхчүүд хүүхдээ сайн хөхүүлэх улмаар шимтэй тэжээлтэй монгол мах, сүүгээр хүүхдээ тэжээгээсэй гэж боддог. Хараад судлаад байхад сүүлийн үеийн хүүхдүүдийн эрүүл мэнд, дархлаа, биеийн тэнхээ тамир эрс суларсан нь хүнс тэжээлийн дутагдлаас болсон байдаг. Ялангуяа амьдралын бололцоотой айлын хүүхдүүд сульдаатай байгаа нь монгол хоолоо идэхгүй чамирхаж пицца, тахиа, хятад жимс, ногоо гэсэн ямар ч шим тэжээлгүй, харин ч хор болсон хоолыг хэрэглэж заншсан.  Эх хүн хүүхдийнхээ, гэр бүлийнхээ бүх гишүүдийн  эрүүл мэндийг хариуцдаг байх ёстой.

-Түрүүн гэргий ухаан гэж ярьсан. Тэгэхээр эр нөхөртэйгээ харьцахдаа эмэгтэйчүүд ямар алдаа гаргадаг юм бол. Тухайлбал?

-Нэгдүгээрт, эмэгтэйчүүд намайг тэжээх ёстой, хайрлах ёстой гээд эд мөнгө, хайр халамж, сэтгэл гээд бүхий л зүйлийг нөхрөөсөө нэхэж амьдардаг. Ингэж болохгүй. Яагаад гэвэл гэрийн тэжээмэл амьтнаас ялгаатай байх ёстой. Хоёрдугаарт, хүссэнийг нь өгөхгүй болохоор өгсөн ч сэтгэлд нь хүрэхгүй болохоор надад хайргүй юм байна гээд гомдоод, юм л бол салах саринахдаа тулдаг. Салдаг, сарнидаг, гэр бүлээс гадуур харьцаанд ордог. Тэгвэл хүний хань гэдэг бол амьдралын тавилан, амьдралын түшиг, амьдралын хамтрагч байх ёстой байдаг.  Өөр хэн нэгэнтэй биш заавал тэр эр хүнтэй гэр бүл болно, нэг гэрт орно гэдэг бол тэр хүний заяа тавилан байдаг. Эхнэр, нөхөр хоёр гэрийн хоёр багана шиг амьдралыг хамтдаа бүтээдэг, босгодог, авч явдаг байх ёстой.

Гэрийн хоёр багана хоёулаа тэрсхэн, хүчтэй, эн тэнцүү байж тэр гэр орон бат тогтвортой он удаан, аз жаргалтай байх болно. Түүнээс гадна эмэгтэй хүн  эр хүнд эх нь, хань нь, найз нь гэсэн олон дүрийг бүтээж амьдрах ёстой байна.  Гэтэл нь эцэг эх нь хүүхдүүдээ амьдралд бэлддэггүй, хүнтэй суугаад очиж байгаа насанд хүрсэн хүмүүс амьдралаа аваад явах наад захын мэдлэг,  чадваргүй байна.

-Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” болох гэж байна. Энэ баярыг юу гэж үздэг вэ. Танай байгууллага энэ өдрийг тохиолдуулан ямар нэг арга хэмжээ зохион байгуулдаг уу?

– Энэ амьдралд эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага маш өндөр гэдгийг хаана хаанаа ухаарч, хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм учраас энэ жилийн Мартын 8-наас эхлээд эрхийг гуйж, шаардаж авдаг өдөр биш харин үүргээ хариуцлагаа биелүүлсэн хүнд хүссэн хүсээгүй ногддог эрхээ эдлэх өдөр болгохын төлөө биеэ засч, гэрээ засч эхэлцгээе гэж уриалмаар байна.

Манай академи эмэгтэйчүүдийн баярыг угтаад хөтөлбөрт арга хэмжээнүүдийг явуулдаг. Бид сургалтынхаа үр дүнгээр баримтат нэвтрүүлгүүдийг хийдэг. Энэ жилийн хувьд гурав дахь жилдээ “Монгол бүүвэй” гэсэн нэрийн дор Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Монгол  бүүвэй” гэх 30 минутын баримтат нэвтрүүлгийг хийгээд телевизүүдэд цацаж байна. “Монгол бүүвэй” лекцийг Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 9-ний 12 цагаас үнэ төлбөргүй унших гэж байна. Энэ лекцийн үеэр эмэгтэйчүүдээ соён гэгээрүүлэх талаар ярина. Ер нь монгол эмэгтэйчүүд бид өөрсдийгөө хэн гэж нэрлүүлэх ёстойг тэр бүр мэддэггүй. Тэрийг л одоо ойлгомжтой байлгах зорилгоор үүнийг хийж байна.

-Багц хөтөлбөрийн чинь нэр “Монгол бүүвэй” гэлээ. Чухам яагаад энэ нэрийг сонгох болов оо?

-Бид хамгийн анх 2010 онд хатан ухааны төрд гүйцэтгэх үүргийн талаар “Улсаа засахад хатан ухааны гүйцэтгэх үүрэг” нэртэй арга хэмжээ зохион байгуулсан. Өнгөрсөн жил “Амьдрал бүүвэй” гэсэн нэрийн дор хийсэн. Эмэгтэй хүн эхлээд амьдралаа бүүвэйлэх ёстой юм. Тэгэхийн тулд муу муухай шинжээсээ салж эхнэр болох ёстой юм гэсэн утгаар зохион байгуулсан. Энэ жил арай том түвшинд амьдралаа бүүвэйлсэн эмэгтэйчүүд Монгол Улсаа бүүвэйлэх ёстой юм. Монгол Улсаа бүүвэйлэхийн тулд ямар чадвар, үүрэг хариуцлагатай байх ёстой вэ гэдэгт энэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа.

-Ер нь заавал монгол суу ухаанд суралцах ямар шаардлага байна?

-Бид орчин үеийн шинжлэх ухааныг судалж, дэлхий даяараа шинжлэх ухааныг туйлын үнэн гэж үзэж, шинжлэх ухааныг удирдлага, үндэслэл болгон явж байна. Тэглээ гээд бидний амьдрал, нийгэм, улс орон өөдлөн дэвжихгүй харин улам л хэцүүдэж байгааг бүгд мэдэж байгаа.  Орчлонг 100 хувь гэж үзвэл нүдэнд харагдаж, гарт баригдах биет зүйлс зөвхөн 30 хувь нь л байдаг.  Тэгвэл шинжлэх ухаан нийт орчлонгийн 30 хувь л биет зүйлсийн буву материйн зөвхөн шинжийг  судладаг нь хангалтгүй учраас шинжлэх ухааны дүгнэлтүүд туйлын үнэн, зөв биш байх нь ойлгомжтой.

Харин монгол суу ухаан бол орчлонг бүхэлд нь ил, далд цогцоор нь таньсан байдаг. Өөрөөр хэлбэл, байгалийг,  биет зүйлсийг, хүнийг,  нийгмийг шинж, агуулга, мөн чанар гээд бүхэлд нь таньсан, тайлбарласан байдаг. Бидний өвөг дээдэс орчлонг бүхэлд нь таньсан монгол суу ухааныг бидэнд өвлүүлж үлдээсэн байтал харамсалтай нь бид шинжлэх ухааныг удирдлага болгон амьдарна гэдэг бол туйлын харалган байгаа явдал юм.

-Тэгэхээр лекц, семинараас гадна тухайн цаашид юу хийх болон ямар зорилготой байгаагаа сонирхуулаач. Улсаа засна гэхээр өргөн хүрээг хамарч байна гэсэн үг. Энэ талаар?

-Бид урт богино хугацааны сургалт зохион байгуулдаг. Энэ жил хоёр дахь жилийн сургалт явж байна. Есдүгээр сараас эхлээд зургаадугаар сарын дунд үе хүртэл бүх насны хүмүүст зориулсан сургалтыг хийж байгаа. Энэ жилийн хувьд Монголоо бүүвэйлэхийн тулд эрэгтэйчүүдийн үүрэг юу вэ, эмэгтэйчүүдийн үүрэг юу вэ гэдгийг ярьж байгаа. Энэ нь дөрвөн жил үргэлжлэх ёстой сургалт. Гурав, дөрөв дэх жилдээ хаан, хатан ухааны тухай үзнэ. Магистар, докторын сургалт гэж хэлж болно. Энэ хөтөлбөрийг төгсөөд нэлээд олон хүн төрийг ухаанаараа засах, хаан, хатан ухаантны үүргүүдийг үзнэ.

Сургалт хоёр дахь жилдээ үргэлжилж байгаагийн хувьд бид эмэгтэй хүн нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх ёстой юм бэ гэдэгт явж байна. Бид гэрээ сайхан болгочихлоо, гэтэл манай гэр ганцаараа нийгмээс тусгаарлагдаад байвал хэцүү. Үр хүүхэд маань хэцүү нийгэмд яаж хөл тавих гэдгээс эхлээд асуудал олон. Энэ бүх нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулахад эмэгтэйчүүд ямар мэдлэг чадвартай байх вэ гэдэгт энэ жил төвлөрч байгаа. Бид орон нутагт тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаггүй. Энэ үйл ажиллагаа маань нийслэлд тогтмол явагддаг. Орон нутагт очиж лекц семинарыг уншдаг. Засаг дарга нар санал тавихад бид хүсэлтийн дагуу очиж лекц уншдаг.

-Ярилцлагын төгсгөлд эмэгтэйчүүддээ тэр дундээ залуу охидод хандаж юу зөвлөх вэ?

-Монголчууд удмыг нь хараарай гэж ярьдаг болохоос мөнгө хөрөнгийг нь хараарай гэж ярьдаггүй. Удам гэдэг бол бол тэр залуу, тэр охин эхээсээ ямар уламжлалд зохистой мэдээллийг цус, ген, тархиндаа олж авсан юм, эцгээсээ ямар удамшилд зохистой мэдээллийг тархи, гендээ удамшуулж, дамжуулж авсан юм гэдгийг нь хараарай л гэж байгаа юм. Тэр мэдээлэл нь сайн бол тэр залуу, тэр охин чиний амьдралын сайн хань, харин тэр мэдээлэл нь тааруу бол тааруу хань болно гэсэн үг.

Ийм ч учраас “Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг” гэж ярьдаг. Удам муутай  гэдэг дархлаа муутай, өвчлөмтгий, хурд хүчгүй, өлбөгөр дорой, яс чанар муутай,  тархины үйл ажиллагаа сул хэлсэн юм ойлгохгүй, заасан эрдэмийг сурахгүй, харгис сэтгэлтэй,  хахир хатуу араншинтай,  шунал тачаал, өнгө мөнгөнд дурламтгай байхыг хэлдэг. Мөнгө хөрөнгө ихтэй ч гэсэн ийм удам муутай хүнтэй ханилбал зовно шүү гэсэн үг юм. Хөрөнгө мөнгө бидний удмыг сайржуулахгүйг л сайн ухаарах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

П.БУЯН-ЭРДЭНЭ

11 “У.Бурмаа: Эмэгтэйчүүд нөхрөө болж, бүтэхгүйгээр дуудах нь ихэсвэл гэргий биш авгай болсноо ухаарах хэрэгтэй

  1. Pingback: cpns kemenkumham

  2. Pingback: heart cliparts

  3. Pingback: orospu cocuklari

  4. Pingback: Wedding Planners in Hyderabad

  5. Pingback: DMPK CRO

  6. Pingback: lose weight in 4 weeks without exercise

  7. Pingback: lace frontal

  8. Pingback: dokter kandungan di jakarta

  9. Pingback: serviços de informática

  10. Pingback: Aws For Seo

  11. Pingback: ADME Studies and Services

Leave a Reply