Бас нэгэн мунхаг сүсэг буюу Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч Мөнхсаруул

Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.

Сэтгүүлч Б.Галаарид                


Нэг. Үйл явдлын тойм

maxresdefaultӨвөрхангайн Мөнхсаруул гэгч эмэгтэй олны анхаарлын төвд орж иржээ. “Тэр хүн хэн бэ? Үнэхээр шидтэн үү?” гэж хэдэн сарын өмнө зарим нэгэн хүмүүс хэрэг болгон асуухад нь нэг их ач холбогдол өгөөгүй. Зөв бурууг ялгах эрүүл саруул ухаантай хүмүүс хүртэл “Мөнхсаруул гэдэг эмэгтэй сонин юм ярьж байна. Өөрийн чинь тухай ч бас яриад байна” гэж ойрмогхоноос сүрхий автангуй ярьцгаахад нь ч анзаарсангүй. Энд тэнд хурайлуулж, элдэв өнгийн хадагны ёслол гээч үйлдэж  явнаа гэхэд нь сонирхсонгүй. Гэтэл “Их хаанаа хүндэтгэн залах ёслол” гээч юмыг төрийн ордны өмнө, Чингисийн талбай дээр хийнэ гэсэн зар тарж, үүнтэй холбоотой тэнгэрээс илгээсэн захидал гээч түгээснийг олж мэдээд үйл явдал дэндүү гэмээр хошин өрнөлтэй байгааг анзаарч үгээ хэлж, үнэнийг учирлахаар шийдлээ. Иймэрхүү сэдвээр эрээчих хүсэл огт байхгүй ч олон түмний төөрөгдөл, үйл явдлын өрнөл, болзошгүй хорт үр дагаврыг нь бодохоос дуугүй байж чадахгүй нь. Нийгмийн тодорхой хэсгийн мунхаг сүсэг дээр тоглогчид сүүлийн хорин хэдэн жил бидэнд мөн ч их “шидийг үзүүллээ”. Эргээд нэг саная даа. 1990-ээд оны эхээр харь гарагийнхан баахан хүнийг маань хөлөгтөө суулган зугаалуулж, Өнөрмаа өөрөөсөө гал гаргаад байгааг Шинжлэх ухааны байгууллага шагшин гайхаж, өөрөөс нь өөр хэдэн хүн мэддэг нь эргэлзээтэй дэлхийн хэл зохиож түүгээрээ “овоглосон” Язу Болд нэгтээ Чингис хааны энэ цагийн эмэгтэй дүрийг тодруулж, Дархан хилээр овоглож байснаа Даяар их хааныг өмчилсөн Давааням эхэлж, дараа нь хэн хэн ч билээ үргэлжлүүлсэн их олон тэнгэрийн  тахилга ар араасаа хөвөрч юм юм л болсон. Хар сүлд амилуулна гээд эмэгтэй хүн хар ямаа зүлдэлж нүд халтирам үйл хийснийг ч бас сонсож л байлаа. Гэнэн зарим нь гуулин бурханаар “бөөлжиж” шуугиан тариад олсон орлогогүй, олигтой нэргүй хоцорсон. Энэ жагсаалтыг яг одоо бол Өвөрхангай аймгийн харьяат Ичинноровын Мөнхсаруул үргэлжлүүлж байна. Мөнх тэнгэрийн оньс, Мөнх тэнгэрийн түлхүүр, Гэгээнтэн, Өндөр гэгээний энэ цагийн дүр, Ногоон дарь эх зэргээр өргөмж алдар нь нэмэгдсээр байгаа энэ хүн хэн бэ?

Хоёр. Бодит үнэн

Энэ хүн надтай гурван удаа уулзсан юм. Эхнийх нь 2012 онд. Өдөр сарыг санахгүй байна. Лав л дулаан цаг байсан даг. Анх уулзахдаа л “Би Мөнх тэнгэрийн түлхүүр” гэсээр ирсэн. Судлаач хүнээс учир асуух гэсэн хэмээн зорилгоо тайлбарласан ч намайг олонд таниулах ёстой хүн нь та гэж тулгаад эхэлсэн тул зугатаж эхэлсэн минь үнэн. Хоёр дахь удаагаа нас тогтсон нэгэн эмэгтэйтэй уулзуулж, хамаг бүхний учрыг мэдэж, учгийг тайлсан багш минь гэж танилцуулсан. Тэр хүн нь “Би таны зулайд чинь гараа хүргэж билгийн мэлмийг чинь нээж өгье” гээд байхаар нь бас л элдвээр шалтаглан зугатсан. Гуравдахь удаад нь Мөнхсаруул намайг хэрхэн олж уулзсан нь олны танил нэгэн эрхэмтэй холбоотой тул гурван биенийхээ нууц болгон үлдээе. Товчхондоо “Урхи” гэдэг операци зохион байгуулсан гэж хэлж болно.

IMG1И.Мөнхсаруул өөрийн тодорсон түүхээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьсан тул давтан нуршилгүйгээр өөрт хамаатай асуудлыг хөндөе. Тэрээр хэд хэдэн телевизэд ярилцлага өгөхдөө өөрийнхөө яриад байгааг үнэн гэж нотлох ёстой хүнээр намайг зарлажээ. “Галаарид намайг судлах ёстой”, “Тэр хүний сүнсний даалгавар нь энэ юм”, “Одоо ч тэр хүн хүлээн зөвшөөрч чадаагүй яваа” гэхчлэн өгүүлсэн аж. Би хүмүүсийн гоц чадвартай холбоотой асуудлаар ганц нэг нийтлэл бичиж, санаа бодлоо илэрхийлдэг ч эргэлзээтэй, эсвэл худал хуурмаг зүйлийг үнэн гэж бичих зүрх зориггүй хүн л дээ. Мөнхсаруулын яриад байгаа зүйлд эргэлзэх, хардах зүйл олон байсан учраас анхнаасаа түүнээс дөлсөн. Гэтэл өөрөө мэдрээд орхино биз дээ гэж бодоод эелдгээр зай барьсныг минь анзаарах мэдрэмж алга бололтой. Тэгээд ч үйл явдлын өрнөл хоёр гурван хүний хоорондын асуудал биш, харин үндэсний шинж чанартай асуудал болж эхэлсэн учраас судлаачийн хувьд, хүсээгүй атлаа нэр холбогдсон хүний хувьд үнэнийг өгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Аливаа зүйл хэмжээ хязгаартай. Мөнхсаруул гэгч эмэгтэй өөрийгөө онцгойлон цоллож, сүүлдээ Монголын хаан тодруулах гэж байгаа нь худлын хэмжээ савнаасаа хальсны илрэл юм. И.Мөнхсаруулын яриад байгаа зүйлс нь монголчуудын харын шүтлэг, Мөнх тэнгэрээ дээдлэх уламжлал, бөө мөргөл, шарын шашин зэрэг маш олон зүйлийн авцалдаа муутай эвлүүлэг, тэр бүү хэл алинд нь ч байхгүй зан үйлийн цуглуулга болжээ гэдэг нь  “Мөнх тэнгэрийн оньс И.Мөнхсаруул болон түүний тэнгэрийн үйлийн товч танилцуулга”-аас харагдаж байна. Энэ танилцуулга бол олон нийтэд нээлттэй түгээсэн товхимол учраас түүнд нь түшиглэн ярья.

  1. “И.Мөнхсаруул нь урд нэг насандаа Их эзэн Чингис хааны эрдмийн багш нь, бичгийн шадар түшмэл нь байсан” гэжээ. Хэн гэдэг багш, эсвэл түшмэл байсан, тэр нь түүхэн ямар баримтаар нотлогдох бол? Надтай 3 удаа уулзахдаа энэ талаар огт ярьж байгаагүй. Гэтэл сүүлийн үед намтартаа ийм зүйл дурдах болсон байна. Ийм түүх “бүтээх” болсон нь ямар учиртай юм бол?

  2. “Дараагийн нэг төрөлдөө Өндөр гэгээн Занабазарын дүрээр их үйлийг бүтээн туурвиж явжээ”  гэсэн байна. Мөнхсаруулын  өөрийн гараар бичиж байсан эхэн үеийн тэмдэглэлүүдэд энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй нь эргэлзээ төрүүлж байна.

  3. Улаан, цэнхэр, ногоон, цагаан, шар хадагны үйл гэж хийжээ. Монголчууд одоо ийм 5 өнгийн хадгийг дээдлэж буй нь шарын шашинтай холбоотой. Мөнх тэнгэр шүтлэгтнүүд хадаг хэрэглэдэггүй, өнгө өнгийн даавууны цуулдсыг мөргөлийн зан үйлдээ  хэрэглэдэг байх үед шар өнгө бэлгэдлийн өнгөнд ордоггүй байсан. Харин сүр хүчний бэлгэдэл хар өнгө гол таван өнгөний нэг байсан. Төрийн хар сүлд, цэргийн хар сүлд гэдэг ч үүнтэй холбоотой. Шарын шашин гүнзгий нэвтэрснээр хүч чадал, эр зоригийн бэлгэдэл  хар өнгө шахагдсан түүхтэй.  Өнгөний бэлгэдэл судлаачид үүнийг хэлэх биз. Мөнх тэнгэрийн ухаан, шарын шашин хоёрын утга бэлгэдлийн нэгэн том ялгаа энд байдаг.

  4. “Монголчуудын хөх лууг сэрээж амирлуулах үйлийн хүрээнд газрын тамга буюу хас тамгыг амилуулах” үйл үйлдсэн гэжээ. Сэрээх, амирлуулах гэдэг үгнүүд бараг эсрэг шахуу утгатай, хамтдаа хэрэглэгддэггүйг “Тэнгэрийн оньс” мэддэггүй гэхээр чамлах сэтгэл төрнө. Нэр нь хүртэл утга авцалдаагүй байхад үйл нь ямар болох нь тодорхой.

  5. “Монгол түмний шүтэн дээдлэж ирсэн хаад хатад, өвөг дээдэс бүхний хайр, хувь хишгийг Эрдэнэзуу хийдийн 108 суврагаар нэгбүрчлэн буулган тайлах” зан үйл хийсэн гэжээ. “Хайр, хувь хишгийг буулган тайлах” гэдгийг юу гэж ойлгох вэ? Тэрийгээ “Суврагаар буулган тайлах” гэхээр юу ойлгогдож байна? Өндөр гэгээний хойд дүр гэдгийг Буддын шашны лам хуврагууд юу гэж тайлбарлах бол? Хойд дүр гэж хүлээн зөвшөөрлөө гэхэд “хайр, хувь хишгийг суврагаар тайлан буулгах” зан үйл гэдгийг Бурханы номоороо хэрхэн тайлбарлах бол?

  6. “Төвхөн хийд, Амарбаясгалант хийд, Хамрын хийд, Дэмчогын хийд, Балданбэрээвэн хийдүүдийг Тэнгэрээр ариусгах” үйл хийсэн гэнэ. Эдгээр хийдийн хамба нар энэ талаар юу бодож ярьж байгаа бол? Эсвэл сүм хийдүүд ийм зан үйл хийхийг нь дэмжээд, хамтраад хийсэн юм болов уу? Ер нь “сүм хийдийг Тэнгэрээр ариусгах” гэдэг нь ямар учиртай зан үйл вэ?

Олон нийтэд нээлттэй түгсэн товхимлоос гадна зөвхөн миний мэдэх өөр нэгэн дэвтэр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан  түүний өгсөн мэдээллээс  зарим зүйлийг өгүүлбэл И.Мөнхсаруулын яриа хэлээний ялгаа зөрөө бас анзаарагдах байх аа хэмээн бодно.

  1. Би тэнгэрийг засч дууссан, газар дэлхийн эздийг сэрээсэн, Их эзэн Чингис хаан намайг Булган хайрхан уулнаа олон бурхдын дунд Ногоон дарь эх гэж нэрлэсэн зэрэг яриаг нь сонссон хүмүүст юу бодогдож байна? Чингис хаан Булган ууланд баахан бурхадтай цуг ирж суучихаад Ногоон дарь эх тодруулж байна гээд бод доо. Эсвэл Мөнхсаруул гэдэг эмэгтэй ирж сэрээхийг хүлээгээд Газар дэлхийн эзэд унтаж байсан гэх мэдээлэл танд хэр логиктой санагдана вэ?

  2. Надтай анх уулзахдаа энэ бүхнийг багш надад хэлж тайлж өгч байгаа гэж байсан. Багш гэдэг хүнээ уулзуулж байсан. Үүнийг уншаарай гэж надад үлдээсэн дэвтэр дээрээ ч багшийнхаа тухай бичсэн байна. Гэтэл сүүлийг үеийн ярилцлагадаа “Энэ бүхнийг миний чихэнд нэг юм хэлдэг байсан” гээд нөгөө багш эмэгтэйнхээ тухай дурдахаа больсон нь ямар учиртай вэ? Ингэж  засч яриад  байгаа нь Мөнх тэнгэрийн араншин уу? Нөгөө багш эмэгтэй нь яагаад хий биетэй, хийсгэлэн дүртэн болж хувирав?

  3. Надтай 3 дахь удаагаа уулзахдаа “Тодорсон олон хаадын нэг нь та” гэж ятгаж нэг үзээд, миний тухай олон түмэнд хүргэх цаг чинь болсон гэж тулгаж нэг үзээд хөдлөхгүй болохоор “Таныг зөвшөөрөхгүй бол Завхан аймгийн  тэр сумын тэрний тэр гэж хүнийг таны оронд тодруулна шүү” гэж байсан. Би “Ашгүй дээ. Тэр хүнээ тодруулчих” гэж хэлээд салсан. Саявтар телевизэд өгсөн ярилцлагыг нь үзтэл тэр тухай ярьж, Завханы Цогтын Доржнамжим гэж хүнийг тэнгэр нэрлэсэн гэж байна билээ. Гэтэл Цогтын Доржнамжим гэж Завханы хүн огт байхгүй байж халаах вий дээ гэж сүүлийн үед өмнөөс нь санаа зовох боллоо.

  4. Анх 2012 оны зургадугаар сарын 17-нд тэнгэрийн тэмдэг дохио ирсэн гэж И.Мөнхсаруул олон удаа батлан ярьжээ. Тэгсэн атлаа надад өгсөн дэвтэр дээрээ “2012.05.06. Улаан хуулар бөөгийн холбоо гээчид очиход Өлзийхутаг гэж хүн хүлээн авсан бөгөөд нэлээн тоомжиргүй загнаж байх юм. Тэгээд би өөрийн түлхүүр болох хүнийг хайж явна гэхэд… эрдэнэсийн савны тань түлхүүр бий байна гэж ёс алдав” гэж бичсэнээс үзвэл нэлээд дээрээс ийм юмны мөрөөр явсан мэт сэтгэгдэл төрнө. Энэ мэтээр өмнө бичсэн, одоо ярьж байгаа нь зөрөөд байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

  5. Их хаанаа хүндэтгэн залах ёслол 2015 оны зургадугаар сарын 28-ны 12 цагт Их эзэн Чингис хааны талбайд болно гэсэн зарыг дээр дурдсан товхилын нүүрнээ бичжээ. Хаан залахёслол гэдэг уг нь төрийн үйл байсан. Гэхдээ манайх Үндсэн хуулиараа парламентын засаглалтай орон. Хаан зална гэж юу байхав. Тэгэхээр энэ бол шашны зан үйл байх гэж таамагламаар. Тэгсэн мөртөө Төрийн ордны өмнө, нийслэлийн төв талбайд болно гэхээр төрийн оролцоотой ч юм шиг…. Юу л болоод байна даа.

Гурав. Хардах эрх

Шүтэх бишрэх эрх чөлөө сэргэснээс хойш янз бүрийн юм их үзэж дуулж байна. Хэрийн юманд монголчууд маань цочрохооргүй болжээ. Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хангалттай эдлэнэ гэдэг ардчилсан нийгмийн нэг давуу тал юм даа. Гэхдээ энэ эрх чөлөө маань бусдын эрх ашигт нөлөөлөөд, үндэсний хэмжээний асуудал болоод ирвэл нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавихаас аргагүй болдог. Ялангуяа асуудал улстөрийн өнгө аястай болоод ирэхээр хэцүү. И.Мөнхсаруулын үйл ажиллагаанд улс төрийн зорилго агуулагдах вий гэж болгоомжлох хэд хэдэн өнцөг анзаарагдаж байна.

  1. Анх над дээр ирэхдээ үлдээгээд явсан дэвтэртээ Мөнхсаруул “Сум болгоны бөө нарийг зэргэлж ангилж эрэмбэлээд 1 хүнийг толгойлогчоор тавих ба аймаг нийслэлээр нь мөн адил ангилж зэргэлээд хүч чадал ихтэйг нь машид дээш нь дэлгэрүүлээд (ангилан дарах.) (Төрийн оролцоотойгоор хийх юм) гэсэн тэмдэглэлийг (Үг үсгийн алдааг хэвээр нь хуулав. Б.Г) өөрт тохиолдсон үйл явдлаа буулгасан хуудаснаас тусдаа газарт бичжээ. Энэ бол онгодын үг гэхээсээ улстөрийн технологи гэмээр харагдана. Тийм бол бүр 2012 онд анх энэ тухай ярьж эхлэхдээ л тодорхой зорилготой байжээ гэмээр байна.

    IMG
    И.Мөнхсаруулын гар бичмэл. 2012 он
  2. Нийтэд тарааж байгаа товхимолд “И.Мөнхсаруул нь нийт аймгуудаар 3 удаа тойрч, орон нутгийн ард түмэнд Мөнх тэнгэрийн айлтгалыг хүргэсэн” гэжээ. Улаанбаатарт гэхэд л Чингис хааны нэрэмжит талбай, МҮЭ-ийн соёлын ордон зэрэг газруудад нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион зохион байгуулсан бололтой. Телевизийн бичлэгээс харахад зүгээр нэг арга хэмжээ биш, нэлээд чамбай бэлтгэлтэй, өртөг зардалтай байхаар харагдаж байна. Өвөрхангай аймгийн нэгэн сумын цэцэрлэгт насаараа ажилласан жирийн монгол эмэгтэй ийм хүн хүч, мөнгө санхүүгийн боломжийг хаанаас олов?

  3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл нь нэлээд системтэй, телевизийн нэвтрүүлэг, шторкууд нь ч боломжийн байгаа нь урьд өмнийн элдэв шалдав нөхдийн алаг цоог мэдээнээс хавьгүй өөр аргазүй үйлчилж байгааг харуулж байна.

  4. “Их эзэн хаан нь зөвхөн Монголын эзэн хаан бус тив дэлхийн хаан хүн юм” гэж мөнөөх дэвтэртээ 2012 онд бичсэнээс үзвэл маргааш “залах” хаанаа хэсэг байж байгаад Дэлхийн хаан гэж өргөмжилж ч мэднэ.

    IMG2
    И.Мөнхсаруулын гар бичмэл. 2012 он

Товчхондоо нэг иймэрхүү. Холион бантан үргэлжилсээр байна. Ядаж байхад мунхаг сүсэгтнүүд ямар ч олон байдаг юм? Би “Мунхаг сүсэгтэн” гэж алдаж хэлээгүй ээ. Энгийн юмыг харьцуулан эрүүл дүгнэлт хийчихэж чадахгүй манарч яваа хүмүүсийг л би мунхаг сүсэгтэн гэлээ. “Ертөнцийн хуулийг мөрдүүлнэ, тив дэлхийг зохицуулна” гэж ярьж байгаа хүнд итгэж дагана, өмнө нь сөгдөж адислуулна гэдэг мунхагийн шинж биш гэж үү? “Тэнгэрийн оньс”-ыг өмөөрөх гэж байгаа хүн байвал намайг элдвээр хэлэхээсээ өмнө дээр бичсэн бүхнийг өөрийн ухаанаар эргэцүүлэн нэг болгоогоод үзээрэй.

Хүний биед элдвийн хий юмс оршоод сайн үйлтний дүр эсгэн хэсэг манаргаж байгаад сүүлдээ тэсэлгүй муу чанараа илчлэх нь байдаг гэдгийг далд үзэгдэл судлаачид бүгд л мэддэг. Тийм муу сүнсийг хөөн зайлуулах зан үйл шашин болгонд бий. Энэ зан үйлийг  экзорцизм (exorcism) гэдэг дээ. Интернэтээр дүүрэн л байгаа байх. Зарим бөө нэртүүд хоёр гурван жил болоод болохоо байгаад эхэлдэг нь  муу юманд эзлүүлсний шинж гэх юм билээ.  Муу юм муу чанараа хэзээ нэгэн цагт заавал гаргадгийн учир тэр. Түүн лүгээ адилаар өөрийг чинь эзэлчихээд элдэв бурхан дээдэс, хаан хатан, хорвоо ертөнцийг засах залах тухай яриулаад мунхаг сүсэгтнүүдийн цаг мөнгийг баруулаад байгаа юмнаасаа эртхэн салж, үлдсэн амьдралаа хүмүүний ёсоор өнгөрүүлээрэй гэж судлаачийн хувьд танд зөвлөе. Би судлаачийн, бас сэтгүүлчийн хувьд хэвлэл мэдээллийнхний нүдэн дээр тантай ярилцаж, асуулт тавьж, олон түмэн зөв бурууг ялгахад нь туслахад бэлэн байгаагаа бас уламжилъя.

Урианхан Б.Галаарид

2015.06.26. Улаанбаатар хот.

 © duuren.mn

Leave a Reply