Паян дагуулсан хаш тамга

Яруу найрагч, сэтгүүлч Нацагийн ДАВААДАШ

Тамганы хашийг олсон нь:

Tamga1911copy1911 онд Монгол улс манжийн дарлалаас чөлөөлөгдөж Богд хаант Монгол улс байгуулагдах үед Богд эзний барьж байсан тамгыг солих төрт ёсны нэгэн асуудал тулгарч. уламжлалыг бодолцон хаш чулуугаар хийхээр шийдвэрлэжээ. Үнэндээ Чингис хаанаас хойшхи бүх хаад “хас боу бай” хэмээх хаш тамгыг үе дамжуулан барьж ирсэн түүх байдагаж. Богд хаант Монгол улсын тамга хийх хашийг Ерөнхийлөн захирагч чин ван Ханддорж олж нийлүүлэх. тамгийг сийлэх чулуучинг Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд олж. сийлбэрлэх ажлыг бүрэн хариуцах болсон гэдэг. Тухайн үед өнгө өнгийн хаш нэртэй чулуу бишгүй л байсан боловч жинхэнэ өөхөн цагаан хаш гэдэг нь элбэг байсангүй. Чин ван Ханддорж хаш чулуу олох гэж Нийслэл хүрээ хавийн чулуу мэдэх хүмүүстэй уулзаж, тал тал тийш нь элч илгээж сураг ажиг тавьж байж.

Цэцэн хан аймгийн Боржгин Цэцэн чин вангийн хошуунд суугаа Шавийн зайсан Цэнд багагүй хэмжээний тун аятайхан хашийг зарахаар хүрээний эрднийн чулууны пүүсэнд ирээд 100 лан өгөхөд нь өгөлгүй буцсан мэдээ авчээ. Тэр даруй нь зайсан Содов гэгчийг улаагаар мордуулж “Хаш үнэхээр сайн бол үнэ хайрлахгүй” хэмээн Шавийн зайсан Цэндийг нийслэл хүрээнд ирүүлсэн гэдэг. Цэнд зайсан хаш хэмээгдэх нөгөө цагаан чулуугаа Богд эзэнд өргөхөөр болж байтал Шавьд өргөгдөхөөс нь өмнөх үеийн хошуу захирагч цэцэн ван Гомбосүрэн гэгч ирж “энэ чулууг Цэнд чиний нэрээр оруулахад олон ноёдын дунд талаар болно. Ван би оруулбал аль бүрд хэрэгтэй болно” гэж одоогийнхоор бол хөөрхөн “томроод” уул хашийг Богд эзэнд өөрөө барьчихсан тухай О.Намнандорж агсан өгүүлсэн байдаг. Ямартаа ч Шавийн зайсан Цэндийн хашаар Богд эзний тамга бүтээгдэх явц ийнхүү эхэлжээ. Уг нь Цэнд зайсан сүрхий ажигч, гярхай нэгэн байсан учир одоогийн Говьсүмбэр аймгийн нутаг Оцол Сансар орчмын Сүмбэр уулын бэлээс уул хашийг олсон тухай өгүүлсэн байдаг. Тамганы хаш ийнхүү олдсон боловч түүний паян үүгээр дуусгавар болоогүй аж.

 “Хар гарт” Лувсангомбын тухай өгүүлэх нь

Тамгыг гадаадын хүнээр сийлүүлэхгүйг хичээсэн Да лам маань чулууны мэргэжилтэн эрж хайсны эцэст Зүүн хүрээний Вангайн аймгийн “Хар гарт” Лувсангомбо гэгчийг сонгожээ. Тэр цагт чулууны мэргэжилтэн монгол хүн өдрийн од шиг ховорхон байж. Лувсангомбо нь нэлээд олон газар явчихсан, аливаа асуудалд тун овлог ханддаг. сийрэгхэн толгой байсан гэдэг. Ямар сайндаа Хүрээний банкнаас үлэмж хэмжээний мөнгө зээлж, худалдаа хийж яваад Бээжинд сүрхий “шатаж”, тэндээ гурван жил суурьшжээ. Тэнд чулуугаар урлах эрдмийг сурч нэлээд мөнгөтэй болж зээлээ төлсөн төдийгүй чулууны багаж худалдан авч ирсэн аж. Лувсангомбо багаасаа сийлбэр хийсэн сүрхий чадвартай нэгэн байсан учир хүрээнд тун нэртэй урчуудын тоонд ордог байжээ. Уг нь тэр Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Өндөр ширээт сумын уугуул аж.

Лувсангомбо Шаргаморьтын аманд улаан халзтай өргөө бариулан, тусгай харуул хамгаалалттайгаар тамга урлаж эхэлжээ. Хаш чулуу нь нэг сантиметр талбай тутамдаа 3500-7000 кг хүчийг хүлээн авч тэсвэрлэнэ гэдгийг бодоход гар ажиллагаагаар сийлбэр хийнэ гэхэд тийм ч амар байгаагүй нь тодорхой. Лувсангомбо хэдэн сар ажилласнаа шууд Богд эзэнд “Хашийн хороос болж миний гар, хөл, нүүр хавагнав. Энэ хорыг ганцхан хар архи л авдаг гэнэ” гэж айлтгуулж орхижээ. Богд эзэн элдээр шалгаж шахалгүй ‘”өдөрт нэг лонх архи өгч байсугай” гэж зарлигдсан аж. Лувсангомбо архины хангамжтай болж чадсан учир улаан зээрд амьтан л нэг жил гаруй нүдэж байж бүтээж гэнэ. Тамгыг Да лам Цэрэнчимэд үзээд “Тун удаан хийлээ. Тэгээд соёмбо үсгийг тамгын хүрээнд багтаагаагүй байна” гэж Лувсангомбыг донгодоход угаас сийрэгхэн толгой учир “тамгын үсэг хүрээндээ багтаагүй явдал бол улсын хил тэлэхийн шинж тэмдэг” гэж инээлгэж амжсан аж. Богдын дэргэдийн нэг ноён “Хар гарт”-аас “Та ямар гавьяа шагнал авна гэж горьдож байна” гэж асуухад “Хар гар минь байхад надад ямба хэргэм хэрэггүй. Ер нь зусар долдой, хээл хахуулиар хэргэм зэрэг авдаг нь би биш” гэж пээдийжээ. Гэсэн ч Лувсангомбо жил тойрон Богд эзнээс ямарч шан харамж аваагүй явснаа нэг өдөр хадаг бариулж “Хаан тамга хийсэн хүнд насаар нь цалин пүнлүү олгодог. Эсвэл түүнийг алдаг эртний ёсыг та мэднэ. Аль ч талаар нь таслахад мөхөс би бэлэн байна” гэж айлтгуулж орхижээ. Үүнийг сонсоод Богд эзэн Лувсангомбод сар бүр 30 төгрөгийн цалин олгож байх лүндэн буулгасан гэдэг. (О.Н) Тэр энэхүү цалингаа авсаар ардын хувьсгалтай золгож 1921 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 8-р хурлаар цуцлагдаж, үлэмж тооны малаар шагнагдан үлдсэн аж.

Хашийн зарга үүссэн нь

Зайсан Цэнд өөрийнх нь олж өгсөн хашаар Богд хааны тамгыг хийж гүйцсэнийг сонсоод боржигон цэцэн ван Гомбосүрэнд бараалхаж ‘”Чин ван Ханддорж над руу анх Содов зайсанг илгээхдээ “Хаш сайн бол үнэн хайрлахгүй” гэсэн юмсан. Надад Богд эзэн хишиг буян хайрлах болов уу? Та сонорт нь хүргэж, мөргүүлж өгнө үү?” гэж хүсэж гэнэ. Гэтэл цэцэн ван учиргүй уурлаж “Тийм байдаг юм уу? Тэр чулууг аль газраас, хэний санал санаачлагаар ухаж олсноо бичиж өг. Чулуу эрж, малтсан хүмүүсийг хэрхэн шийтгэдгийг чи мэдмээр юм” гэж хууль ярьж загнасан аж. Цэнд зайсан тэр хашийг ухаж аваагүй гэдгээ учирлаад, зарга уүсгэхээ хэлээд гарч одож гэнэ. Тэр хэлсэн амандаа хүрч Шанзавын яамаар орж хашийг анх хэрхэн олж, эзэмшиж байсан болон ван Гомбосүрэн завсраас нь ашиг хонжоо харсан зэргийг айлтган зарга үүсгэжээ.

Нэгэнт Цэнд зайсан нь шавийн хүн байсан учир Шанзавын яам ч түүнийг хамгаалах нь тодорхой байв. Байдлыг мэдсэн ван Гомбосүрэн дотоод хорслоо битүү нууж Цэнд зайсанд “урьд ноёны албат болж явсан хэлхээ холбоогоо бодож, хашаар хааны тамга хийснийг баяр болгож заргалдахаа түдгэлзэнэ үү” гэж учирласан боловч далдуур Цэнд зайсанг шавиас буцааж аваад оронд нь өөр өрх айл өгч гартаа оруулж эд бод хийхийг бодож хөөцөлдөв. Гэвч Шанзавын яамнаас түүнд “Цэнд зайсан нь урьд нэгэнт шавь болсон хүн учир арилжиж болохгүй” гэж хариу өгчээ. Түүтээр үл эарам Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд уул заргыгхянан үзээд “Бид тэр хашийг Цэнд зайсангаас гардан хүлээж авалгүй, ван Гомбосүрэнгийн “Би худалдан авч Богд эзэнд өргөж байгаа юм” гэсэн үгээр орсноос ийм их будлиантай хэрэг болсон явдал бидний омтгойдсон ял мөн тул дээрээс яллахыг гуйна” гэж Богд эзэнд мэдүүлсэн байна. Богд уул заргыг нарийвчлан судалж үзээд “Гомбосүрэн чингэж дордыг дарлан, басхүү зуйгүйгээр гоёлхийлэн явсан нь үнэхээр нийцэхгүй. Зүй нь хүндэтгэн чангалан цээрлүүлбэл зохих боловч уг зүйл эрхэм чухал тул бэлгэ-ийг бодож, хүндээр шийтгэхийг уучлан хэлтрүүлж, энэ удаа Гомбосүрэнгээс 500 лан мөнгө хөөн гаргуулж Цэндэд шагнан олгоод улсын сангаас гаргуулахыг байлгаж. Гомбосүрэнг нэвширтэл донгодогтун! Цэнд даруй хувь зохиолтой хүн мөнийн тул үе улираан дэд зэрэг жинс шагнагтун! Цэрэнчимэд нар хэдий омтгойдсон боловч өөрсдөө ял гуйсны хэлэлцэхгүй болгогтун” гэж зарлиг буулгажээ.

Ингэж хаан тамга сийлсэн хашийг олж өгсөн Цэнд зайсан шагнал хүртэж, шунаг сувдаг сэтгэл барьсан ван Гомбосүрэн дэд сайд болон чуулганы даргаасаа огцорсноор зарга шувтарчээ. Энэхүү явдал нь төрийн их хэргийн дэргэд жижиг мэт боловч аливаа үйлийг бичил жаахан гэж алгууралгүйгээр шударгаар шүүн шийдвэрлэж байсан нь өнөөгийн төр засгийн түшээ нарт ч сургамжтай хэрэг ажгуу.

© duuren.mn

9 “Паян дагуулсан хаш тамга

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: Petplay

  3. Pingback: TS TV Escorts from London

  4. Pingback: try this website

  5. Pingback: juegos de friv

  6. Pingback: 360 frontal

  7. Pingback: Stix Event Managers

  8. Pingback: Contract Research DMPK

  9. Pingback: serviços de informática

Leave a Reply